Урин дулаан болж галлагааны улирал дуусах тун дөхжээ. Энэ өвөл нийслэл хотын агаарын чанар урьд өмнөхөөс харьцангуй дээшилснийг ЦУОШГ-аас гаргадаг агаарын чанарын мэдээлэл бидэнд харуулж байна. Тэгвэл бид энэ удаагийн “Нийгэм-Асуудал” буландаа агаарын чанарын харьцуулалт, угаарын хийн хордлогын тохиолдол ямар түвшинд байгааг онцоллоо.
“Агаарын чанар 2-5 дахин сайжирсан үзүүлэлттэй байна”
Энэ оны гуравдугаар сарын 16-22-ны байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 100 айл, Толгойт, Нисэх, Зурагт, Баянхошуу, Таван буудал, Шархад, Налайх, Амгалан, Мишээл экспо, Зайсан орчим цэвэр болон хэвийн түвшинд байна. Харин Цахилгаан станц, Яармаг, Нэгдүгээр хороолол, 13 дугаар хороолол, Баруун дөрвөн зам, Ургах наран хороолол, Дамбадаржаа, Хайлааст орчим бага бохирдолтой түвшинд байна.
Мөн Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад “Стандартаас давсан тохиолдлын тоо, хувиар” 2025 онд Хүхэрлэг хий 30 хувь байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар 0 хувь болжээ. Азотын давхар исэл өнгөрсөн онд 34 хувь байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар долоон хувь болж буурсан байна . РМ10 Тоосонцор 2025 онд 45 хувьтай байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар 10 хувьтай байна. РМ2.5 Тоосонцор өнгөрсөн онд 32 хувь, энэ онд долоон хувь, харин Нүүрстөрөгчийн дутуу исэл агаарын чанарын стандартаас давсан тохиолдолгүй байна. Озон 2025 онд таван хувьтай байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар хоёр хувьтай байна.
Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг Швейцарын “IQAir” сайтын мэдээллээр Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй хотуудын жагсаалтын эхний тавд багтдаг байсан цаг саяхан. Тэгвэл тус сайтын өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан мэдээллээр Улаанбаатар хот агаарын бохирдлын индексээр дэлхийд 32 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
2023, 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын Баянхошуу, Хайлааст, Таван буудал, Нэгдүгээр хороолол, Зурагт орчимд агаарын чанарын индекс 426-500 буюу маш их бохирдолтой. Бусад байршилд агаарын чанарын индекс дунджаар 200 байсан байна. Харин 2025 оны байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 115 болж, агаарын чанар 2-5 дахин сайжирсан үзүүлэлттэй байна.
Агаарын чанарын талаар ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбатын мэдээлснээр “Өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сарын мэдээг хүйтний улирлын тойм хэлбэрээр гаргасан. Үүнийг гаргахдаа 2024 оны арванхоёрдугаар сартай харьцуулалт хэлбэрээр хийсэн. Агаарт байх төвлөрлийг зургаан бохирдуулагч тоон судалгаагаар гаргасан. Судалгаагаар, агаарт байх хорт элементүүд 19-57 хувь буурсан нь тогтоогдсон” гэж байв.
Нийслэлийн найман дүүрэг, 10 аймагт 757 хүн угаарын хийн хордлогод өртжээ
Тоон мэдээллүүдээс харвал Улаанбаатар хотын агаарын чанар өмнөх онуудаас харьцангуй сайжирч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хорт бодисын хэмжээ буурсан ч түлшний буруу хэрэглээ, санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй угаарын хийн хордлогын тохиолдол бүртгэгдсээр байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албанд 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт Нийслэлийн найман дүүрэг, 10 аймагт 757 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Угаарын хийн хордлогод өртсөн иргэдийг байршлаар нь авч үзвэл нийт тохиолдлын 91 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Есөн хувь нь орон нутагт буюу Баян-Өлгийд 10, Баянхонгорт гурав, Булганд нэг, Говь-Алтайд 11, Орхонд дөрөв, Өвөрхангай, Өмнөговьд тус бүр гурван тохиолдол, Төв аймагт 22, Ховдод нэг, Хөвсгөлд гурав, Увсад нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин энэ сарын 8-14-ний байдлаар 37 угаарын хийн хордлого бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар, таван жилийн дунджаас 27.7 хувиар тус, тус буурсан үзүүлэлт болж байгааг НЭМҮТ-өөс мэдээллэв.
Түүнчлэн, нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.
Одоогоор нийслэлд 130 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулаад байгаа аж.
Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг байна. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна. Нэмж дурдахад, угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангаа авч, өрхөө бүтээж болохгүй, яндангийн сойлтыг хэзээ ч хааж болохгүй, гэр, байшиндаа хоёр цаг тутам агаар оруулах, зуух пийшин нь утаа гарах зай завсаргүй байх, том хүнгүй үед гал түлж болохгүй зэрэг энгийн алхмуудыг мөрдөх хэрэгтэй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 56 (7798)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn