Сүүлийн жилүүдэд иргэд гаднын улсын эмнэлгүүдийг зорьж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь нэмэгдсэн. Тэгвэл монголчуудын ихээр зорих болсон Хөх хотын эмнэлгийн үйлчилгээ болон манай улсын эмнэлгүүдийн нөхцөл байдал, үйлчилгээний талаар "Тэд бид" буландаа онцлон хүргэж байна.

 

Монгол Улс: Эмнэлгүүд нь гурван төрлийн шатлалтай ч Улаанбаатар хотод илүү төвлөрсөн

 

Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагууд нь төр, хувийн хэвшил, холимог өмчийн байгууллагуудаас бүрддэг.  Үүнд нь, улсын болон аймаг, сумын эмнэлгүүд, Нэгдсэн болон мэргэжлийн төвүүд, Хувийн эмнэлэг, клиникууд, Урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд багтдаг.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төрлөөр өрхийн эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн мэргэшсэн тусламж, эх барих эмэгтэйчүүдийн тусламж, яаралтай тусламж зэрэг төрөл орно.

Монгол Улсын эрүүл мэндийн систем нь анхан, дунд, өндөр гэх шаталсан бүтэцтэйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг.

Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлэг, хоёрдугаар төв эмнэлэг, гуравдугаар төв эмнэлэг гэсэн гурван том нэгдсэн эмнэлэгтэй. Эдгээр нь хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үзлэг, мэргэжлийн тусламжийг нэг дороос авах боломжтой байгууллагууд юм.

Эмнэлэгүүд нь өвчтөнд дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд, Амбулаторийн тусламж буюу энгийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгөх. Хэвтэн эмчлүүлэх тусламж буюу хүнд өвчний онош, эмчилгээ хийх. Яаралтай тусламж  буюу түргэн тусламж, гэмтэл согог, нэн шаардлагатай тусламж үзүүлэх. Өндөр өртөгтэй тусламж, хими, туяаны эмчилгээ үзүүлэх. Телемедицин буюу зайн бүсийн өвчтөнд онлайн үйлчилгээ үзүүлэх. Сэргээн засах тусламж зэрэг эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.

Санхүүжилтийн хувьд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын систем нь олон төрлийн тусламжид хөнгөлөлт өгдөг.

 Даатгал нь хэвтэн эмчлүүлэх, амбулатор, түргэн тусламж, өндөр өртөгтэй тусламж, телемедицин, сэргээн засах гэх мэт олон төрөлд хөнгөлөлт хийдэг байна.

Энэ нь өвчтөнд санхүүгийн ачааллыг бууруулж, илүү олон төрлийн тусламж авах боломжийг олгож байгаа юм.  Өвчтөнүүд эмнэлгээр үйлчлүүлэхдээ цагаа авч, холбогдох тасгийг сонгон үйлчилгээ авдаг. Яаралтай тохиолдолд түргэн тусламж 24/7-тэй эмнэлэгт хандана.

Эмнэлгүүд нь гурван төрлийн шатлалтай ч Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг. Тиймээс орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж, мэргэжилтний дутагдал зэргээс эхлээд олон асуудал тулгамдаж байдаг.

 

Хөх хот: Шатлал хоорондын уялдаа, төвлөрсөн менежмент илүү сайн хөгжсөн

 

Хөх хот нь Өвөр Монголын өөртөө засах орны төв бөгөөд олон төрлийн эмнэлэг, үйл ажиллагаа явуулдаг байна. Ингэхдээ том шатлалын эмнэлгүүд нь их эмч, мэргэжилтэнтэй, олон салбарын тусламж үзүүлдэг.

Шууд үйлчилгээний төвүүд нь хүүхэд, ахмад настан, хүндрэлтэй өвчтөнүүдэд тусгай зөвлөгөө өгч үйлчилдэг байна.

Мөн интернет/телемедицин үйлчилгээгээр алсын зайнаас оношилгоо, жор авах онлайн үйлчилгээ үзүүлдэг аж. 

Хөх хотын эрүүл мэндийн байгууллагуудын систем нь шатлалын эмчилгээний системээр ажилладаг.

Эрүүл мэндийн мэдээлэл, дижитал системийн хувьд эмнэлгүүд нь эмч, өвчтөний мэдээллийг нэгтгэсэн хотын “smart health system”-тэй байна. Хөх хотын эмнэлгүүд 120 яаралтай дуудлагын төвтэй бөгөөд хүлээн авах хугацаа богино буюу шалгалтаар 41 секундэд хариу өгдөг байна. 

Мөн 5G холбоостой ICU авто машиныг ашиглаж эхэлснээр яаралтай тусламжийн үйлчилгээ сайжирсан байна.

Түүнчлэн Хөх хотын эмнэлнүүд бусад бүс нутгийн, тэр дундаа Бээжингийн эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, зөвлөгөө хийдэг.  Энэ нь өвчтөнүүдийг төвлөрсөн, мэргэжлийн тусламж авахад тусалдаг аж.

Хөх хотын эмнэлгийн тусламж нь нийтийн, улсын эмнэлэгүүдийн зохицуулалттай буюу ихэнх хүмүүс улсын эмнэлэгт ханддаг. Даатгал, төлбөрийн хувьд нийгмийн эрүүл мэндийн даатгалын системтэй уялдан эмнэлгийн төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулдаг. Мөн эмийн үнэ бууруулах бодлогын дагуу хоёр дахь баримт бичгийн систем (two-invoice system)-ээр эмийн үнийг хянадаг байна.

Хөт хотын эмнэлгүүд өвчтөнд аль болох чирэгдэл багатай, хурдан шуурхай, хямд өртгөөр, чанартай оношилгоо, үйлчилгээг үзүүлдэгийг үйлчлүүлэгчид цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Монголчууд Хөх хотод эмнэлэгт үзүүлэхдээ хоёр эмнэлгээр голчлон үйлчлүүлдэг байна.

Үүнд, Хараат эмнэлгийн хороо. Энэ эмнэлгийн ажилчдын ихэнх нь Хятад учир хөтөч эсвэл хятад хэлтэй байх хэрэгтэй байдаг байна.

Хөтөч нь хагас өдрийн 150¥, бүтэн өдрийн 250-300¥ орчим төлбөртэй байдаг аж.

Дүрс оношлогоонд ороход дунджаар 1-2 хоног хүлээдэг.  •Европ эмчилгээг голчилж, хот дотроо хамгийн чанартай эмийг татах нь бий.

Харин Олон улсын эмнэлэгийн хороо нь ажилчдын ихэнх нь Өвөрмонголчууд учир заавал хөтөч шаардлагагүй өөрөө ойлголцох боломжтой.

Шинжилгээ эмнэлгийн үйлчилгээ өдөртөө хийгдэж дуусдаг тул дараалал үүсэх нь харьцангуй бага. Монгол эм буюу уламжлалт эмийг голчлон санал болгодог тул  70-80 хувьд нь  монгол уламжлалт үрлэн эм бичиж өгдөг байна.

Ерөнхийдөө, Хөх хотод шатлал хоорондын уялдаа, төвлөрсөн менежмент илүү саайн хөгжсөн. Эрүүл мэндийн систем нь орон нутгийн хүмүүсийн үйлчилгээ авах боломжийг сайжруулах зорилготой. Эмнэлгийн шатлалууд нь оношилгоо, зөвлөгөө, эмчилгээний хүртээмжтэй байдаг. 

Smart medical (цахим эрүүл мэнд) системээр оношилгооны баримт, эмнэлгийн үйлчилгээгээ нэгтгэсэн.  Интернет/online эмнэлэгүүдийг ашиглан цахимаар үйлчилгээ авах боломжтой.

Яаралтай тусламж, мэргэжлийн зөвлөгөөг системчлэхэд онцгой анхаарал хандуулсан. Нарийн мэргэжлийн төвлөрсөн тусламж маш сайн хөгжсөн. Онлайн бүртгэл, цаг захиалга хийх ,QR кодоор эмнэлгийн мэдээлэл харах боломжтой зэрэг нь давуу тал болдог байна. 

Харин Монгол Улсын хувьд нийслэл хотод эмнэлгүүдийн  ачаалал хэт төвлөрсөн. E-Mongolia системээр зарим үйлчилгээг авах боломжтой.

Онлайн цаг захиалга зарим эмнэлэгт л бий. ЭМДЕГ-аар дамжсан даатгалын системээр улсын эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

Эмнэлгүүдийн ачааллаас шалтгаалж өвчтнүүдэд хүндрэл учрах, дараалал үүсэх, шинжилгээний хариу удаж гарах зэрэг олон асуудал бий болдог.

Мөн Хятад улсад эмийн үнэ, эмнэлгийн санхүүжилт улсын төвлөрсөн хяналттай байдаг бол  Монголд төсөв хязгаарлагдмал. Хөх хотод том эмнэлгүүд, мэргэжлийн төвүүд олон байдаг тул өвчтнүүд тусламж, үйлчилгээгээ яаралтай авч чаддаг.

Монгол Улсад эмнэлгүүдийн тоног төхөөрөмж болон бусад нөөц хязгаарлагдмал, эмчийн ачаалал маш өндөр байдаг нь тулгамдсан асуудлын нэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 34 (7776)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn