Ц.МЯГМАРБАЯР

 

Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-д нэгдсэн Монголын анхны сонин “Зууны мэдээ” энэ дугаараас эхлэн “ТОП-100” буланг эхлүүлж байна. Улс орныхоо нийгэм, эдийн засагт тодорхой хувь нэмрийг оруулж, олон мянган ажлын байрыг нэмэгдүүлж, шинэ техник, технологи, инновац шингээсэн бүтээгдэхүүнээрээ олондоо танигдсан, улс орныхоо  хөгжлийг урагшлуулахад мөс зүсэн түүчээлж яваа "ТОП-100" компанийн захирлуудыг  урьж ярилцах юм. Эхний дугаарт  Монголын аялал жуулчлалын тэргүүлэгч “Нью жуулчин турс” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Нэргүйг урьж ярилцлаа. 

 

- “Нью жуулчин турс” ХХК нь аялал жуулчлалын салбарыг шинэ шатанд гаргахад ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Манай компани 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд зөвхөн Монголдоо төдийгүй АНУ, Япон, БНХАУ, Тайвань зэрэг гадны орнуудад өөрийн салбар компаниудтай, аялал жуулчлалын маркетинг болон үйлчилгээний сүлжээ бүхий групп компани юм. Бид олон улсын болон Монголын зах зээл дээр тэргүүлэгчийн нэр төрийг хадгалж, олон улсын стандартад нийцсэн өндөр чанар, аюулгүй байдлаар өрсөлдөгч нараас тод ялгарч, харилцагчдаа эрхэмлэн дээдэлж ажиллаж байна. Олон улсын стандарт хангах, шинэ нислэг нэмэх, дэлхийн арга хэмжээнүүдэд хэр оролцож байснаар Монголын аялал жуулчлалын шинэ үе эхлэнэ.

Монголын аялал жуулчлалын салбарт олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монгол орныг дэлхийд сурталчлахад бодит хувь нэмэр оруулж ирсэн "Juulchin World Tours" компани сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, олон улсын хамтын ажиллагаа, шинэ аяллын бүтээгдэхүүн, өндөр стандарт бүхий үйлчилгээний жишгийг тогтоон ажиллаж байна. Манай компани Монгол орны онгон байгаль, нүүдэлчдийн өв соёл, адал явдалт аяллын туршлагыг дэлхийн жуулчдад хүргэхийн зэрэгцээ Монгол иргэдэд зориулсан олон улсын аяллын шинэ боломжуудыг нээж, аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монголыг дэлхийн аяллын газрын зурагт “Juulchin World Tours” нь Монгол Улсад ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн аялал жуулчлалын салбарын томоохон олон улсын үзэсгэлэн, экспо, аяллын форумуудад тогтмол оролцож, Монгол орныг аяллын шинэ чиглэл болгон сурталчилсаар байна. Энэхүү идэвхтэй маркетинг, олон улсын хамтын ажиллагааны үр дүнд манай компани АНУ, Европ, Зүүн Ази зэрэг бүс нутгийн аялал жуулчлалын компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, өнөөдөр 80 гаруй олон улсын түнш байгууллагатай хамтран ажиллаж байна.Ингэснээр жил бүр Монгол оронд ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, Монголын аялал жуулчлалын салбарыг дэлхийн зах зээлтэй холбож байна.

-Шинэ нислэг, шинэ аяллын боломжийг нээх  тухайд ямар шинэлэг зүйлүүдийг нэвтрүүлээд байна вэ?

-Сүүлийн жилүүдэд “Juulchin World Tours” компани аяллын бүтээгдэхүүнээ өргөжүүлж, олон улсын аяллын шинэ чиглэлүүдийг хөгжүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын Juneyao Air агаарын тээврийн компанитай хамтран Хайнан чиглэлийн чартер нислэгийг амжилттай зохион байгуулж, Монголын жуулчдад далайн аяллын шинэ боломжийг нээж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын аялал жуулчлалын зах зээлд шинэ бүтээгдэхүүн бий болгож, шууд нислэгтэй аяллын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам болж байна.

Мөн “Juulchin World Tours” нь дэлхийд нэр хүндтэй спортын томоохон арга хэмжээнүүдийн аяллыг албан ёсоор зохион байгуулж ирсэн туршлагатай компани юм. Энэ үүднээс дэлхийн хэмжээний спортын арга хэмжээний аялал зохион байгуулж ирлээ.Тухайлбал, Олимпын наадам, FIFA-гийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг дэлхийн хэмжээний арга хэмжээнүүдийн аяллыг Монголын хөгжөөн дэмжигчид болон аялагчдад зориулан олон удаа амжилттай зохион байгуулсан. Эдгээр аяллууд нь олон улсын стандарт, нарийн зохион байгуулалт шаарддаг бөгөөд “Нью Жуулчин Турс” ХХК энэ чиглэлд салбартаа тэргүүлэгчдийн нэг болж чадсан юм. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын цогц үйлчилгээний чиглэлүүд болох  Монголд ирэх жуулчдын inbound аялал, Монгол иргэдэд зориулсан outbound аялал, MICE буюу хурал, үзэсгэлэн, байгууллагын арга хэмжээ, Жуулчны тээврийн үйлчилгээ, Зочид буудал, жуулчны бааз, Тансаг болон тусгай сонирхлын аяллууд манай топ бүтээгдэхүүнүүд юм.

-Танай компанийн алсын хараа юу бол?

-Бид Улаанбаатар хот болон Монгол орны аялал жуулчлалын бүсүүдэд байрлах зочид буудал, жуулчны баазуудыг ажиллуулж, жуулчдад Монголын байгальд ойр, өвөрмөц аяллын туршлагыг санал болгодог. Энэ ч үүднээс Олон улсын стандарт, найдвартай үйлчилгээг хангаж үйл ажиллагаандаа ISO 9001 чанарын менежментийн стандарт болон хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг нэвтрүүлж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, зохион байгуулалтыг дэлхийн жишигт хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ нь жуулчдад найдвартай, аюулгүй, өндөр стандарт бүхий аяллын туршлагыг санал болгох үндэс суурь болж байна. Сүүлийн үед хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна. Байгаль орчин, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, Монголын соёл уламжлалыг хамгаалах чиглэлд нийгмийн хариуцлагын олон санаачилгыг хэрэгжүүлж ирлээ. Үүнд, байгаль хамгаалах төслүүд мод тарих аян, Монголын соёлын фестиваль дэмжих ховор амьтан хамгаалах санаачилгууд зэрэг олон ажил багтдаг.Бид Монголын аялал жуулчлалын ирээдүйг хамтдаа бүтээж байна. “Нью Жуулчин Турс" ХХК цаашид Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсын зах зээлд илүү өргөн хүрээнд сурталчилж, Монгол орныг дэлхийн аяллын газрын зураг дээр илүү тод байрлуулах зорилт тавин ажиллаж байна. Олон улсын хамтын ажиллагаа, шинэ аяллын бүтээгдэхүүн, өндөр стандарт бүхий үйлчилгээний хөгжлөөр дамжуулан манай компани Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад бодит хувь нэмрээ оруулсаар байх болно.

-Жил бүр манай улсад гадаадаас ирж буй жуулчдын тоо нэмэгдэж байна гэдэг. Энэ тоо бодит байдалтай хэр нийцэх вэ. Та энэ салбарт 30 гаруй жил ажиллаж буй Монгол Улсын "ТОП-100" компанийн нэг, аялал жуулчлалаар тэргүүлэгч энэ их айлыг удирдаж яваа хүний тухайд таны байр суурийг сонсвол?

-Монголын Засгийн газраас сүүлийн жилүүдэд гадаад сурталчилгааг эрчимжүүлж байна. Сурталчилгааны төсөв жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ жуулчинд зориулсан сурталчилгааг нэгдсэн зохион байгуулалттай, бодлоготойгоор тухайн зах зээлээ онилсон олон удаагийн давтамжтай хийх нь чухал. Түүнчлэн  манайд жил бүр жуулчдын сонирхлыг татсан ямар шинэ бүтээгдэхүүн бий болгосон. Монгол Улсын аялал жуулчлалын салбар өмнөхөөсөө  юугаараа илүү болж байна. Хүлээж авах хүчин чадал сайжирсан уу. Эсвэл орон нутаг түшиглэсэн аялал жуулчлал бий болгоход хөрсөн дээрээ хэрхэн бууж байна вэ гэх мэт цэгцтэй, нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Энэ тухайд өнгөрсөн сард хувийн хэвшлийн “Аялал жуулчлалын 7 хоног” арга хэмжээний үеэр түлхүү  яригдсан.

Мөн энэ үеэр жуулчдын тоогоо зөв гаргая гэсэн шүүмжлэлийг хүчтэй ярьсан. Өнгөрсөн онд Монгол Улсад яг 856 мянган жуулчин ирсэн үү. Үүнийг бодитоор нягтлах хэрэгтэй гэж. Харамсалтай нь манайд жуулчдын тоог нэгдсэн үзүүлэлтээр гаргадаг статистек байхгүй. Сургаар, баримжаагаар, төсөөллөөр гаргадаг. Нэг ёсондоо хөөсөрсөн тоо хэлж олон жуулчин ирж байгаа юм шиг сурталчилгаа явуулдаг гэсэн үг. Энэ тоог дагаж хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүдэг. Гэвч бодит байал дээр ийм хэмжээний жуулчин ирээгүйгээс болж хөрөнгө оруулалт нь  царцаж үр дүнгүй болж байна гэж тэд шүүмжилж байгаа юм. Тэгэхээр цаашдаа сурталчилгаагаа болон статистекээ хэрхэн оновчтой болгох вэ гэдэг асуудал тулгарч байна. Үүнийг их энгийнээр шийдэж болно.

Тухайн аялал жуулчлалын бланс үзүүлэлтийг авах болосронгуй хүснэгт байхад болно. Бусад оронд хөнгөлөлт, урамшууллын аргаар бүртгэж авдаг туршлага бий. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын компанид өгч буй хөнгөлөлт, урамшууллын тайлангаар гаргадаг гэсэн үг.

Ер нь 856 мянган хүний 55 орчим хувь нь Орос, Хятад хүмүүс байна. Тэгэхээр эдгээр хүмүүс 100 хувь жуулчлалаар ирж мөнгөө манайд үрж байна уу гэдгийг нягтлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, энэ тоондоо агаарын тээврийг оруулж байна уу гэдэг үзүүлэлт байна уу гэх мэт энэ бүгдийг нэгтгэх нягтлах шаардлагатай. Тэгж байж бодит тоо гарна.

-Танай салбарт сүүлийн үед тус, тусдаа олон холбоод байгуулагдаж үйл ажиллагаа нь нэгтгэгдэхгүй байгаагаас дараагийн хөгжлийн шинэ загвар, шат руугаа шилжихгүй гацсан байдалтай байна гэж салбарынхан ярьж шүүмжилж байна. Та энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр хэдэн ч холбоо байгуулж болно. Энэ эрх нь чөлөөтэй. Гагцхүү мэргэжлийн холбоог аваад үзвэл энэ холбоонд заавал бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхийн тулд татвар төлөх ёстой. Энэ нь бусад ТББ-ын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа юм шиг байдал үүссэн гэдгийг манай хувийн хэвшлийнхэн шүүмжилж байгаа юм. Нөгөөтэйгүүр, гадаад сурталчилгааны төлбөр ил тод биш. Засгийн газраас шилэн болго гэж буй ч нэг сувгаар нэг газрын орлогыг дамжуулж байна гэх зэрэг шүүмжлэл их байдаг.

-Манай улс юугаараа ялгарах нь илүү давуу гэж та боддог вэ?

-Манай аялал жуулчлалын үнэ цэн бол нүүдлийн соёл иргэншил. Өөрөөр хэлбэл, таван одтой буудал хөлслөөд явна гэвэл худал. Таван одтой буудал байх нь байна. Гэхдээ бид уламжлалаа яаж сэргээх үү, зан заншлаа хэрхэн хамгаалах уу, үүний үнэ цэнийг жуулчдад яаж ойлгуулах уу гэдэг маш чухал байна. Ингэхийн тулд бидэнд орон нутгаа түшиглэсэн аялал жуулчлалыг бий болгох л чухал. Аялал жуулчлалын байгууллагуудын орон нутгийн уялдааг оновчтой болгох. Би 30 жилийн өмнө хэвлэлд  өгсөн ярилцагаа эргэн харсан чинь манай салбар яг хэвээрээ байна. Харин онгоцны нислэгийг гурав дахин нэмнэ гэж ярьж байсан. Энэ нь биелэгдсэн байна. Өөр шинэчлэгдсэн зүйл юу ч алга. Яг хэвээрээ байна. 

Mөн  хувийн хэвшлээ хэрхэн, яаж дэмжих гээд байгаагаа бодох хэрэгтэй. Ер нь ихэнх орнууд аялал жуулчлалын компаниа дэмжих байдлаар хөнгөлөлт, татаасуудыг өгдөг. Жишээлбэл, “Хүннү эйр” нислэлгийн компани шинэ нислэгийн зах зээл нээвэл нэг жуулчинд 50-100 ам.долларын татаас өгнө гэсэн уриалга гаргаж өртгөө хямдруулах маягаар аялал жуулчлалыг дэмжиж байна. Магадгүй нэг жуулчинд 50 ам.доллартай тэнцэх хэмжээний  дэмжлэг өгнө гэвэл  жуулчны тоо бодитоор өсөхөд шууд нөлөөлөх магадалтай. Тиймээс хөнгөлөлт, урамшууллын системийг нэвтрүүлэх цаг нь болсон.

Солонгос, Хятадад манайд жуулчин ирүүлээч ээ, танай гадаад сурталчилгаанд мөнгө өгье. Нэмээд агаарын тээвэрлэлтэд хөнгөлөлт үзүүлье гэж уриалж байна. Манайх яагаад ингэж уриалж болохгүй гэж. Агаарын тээвэр нь татаастай байгаа тул Вьетнам явах монголчуудын тоо эрс өссөн. Энэ нь аялал нь хямд байгаатай холбоотой. Гэтэл Монгол Улсын жуулчин бага хүлээн авдаг өвлийн аялал жуулчлалыг хүлээн авч байгаа баазууд дээрээ цахилгааны зардлыг хөнгөлөх ч юм уу бодлогын хувьд хамтаараа шийдэх ёстой олон асуудал байна. Монгол мөсөн барималчид дэлхийд очоод түрүүлчхээд байна. Энэ жишээ нь манайд хийгдэж болох уу. Жуулчдыг татах санаачилга хэрэгтэй. Нэг жуулчнаас олох өгөөжийн тухай ярих цаг болсон. Масс аялал жуулчлал руу хошуураад чанартай жуулчдын тоо буурах хандлагатай байна.

-Аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг том сэдэв. Тэгвэл манайд сүүлийн жилүүдэд энэ гээд нэрлэх бүтээгдэхүүн үйлчилгээ юу байна вэ?

- Манайд 1954 онд анх  Өмнөговь, Хужирт, Хархорин, Хөвсгөл гэсэн дөрвөн чиглэлд аялал жуулчлалын маршрут эхэлж байсан.Үүнээс хойш аялал жуулчлал хөгжөөд 30 гаруй жил болж байхад энэ дөрвөн чиглэл өөрчлөгдсөнгүй. Тиймээс бусад оронтой өрсөлдөхийн тулд өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнээрээ бид ялгарлал бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ талаасаа 30 жилийн хугацаанд хийсэн юм алга. Харин ч муу нэртэй, луу данстай Женкогийн хийсэн “13 дугаар зуун” цогцолбор, “Чингисийн морьт” хөшөөнөөс өөр жуулчдад нүүр бардам үзүүлэхээр зүйл алга. Бид бусад улсаас ялгарах бүтээгдэхүүнгүй байж Монголд ирээрэй гээд яах билээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд Эрхүүтэй холбосон аялалын маршрут үүссэн. Өөрөөр хэлбэл, Монголд үзэх юм алга гэдгээр Улаанбаатарт 2-3 хоноод Эрхүү явж 3-4 хонох байдлаар аялалын хосолсон виз авах хандлага нэмэгдсэн. Ингэснээр Эрхүү чиглэлийн нислэг аялалын тоо, жуулчдын тоо нэмэгдэж улмаар үнэ нь хямдарсан.Тэгэхээр Монголд бусдаас ялгарах бүтээгдэхүүн үгүйлэгдэж байгаагийн илрэл.

Үүнд төрийн бодлого, зохицуулалт оновчтой бишээс жуулчиддаа Монголд олон хоногоор барих боломжгүй болж буй юм. Өнөөдөр манайх тодорхой тооцоо, судалгаа, бодлогогүйгээс Монгол Улсад ирэх  жуулчдын тооны тухайд мөрөөдлийн тоо ярьж байна гэж хэлэхэд болно.Тухайлбал, бид ойрын гурван жилд ямар,ямар  бүтээгдэхүүн гаргаж хэдэн  жуулчин авна гэсэн тоцоо, судалгаагүй байна. 30 жил боллоо. Шинэ засаг гарч ирэх бүрд “сая жуулчин авна” гэж тоть шиг давтсаар ирсэн. Сая жуулчин авахын тулд гадагшаа сурталчилгаанд  мөнгө цацаад үр дүнгүй. Үүний оронд агаарын тээврийн багтаамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал л чухал. Сүүлийн гурван жилд Монголын аялал жуулчлалд хийсэн сайшаалтай зүйлийг тооч гэвэл хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд өөрсдийн боломжоор, боломжтой бүх чиглэлд шинэ чартар нийслэгүүдийг нээсэн нь сайшаалтай. Хүссэн, хүсээгүй онгоц нисэж байгаа учраас аялах хүмүүст таатай боломж гэж үзэж байна. Энэ хэрээр жуулчны тоо нэмэгдэнэ.

Мөн бид аялал жуулчлалыг хэрхэн ойлгох  тухайд учир дутагдалтай байна. Ихэнх тохиолдолд жуулчин ирлээ, мөнгө орж ирлээ гэж хардаг. Энэ ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр бодит байдал дээр жуулчны баазууд гээд байгаа маань бид нэг, нэг уулын мухарт хэдэн гэртэй. Ирэхээр нь хоол өгөөд болоо. Өөрөөр хэлбэл, нөгөө хүмүүсийн халаасыг хоослох чинээний "лакшари" үйлчилгээ бараг байхгүй. Тэгэхээр бид ядаж олон жуулчны бааз шавааралдсан, олон хүн ирдэг газруудад дундын, хамтын нэг морин тойруулгын цогц үйлчилгээ үзүүлдэг кэмп байгуулах гэх мэт ямар нэгэн брэнд бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй.

Азийн аялал жуулчлалын компаниудын төлөөлөл хэлэхдээ  “...өнөөдөр Солонгосын Чэжү хотын аялалын том бүтээгдэхүүн бол “Морины шоу” гэдэг. Тэгвэл морио дээдэлсэн монголчуудын аялалын бүтээгдэхүүнд  морины холбогдолтой зүйл байдаггүй юм бэ” гэж асуудаг. Энэ бүтээгдэхүүнийг гаргаж болно. Гэхдээ үүнийг хийхэд нэлээдгүй хөрөнгө шаардлагатай. Үүнийг мэргэжлийн түвшинд цогцоор нь хөгжүүлж байнгын ажиллагаатай байхаар хийх хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн нэг компани хэдэн морь сургаж авчирч хийгээд олигтой болж томорч чадахгүй. Үүнийг төрөөс бодолгоор л хөгжүүлж бүтээгдэхүүн болгох боломжтой. Мөн сүүлийн үед аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж ярьдаг хүн ховор. Аялалын маршрут гэж ярьдаг. Маршрут гэдэг чинь чиглэл гэсэн ойлголт. Засгийн газрын тогтоолдоо хүртэл аялалын чиглэл гэж бичсэн байдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 44 (7786)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn