Т.БАТСАЙХАН

 

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-ын 106 дугаар тогтоол зэрэгт үндэслэн Туулын хурдны замыг барихаар тогтсон. Улмаар бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлээд байна.   Гэвч энэхүү төслийг олон нийтийн зүгээс эсэргүүцэж, “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөнийг өрнүүлээд байна. Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх замыг 10 орчим минутад туулна гэх өөдрөг амлалт байгаа ч 33 км урт, зургаан эгнээ бүхий энэ байгууламж Туул голыг ширгээх эрсдэлтэй гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөж байна.  “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөнийхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд  “Save Tuul” жагсаалыг Маршалын гүүрний орчимд зохион байгуулсан бол өчигдөр Төв талбайд цугларцгаав.  Тэдний зүгээс “Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Хатан Туулын дээгүүр хурдны зам тавигдаад ашиглалтад орчихвол экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ус гол, байгаль орчин сүйдэх нь ойлгомжтой. Нийслэлийнхэн хороолол хотхон босгож, хурдны зам барихдаа ч ТЭЗҮ хийдэггүй, усны инженер, мэргэжилтэн ажиллуулдаггүй нь ямар учиртай юм бэ. Энэ албан тушаалтнууд Туул голын асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ. Монгол Улсын хүн амын тал хувь нь ундаалж буй Туул гол ширгэж, устаж болохгүй шүү дээ” гэдгийг хэлж байгаа.  Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир “Бид Улаанбаатар хотынхоо ундны усны эх үүсвэр болсон Туул голоо хамгаалж, хайрлах ёстой. Туул голын орчимд химийн бодис, бохирдол үүсгэх эрсдэлтэй төслүүдийг бид өөрсдийн мөнгөөр санхүүжүүлж хийлгэх ёсгүй” гэсэн юм.  Мөн өчигдөр  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр байр сууриа илэрхийлэв.  Тэрээр “Усны тухай хуульд зааснаар бид усны барилга байгууламжийн зураг дээр мэргэжлийн дүгнэлт гаргах ёстой. Одоогийн байдлаар бидэнд нарийвчилсан зураг ирээгүй.  Гүүрэн байгууламж барихад хэдэн ширхэг суурийн бетоныг хэр гүнд, ямар диаметртэй өрөмдөх, хэдэн техник орох зэрэг нарийн тооцоолол хэрэгтэй. Багцаагаар 300 гаруй багана суурилуулна гэж үзэж байгаа. Бид нарийвчилсан зураг ирсний дараа л голд хортой, аюултай нөлөө үзүүлэх эсэхийг тогтооно. Зөвхөн хуулийн дагуу мэргэжлийн дүгнэлтээ гаргана”  гэсэн юм.  Харин Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын мэдээлж буйгаар “Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайвны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 55 (7797)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn