Бэлчээрийн худгийн чанарын асуудал, малчин өрхийн уснаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажил зохион байгуулах шаардлагатай байна

Ус чандмань эрдэнэ. Учир нь амьд бүхний ундаа. Харин түүний чанар хүртээмж бүс нутаг бүрд харилцан адилгүй байхаас гадна эрүүл мэндэд рашаан болох нь ч байна. Эрсдэл учруулах нь ч байна. Тухайлбал, байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр говийн бүс нутгийн ус газар дор бүрэлдэн бий болох эрдэс чулуулгаасаа хамаараад хатуулаг ихтэй байдаг. Ингэхдээ энэ бүс нутгийн усанд магнийн ион зонхилсон ерөнхий химийн үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангахгүй худаг элбэг. Мөн хүнцэл, селен зэрэг бичил элемент их бөгөөд энэ нь стандартаасаа хэтэрвэл хүний биед сөрөг нөлөөтэй юм. Цаашлаад эрдэс өндөртэй хатуулаг ус тогтмол уух нь хүний дотор эрхтний чулуужих өвчлөлд нөлөөтэй гэж үздэг.

Ч.Жавзан

Иймд 2026 оны Дэлхийн усны өдрөөр усны нөөцийг хуримтлуулах, дахин ашиглах, тэгш хүртээмжтэй, тогтвортой удирдах замаар экосистемийг хамгаалж, цөлжилтийг сааруулан, хүн бүрд усны хүрэлцээтэй ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалсан чуулганыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өчигдөр зохион байгуулсан юм. Энэ үеэр усны чанарын зөвлөх инженер, доктор Ч.Жавзангаас дээрх асуудлыг тодруулсан юм. Тэрээр “Бэлчээрийн худгийн чанарын асуудал, малчин өрхийн уснаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажил зохион байгуулах шаардлагатай байна. Гүн өрмийн худгийг шинжилгээнд оруулсны дараа орон нутагт хүлээлгэж өгөх ёстой боловч шинжилгээнд хамруулахгүй орхих тохиолдол бас байдаг. Мөн малчид өөрсдөө бага гүний худаг гаргадаг. Энэ нь тэр бүр шинжилгээнд ордоггүй. Дөрвөн улирал нүүдэллэхдээ орхиод явсан худаг үер усанд автах, элдэв амьтан орж үхсэн байдаг. Тэр усыг нь малчид шавхаж байгаад ундарсан усыг дахин хэрэглэдэг. Угтаа энэ нь эрүүл мэндэд зохимжгүй бөгөөд тэр орчин нян үржсэн байдаг. Мөн Улаанбаатар хотын зэвтэй ус нь  дамжуулах хоолойн насжилттай холбоотой бус материалын чанарын шаардлага хангахгүйгээс үүдсэн нь судалгаагаар гарсан. Иймд иргэд өөрсдийн ууж буй усны чанарт анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

 

Судалгаагаар Говь-Алтай, Дундговь аймгийн усны хатуулаг хамгийн өндөр, нитрат болон эрдэсжилтийн агууламж чанарын шаардлага хангахгүй гарсан

Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамарсан ундны усны чанарын судалгааг  хамгийн сүүлд 2019, 2022 онуудад хийжээ. Ингэхэд 2022 оны судалгаанд говийн таван аймгийн ундны усны чанар харилцан адилгүй гарсан байна. Тодруулбал, Говь-Алтай, Дундговь аймгийн усны хатуулаг өндөр, нитрат болон эрдэсжилтийн агууламж чанарын шаардлага хангахгүй байсан юм. Энэ тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Говийг усжуулах судалгааны нэгжид орон нутаг хүрээлэн буй орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхзулаас тодруулахад “Говийн бүсийн ундны ус нийтдээ хатуулаг өндөртэй. Ингэхдээ фтор болон биохимийн үзүүлэлт стандартын шаардлага хангахгүй байна гэх судалгааны үр дүн гарсан. Мөн усны чанарт нөлөөлдөг нэг шалтгаан нь худгийн хамгаалалт юм. Зарим айлын өрхийн хэрэглээндээ гаргасан худгийн ойролцоох нүхэн жорлон, ахуйн бохирын цэг зэрэг усны чанарт нөлөөлдөг. Иймд гэдэсний бүлгийн савханцар зэрэг микробиологийн үзүүлэлтээр чанарын шаардлага хангахгүй байгаа худгуудад ариутгал, хлоржуулалт хийж, лабораториор шинжлүүлж хэрэглэх хэрэгтэй” гэсэн юм. Түүнчлэн хөрсний доорх чулуулгийн найрлагаас хамаарч фторын агууламж өндөр усыг өдөр тутамдаа хэрэглэж буй говийн бүсийн иргэд уг элемент агуулсан хүнсний бусад бүтээгдэхүүн, шүдний оо зэргээс татгалзаж, эрдсээ тэнцвэржүүлэх нь чухал байна.

Д.Мөнхзул

Тэгвэл энэхүү усны тэгш хүртээмжид гадаргын усыг хуримтлуулах замаар олон зориулалт бүхий усан сан байгуулах зорилготой Говийг усжуулах судалгааны нэгжийн хэрэгжүүлж буй төслийн нэг “Орхон-Онги” чухал нөлөөтэй юм. Энэ тухай  Говийг усжуулах судалгааны нэгжид орон нутаг хүрээлэн буй орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхзул “Энэ нь 700 гаруй км ус дамжуулах далд шугам хоолойн төсөл юм. Онги голын урсцыг сайжруулах шугам татахад улсын эдийн засаг, санхүүжилтэд асуудалтай. Тиймээс хамгийн бага зардлаар өндөр үр ашиг бүтээх “Орхон Онги” төслийн 45 хувийг хийх боломжтой “Онги-Цагаан бургастай” жижиг эко төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Үүний техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлын тендерийг ирэх долоо хоногт зарлана. Энэ төсөл хэрэгжих нь. Түүнчлэн мал аж ахуй, хөдөө аж ахуй, уул уурхайд хэрэглэж, газар доорх усыг нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэхэд чухал юм” гэсэн билээ.

Энэ мэт асуудлыг тодорхойлох, түүний гарц шийдлийг “Ус ба тэгш эрх” хэлэлцүүлгээр хөндөж, салбарын сайд, мэргэжилтнүүд чуулсан юм. Түүнчлэн UNICEF, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, The Nature Conservancy байгууллагуудаас хэрэгжүүлж буй ус хамгааллын санаачилгуудыг онцлон дурдаж,  УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг “Усны элч”-ээр өргөмжилж, усны нөөцийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж буй байгууллага, иргэдийг урамшууллаа.

Усны нөөцийн тогтвортой байдлыг хангах нь зөвхөн байгаль орчны асуудал бус нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөл болно. Үүний хүрээнд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг сааруулах, усны нөөцийг бүс нутгийн онцлогт нийцүүлэн жигд хуваарилах нь чухал байгааг албаныхан тэмдэглэлээ. Ялангуяа говь, тал хээрийн бүсийн ус хангамжийг сайжруулах, хот суурин газрын усны хэрэгцээг тогтвортой хангахын тулд усны хуримтлал бий болгох, дахин ашиглах бодлого, шийдлийг эрчимжүүлэх шаардлагатай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 53 (7795)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn