“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн зочноор Монгол Улсын Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батжаргалыг урьж ярилцлаа.

 

Энэ оны хоёрдугаар хагасаас зээл олгож эхэлнэ


Блиц:

Боловсрол

2000-2004: Монгол Улсын Их сургууль, Санхүүч

2007-2009: Монгол Улсын Их сургууль, Бизнесийн удирдлага

Ажлын туршлага

2004-2010: Монгол Шуудан банк, Нөөцийн удирдлагын алба Дилер, Ахлах дилер

2010-2013: Хадгаламж Банк, Хөрөнгө зохицуулалтын хэлтэс Ахлах дилер, Хэлтсийн захирал

2013-2014: Төрийн Банк, Арилжааны хэлтэс Хэлтсийн захирал

2014-2020: Улаанбаатар Хотын банк, Хөрөнгө зохицуулалтын газар Газрын захирал

2020-2021: Худалдаа Хөгжлийн банк, Актив, пассивын хэлтэс Хэлтсийн захирал

2021-2026: Мони Маркет Фанд ХХК Гүйцэтгэх захирал

2026-Монгол Улсын Хөгжлийн банк, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газар Газрын захирал


- Удирдлага, зохион байгуулалт олон солигдсон, хөгжлийн банктай холбоотой сонсгол зэрэг хэд хэдэн асуудлаас шалтгаалан банкны өнөөгийн нөхцөл байдал сайнгүй байна.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа олон шалтгааны улмаас доголдсон гэж болно. Энэ үүднээс 2021 оноос хойш шинэ зээлийн олголт хийгдээгүй. Хугацаа хэтэрсэн муу зээлүүдийг төлүүлэх тал дээр голлон ажиллаж өнөөдрийг хүрчээ. 

Одоогийн нөхцөл байдлаас гарахын тулд санхүүгийн тоон үзүүлэлтүүдийг яаралтай сайжруулж, олон улсын санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татсанаар Монгол Улсад хэрэгтэй, Хөгжлийн банкны тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бололцоотой гэж харж байгаа.  Зээлийн эргэн төлөлтүүд хэвийн үргэлжлээд явагдаж байна. Гэхдээ хэвийн зээлийн хэмжээ маш их буурсан. Яагаад гэвэл зээл олгогдож, хугацаандаа төлөөд дараагийн шинэ зээлээрээ нөхөгдөх замаар санхүүгийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь зээл олгож хүүгийн орлогоороо дараа дараагийн санхүүжилт, эх үүсвэрээ хугацаандаа төлөх, ашигт ажиллагаатай холбоотой шаардлага байдаг.  

Улс төрийн болон алдаатай шийдвэр гаргалт, банкны хэвийн үйл ажиллагаа алдагдах гэх мэт олон асуудлуудтай холбоотойгоор шинэ зээл олгох нь зогссон учраас хэвийн зээл багасаж, тодорхой шүүхийн маргаантай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр ажиллагаанд явагдаж байгаа зээлүүдээ төлүүлэх зэрэг ийм ажлууд өнгөрсөн жилүүдэд нэлээд эрчимтэй хийгдсэн байгаа.  

Харин энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн зээл олгож эхэлнэ.

 

Хөгжлийн банкны ажилтнуудын тоог 40 орчим хувиар бууруулсан

-Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ гүйцэтгэх захирал 2025 оны арванхоёрдугаар сард томилогдсон. Үүнээс хойш шинэ удирдлагын багийг бүрдүүлэх, мөн банкны ТУЗ-өөс бүтэц зохион байгуулалтыг өөрчилөхөөр тодорхой  шийдвэрүүд гарсан байгаа. Тухайлбал, газар нэгжийн тоо, нийт ажилтнуудын тоог 40 орчим хувиар бууруулсан. Үндсэндээ 10 газрыг зургаа болгосон. 25 газрын 19, 145 ажилтан байсныг 99 болгож бууруулсан байгаа. Шинээр томилогдсон удирдлагын баг бүрэлдэхүүний хувьд банк, санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай хүмүүс байгаа. Тиймээс Хөгжлийн банкыг үндсэн чиг үүргийнх нь хүрээнд, шинэ удирдлагын багийн зүгээс боловсруулсан шинэ бизнес төлөвлөгөөний дагуу ажиллуулна. 

Шинэ удирдлагын баг томилогдоод сар ч хүрээгүй байгаа боловч богино хугацаанд 2026 онд Хөгжлийн банкны хэрэгжүүлж ажиллах бизнес төлөвлөгөөг шинэчлэн баталж, ТУЗ-өөр батлуулах гэж байна. Мөн өмнөх удирдлагын хүрээнд гаргасан  Хөгжлийн банкны үйл ажиллагааг хэвийн болгож, сэргээх зэрэг Засгийн газрын тогтоолууд гарсан ч тодорхой шалтгаануудын улмаас хэрэгжээгүй. Тиймээс бид энэ тогтоолын төслийг шинэчилж Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсэн. Улмаар Эдийн засаг хөгжлийн яамнаас Засгийн газарт өргөн барьж, Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжих, үйл ажиллагааг нь хэвийн явуулах зэрэг цогц арга хэмжээний тогтоолын төсөл батлагдаж, үүнийг бид богино хугацаанд хэрэгжүүлснээр хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ.

 

Хөгжлийн банк хоёр удаагийн бонд гаргахаар төлөвлөж байна

 

-Хөгжлийн банкны санхүүгийн байдал сайжирснаар гаднын хөрөнгө оруулагчидтай хамтрах боломж бүрдэнэ. Банк үндсэн үйл ажиллагаагаа явуулахын тулд урт болон богино хугацааны бага хүүтэй эх үүсвэр хэрэгтэй. Энэ хүрээндээ бид хоёр удаагийн бонд гаргахаар бизнес төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Эхний бондоор өнгөрсөн жил Хөгжлийн банкнаас өмнө гаргасан бондыг дахин санхүүжүүлэх буюу эх үүсвэрийн зардлыг бууруулах зорилготой. Дараагийн бондоор бизнес төлөвлөгөөнд тусгасан Засгийн газраас Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд заагдсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Үүнд, дараах чиглэлүүд багтаж байгаа. Эрчим хүчний салбар, нефтийн бүтээгдэхүүнийг агуулах савыг барих, орон сууцны эх үүсвэрийг босгох, тэр дундаа ногоон орон сууцыг барих чиглэлүүд рүү зээл олгож, 2026 онд хөгжлийн банкыг хэвийн үйл ажиллагаанд нь оруулах үндсэн зорилгуудыг тавин ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр KPMG гээд олон улсын байгууллагаар дамжуулан банканд ямар арга хэмжээ хэрэгжүүлвэл цаашид олон улсын жишигт хүрэх талаар зөвлөгөө, зөвлөмжүүд бидэнд ирсэн. Тиймээс үүнийг бид бизнес төлөвлөгөөндөө тодорхой хэмжээгээр тусгаж цаашид бодлогын хүрээнд авах арга хэмжээнүүдээ цаг алдалгүй авсан тохиолдолд банкны хэвийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах бололцоотой.

Түүнчлэн байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулж, ажилтнуудын сэтгэл санааг дэмжих, банканд тууштай ажиллах урам зоригийг нэмэх тал дээр анхаарах шаардлагатай байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны өмнөх муу түүхтэй холбоотойгоор ажилтнууд сэтгэл санаагаар унах асуудал байгаа. Энэ мэт олон арга хэмжээнүүдийг богино хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. 

 

“Стратегийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх шаардлага бий

 

-Өнгөрсөн онд Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг боловсруулаад  Засгийн газраас энэ асуудлыг УИХ-аар оруулж, хэлэлцүүлье гэдэг тэмдэглэл гарсан. Гэвч тухайн хуулийг өргөн барих явцад чуулган завсарласан гэдэг ч юмуу ямар нэг байдлаар амжаагүй. Тиймээс одоогийн удирдлагын баг Эдийн засаг хөгжлийн яамтай ярилцаж, тухайн хуульд сайжруулах шаардлага байвал шинэчлэн засаад түргэн хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ.

-Манай улс эрчим хүч, түлш шатахууны хомсдолтой хараат байдалтай зэрэг хийгдэхээр хүлээгдэж байгаа дэд бүтцийн олон төсөл хөтөлбөрүүд байгаа. Үүнийг нийгэм, улс эх орондоо хэрэгцээтэй байдлаар Хөгжлийн банкны туухай хуульд заасан экспортыг дэмжих, импортын барааг орлох зэрэг улс эх орны стратегийн түвшинд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх шаардлага бидэнд байгаа. Эдгээрийг зөвхөн бонд болон өөрийн эх үүсвэрээр гэхээс илүүтэйгээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тухайн хөтөлбөрийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулж дамжуулан зээлдүүлэх байдлаар Засгийн газар, Хөгжлийн банк өөр дээрээ үүрэг авахаас гадна олон улсын санхүүгийн байгууллагуудыг татаж оролцуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Хөгжлийн банк нь хоёр охин компанитай. Нэг нь “DBM Asset management” хөрөнгө оруулалтын менежментийн компани, нөгөө нь “DBM leasing” гэж байдаг. Тиймээс охин компаниудын үйл ажиллагааг сэргээн сайжруулах, засаглалыг ил тод нээлттэй болгох, хуульд заасан чиг үүргийнх нь дагуу үйл ажиллагааг нь явуулдаг болох. Тэр дундаа гадаадад байгаа урт болон богино хугацааны эх үүсвэрүүдийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан оруулж ирэх. Ингэхдээ Монгол Улсад хэрэгтэй ногоон, эко төслүүд, хөдөө орон нутаг дахь малчид тариаланчдыг дэмжсэн ХАА-н салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх санаануудыг гарган ажиллаж байна.   

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 38 (7780)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn