Ц.БАЯР 

Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) 3.0 зорилтын хэрэгжилттэй холбоотой асуудлаар БОУАӨЯ, Эдийн засгийн хөгжлийн яам зөвлөлдөж байна. Энэ үер БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч А.Нарангаравуугаас зарим зүйлийг тодруулав.

-“ NDC 3.0” баримт бичгийг улс орон бүр яагаад заавал батлах шаардлагатай вэ?
-Юуны өмнө Үндэсний тодорхойлсон хувь нэмэр буюу NDC гэж яг юу вэ, яагаад бид энэ бичиг баримтыг батлах ёстой вэ гэдэг асуултаас эхлэх нь зүйтэй байх. Учир нь энэ нь олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэгтэй шууд холбоотой. 2016 онд дэлхий нийтээр Парисын хэлэлцээрийг баталсан. Тэгэхээр энэ хэлэлцээрийг соёрхон баталсан улс орон бүр Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, түүний зорилтыг хангах үүрэгтэй болдог. Иймээс Парисын хэлэлцээрийн гишүүн улс бүр Үндэсний тодорхойлсон хувь нэмэр буюу NDC-ээ тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн улс орон хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулах вэ, уур амьсгалын өөрчлөлтөд яаж дасан зохицох вэ гэдгээ зорилтоор тодорхойлж өгдөг гэсэн үг.Тэгэхээр NDC гэдэг бол сайн дурын ажил биш. Энэ бол Парисын хэлэлцээрийн хүрээнд улс орнуудын хүлээсэн үүрэг гэж ойлгож болно.
- NDC  гэдэг нь  хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтуудыг нэгтгээд үндэсний хэмжээнд тодорхойлж байгаа гэсэн үг үү?
-Тиймээ. Үндсэндээ NDC гэдэг нь тухайн улс орон ойрын 10 гаруй жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтуудаа тодорхойлсон бодлогын баримт бичиг юм.Монгол Улсын хувьд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Тиймээс NDC-ийг боловсруулахдаа салбар бүрийн ойрын 10 жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, төлөвлөгөөнүүдээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэсгийг нь нэгтгэж боловсруулдаг.Тиймээс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэдэг нь Монгол Улсын ойрын 10 жилд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр баримтлах үндсэн суурь бодлогын баримт бичиг гэж ойлгож болно.

Эх сурвалж: zms.mn