Т.Мичидмаа
Гэрэл зургийг Р.Оюун
Хятадаас оруулж ирж буй цэцэгс хор ялгаруулж, түүнд нь хордож байгаа талаар “Италта” брэндийн үүсгэн байгуулагч, иргэн С.Алтансүх мэдээлэл хийлээ. Эмэгтэйчүүдийн баярын өдөр удахгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан их хэмжээний цэцгийг худалдан авч эмэгтэйчүүддээ бэлэглэдэг. Гэвч худалдан борлуулж буй зарим цэцгүүд чанарын шаардлага хангахгүйг байгааг хэллээ. Энэ талаар “Монголчууд сүүлийн 30 гаруй жил чанарын шаардлага хангахгүй муу цэцэг буюу хортой цэцгийг зарж байгаа байж магадгүй олон баримт бий. Үүнийг эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох газраар шалгуулна. Жишээлбэл, 2026 он гарснаас хойш нэг дэлгүүрт ажилладаг байсан хоёр ч эмэгтэй хүндээр өвчилсөн байна. Нэг нь Халдвар судлалын эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд цэцэгний үнэрнээс болж хордсон гэх мэдээлэл байгаа. Мөн нэг эмэгтэй нь сонсголгүй болсон мэдээлэл байна. Учир нь Хятадаас оруулж ирж буй цэцгүүд нь гарал үүсэл, шинжилгээний бичиг байхгүй, эрүүл мэндийн шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй. Мөн татвар төлдөггүй. Бүх зүйл цахим, нээлттэй болсон байхад татвар төлсөн гэсэн мэдээлэл нь тодорхойгүй шилэн бус байна” гэлээ.
Мөн тэрээр Хятадаас оруулж ирж байгаа лили цэцэгний бор үр нь хор ялгаруулж, элэгний хорт хавдрын өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй байдгийг хэллээ. Чанарын шаардлага хангаагүй цэцгүүдийг хүмүүс өрөөндөө тавьчихдаг. Гэтэл тэнд байгаа хүмүүс үнэрээр бүгд хордож байгаа гэдгийг хэлсэн юм. Тиймээс эрүүл мэндийн шаардлага хангасан, чанартай цэцэг худалдаалахыг энэ төрлийн бизнес эрхлэгчдэд уриаллаа. С.Алтансүх монголдоо чанартай, эрүүл цэцэг худалдаалахын тулд Нидерландаас цэцэг оруулж ирж байгаа гэсэн юм. Нидерландын хамгийн том экспортын компанитай гэрээ хийжээ.
Эх сурвалж:www.zms.mn