Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн танд Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн хүрээнд 25 эрхмийн байр суурийг онцлон хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 11.2-д Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна хэмээн заасан. Тиймээс тусгаар тогтносон Монгол Улс Зэвсэгт хүчнээ хөгжүүлэн, бэхжүүлэхийн байхын ач холбогдол, үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ гэдэг асуултад Монгол Улсын иргэд гэж хариулсныг уншаарай.
Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба: Дэлхийн ихэнх улс орон батлан хамгаалах чадавхдаа тулгуурлан хөгжиж байна

- Төрийн үндсэн шинж чанар нь үндэсний аюулгүй байдал, оршин тогтнох чадвараар тодорхойлогддог. Энэ нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг бэхжүүлэх, төрт ёс, засаглалын тогтвортой байдлыг хангах, ард иргэдийнхээ сайн сайхан аж байдлыг хангах төрийн үүрэг, хариуцлагын үндэс болдог. Тиймээс хүн төрөлхтний бүтээсэн өнөөгийн төрт ёс, улс орны засаглалын албан ёсны бүрэлдэхүүн хэсэг нь улсыг батлан хамгаалах чиг үүрэгтэй цэрэг, армийг байгуулж, бэхжүүлэх асуудал болж байна. Улсыг батлан хамгаалах энэхүү чиг үүргээ төр хэрэгжүүлэхдээ нэгдүгээрт, өөрийн цэрэг, армитай байх, хоёрдугаарт, хамтын хамгаалалтын механизм бүрдүүлэх, гуравдугаарт, бусад улс орны батлан хамгаалалт хүчний ивээлд байх, эсвэл төвийг сахиж, цэрэг, армигүй байх гэсэн олон хэлбэрүүдийн аль нэгийг авч хэрэгжүүлдэг. Монголын төрт ёсны 2200 жилийн түүхэн уламжлал нь өөрийн цэрэг, армийн хүчээр тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа хамгаалж ирсэнд оршдог. Ялангуяа өнөөгийн геополитикийн эгзэгтэй, ээдрээтэй, таамаглашгүй байдал, аюулгүй байдлын эрс өөрчлөлтөөс улбаалан олон улсын төдийгүй улс хоорондын гэрээ хэлцэл, найрамдал, итгэлцэл хэврэг болсон үед улс үндэстэн өөрийн хүч чадал, өөрийн цэрэг, армидаа найдахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Нөгөө талаас, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улс орнууд эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын бататган бэхжүүлэхэд төр, нийгэм, иргэдийн хамтын хүчин чармайлт, эв нэгдэл, бүх нийтийн оролцоог нэн тэргүүнд тавих болсон. Учир нь аливаа аюул заналхийлэл, хямралыг нийт үндэстнээрээ даван туулах “сөрөн тэсвэрлэх (national resilience) стратеги” чухал бөгөөд үр нөлөөтэй болохыг сүүлийн үед явагдаж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөн, гамшиг, хямралын туршлага, сургамж нотлон харуулж байна. Тиймээс орчин цагийн Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлого ч бүх нийтийн оролцоотой батлан хамгаалах тогтолцоо, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай нягт уялдаатай явагдаж байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Зэвсэгт хүчин бол үндэсний дархлаа, эх оронч үзлийн тулгуур, тусгаар тогтнолын баталгаа юм

-Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой бол зөвхөн тоон үзүүлэлт бус, Монгол цэргийн хэдэн мянган жилийн түүхэн уламжлалын үргэлжлэл юм. Энэ бол эх орон, газар шороо, тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн монгол хүний сэтгэлгээ, зориг, үнэт зүйлийн илэрхийлэл билээ. Ердөө 40 жилийн өмнө бид эх орноо гадны аливаа аюул заналаас өөрсдийн хүчээр хамгаална, хэний ч өмнө сөхөрч буухгүй гэсэн итгэл үнэмшилтэй ард түмэн байсан. Харин өнөөдөр эсрэгээрээ энэ үзэл санааг сул дорой болгох ойлголт нийгэмд шургалах болсонд эмзэглэж явдаг. Үнэн хэрэгтээ тусгаар улс оршин тогтнохын гол баталгаа нь өөрийгөө хамгаалах чадвар, өөрийн зэвсэгт хүчин юм. Өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдал үүнийг тодхон харуулж байна. Хүчний харьцаа тэнцвэргүй ч эх орныхоо төлөө тууштай тэмцэж буй улс орнууд, байгалийн баялаг, геополитикийн ашиг сонирхлоос үүдэн мөргөлдөөнд өртөж буйн олон жишээ бидэнд нэгийг сануулж байгааг хэлье. Тусгаар тогтнол гэдэг зүгээр нэг тунхаг биш, харин хамгаалж байх ёстой үнэт зүйл. Монгол Улс бол газар нутагтай, баялагтай, тусгаар тогтносон улс. Тиймээс түүнийг хамгаалах үүрэг, хариуцлага бид бүхэнд бий. Шаардлагатай цагт эх орноо хамгаалахад бэлэн байх нь монгол хүн бүрийн, ялангуяа эр хүний нэр төрийн хэрэг. Иймээс Зэвсэгт хүчин бол зүгээр нэг байгууллага биш энэ бол үндэсний дархлаа, эх оронч үзлийн гол тулгуур, тусгаар тогтнолын баталгаа юм.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Өлзийбаяр: Улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд гол нөлөө үзүүлдэг

-Зэвсэгт хүчинтэй байна гэдэг улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд гол нөлөө үзүүлдэг. Хоёрдугаарт, Үндсэн хуульд Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж тунхагласан байдаг. Тиймээс Зэвсэгт хүчний үйл ажиллагаа бол ард иргэддээ нээлттэй ил тод байх ёстой гэж боддог.
Би Зэвсэгт хүчний байгууллагад 36 дахь жилдээ хүчин зүтгэж байна. Дөрөв дэх үеэрээ Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, эх орныхоо төлөө зүтгэж яваа минь миний хамгийн эрхэм бахархал билээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г.Батхуяг: Амар олдоогүй тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж явах нь бидний үүрэг билээ

-Тусгаар улс зэвсэгт хүчинтэй байна гэдэг нь өөрийн оршин тогтнолын үндсэн баталгаа юм. Тусгаар тогтнол гэдэг нь зөвхөн тунхаглал биш, харин түүнийг хамгаалах бодит чадавхтай байхыг шаарддаг. Тэгэхээр амар олдоогүй тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж явах нь бидний үүрэг билээ. Хоёрдугаарт, геополитикийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй, тодорхойгүй болж байна. Их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил, бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед зэвсэгт хүчнийг аюулгүй байдлын гол баталгаа хэмээн харж үзэх нь зүй ёсны хэрэг. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын тавцанд улсынхаа нэр хүнд, үүрэг оролцоог өндөрт өргөж байна. Энэ нь манай улсын гадаад бодлого, аюулгүй байдлын бодит илэрхийлэл болж байдаг. Иймээс дээрх гурван үндсэн хүчин зүйл дээр тулгуурлан Зэвсэгт хүчин бол Монгол Улсад зайлшгүй байх ёстой институц юм. Цаашид ч зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлж, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах: Эх орноо хамгаална гэсэн үүрэг хариуцлага монгол эр хүн бүрийн үзэл санаанд байдаг

- Монгол хүн бүр эх орныхоо газар шороон дээр төрсөн тэр цагаасаа эхлэн эх орон, уул ус, эцэг эх, гэр бүл, үр хүүхдээ хамгаалах үүрэг хүлээдэг. Ялангуяа монгол эр хүн энэ үүрэг хариуцлагыг нэр төрийн илэрхийлэл хэмээн дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай. Цэргийн алба хааж, эх орныхоо өмнө тангараг өргөнө гэдэг бол зөвхөн нэг үйл явдал төдий биш. Харин насан туршийн үүрэг, хариуцлагын эхлэл юм. Цэргийн алба хаасны дараа ч Монгол эр хүн эх орноо хамгаалах үүргээ хэзээ ч умартдаггүй. Ер нь эх орноо хамгаална гэсэн үүрэг хариуцлага монгол эр хүн бүрийн үзэл санаанд байдаг юм аа. Төр, улс нь дуудсан цагт хэзээд бэлэн байх нь иргэний үүрэг, эх оронч сэтгэлийн илэрхийлэл билээ. Өнөөдөр манай улс мэргэжлийн зэвсэгт хүчинтэй. Энэ нь тусгаар улсын оршин тогтнохын үндсэн баталгаа юм. Ер нь аливаа улс орныг зэвсэгт хүчингүй бол жинхэнэ утгаараа тусгаар тогтносон улс гэж хэлэхэд бэрх. Монгол Улс өөрийн төрийн бэлгэдэл, алтан соёмбо бүхий далбаа, туг сүлдтэй байхын зэрэгцээ тэдгээрийг хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх нь төр улсын бүрэн эрхт байдлын илэрхийлэл юм. Иймээс Зэвсэгт хүчин маань улам бэхжин, хөгжиж, чадавхжих ёстой.
Дэслэгч генерал Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчний үүрэг, үнэ цэн өнөө цаг үед улам өсөн нэмэгдсээр байна

-Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдал, ард иргэдийн амар амгалан амьдралын баталгаа нь төрийн зөв бодлого, хууль эрх зүйн таатай орчноос гадна Зэвсэгт хүчин мөнөөсөө мөн. Ялангуяа дэлхийн геополитик, геостратегийн эгзэгтэй, эмзэг өнөө цаг үед мэргэжлийн бүрэлдэхүүнээс бүрдсэн мэргэшсэн Зэвсэгт хүчний үүрэг онцгой чухал юм. Хэдийгээр өнөөдөр манай улс гадааддаа болон дотооддоо хамгийн амгалан тайван, хөрш орнуудтайгаа эвтэй харилцаатай байгаа хэдий ч үндэсний цэрэг, Зэвсэгт хүчний бэлэн байдал, батлан хамгаалах хүч чадавх шийдвэрлэх нөлөөтэй, маш чухал ач холбогдолтой хэвээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин өнөөдөр эх орноо гадны болзошгүй аюулаас хамгаалахад ямагт бэлэн байгаагаас гадна дэлхийн энх тайвны үйл хэрэгт олон жил идэвхтэй оролцож, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, бүрэн бүтэн тусгаар улсынхаа тусгаар тогтнолын баталгааг бэхжүүлэхээс гадна эх орныхоо хөгжил, дэвшилд бодитой үүрэг гүйцэтгэж, иргэдээ байгаль, цаг уурын аюулаас аврах, хамгаалахад эн тэргүүнд байнга хүчээ өгч байдаг онцлогтой юм. Үүнийг Зэвсэгт хүчний өнгөрсөн үеийн бүх түүх батална. Монгол цэргийн түүх Монгол Улсын төрийн түүхтэй салшгүй холбоотой. Миний бодлоор Зэвсэгт хүчний үүрэг, үнэ цэн өнөө цаг үед улам өсөн нэмэгдсээр байна. Төр оршихуй дор цэрэг оршмой.
МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн захирал, доктор, профессор О.Мөнхбат: Өөрийн армийг тэжээхээс татгалзсан ард түмэн харийн цэргийг тэжээдэг гэдэг

-Орших уу Эс орших уу гэдэг мөнхийн асуулт Үндэсний зэвсэгт хүчин байх эсэхтэй шууд холбогддог гэж ойлгодог. Их гүрнүүдтэй хөрш манай орон армиар яах юм, байлдаад дийлэх биш гэдэг хандлага байдаг. Гэхдээ том улсын том арми дийлдэггүй болохыг сүүлийн үйл явдлууд харуулж байна. Түүнээс гадна зэвсэгт хүчин бол заавал байлдахын тулд бус харин дайнаас сэргийлж, улс орон, газар нутаг, тусгаар тогтнолын баталгаа болж байдаг. Монголын зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноороо дэлхийд улс орныхоо нэрийг гаргаж, Их эзэн Чингисийн армийн хар сүлдийг бахархалтайгаар цэнгүүлж байгааг санацгаая. Харин бид армиа сүүлийн үеийн зэвсэг техникээр хангаж, цэрэг офицеруудийнхаа нийгмийн асуудлыг анхаарах ёстой. Өөрийн армийг тэжээхээс татгалзсан ард түмэн харийн цэргийг тэжээдэг гэдэг үг байдаг. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 105 жилийн ойн мэнд хүргэе.
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны Иргэн цэргийн харилцааны офицер ахмад Ц.Бямбасүрэн: Түүхийн урт хугацаанд Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалахын тулд олон сорилт, тэмцлийг даван туулж иржээ

-Аливаа улс орон өөрийн гэсэн Зэвсэгт хүчинтэй байх ёстой. Зэвсэгт хүчин бол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа юм. Түүхийн урт хугацаанд Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалахын тулд олон сорилт, тэмцлийг даван туулж ирсэн. Энэ утгаараа өөрийн армитай байна гэдэг нь гадаад аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, улс орны аюулгүй байдлыг хангах гол тулгуур багана болдог. Одоогийн манай Зэвсэгт хүчин хүүхэд багачууд, залуучууддаа эх оронч үзэл, сахилга бат, хариуцлага, эв нэгдлийг төлөвшүүлэх том сургууль болдог гэж би боддог. Залуу үе цэргийн алба хааснаар зөвхөн бие бялдрын хувьд төдийгүй сэтгэл зүй, ухамсрын хувьд төлөвшиж, эх орноо хайрлах, хамгаалах үзэлтэй болно. Орчин үед Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулж байгаагийн нэг жишээ бол НҮБ-ын мандатттай UNMISS энхийг сахиулах ажиллагаа юмаа. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөөс гадна цэргийн албан хаагчдын ур чадвар, туршлагыг харуулж байгаа юм. Би ч бас энхийг сахиулагчидтайгаа мөр зэрэгцэн дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Эцэст нь хэлэхэд, Зэвсэгт хүчинтэй байна гэдэг нь зөвхөн батлан хамгаалах хэрэгсэл биш, харин улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, нийгмийн тогтвортой байдал, ирээдүйн хөгжлийн баталгаа юм. Иймээс Монгол Улс Зэвсэгт хүчнээ орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, хүний нөөц, техник технологийн чадавхыг нь байнга сайжруулж байх нь туйлын чухал гэж бодож байна.
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны IV мотобуудлагын батальоны гранатомётчин ахлагч А.Тэмүүлэн: Зэвсэгт хүчин гэдэг нь зөвхөн батлан хамгаалах хэрэгсэл биш

- Монгол Улсын Зэвсэгт Хүчин нь зөвхөн гаднын аюулаас хамгаалахаас гадна дотоодын тогтвортой байдал, гамшгийн үед иргэдээ хамгаалах чухал үүрэгтэй. Жишээ нь, үер болон гал түймэр гэх мэт гамшгийн үед чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн олон улсын түвшинд, тухайлбал НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор Монгол Улсын нэр хүндийг өсгөж, цэрэг дайчдын ур чадварыг дээшлүүлдэг. Тиймээс зэвсэгт хүчин гэдэг нь зөвхөн батлан хамгаалах хэрэгсэл биш, харин улсын оршин тогтнох суурь баталгаа юм.
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжилтэн, судлаач Д.Тэгшбаяр: Зэвсэгт хүчин бол Төрийн соёмбын хоёр талд байдаг эх орны тулгуур салбар

-Миний хувьд ЦЕГ-т ажиллаж, цэргийн дэслэгч цолтой байсан хүний хувьд зэвсэгт хүчинг манай шилдгийн шилдэгүүд, гол стратегичид байдаг салбар гэдэгт итгэдэг. Тусгаар тогтносон улс бүр үндэсний аюулгүй байдал болон гадаадын заналхийллээс хамгаалах өөрийн зэвсэгт хүчинтэй байж ирсэн. Манай улсын хувьд зэвсэгт хүчин бол төрийн соёмбын тулгуур 2 баганаар илэрхийлж болохуйц тулгуур салбар. Аливаа мөргөлдөөн, дайн байлдаан үүсвэл бид энэ хүмүүсдээ л найдна. Тайван үед ч онцгой байдалд бэлэн байх, хүмүүнлэгийн үйлс хэрэгжүүлэхээс гадна үндэсний нэгдэл, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй бөгөөд дэлхийд ч энхийг сахиулахад хувь нэмрээ оруулсаар ирлээ. Бахархам амжилт жил бүр сонсогдож, бусад орны энхийг сахиулагчид ч амь насаа хамгаалахад найдах хэмжээний чадавхитай хүмүүс шүү. Энэ улсыг бие даасан улс байхын баталгаа болсон зэвсэгт хүчнийхний хүчин чармайлт, байнгын бэлтгэл, хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй байх талаас харин дорвитой төрийн бодлого байгаасай гэж боддог. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдаад 105 жилийн ойн мэндийг бүр салбарынхандаа хүргэе!
Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров: Эх орноо батлан хамгаалах эрхэм үүрэг хариуцлагыг үүрч яваа хүмүүсээр бахархахгүй байх аргагүй

-Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэндийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудад ажиллаж байгаа бүх хүнд, үе үеийн цэргийн алба хаагчдадаа, эх орныхоо төлөө итгэл дүүрэн зогсох ирээдүй үеийн залуустаа “Зууны мэдээ” сониноор дамжуулан хүргэж байна. Эх орноо батлан хамгаалах эрхэм үүрэг хариуцлагыг үүрч яваа хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй. Амар тайван, итгэл дүүрэн амьдралын минь төлөө зогсож байгаа халуун эх орончид бол тэд юм. Тусгаар тогтносон улсын хувьд Монгол Улс зэвсэгт хүчинтэй байх нь зайлшгүй. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, улсын хилийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин маань зогсож байдаг. Түүнчлэн Монгол Улс өөрийн аюулгүй байдлыг хангах төдийгүй дэлхийн энх тайвны төлөө НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байна. Энэ хувь нэмрээрээ дэлхийд танигдаж, эх орныхоо төлөө, өөрийн мэдлэг боловсрол, зүрх сэтгэлээ дайчлан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, улсынхаа нүүр царай, нэр төрийг олон улсад өндөрт өргөж яваа “Монгол цэрэг”-үүдээрээ бахархдаг. Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны нэг нь Цэргийн явдлын яам гэж байсан. Тэр үед улс орноо эмхлэх, эрх чөлөө, тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлаа хангах том зорилт ирэхэд энэ яам зайлшгүй хэрэгтэй байсан. Төрт улсын тусгаар тогтнолын баталгаа нь цэргийн хүч байсаар ирсний нэг илрэл нь энэ юм.
Хошууч генерал Х.Лхагвасүрэн: Бид бусдыг биширч эх орноо муулдаг муу амнаасаа салах ёстой

-Өнөөдөр дэлхий дээр 8.3 тэрбум гаруй хүн, 4000 орчим үндэстэн угсаатан байна. Энэ их далай дунд та бид өөрийн гэсэн газар нутагтай, хэл соёлтой, эрх чөлөөтэй дураараа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь дэндүү гэмээр их хувь заяа юм. Элэг нэгт ахан дүүс болох өвөрмонгол, буриад, халимаг, тува түмэн маань
тухайн улсынхаа хууль дүрэмд захирагдаж, бусдын ёс заншлыг дагаж, зарим нь эх хэлээрээ ч ярьж чадахгүй, эх орон гэж хэлж мэдэхгүй, “Би монгол хүн” гэдэг дууг дэндүү гунигтай аялж байна. Тэдний дэргэд та бид толгой дээгүүр, тохой өндөр алхаж яваа нь зөвхөн Монгол Улс гэх тусгаар тогтносон эх оронтой байгаагийн ач тус билээ. Эх орон чинь элэг зүрхнээс уяатай байдаг юм. Хүн эх орноосоо гараад явахад дотор нь нэг л хоосон оргиод байдаг бол буцаад ирэхэд цээж нь дүүрээд ирдэг. Энэ л мэдрэмж бол эх орон юм. Бид үргэлж бусдыг сайн гэж биширч, өөрсдийгөө болон эх орноо муулан, "муу амлах" зангаасаа салах ёстой. Хэрэв бид энэ сөрөг хандлагаасаа ялимгүй ч болов тасарч, эх орондоо эзний ёсоор хандаж чадвал хөгжингүй амьдрах бүрэн боломжтой.
Гавьяат эдийн засагч, судлаач Д.Даваасамбуу: Зэвсэгт хүчин бол стратегийн чухал салбар

-Залуус цэргийн алба хаах нь монгол эр хүн бүрийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм. Тиймээс монгол хүний бахархал бол цэргийн алба хаах явдал төдийгүй бие бялдар оюун ухааны асар их чадвар суулгадаг онцгой ач холбогдолтой салбар. Тэр тусмаа өргөн уудам нутагтай, баялаг ихтэй тусгаар Монгол Улсын Зэвсэгт хүчин нэн чухал. Дэлхий дахины өнөөгийн нөхцөлд аливаа улс орон өөрийгээ хамгаалах асуудал туйлбн чухал. Ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах чиглэлд их анхаарал тавьж ажиллаж байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хийгээд холбогдох хуулиудад ч тодорхой заасан. Ер нь геополитикийн өнөөгийн нөхцөлд аливаа их бага зөрчлийг тэр дор нь газар авахуулахгүй байх нь стратегийн гол зорилт байх ёстой. Цэрэг, батлан хамгаалахын шинжлэх ухаан асар хурдтай хөгжиж байна. Залуусдаа эр цэргийн баярын мэнд хүргэж амжилт хүсье.
ЦДБЭЧ-ын Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн албаны дарга Соёлын гавьяат зүтгэлтэн,дэд хурандаа Р.Өнөржаргал: Цэрэгтэй эх орон өөрөө цэнэгтэй буу шиг бэлэн байх хувь тавилангийн эх гэж боддог

-1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Шивээ Хиагт”-ыг эзэлж туурга тусгаар Монгол Улсаа зарлан тунхагласны 105 жилийн ой тохиож байна. Аз жаргалтай он жилүүдэд хүмүүс амьдралын хатуу хэцүү үе дайны хүнд бэрхийг амархан мартдаг гэдэг.Тиймээс болзошгүй цагт хэзээд эх орноо хамгаалахад бэлэн байх цэрэг эрстэй байгаа нь Монгол Улс дэлхийн бөөрөнд энхжин тогтнож, мөнхжин оршиж, үеийн үе дамнан Монгол Улсын аюулгүй байдал тусгаар тогтнол баталгаатай байгаагийн илэрхийлэл юм. Цэрэгтэй эх орон өөрөө цэнэгтэй буу шиг бэлэн байх нь хувь тавилангийн эх гэж бодож баярлаж, бахархаж, бас батлан хамгаалж зүтгэж яваа гэж боддог.
Миний хувьд Батлан хамгаалах Зэвсэгт хүчний салбарт 25 жил алба хааж байна. Энэ салбарын бахархал нь Монгол Улсынхаа алтан төрийн хийморь дор эх орноо хайрлан хамгаалахын үнэ цэнийг өдөр мэдэрч зүтгэж байгаа маань хамгийн утга учралтай амьдрал гэж боддог.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт: Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хадгалахын тулд Зэвсэгт хүчинтэй байх ёстой

“Монгол Улсын Зэвсэгт хүчин бол Монголын түүхийн нэг хэсэг. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалахын тулд улс орон Зэвсэгт хүчинтэй байх ёстой. Бид Үндсэн хуульдаа ч мөн Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж тунхагласан байдаг.Иргэн хүний хувьд харахад, Зэвсэгт хүчинтэй байснаар өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн газар нутгийг хайрлаж хамгаалах учиртай юм.
Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн сургагч ахлагч, гавьяат тамирчин Г.Бямбадорж: Цэргийн алба бол эр хүний хувьд бахархах сайхан сонголт

-Зэвсэгт хүчин нь улс эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, энх тайван байдлыг хамгаалах хэрэгжүүлэхэд гол чиг үүрэг нь оршдог юм. Зэвсэгт хүчний анги салбарууд дотроо тусгайлсан өөр өөрийн онцлог чиг үүрэгтэй байдаг чиг үүргийнхээ дагуу улсын хөгжил, цэцэглэлт томоохон бүтээн байгуулалтад байнгын оролцдогоороо давуу талтай. Мөн гадаадын орнуудад дэлхийн энх тайвны төлөө улсаа төлөөлж үүрэг гүйцэтгэн Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд өндөрт өргөж яваа гээд олон сайхан давуу талтай. Миний бодлоор Зэвсэгт хүчин Улс эх орны дотоод болон гадаад аюулгүй байдлыг ханган ажилладаг гол алба юм аан мэдээж дэлхийн бүх улс үндэстэн ижил тэгш энх тайван байгаасай гэж хүсдэг. Улс эх орны эрх ашиг, хөгжил цэцэглэлт, тусгаар тогтнол, эрх чөлөө, халдашгүй дархан байдлыг сахиулан биелүүлэхийн тулд заавал байх ёстой л гэж боддог. Би хүүхэд байхаасаа цэргийн хувцастай хүмүүсийг хараад ийм мэргэжилтэй ажилтай хүн болно эх орноо хамгаална л гэж боддог. Эр хүний хувьд бахархах сайхан сонголт гэж хэлнэ дээ.
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар: Тусгаар улс өөрийн гэсэн арми, цэрэгтэй байж газар нутаг, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалдаг

-Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг нийт цэргийн алба хаагчид, ахмад дайчид болон эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө хүчин зүтгэж буй нийт хүмүүст хүргэе.
Монгол Улс бол Үндсэн хуультай, тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. Манай Үндсэн хуульд Монгол Улс өөрийн гэсэн Зэвсэгт хүчинтэй байна хэмээн заасан байдаг. Энэ нь улс орон өөрийн нутаг дэвсгэр, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргийг бие даан хэрэгжүүлэх ёстойг илэрхийлдэг. Зэвсэгт хүчин бол эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Тусгаар улс өөрийн гэсэн арми, цэрэгтэй байж газар нутаг, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалдаг. Иймээс эх орноо хайрлан хамгаалах, өвөг дээдсийн үлдээсэн газар нутгийг хадгалан хамгаалах нь монгол хүн бүрийн эрхэм үүрэг билээ.
Төв аймгийн Бүрэн сумын ЕБС-ын монгол хэл, уран зохиолын багш Д.Нямгаваа: Зэвсэгт хүчин нь эх оронч үзэл, сахилга бат, эв нэгдлийг төлөвшүүлэх сургууль болдог

-Тусгаар тогтносон Монгол Улс зэвсэгт хүчинтэй байх нь зөвхөн улс орны аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэл төдийгүй, үндэстний оршин тогтнол, нэр төрийн баталгаа болдог. Түүхийн урт хугацаанд монголчууд тусгаар тогтнолоо алдах, сэргээх олон сорилтыг даван туулсан билээ. Иймээс Зэвсэгт хүчин нь эх орноо гадаад, дотоодын аливаа заналхийллээс хамгаалах төдийгүй, ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг чухал институт юм. Мөн Зэвсэгт хүчин нь эх оронч үзэл, сахилга бат, эв нэгдлийг төлөвшүүлэх сургууль болдог. Залуу үе цэрэгт алба хаахдаа эх орныхоо үнэ цэнийг илүү гүн ойлгож, хариуцлагатай иргэн болж төлөвшдөг. Түүнчлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор Монгол Улсын нэр хүнд олон улсад өсдөг. Иймд зэвсэгт хүчин бол тусгаар тогтнолын бат бэх тулгуур, ард түмний итгэл найдварын илэрхийлэл мөн.
Ахмад Б.Уянга: Эх орноо батлан хамгаалсан дайчдынхаа дурсгалыг хүндэтгэж, бахархах өдөр юм

-Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 105 жилийн ойн баярын мэндийг мөрдөс нэгт албан хаагчид, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ хүргэе. Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан “Хүн төвтэй хөгжил шинэчлэлийн жил” нээлттэй өдөрлөгийг Төв талбай дээр зохион байгуулж байна. Ингэхдээ ард түмэн, хүүхэд залуусдаа өөрсдийн зэвсэг техникийг сонирхуулж байгаа юм.
Би Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид сургалтын албаны офицер хийдэг. Цэргийн сургалт бэлтгэл, төлөвлөлт зохион байгуулалт хариуцахын зэрэгцээ эх орноо батлан хамгаалах дайчдыг бэлтгэж байна. Монгол цэргийн өдөр бол эх орон тусгаар тогтнолоо батлан хамгаалсан дайчдынхаа дурсгалыг хүндэтгэж, бахархах өдөр юм. Залгамж халаа болсон залуу офицерууд өөрсдийгөө улам бүр боловсруулж, шинэ технологи инновацыг зэвсэгт хүчиндээ нэвтрүүлэхэд анхаарч дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хөгжиж дэвших хэрэгтэй. Хувь хүн бүр өөрсдийгөө хөгжүүлж, урдах ажлаа чин үнэнчээр хийж, улс эх орноо гэсэн сэтгэлтэй байх нь эх оронч үзэл юм.
Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Цаг уурын нэгдүгээр бүлгийн дарга, дэслэгч Ж.Чулуунжаргал: Цэргийн хүн болсны утга учир нь эх орон юм

-Миний аав цэргийн хүн. Тавын хүүхдийнх нь дөрөв нь цэргийн хүн байна. Ээж минь мөн цэргийн байгууллагад насаараа алба хашсан. Цэргийн амьдралыг дэргэдээс нь харж өссөн болохоор энэ албандаа их хайртай. Цэргийн хөгжим эгшиглэх төдийд сэтгэл хөдөлдөг. Монгол цэргийн баярын энэ өдөр аавыгаа л их боддог.
Цэргийн хүн болсны утга учир нь эх орон юм. Манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тив алгасаж энхийн төлөө үүрэг гүйцэтгэж, үйл ажиллагаанд оролцдог.
НҮБ-ын мандаттай энхийг сахиулах үйл ажиллагаанд “МОНБАТ” буюу 14 дүгээр ээлжинд үүрэг гүйцэтгээд энэ жил ирсэн. Төсөөлж байгаагүй нөхцөл байдал, улс орон биднийг угтсан. Үүрэг гүйцэтгэж байхад тухайн нутгийн иргэд монголчуудад маш хайртай нь мэдрэгдсэн. Бурхан мэт хүндэлдэг. Ах дүү шиг нь ойр дотно байдаг болохоор тэдний төлөө бид бүхнээ зориулж дайчилдаг. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ 105 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн ахлах байлдагч Б.Батмягмар: Цэргийн алба хаагч байна гэдэг миний хувьд хамгийн том бахархал

-Миний бие 2025 оны хоёрдугаар ээлжээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас хошууч генерал Д.Бавуу агсны нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар ангид татагдан ирж албаа нэр төртэй хааж байна. Энэ түүхэн өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ойн баярын мэндийг нийт ахлагч, офицер, цэргийн алба хаагчдадаа өргөн дэвшүүлье. Цэргийн алба хаагч байна гэдэг миний хувьд хамгийн том бахархал. Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үүргийг нэр төртэй биелүүлж яваа цэргийн алба хаагч байна гэдэг миний хувьд хамгийн том бахархал юм. Энэ өгүүлбэрээр асуултад хариулсан гэж бодож байна. Би хугацаат цэргийн албыг хааж байх хугацаандаа сахилга бат, хамтын ажиллагаа, бие бялдрын болон сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг сурч, өөрийгөө олон талаар хөгжүүлж байна.
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагч Т.Занданшатар: Цэргийн алба амьдралын том сургууль болж байна

- Би үеийн залуучуудынхаа дунд ахтайгаа хамт эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр зэвсэгт хүчнийг зорин ирсэн. Зэвсэгт хүчинд алба хааснаар бид цэргийн хэргийн мэдлэгт суралцахаас гадна англи хэл, монгол бичиг сурах, жолооны үнэмлэхтэй болгох Политехникийн коллежид суралцаж өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцах давуу талуудтай байгаад үнэхээр сэтгэл хангалуун байна. Өмнө нь үеийн залуучууд албаа хаагаад нутагтаа ирэх мөчийг харахад бахдалтай байсан. Цэргийн албанд ирээд олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн албаа хааж бие биеэсээ их зүйлсийг суралцан үр дүнтэй, дурсамжтай цаг хугацааг өнгөрөөж байна. Ийм амьдралын сургууль зөвхөн Цэргийн албанд л байна, Тиймээс Зэвсэгт хүчин байх нь зөв гэж бодож байна.
“Тэмүүжин өрлөг” сургуулийн 10а ангийн сурагч Б.Мишээл: Ард түмнээ аз жаргалтай, энх амар амьдруулахын тулд зэвсэгт хүчин байдаг гэж боддог

-Би багаасаа аавыгаа харж, бахархаж өссөн болохоор цэргийн мэргэжил их дотно санагддаг. Тиймээс “Тэмүүжин өрлөг”-т сурдаг.
Ард түмнээ аз жаргалтай, энх амар амьдруулахын тулд зэвсэгт хүчин байдаг гэж боддог. Эх орныхоо төлөө зүрх нь цохилдог хүмүүс энд алба хаадаг.
Би эх орон элэг нэгтнээ хүндэтгэсэн эх оронч сэтгэлгээтэй, бие биенээ хайрласан хүүхдүүд өсөж ториосой гэж хүсдэг. Тусламж хэрэгтэй нэгэндээ гараа сунгадаг байгаасаа.
Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн байлдагч Р.Шагай: Энэ газар нутаг бидэнд ямар их үнээр ирснийг ойлгож байна

-Би Монгол Улсын иргэний хувьд байх ёстой гэж бодож байна. Энэ албанд өөрийн хүсэлтээр ихэртэй хамт ирж, наран мандах нутагт албаа хааж байгаадаа итгэлтэй байна. Өнөөдөр манай анги аймгийн Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээнд орж байна. Энэ тэмцээн бол эр хүн, цэргийн хүнээс гарч болох бүх ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьж байна. Энд өөрийгөө дайчлаад гүйж явахдаа манай өвөг дээдэс ямар их зүйлээ золиосолж, энэ газар нутгийг бидэнд үлдээснийг ойлгож, цаашид бид ч энд биеэр болон сэтгэл зүйгээр бэлэн байх ёстой юм байна гэж бодож байна.
Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн ээлжийн сувилагч Г.Энхтүвшин: Зэвсэгт хүчин гэдэг их айл цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна

-Би Монгол Улсын олон мянган ээж нарын нэг энгийн эх хүн. Эх хүн бүр хүүхдээ эрүүл, аюулгүй өсөж, жаргалтай явахыг хүсдэг шиг, Монгол Улсын иргэн бүр Монгол орноо аюулгүй байна гэж мэдрэхийг хүсдэг байх гэж бодож байна. Олон жил энэ албанд ажиллаад цэргийн алба хаагчид халуунд халж, хүйтэнд хөрж, бороо, салхи, шуургатай бүх үед л бэлэн байж, иргэд түмэндээ тусалж байгааг хараад бахархах, хайрлах, санаа зовох үе их бий. Энэ Зэвсэгт хүчин гэдэг айл олон жил ард иргэдэд хэрэгтэй чухал салбар нь болж ирсэн, цаашид ч улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 50, 51 (7792, 7793)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn