Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол орны хойморт орших  хаан их сарьдаг уулсын сүр хүч, мянга, мянган жилийн домог тээсэн Хөвсгөл далай ээжийн ариун мэлмийд өвлийн гайхамшиг амилах цаг ирлээ. 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Хөх сувд” олон улсын мөсний наадам энэ жил “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхэд бэлэн болжээ. 2026 оны гуравдугаар сарын 2,3,4 -ний энэ өдөр Монгол түмний  бахархал Төрийн тахилгат Хөвсгөл далайд мөсөн урлагийн гайхамшиг сүндэрлэн босож өвлийн тунгалаг ертөнцөд урлаг соёл, өв уламжлал, хүндэтгэлийн их баяр цэнгэл цогцлон дэлгэрнэ.

 

Төрийн тахилгат далай ээж дэх мөсний баяр

 

Энэ жилийн мөсний баярын нэг онцлог нь Хөвсгөл далай  ээж  Монгол түмний ивээл, соёрхлоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, зарлигаар Төрийн тахилгатай болж буй явдал. Тиймээс төрийн тахилгатай болсон түүхэн цаг хугацаанд болж буй мөсний  баярын нээлтийн арга хамжээнд Хөвсгөл аймаг, урлаг соёлын байгууллага нь өндөр ач холбогдол, учир утгыг өгч байгаа ажээ. Хосгүй их өв түүхийн мэлмийд дэлхийн олон орны зочид, аялагчид  ийнхүү нэг дор чуулна. Цас, мөс, мянган өв, солонгорсон ариун  байгальд тэд тухлан зочлохоор зорин иржээ.

Өвлийн аялал жуулчлалын эвэнт арга хэмжээний энэ жилийн гол онцлогын талаар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга, “Хөх сувд-2026” олон улсын мөсний наадмын нээлтийн арга хэмжээний ерөнхий найруулагч Ж.Даваадамдин мэдээлэл өгсөн юм.  Тэрээр “Хөвсгөл далай ээж маань Монгол төрийн ивээл соёрхлоор төрийн тахилгатай болж буй түүхэн цаг үед бид мөсний баяраа зохион байгуулж байна. Иймээс энэ удаагийн наадмын нээлтийн арга хэмжээг уг түүхэн үйл явдалтай уялдуулан, утга агуулга, бэлгэдлийг шингээн найруулж ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Тухайлбал, мөсний баярын хамгийн том үзмэрүүдийн нэг болох мөсөн баримал урлах даалгаварт Монголын суут билэгт хүмүүсийн  уран бүтээлийн дээжсээс дээжлэн оруулжээ. Ингэснээр эдгээр үзмэрт гайхамшигт Хөвсгөлийн тухай буюу Хөвсгөл нутгаас төрөн гарсан суу билэгт эрхэмүүдийн уран бүтээлээс  дүрслэсэн гэдгээр онцлогтой байна.

Түүнчлэн  оюун билгийн охь манлай болсон яруу найргийн наадам энэ баярын бас нэг тод, онцлог аж.  “Хөх цом” яруу  найргийн наадам  тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй ч өнөө жилийн тухайд шүлгийн даалгаварт уламжлал ёсоор далай ээжийн тухай шилдэг  шүлэг, яруу найргаар түүвэрлэн ном гарах учиртай гэв. Эхний шатны шалгаруулалт мөсний баярын талбай дээр болно. Харин  хоёр, гуравдугаар байруудын шалгаруулалтыг Хүслийн хадан дээр болон түүдэг галын дэргэд яруу найргийн дээжсээ хүүрнэх гэсэн найруулагатайгаар зохион байгуулж байгаа гэлээ.  Энэ жилийн наадмын бас нэг онцлог нь улсын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнийг  мөсний баярын үеэр далай ээжийн толин цэнхэр мөсөн дээр явуулахаар тогтжээ.

Түүнчлэн  жил бүр тогтмол зохион байгуулагдсаар ирсэн бусад наадам, тэмцээн энэ гурван өдрийн турш үргэлжилнэ.

 

Тахтай морин чарганы уралдаан

 

“Хөх сувд-2026” олон улсын мөсний наадмын хамгийн сонирхолтой тэмцээний  нэг нь “Тахтай морин чарганы” уралдаан. Уг уралдаан 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Хатгал тосгон ‘Хүй толгой’-д болно. Цэнгэг Хөвсгөл далайн мөсөн дээр тахтай морьдын төвөргөөн, чарганы хурд, өвлийн жаврыг сөрсөн адал явдал таныг хүлээж байна. Иргэд, аялагчид та бүхнийг хүрэлцэн ирж энэхүү сонирхолтой уралдааныг шимтэн үзэхийг урьж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Түүнчлэн “Мөсөн сурын харваа” тэмцээн 2026 оны гуравдугаар сарын 02, 03-ны өдөр Хатгал тосгон "Хүй толгой"-д мөсөн сурын талбайд болно.

 

Улсын аврага шалгаруулах тэшүүрийн уралдаан болж буйгаараа онцлогтой

 

Мөн өсвөр үе, залуучууд, насан хүрэгсдийн гүйлтийн болон тэшүүрийн уралдаан болохыг зэрэгцээ мөс мөргөлдүүлэх тэмцээн болно.  Монгол түмний сээр салгах наадаан болон “Хөх цом” яруу найргийн наадам тус, тус  олон сонирхолто тэмцээн, уралдаан болно.

Сонирхолтой нэг наадам нь  “Мөсөн дээрх хөгжилтэй волейбол”-ын тэмцээн гуравдугаар дугаар сарын 02-ны өдөр Хатгал тосгон "Хүй толгой"-д тусгайлан зассан талбайд болох юм байна.

 

“Гайхамшигт Хөвсгөлд” уулзацгаая, тогтоосон маршрутаар зорчихыг анхааруулъя

 

Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэн хэлэхдээ “ Хөх сувд-2026” олон улсын мөсний наадам зохион байгуулагдах газрын мөсний зузаан нэг метр 44 сантиметр байна. Иймд иргэд, жуулчид та бүхэн наадмын өдрүүдэд зохион байгуулагчдын тогтоосон маршрутын дагуу хөдөлгөөнд оролцож, аюулгүй байдлаа ханган хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ. Мөсний баярыг зохион байгуулахтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 оны хоёрдугаар сарын 8-ны А/10 дугаар захирамж гарсан байна. Захирамжийн хүрээнд Аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийн зүгээс мөсний хөлдөлтөд дөрвөн удаагийн хэмжилт хийсэн байна. Хэмжилтийг тээврийн хэрэгсэл зорчих хэсэг болон иргэд явганаар, ердийн хөсгөөр зорчих цэгүүдэд хийжээ. Ингэхэд мөсний зузаан хамгийн нимгэн хэсэгт 96 см зузаантай байсан бол мөсний баяр болох талбайн орчимд хамгийн зузаан буюу нэг метр 44 см байна гэв. Энэ нь уг талбайд  мөсний баярыг зохион байгуулах боломжтой гэж үзжээ. Харин хөвлөгөөнд оролцох ард, иргэдийг Аюулгүй байдлын ажлын хэсгийн тогтоосон мартшрутаар зорчихыг анхааруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 38 (7780)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn