Жил бүр унаач хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа тухай ярьдаг. Гэвч ямар нэгэн дорвитой шийдэл байхгүй хэвээр байна. Мөн л сар шинийн баяраар зарим аймгууд хурдан морины уралдаан зохион байгуулж, энэ асуудал дахин хөндөгдөж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдээллээр нийт 46 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан байна. Үүнээс хориглосон хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 22 хүүхэд хурдан мориноос унаж нас баржээ. Мөн дээр дурдсан хугацаанд 52 хүүхэд мориноос унаж гэмтлийн зэргээ тогтоолгосон байна.
“Сар шинийн баярын өмнө Хөвсгөл аймагт унаач хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан”
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан үсэргээ сунгааг зохион байгуулахыг хориглосон байдаг. Энэхүү тогтоолд 2025 оны нэгдүгээр сарын 29-нд өөрчлөлт оруулсан.
Өвөл, хаврын хурдан морины уралдаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглоно гэсэн өөрчлөлтийг оруулсан байдаг. Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ сунгаа хийж болох боловч 18 насаар хязгаарласан эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг.
Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “ХЭҮК-ын онцгой анхаарч ажилладаг чиглэлийн нэг нь хүүхдийн эрхийн асуудал. Өвөл, хаврын хурдан морины уралдаан эхэлж байгаа энэ цаг үед хүүхдийн эрхийн асуудлыг ярилцах нь зүйтэй. Сар шинийн баярын өмнө хөдөө орон нутагт хурдан морины үсэргээ сунгаа болж эхэлсэн. Үүнд ХЭҮК-оос тогтмол хяналт тавьж, холбогдох баримт тайлбаруудыг гаргуулж ажиллаж байна.
Өнөөдөр Монгол Улсад үйлчилж байгаа Засгийн газрын тогтоолоор өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулж болно. Гэхдээ дээр дурдсан хугацаанд хурдан морины үсэргээ сунгаанд хүүхэд оролцуулахгүй. Үүнээс үүдэлтэй хүүхэд бэртэж гэмтэх, хөгжлийн бэрхшээлтэй болох цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд сар шинийн баярын өмнө Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морины ажил хийж байсан унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Мөн цагаан сарын баярын өмнө Төв аймгийн Сэргэлэн суманд хурдан морины үсэргээ болсон.Үүнтэй холбоотой Төв аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын зүгээс хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа” гэв.
Тэгвэл дээрх тохиолдол хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины үсэргээ сунгааны шинжтэй үйл явдал болсон Засгийн газрын тогтоолыг орон нутагтаа хангаж ажиллаагүй үндэслэлээр нэр бүхий зургаан аймгийн 11 сумын Засаг даргад хариуцлага тооцох Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлж хэрэгжилтийг нь хангуулсан талаар ХЭҮК-оос мэдээллэв.
Хөдөө аж ахуй, барилгын салбар, хурдан морины уралдаан зэрэг эрсдэл өндөртэй орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг
2025 оны байдлаар Монгол Улсад 138.500 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Үүнээс 58.133 нь аюултай хөдөлмөр эрхэлж байгаа юм.
Аюултай ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн 37.4 хувь нь эмэгтэй, 62.6 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар, хурдан морины уралдаан зэрэг эрсдэл өндөртэй орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байгааг мөн судалгаагаар тогтоожээ.
Морьны үсэргээ, сунгаа, уралдааныг тодорхойлж, тухайн тодорхойлсон ажилд ямар насны хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангахыг тогтоож өгөх нь чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн “Өвлийн улиралд морьтой холбоотой бүх ажилд хүүхдийг оролцуулахыг хориглоно” гэх заалтыг эрх зүйн актуудад тусгаж өгвөл дээрх эрсдэл тодорхой хэмжээнд буурах боломжтойг ХЭҮК-оос мэдээллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 37 (7779)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn