Зарим хүмүүс спортыг сонирхоод л өнгөрдөг. Харин зарим нь спортоор амьдарч, амьдралынхаа нэг хэсэг болгодог. Сагсан бөмбөгийн спортыг амьдралынхаа салшгүй хэсэг, хоббигоо болгож яваа нэгэн бол Б.Хүрэлтогоо юм.
Бид энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор багын хүсэл сонирхлоо өдийг хүртэл орхилгүй түүчээлсээр яваа “Ibrucke LLC” компанийн захирал, ахмадын сагсан бөмбөгийн “UB CITY” багийн тамирчин Б.Хүрэлтогоог урьж, түүний амьдралын баялаг түүхийг хуваалцлаа.
“Герман дахь монголчуудын САШТ”-ний анхны аварга

Архангай аймгийн уугуул, айлын ганц хүү Б.Хүрэлтогоо спортын хүн байхаар төрсөн гэмээр өндөр нуруутай, хурдан шаламгай, тууштай нэгэн аж. Түүний аав ээж хоёр нь насаараа төрийн албанд зүтгэсэн хүмүүс юм.
Аав Д.Бэгзсүрэн нь тухайн үеийн МСҮТ-д хичээлийн эрхлэгчээр ажиллаж, харин ээж П.Норовсамбуу нь цахилгаан холбоонд 30 гаруй жил бичээчээр ажиллажээ.
Тэрээр бага насныхаа тухай дурсан ярихдаа “Би эцэг эхээс дөрвүүлээ. Гурван эгчтэй, айлын бага ганц хүү нь. Багадаа хүмүүжил сайтай, даруу хүүхэд байсан. Бид чинь социализмын үеийн хүмүүжлээр л өссөн хүмүүс дээ. Гадаа талбайд найзуудтайгаа сагс л тоглодог байлаа. Арван жилийн сургуульд орсноосоо хойш сагсан бөмбөгийн спорттой салшгүй нөхөрлөж явна. Олон жил тоглосон хүн спортоо орхино гэж байдаггүй. Сургуульд байхдаа аймаг, бүсийн олон тэмцээнд оролцож явсан. 1991 онд аравдугаар ангиа төгсөх жил анх удаа орон нутагт сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байлаа. Тэр тэмцээнд аймгийн шигшээдээ оролцож байсан минь санаанаас гардаггүй” гэж байлаа.
Тэрээр өсөж төрсөн нутаг болох Архангай аймагтаа бүрэн дунд боловсрол эзэмшиж, Дархан-Уул аймгийн Политехникийн сургуульд металлургийн ангид элсжээ.
Энэ тухайгаа “Анх Дархан-Уул аймагт металлургийн анги нээгдэхэд элсэж байлаа. Тэнд жил гаруй хугацаанд суралцсан юм. Тухайн үед чинь 90-ээд оны хямрал, ганзагын наймаа ид эхэлж байсан үе таарч сургуулиа орхихоор болсон юм. Үүний дараагаар 1998 онд ХБНГУ-д Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар суралцаж, тэндээ 12 жил амьдарсан. Ингээд ХБНГУ-аас ирээд бүр хожуу буюу 2009 онд Барилгын инженерээр суралцаж төгссөн” гэв.
Тэрээр ХБНГУ-д амьдралынхаа 12 жилийг өнгөрүүлж, олон ч сайхан дурсамжуудыг бүтээж явсны нэг нь 1999 онд анх удаагаа ХБНГУ-д зохиогдсон “Герман дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож, анхны аварга болон цом өргөсөн нь юм.
“38-тай аав”
2004 онд эх орондоо ирж суурьшин, барилгын инженерээр суралцаж байхдаа амьдралын ханьтайгаа учиржээ.
Энэ талаар “2010 онд эхнэртэйгээ танилцаж, дараа жил нь анхны хүүхдээ өлгийдөн авч “38-тай аав” гэдэг шиг 38 насандаа аав болж байлаа. Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт сайхан амьдарч байна. Эхнэр маань “Эрдэнэс тавантолгой” ХХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг. Харин би сагсанбөмбөгийн спортоо хобби болгож тоглохын хажуугаар “Ibrucke LLC” компанийн захиралаар ажиллаж байна. Манай компани европ руу аялах, сургалт, үзэсгэлэнд оролцоход зуучлах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Хүүхдүүд маань мөн спортод их дуртай. Гар бөмбөг, хоккейгоор хичээллэдэг. Том хүү маань одоо 16 настай ч хоккейн “U18” буюу насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож түрүүлсэн. Манай гэр бүлийнхэн ер нь спортоор хичээллэх сонирхолтой, спортод хайртай хүмүүс” гэлээ.
Анх удаагаа монголоос ахмадын сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцсон нь
Б.Хүрэлтогоо амьдралаа сагсан бөмбөггүйгээр төсөөлдөггүй гэлтэй. Тэрээр сурагч наснаасаа өдийг хүртэл сагсан бөмбөгөөр хичээллэж ирсэн төдийгүй ахмадын сагсан бөмбөгийн ДАШТ-д анх удаагаа Монгол Улсаа төлөөлөн оролцоод амжсан. Мөн өөртэйгөө адил энэ спортоор тууштай хичээллэж буй найзуудтайгаа хамтарч 2017 онд “UB CITY” багаа үүсгэн байгуулжээ.
Энэ талаараа “2018, 2019 онуудад ХБНГУ-ын Берлин хотын “Цог” клубтэй манай эрэгтэй, эмэгтэй баг нөхөрсөг тоглолт хийж байсан. Тэр үед Чех улсаас нэг баг ирж оролцох зэргээр өргөжсөн. Мөн 2023 онд сүүлийнхээ нөхөрсөг тоглолтыг хийсэн. Ер нь ихэвчлэн европ руу явж нөхөрсөг тоглолтууд хийдэг. 2024 онд Английн Лондон хотын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манайх багаараа оролцож түрүүлж байлаа.
Эдгээрээс бидний оролцсон хамгийн том тэмцээн бол 2025 онд Щвейцарьт болсон ахмадын сагсан бөмбөгийн ДАШТ юм. Энд тэмцээнд дэлхийн шилдэг 4000 орчим баг тамирчид ирж оролцсон. Тус тэмцээн Щвейцарын гурван хотод зэрэг болж, манай баг өмнөх дэлхийн аварга болох Италийн хүчирхэг багтай анхны тоглолтоо хийсэн юм. Тэгэхэд Италийн багийн ахлагч нь гээд 225 см өндөртэй, 55 размерийн гутал өмсдөг байсан нь их содон санагдаж байлаа. Тэр тамирчин монголчуудыг нэлээд сайн мэддэг, гавьяат Ц.Шаравжамцтай АНУ-д нэг багт тоглож байсан юм билээ. Тиймээс бидэнд их илгэмсэг хандаж “Шарваатай нэг багт тоглож байсан, найз маань” гэдэг байсан.
Мөн анх удаагаа энэ тэмцээнд монголчууд оролцсон нь тун онцлог байсан. Манай багийн хувьд 45+ ангилалд тоглосон. Харин 50+, 55+ ангилалд эмэгтэй багууд маань оролцож байсан. Манай баг Д.Пүрэвдаваа, Н.Отгонням, Д.Дагвацэрэн гээд гурван спортын мастер тамирчинтай. Бид багаа үүсгэн байгуулснаас хойш тасралтгүй гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцож байна” гэлээ.
Анх удаагаа ахмадын ДАШТ-д Монгол Улсаа төлөөлж оролцсон нь сайхан мэдрэмж байсныг тэрээр ярьж байлаа.
Энэ тэмцээнийхээ хамгийн эхний тоглолтод хүчирхэг Италийн багтай таарсан нь бусад улсын тамирчдын сонирхолыг ихэд татаж байжээ. Ингээд “UB CITY” баг анхны ДАШТ-нээ 32 улсаас 25 дугаар байрт орсон амжилттайгаар өндөрүүлжээ.
“Бэртэж гэмтчихгүй бол эцсээ хүртэл сагсан бөмбөгөө тоглоно”
“Сагсан бөмбөгийн спорт гэдэг бол хүний амьдралын хэмнэлд маш эерэг нөлөөг үзүүлдэг. Бэртэж гэмтчихгүй бол эцсээ хүртэл сагсан бөмбөгөө тоглоно гэж боддог. Удахгүй манай 10 жилийн сургуулийн маань таван төрөлт тэмцээн болно. Тэр тэмцээнд багаараа оролцохоор бэлдэж байна” гэсэн юм.
Түүний хувьд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, хобби сонирхлоо орхихгүй байхын зэрэгцээ улс төрд ч өөрийн карьерыг аль хэдийнээ эхлүүлсэн нэгэн.
Тэрээр 2006 онд МАХН-д элсэж, 2008-2010 онд Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Үүнээс хойш МАХН-ын гишүүн, Хан-Уул дүүргийн МАН-ын Зуутын даргаар ажиллажээ. Харин 2021 оноос хойш Хан-Уул дүүргийн МАН-ын намын хорооны тэргүүлэгчээр одоог хүртэл ажиллаж байна.
Зарим хүмүүс спортыг “насны зүйл” гэж ярих нь бий. Учир нь нас ахих тусам хүмүүс спортоор хичээллэх боломж буурдаг. Харин түүний хувьд эсрэгээрээ багын мөрөөдөл, хүсэл сонихрлоо одоог хүртэл орхилгүй түүчээлсээр яваа мянга мянган хүний төлөөлөл байлаа. Энэ нь магадгүй залууст өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэх итгэлийн очыг бадраах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 43 (7785)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn