Гэрэл зургийг Р.Оюун
Д.Марал
Монголын поп урлагт эр цэргийн болон хайрын сэдэвт дуунуудаараа танигдсан “Мистер” хамтлаг 28 жилийн дараа анхны бие даасан тоглолтоо “Энхийн манаанд” нэртэйгээр толилуулах гэж байна. Тус тоглолт нь Эр цэргийн баярыг тохиолдуулан энэ сарын 18-нд Crocus event hall-д зохион байгуулагдах юм.
“Мистер” хамтлаг нь уран бүтээлийнхээ хугацаанд эх оронч, эр цэргийн уур амьсгал шингэсэн бүтээлүүдээрээ сонсогчдын дунд танигдаж, тухайн үедээ олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан билээ.
Мөн цэрэг эх оронч үзлийг дэмжин алба хаагчдыг урамшуулахаар Зэвсэгт хүчний эр цэргийн баярт зориулан зохион байгуулсан дууны уралдаанд оролцож түрүүлсэн 016 дугаар ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагчдад тоглолтын билетийг гардуулан өглөө.
Түүнчлэн тус хамтлаг шинээр гаргасан гурван дуугаа үзэгч, сонсогчдодоо хүргэхээр бэлтгэж, цаашид уран бүтээлээ үргэлжлүүлж, хамтлагаараа сонсогчдодоо зориулан олон шинэ уран бүтээл хиихээ мэдэгдлээ.
“Энхийн манаанд” тоглолтод үе үеийн уран бүтээлчид, зочин артистууд оролцож, “Мистер” хамтлаг бүхий л хит дуунуудаа тайзнаа эгшиглүүлэх юм. Ийнхүү олон жилийн дурсамж, уран бүтээлээр дүүрэн нэгэн үдшийг үзэгч, сонсогчидтойгоо хамтдаа өнгөрүүлэхийг хамтлагийн уран бүтээлчид хүслээ.
Эх сурвалж: www.zms.mn