Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон "iToim" агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, шилдэг бүтээлийн эзнийг өчигдөр шалгарууллаа.
“Бүтээлүүдийг улс төр, нийгэм, эдийн засаг гээд чиглэл бүрээр нь ангилж шалгаруулахад анхаарна”
Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд улс төр, эдийн засгийн чиглэлээр 44 сэтгүүлч бүтээлээ ирүүлж, цар хүрээгээ улам илүү тэлжээ. Түүнчлэн уралдаанд оролцсон сэтгүүлчдийн хөндөж буй сэдэв нь тун чухал байсныг зохион байгуулагчид хэлж байлаа.

Энэ талаар “Нийтлэлч Г.Отгонбаяр” сангийн гүйцэтгэх захирал Б.Оргил “Энэ жилийн уралдаан цар хүрээгээ тэлж, зөвхөн төвийн сэтгүүлчид гэлтгүй орон нутгийн сэтгүүлчид маань ч бүтээлээ ирүүлсэн байна. Мөн өмнөх жилээс бүтээлийн чанар сайжирч орж ирлээ. Цаашид энэ уралдаанаа үргэлжлүүлэх итгэл төрж байна. Уралдааны хүрээнд улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр бичиж байгаа сэтгүүлчдийн бүтээлээс шилдгийн шилдэг нэг бүтээлийг л шалгаруулж байгаа. Харин цаашид үүнийг чиглэл тус бүрээр нь ангилж шалгаруулах тал дээр анхаарч ажиллана. Мөн шүүгчдийнхээ тоог нэмэгдүүлэх шаардлагатай юм байна гэх чиглэлүүд яригдаж байна” гэлээ.
“Цуглуулсан мэдээллээ урлаж, хүн бүхэнд анзаарагдан уншигдахуйц болгох хэрэгтэй”

Энэ жилийн уралдааны шүүгчдээр Эргэлт.мн сайтын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Энхмарт, МУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал, МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, "Unlimited Media Group"-ийн гүйцэтгэх захирал С.Батбаатар нар ажилласан байна. Тэд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг хэрхэн үнэлэлж, дүгнэсэн болоод цаашид анхаарах зүйлсийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
"Unlimited Media Group"-ийн гүйцэтгэх захирал С.Батбаатар "Сэтгүүлчид тэр тусмаа залуу сэтгүүлчид дата дээр их ажилладаг болсон байна. Өөрөөр хэлбэл эх сурвалжийг илүү чухалчилж, өгөгдлийг ашиглахад илүү анхаардаг болсон байна. Гэвч сэтгүүлчдийн бүтээл нэг хэв загварт зангилагдаж байгаа нь анзаарагдлаа. Энэ нь сэтгүүлчийн ур чадвартай холбоотой юм. Нийтлэлүүдийн дата, сэдэв нь өөр хэрнээ бичлэгийн арга барил нь нэг хэв загварт байгаа нь олон бүтээлд ажиглагдсан. Г.Отгонбаяр сэтгүүлч ур чадвараараа бусад сэтгүүлчдээс ялгардаг байсан.
Зөвхөн дата цуглуулаад тэрийгээ тухайн үеийн улс төр, эдийн засагтай холбоод бичлээ гээд сайн сэтгүүлзүйн бүтээл болж чадахгүй юм. Одоо үед мэдээллээ цуглуулахад маш том боломжтой болсон. Харин түүнийгээ урлаж, хүн бүхэнд анзаарагдах, уншигдаж чадахаар болгох хэрэгтэй байна" гэв.
МУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш, дэд профессор Д.Идэржаргал “Өнгөрсөн жил уралдааны шүүж байхад 28 бүтээл ирж байсан. Харин энэ жил бүтээлийн тоо эрс нэмэгдсэн байна. Ирүүлсэн бүтээлүүдийн хувьд улс төр, уул уурхай, эдийн засгийн чиглэлээр маш олон нийтлэл ирсэн. Сэтгүүлчид нээлттэй өгөгдөл нэлээд байгаатай холбоотойгоор баримт, дата цуглуулж боловсруулалт хийсэн бүтээлүүд их байсан. Хэдий судалгаа сайн ашигласан ч тухайн судалгааг мэргэжлийн эх сурвалжаар баталгаажуулах, бичвэрийн ур чадварын хувьд сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй байсан. Мөн нийтлэл бичихдээ хиймэл оюун ухаан ашигласан хоёр ч тохиолдол гарсан. Тиймээс энэ тал дээр цаашдаа анхаарах хэрэгтэй” гэлээ.
“Үнэхээр манипуляц гэх зүйл байдаг эсэхийг батлахыг зорьсон”

“Нийтлэлч Отгонбаяр” сан болон "iToim" агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулах уралдааны шилдгээр тэргүүн байрт "90 мянган долларын манипуляц" бүтээлээрээ Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн үүр төвийн хөтөлбөрийн менежер Л.Анударь шалгарлаа.
Тэрээр “Чухал мэдээллийг сенсациар дарах, олны анхаарлыг өөр тийш нь хандуулахаар гэмт хэргийн мэдээлэл “сэвчихлээ” гэдэг ч юмуу ийм хандлага байнга гардаг. Гэвч эдгээрийг баримтаар нотолж, манипуляц хийгээд байна гэх нотолгоо, судалгааны ажил огт байдаггүй. Тиймээс үнэхээр манипуляц гэх зүйл байдаг эсэхийг батлахыг зорьсон. Нийтлэлийнхээ сэдвийг сонгохдоо өнгөрсөн намар болсон МАН-ын дарга сонгох сонгуультай холбоотойгоор хоёр улстөрчийг дэмжсэн гэх хуудсуудад нийтдээ 90 мянган ам.долларыг бүүст хийхэд зарцуулсан байсан. Эндээс харвал монголчуудын хамгийн ихээр ашигладаг фэйсбүүкээр дамжуулан маш их хэмжээний вальютыг гадагш нь урсгаж, ард иргэддээ бодит бус мэдээллийг хүргэхийн тулд улстөрчид өөрсдөө ажиллаж байна гэдэг нь маш ноцтой баримт юм. Тиймээс үүнийг сөрөн тэсвэрлэх хүч нь иргэд, олон нийт энэ талаар мэдлэг, мэдээлэлтэй байж, манипуляцийн тэмдгүүдийг танидаг байх нь маш чухал юм байна гэж бодсоны үндсэн дээр нийтлэлээ бичсэн” гэсэн юм.
Харин хоёрдугаар байрт "Тойм" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл “Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд харанхуй орно" нийтлэлээрээ шалгарсан юм. Тэрээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээний асуудлаар нийтлэлийн сэдвээ сонгож бичжээ.
Тэгвэл гуравдугаар байрт "Өнөөдөр" сонины тоймч Ж.Сувдмаа “Хуульгүй томилгоо” нийтлэлээрээ оролцож шалгарсан юм. Тэрээр 2019 оноос хойш Засгийн газар ТӨХК-уудад онцгойлон хяналт тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилдог болсон. Ингэхдээ 1991 оны БНМАУ-ын “Засгийн газарт эрх олгох тухай” хуулийг баримталж томилгоог хийсээр байгаа. Энэ нь Үндсэн хууль батлахаас өмнөх хуулийг баримталж буй явдал юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад ТӨХК-уудад онцгой дэглэм тогтоож, томилохтой холбоотой тодорхой зохицуулалт байхгүй байна. Тиймээс энэ нь хуулийн хийдэл үүсгэж, Үндсэн хуульд нийцэхгүй байгаа талаар нийтлэлээрээ хөнджээ.
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан энэхүү сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулах зорилготой хэмээн зохион байгуулагчид онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 44 (7786)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn