Нийслэлийн дүүргүүдийн Цагдаагийн газрыг хэн удирдаж байгаа талаарх мэдээллийг “ЗМ-ний лавлах” буландаа нэгтгэн хүргэж байна.
Баянгол
Баянгол дүүргийн цагдаагийн газрын даргаар хурандаа Ч.Алтанхуяг ажиллаж байна. Тэрээр дүүргийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдаж ажилладаг.
Ч.Алтанхуяг өмнө нь Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан албандаа тууштай зүтгэж яваа нэгэн юм.
Баянзүрх
Тус дүүргийн цагдаагийн газрын даргаар дэд хурандаа П.Нэмэхбаяр ажиллаж байна. Тэрээр хууль сахиулах салбарт олон жил ажилласан туршлагатай офицер бөгөөд Улаанбаатар хотын Цагдаагийн удирдах газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд ажиллаж байсан байна.
Түүний удирдлага дор 2024 онд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар"Тэргүүний хамт олон"-оор шалгарч, ажлын үр дүнгээ өндрөөр үнэлүүлсэн байдаг.
Сүхбаатар
Тус газрын даргаар цагдаагийн хурандаа Г.Давааням ажиллаж байна. Тэрээр цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж буй туршлагатай удирдах ажилтан юм. Тэр дундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн байна. Хурандаа Г.Давааням нь одоогийн албан тушаалдаа 2024 оноос томилогдон ажилласан. Өмнө нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад томилогдон ажиллаж байсан.
Сонгинохайрхан
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/182 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар байгуулагдсан түүхтэй. Одоо тус цагдаагийн газрын даргаар, цагдаагийн хурандаа Г.Байдраг ажиллаж байна. Тэрээр өмнө нь тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрээр дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын сахилга бат, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг туршлагатай албан хаагч юм.
Хан-Уул
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 18 дугаар тогтоолоор районыг татан буулгаж, Хан-Уул дүүрэг болгон өөрчилснөөр цагдаагийн хэлтэс нь дүүргийн статустайгаар шинэ зохион байгуулалтад орсон түүхтэй. Одоо тус дүүргийн цагдаагийн газрын даргаар Хурандаа Д.Дашням ажиллаж байна. Тэрээр өмнө нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.
Чингэлтэй
Дүүргийн цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Т.Баатар ажиллаж байна. Тэрээр дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа цахим залилантай тэмцэх чиглэлээр үйл ажиллагааг идэвхтэй удирдан чиглүүлж ажилладаг байна.
Хурандаа Т.Баатар нь цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөс эхлэн ажиллаж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байжээ.
Багануур
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь анх 1978 онд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулагдсан түүхтэй. Одоогоор Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Тээврийн цагдаа зэрэг төрөлжсөн нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 оноос тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Н.Батхишиг томилогдон ажиллаж байна. Тэрээр цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж буй туршлагатай удирдах ажилтан юм. Өмнө нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн (НХЖХТ) даргаар цагдаагийн дэд хурандаа цолтойгоор ажиллаж байсан.
Налайх
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Ч.Мөнхбаатар ажиллаж байна. Өмнө нь Экологийн цагдаагийн албанд (ЭЦА) цагдаагийн дэд хурандаа цолтойгоор удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Түүний удирдлага дор Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс 2025 онд гэмт хэргийн гаралттай тэмцэх чиглэлээр өндөр үзүүлэлт гаргасан байна.
Багахангай
Тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Т.Лхагвасүрэн ажиллаж байна. Түүний удирдлага дор тус хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэр болон хил залгаа Төв аймгийн Баян, Сэргэлэн, Баянцагаан, Баянжаргалан зэрэг сумын нутагт гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргийг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 36 (7778)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn