Д.МЯГМАРЖАРГАЛ

 

Хүүхэд эхийн хэвлийд олдсон үеэс хүний хөгжил явагддаг гэж дэлхий нийтээр үзэх болсон. Тодруулбал, жирэмсний эхэн үеэс эхлэн хүүхэд орчны дуу авиа, хэмнэлийг мэдэрч, гадаад орчны нөлөө, ээжийнхээ сэтгэл санааны байдлыг мэдэрдэг гэсэн үг. Тэгвэл жирэмсэн болон таваас 1.5 сар хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд зориулсан эх, хүүхдийн сэтгэл зүйн тайван аюулгүй орчныг бүрдүүлж хүүхдийн мэдрэхүйн хөгжлийг дэмжих зорилгоор “Нандин эгшиг” үйл ажиллагааг Амила цэцэрлэг болон түүний дэргэдэх Саруул сан хамтран анх удаа санаачлан зохион байгууллаа.

 

Ээжүүд нэгнээсээ суралцах боломжийг олголоо

Арга хэмжээний үеэр сонгодог хөгжмийн намуухан аялгуу эгшиглэж, ээжүүд бяцхан үрстэйгээ хамт тайван, дулаан орчинд цагийг өнгөрүүлж, сэтгэл зүйн үйлчилгээ авч байсан юм. Хөгжмийн уянгалаг хэмнэл дунд ээжүүд хүүхдээ тэвэрч, илж тайвшруулан, тэдэнтэйгээ мэдрэмжээ хуваалцсан нь  эх, хүүхдийн нандин холбоог улам ойртуулж байв. Оролцсон ээжүүдийн хувьд энэ уулзалт нь зөвхөн хөгжмийн хөтөлбөр төдийгүй, бяцхан үрстэйгээ илүү ойр дотно харилцах, өөрсдийн сэтгэл санааг тайвшруулах үнэ цэнтэй мөч байсан гэдгийг онцолж байлаа.

Энэ талаар ээж Д.Мягмарцэнд “Нэгэн хэвийн өдөр тутмын амьдрал дунд ээжүүд бид өөрсдийгөө алдсан мэт санагддаг. Өнөөдрийн арга хэмжээнд ирснээр нөхцөл байдлыг өөрөөр харж чадлаа. Энд цугласан ээжүүдийн хувьд гэртээ байгаа хугацаагаа өөртөө боломж болгон ашиглаж, бизнес хийх, сурах зэргээр ашиглаж буй өөрийн туршлагаа хуваалцлаа. Мөн гэртээ суугаа ээж нарт сэтгэл зүйн үйлчилгээ чухал байдаг. Гэвч манай улсад ийм үйлчилгээ үнэтэй байдаг. Арга хэмжээнд ирснээр сэтгэл зүйн зөвлөгөө хүртэл авч амжлаа” гэсэн юм. 

Арга хэмжээний үеэр танхимд сонгодог аялгуу тасралтгүй эгшиглэж, тайван, эерэг мэдрэмжийг төрүүлж байсан юм. Тэгвэл сонгодог хөгжмийн аялгуу нь эх, хүүхдийн сэтгэл зүйн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг ажээ. 

 

Хүүхдийн театраар дамжуулан хүмүүжлийн арга барилыг Амила цэцэрлэг суулгаж байна

 

Тус арга хэмжээг Амила цэцэрлэг Монгол Улсад анх удаа санаачлан зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ талаар Амила цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Ж.Энхтунгалаг “Манай цэцэрлэг 2004 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдийн хөгжил, хүмүүжилд чиглэсэн олон шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Сургалтын хөтөлбөртөө англи хэл болон балетын сургалтыг багтааж, хүүхдүүдийн хэлний чадвар, биеийн хөдөлгөөний хөгжил, урлагийн мэдрэмжийг багаас нь хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Мөн  хүүхдэд зориулсан театрын хөтөлбөртэй. Уг хөтөлбөрийнхөө хүрээнд энэ арга хэмжээг хэрэгжүүллээ. Хүүхдийн мэдрэмж, төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг урлагаар дамжуулан хөгжүүлэх шинэлэг орчныг бий болгох зорилгоор анх театрын хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Үүнийгээ өргөжүүлэн ээж, хүүхдийн арга хэмжээ болгосон. Ингэснээр ээжүүд нэг нэгнээсээ суралцах, харилцан туршлага солилцох боломжийг бий болгож байгаа юм” гэсэн юм. 

Ээжүүдийн хувьд хамтраад бизнес хийж буй тухайгаа энэ үеэр хуваалцлаа. Тэдний нэг С.Үүрийнмаа юм. Энэ тухайгаа тэрээр “Би дөрвөн хүүхэд төрүүлж өсгөж байгаа ээж. Гэхдээ энэ сургалтад хамрагдсанаар өмнө нь мэддэггүй байсан олон чухал зүйлийг шинээр ойлгож, суралцаж авлаа. Ялангуяа, хүүхдийг бага байна гэж гололгүй, сонгодог хөгжим сонсгох нь тэдний тайвшрал, мэдрэмжид сайнаар нөлөөлдөг юм байна. Бага охин маань 12 сартай ч Моцартын хөгжмийг чих тавин анхааралтай сонсож байгааг хараад гайхлаа. Түүнчлэн хөгжмөөр дамжуулан бид хамтдаа тайвширч, илүү дотно мөчүүдийг өнгөрөөж болох юм байна гэдгийг ойлгож авлаа” гэсэн юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7787)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn