Т.МИЧИДМАА
Жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн мягмар гарагийг дэлхий даяар “Дэлхийн нийгмийн ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн арга хэмжээг “Итгэл найдвар, эв нэгдэл” уриан дор өчигдөр зохион байгууллаа.
Танхимд нийгмийн салбарын төлөөлөл, төрийн байгууллагын ажилтнууд, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид, оюутан залуус цугларч, нийгмийн ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцсэн юм. Арга хэмжээний үеэр нийгмийн ажилтнуудын ажлын бодит туршлага, тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал бодлоо солилцлоо.
Хоригдлын зан үйлд эерэг өөрчлөлт гаргах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн ажил чухал үүрэгтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч О.Дэнзиймаа хорих байгууллагад ажиллаж буй нийгмийн ажилтнуудын үүрэг, хариуцлагын талаар ярив. Тэрээр “Манай байгууллага хүмүүжигчдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Мөн хорих ял эдэлж буй хүмүүсийн эрхийг хангах, нийгэмд эргэн гарахад нь шаардлагатай үйлчилгээ, зөвлөгөөг үзүүлэхийг зорьдог” гэлээ. Тухайлбал, иргэний бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх, бичиг баримтыг нь бүрдүүлэх, халамжийн үйлчилгээтэй холбох, бичиг үсгийн мэдлэг олгох, мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг байна. Ингэснээр хорих ангиас суллагдсан иргэд нийгэмд дахин дасан зохицох боломж нэмэгддэг аж.

Салбар дундын хамтын ажиллагааг тогтвортой, цогцоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй
Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөл ч энэ үеэр байр сууриа илэрхийлэв. “Хүүхдийг ивээх сан”-гийн Монгол дахь салбарын хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Г.Цолмон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны ач холбогдлыг онцолж урьдчилан сэргийлэх ажил тогтвортой, системтэй байх тусам хүүхдийн эрхийн зөрчил, эрсдэл буурдаг талаар ярилаа. Ялангуяа сургуулийн болон хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд, хамтарсан багуудын уялдаа холбоог илүү сайжруулах шаардлагатайг тэрээр дурдлаа. Мөн нийгмийн ажлын тухай хууль батлагдсанаар энэ салбарт ажиллаж буй байгууллагуудын уялдаа холбоо, нийгмийн ажилтнуудын аюулгүй байдал зэрэг олон асуудал илүү тодорхой болно гэдгийг хэллээ.
Нийгмийн ажил нь иргэдийг бие даан амьдрахад нь дэмжих мэргэжлийн үйл ажиллагаа
Хэлэлцүүлгийн төгсгөлд хууль эрх зүйн орчны талаар хуульч Г.Оюунболд нийгмийн халамж бол ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, амжиргааны дэмжлэг шаардлагатай иргэдэд төрөөс үзүүлдэг үйлчилгээ юм. Харин нийгмийн ажил бол үүнээс ялгаатай. Халамж хүртэж буй хүмүүсийг хөдөлмөр эрхлэх боломжтой болгох, чадварыг нь хөгжүүлэх, бие даан амьдрахад нь дэмжих мэргэжлийн үйл ажиллагаа гэлээ.
Одоогоор Монгол Улсад нийгмийн ажлын салбарыг бие даан зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг хэлсэн юм. УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилсан нийгмийн ажлын тухай хуулийн төсөл батлагдвал энэ салбарын үйл ажиллагаа илүү тодорхой болж, халамжид хэт хамааралтай байдал буурна гэж үзэж байгаа аж. Уг хуулийн төсөл нь долоон бүлэг, 32 зүйлтэй бөгөөд мэргэжлийн нийгмийн ажилтны эрх, үүрэг, салбарын зохицуулалтыг тусгах юм байна. Мөн “Хэн дуртай нь нийгмийн ажилтнаар ажиллах бус, мэргэжлийн шалгууртай байх” тухай заалтыг оруулах санал салбарын мэргэжилтнүүдээс гарч байгаа гэв.
Өдрийн турш үргэлжилсэн энэ арга хэмжээний үеэр нэг зүйл тодорхой мэдрэгдэж байна. Нийгмийн ажил гэдэг нь халамжийн үйлчилгээ бус хүнийг нийгэмд бие даан амьдрах чадвартай болгох, амьдралын боломжийг нь нээж өгөх мэргэжлийн ажил аж. Тиймээс ч энэ салбарынхан нийгмийн ажлыг нийгмийн халамжаас салгаж ойлгох хэрэгтэйг онцолж, мэргэжлийн үнэлэмж, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг дахин сануулж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 50, 51 (7792, 7793)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn