Б.ЖАВХЛАН

Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр цахим орчинд эрүүгийн цагдаагийн алба хаагчид хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг хэвлэн нийтэлснийх нь төлөө саатуулан баривчиллаа гэх мэдээлэл түгсэн. Энэ асуудлаар ЦЕГ мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр: “Энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэн Д-ээс Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний хувийн эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлж, заналхийлж 50 сая төгрөг авсан гэх гомдол мэдээлэл, цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Уг гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэж аваад мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан нотлох баримтуудаар Нэгүүн.мн сайтын нэр бүхий сэтгүүлч нь иргэн Д-ийн талаар хувийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээ болох Нэгүүн.мн сайтад нийтэлж, түгээнэ хэмээн сүрдүүлж 50 сая төгрөг өгөхийг шаардсаны улмаас иргэн Д нь 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр 50 сая төгрөгийг Нэгүүн.мн сайтын сэтгүүлчид өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Уг мөрдөн шалгалтаар тогтоогдсон нотлох баримтыг үнэлээд прокурорын байгууллагад хянуулж хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар авч одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн уг бичлэгтээ хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэгийг энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр 14-ний өдрүүдэд нэр бүхий цахим сайтын сэтгүүлч өөрөөр хэлбэл Нэгүүн.мн сайтаас өөр сайтын сэтгүүлч бичлэгийг нь үзүүлж, яг адилхан бичлэгийг өөрт нь үзүүлж мөн 50 сая төгрөг шаардсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна. 

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэн Ж-ээс Нэгүүн.мн сайтын сэтгүүлчид нэр бүхий сэтгүүлч миний хууль ёсны ашиг сонирхолд харшлах, миний нэр хүндэд халдах мэдээллийг удаа дараа нийтэлж байна. Мөн нийтлэхээр заналхийлж бэлэн мөнгө өгөхийг шаардсан гэсэн гомдол мэдээллийг ирүүлсэн. Уг гомдол мэдээллийн дагуу эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б нь иргэн Ж-ийн талаар хувийн мэдээллийг өөрийн сайтдаа нийтэлсэн, мөн хууль ёсны эсрэг сонирхолд ноцтой хохирол учруулж болохоор баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхээр сүрдүүлсний улмаас иргэн Ж нь 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдөр арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч Нэгүүн.мн сэтгүүлч Б-д өгсөн болох нь тогтоогдсон. Уг мэдээлэл хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байх явцад Ж-ээс мөнгө авсны дараа буюу 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрөөс хойш сайтдаа нийтэлсэн мэдээллүүдийг устгасан. Энэ нь өөрөө эрүүгийн хуулийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа буюу нотлогдож байна гэж үзэж байна. Иргэдээс удаа дараа бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжийг нэр бүхий сайтын сэтгүүлчид гаргасан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад өчигдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 19-ний өдөр прокурорын зөвшөөрлийн дагуу ажлын байр буюу тухайн сайтын оффист нэгжлэг хийх, нэр бүхий сэтгүүлчдээс мэдүүлэг авах ажиллагааг зохион байгуулсан. Энэ талаар Нэгүүн.мн сайт хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой мэдээлэлд эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулж байна гэсэн мэдээллүүдийг цахим орчинд цацаж эхэлсэн. Нэгүүн.мн сайтад нийтлэгдсэн өрөөндөө бие засаж байгаа төрийн албан тушаалтны асуудал уг асуудалд ямар ч холбоо хамааралгүй. Харин энэ асуудалд нь цагдаагийн байгууллага талархалтай хандаж байна. Учир нь хууль зөрчсөн үйлдлийг ямар ч албан тушаалтан гаргаж болохгүй. Төрийн албаны тухай хууль, албан хаагчийн баримтлах ёстой зарчим, бусад заавар журмыг зөрчиж өрөөндөө архидан согтуурч, бие засах үйлдэл нь хэрхэвч зөвшөөрч болох үйлдэл биш. Энийг сурвалжилсан, нийтэлсэн олон нийтэд түгээсэн үйлдэлд талархалтай хандаж байна. Уг асуудалд сэтгүүлчийн өгсөн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээж авсан. Цагдаагийн байгууллагаас тухайн үед нь тухайн согтуурсан байсан этгээдүүдийг эрүүлжүүлж маргааш нь зөрчлийг шалгаж, хуульд заасан хариуцлагыг оногдуулсан. Тодруулж хэлэхэд уг асуудал өчигдрийн үйл ажиллагаатай ямар нэгэн хамааралгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.