
Ко Сон Гю (Ko Sung-Kyu)
Солонгосын морин соёлын судалгааны хүрээлэнгийн захирал, Өсвөрийн морин цэргийн багийг үүсгэн байгуулагч. Хангүг их сургуулийн монгол хэлний тэнхимийн профессор.
Төв Азийн цээжинд хэдэн мянга, сая, живаа жилээр оршин сууж, морио дээдэлж, унаж, биширч ирсэн монголчууд гал морин жилтэйгээ хэдхэн хоногийн дараа учран золгоно. Энэ л цаг үеэр Дэлхийн таван тивээр аялан морины соёлыг судалсан, Солонгосын морин соёлын судалгааны хүрээлэнгийн захирал, өсвөрийн морин цэргийн багийг үүсгэн байгуулагч Ко Сон Гю (Ko Sung-Kyu)-аас, морины талаар бичсэн нийтлэлээ Монголын ард түмэнд сонирхуулж өгөх хүсэлтийн дагуу, монгол хэлнээ орчуулан уншигч түмэндээ хүргэж байна.
Жэжү ба Монголыг холбосон морин жим
Туркменистаны элсэн цөлд Ахалтеке морины нуруун дээр анх мордох үед, морины зүрхний цохилт арьсаар минь дамжин мэдрэгдэх шиг болж байсан бол Африкийн тал нутагт Аппалуза морь унан анааштай зэрэгцэн давхихад салхи эртний дуу шивнэх шиг болсон. Харин Монголын тал нутагт монгол морины нуруунд мордох үед нүднээс минь нулимс өөрийн эрхгүй урссан. Тэр бол учрыг нь тайлбарлаж үл болох санагалзал юм гэдгийг би хожим ухаарсан юм. 700 жилийн өмнө тал нутгаас Жэжүгийн тэнгисийг гаталж ирсэн морьдын дурсамж байсан юм билээ.
Чежүгийн Халласан уулын бэлд, мөнгөн долгио мэт намилзах хялганат бэлчээрт 120 орчим см өндөртэй жижигхэн морь зогсоно. Энэ бол Жежү морь юм. Тэр ард түмэнтэйгээ зуу, зуун жилийн турш газар хагалж, ачаа зөөж, амьдралаа хуваалцсан жинхэнэ хамтрагч нь найз нөхөр нь байдаг. Энэ жижиг моринд түүх шингэсэн байдаг. Харин Жежүгийн байгалийн дурсгалт газар бол БНСУ-ын хуулиар хамгаалагдсан байгалийн өв билээ.
ХШ зуун. Монголын их эзэн Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл Юань гүрэн нь Монгол, Хятад, Солонгос улсын газар нутгийг эзлэн оршиж байсан. Жежүг Юань гүрний адууны бэлчээр болгож, Монголын тал нутгаас морьдыг далай гатлуулан авч ирсэн байдаг. Тэд Жежүгийн уугуул адуутай холилдон, галт уулын үнстэй хөрс, давсархаг далайн салхинд дасан шинэ адуу болон хувьссан. Монголын тал нутгийн морьдын хүч чадал, тэсвэр, Жэжүгийн дөлгөөн намуухан уур амьсгалтай нийлж, дэлхийд хаана ч байхгүй адуу бий болжээ. Судлаачид “Жэжү морь бол Монгол морь биш” хэмээн хэлсэн байдаг. Энэ үнэн. Гэвч Жэжү морийг харахад Монголын тал нутаг харагддаг юм. Тэд намхан биетэй, хатуу ширүүн орчинд дасах, даван туулах тэсвэр, хатуужилтай, тусгай тэжээлгүй ч бэлчээрийн өвс идэж, мянга мянган км-ийн ажралгүй туулдаг гээд олон зүйлээрээ Монгол морьдтой төстэй.
700 жилийн өмнөх тал нутгийг тэд мартаагүй
Тэнд зөвхөн Морьд үлдээгүй юм. Буцаж чадаагүй хүмүүс… мөн тэдний морьд. Юань гүрний адууны аж ахуйг хариуцуулахаар Жэжү аралд илгээгдсэн монголчуудын нэлээд хэсэг нь эх нутагтаа эргэж чадалгүй үлджээ. Өргөн уудам тал нутаг, говь цөлийг туулж ирсэн тэд эцэстээ, Жэжүгийн хүмүүс болсон. Өнөөдөр тэднийг Юань угсаат овгийн эх нутаг хэмээн үздэг. Жо, И, Сок, Чо, Кан, Жон, Жан, Сон, Жу, Жин овгийнхон амьдардаг. мөн (Юньнань)-ны уг гарвал хэмээдэг Ян, Ан, Тан, Дэ овгууд ч амьдарсаар байна. Эд бүгд Монголын удам юм. Тэдний овог нэрэнд тал нутгийн дурсамж шингэсэн байдаг. Зүрх сэтгэлд нь эх нутагтаа буцаж чадаагүй өвөг дээдсийн гунигт хувь тавилан хадгалагдсан ч тэд 700 жилийн турш Жэжүгийн салхитай хамт амьдарч, шингэж ирсэн юм. Жэжү морьд бол түүхийн амьд гэрчүүд төдийгүй Монгол, Солонгос орон нэг байсан, тал нутаг, арлын хүмүүс хоёр хамт амьдарч байсны нотолгоо болж оршсоор байна.
Би 30 жилийн турш Солонгосын уламжлалт морин урлагийг сэргээн хөгжүүлэхийн зэрэгцээ шилдэг адуу хайж дэлхийн таван тивээр явлаа. Европын дэгжин халуун цуст адуу, ойрх дорнодын хурдан араб, Өмнөд америкийн хүчтэй креол адуу… Гэвч жинхэнэ “морь”-ны мөн чанарыг Монголд олж харсан юм. Анх би 2003 онд Монгол нүүдэлчдийн морин аяллын хөтөлбөрийг санаачилсан юм. 70 гаруй монгол адуутай. Солонгос шавь нараа, Монголын хээр тал, уулсаар аялуулж нүүдэлчдийн ахуйг мэдрүүлэх аялал байлаа. Түүнээс хойш аялал 22 жил өнгөрч, монгол морьдтой аялал маань ч үргэлжилсээр байна. Уг аяллыг KBS, EBS зэрэг томоохон телевизүүд олон удаа сурвалжилж, тэр хэрээр олон хүнд Монголын нүүдэлчин соёлын үнэ цэнийг хүргэх боломж болсон юм.
Энэхүү урт аяллын турш ойлгосон зүйлүүд олон бий. Дэлхий дээр морь унаад аюулгүйгээр чөлөөтэй давхиж болох газар зөвхөн Монголд л байдаг. Газрын хил хязгаар ч үгүй, зорчих зөвшөөрөл ч хэрэггүй, тэнгэрийн дор цэлийсэн тал нутагт морьтойгоо хаашаа ч явж болно. Зүүн, баруун, хойд, урд гэлтгүй мянга, мянган километрийг шулуун чигт давхиж болох газар. Дэлхийн хаана ч ийм нутаг байхгүй, зөвхөн Монголд л байдаг. Бас Монгол морьд тусгай тэжээл шаардахгүй, бэлчээрийн өвс л байхад хангалттай. Хангамжийн цуваа ч хэрэггүйгээр холын зам туулж чадна. Энэ нь орчин үеийн морин аялал, жуулчлалд хамгийн хүндрэлтэйд тооцогддог хангалтын асуудлыг үндсээр нь шийдсэн, байгальд ээлтэй төгс тогтолцоо юм.
Монгол морь туйлын хатуу орчинд ч дасан зохицож чаддаг
Монгол морьд -40 хэмийн хүйтнээс +35 хэмийн халуун хүртэл, хуурай цөлөөс бартаат уулс хүртэл ямар ч нөхцөлд амьдарч, давхиж чадна. Европын дээд зэрэглэлийн уналгын адуунууд дэгжин, хурдан боловч бартаат замд тэсвэр муутай, Ойрх дорнодын араб адуу хурд сайтай ч хүйтэнд эмзэг. Халуун чийглэг уур амьсгалыг эс тооцвол, мөн Европ хэв маягийн уран морин үзүүлбэр, саадтай тэмцээнээс бусад бүх практик морин үйл ажиллагаанд Монгол морь хамгийн шилдэг нь байж чаддаг гэж дэлхийн олон шилдэг морьдыг унаж үзсэн хүний хувьд дүгнэхэд хүрсэн билээ.
Монгол морь унасан эзнээ сайн ойлгодог, хүнтэй хамт байж чаддаг нь Монгол морины жинхэнэ мөн чанар юм. Монгол морь бол уралдааны талбайн од биш, харин амьдралаа хуваалцдаг жинхэнэ хамтрагч . Морь эзнээ мэддэг. Морийг хүчээр захирдаггүй, сэтгэлээр хөдөлгөдөг. Би морийг хүндэлбэл морь ч намайг хүндэлнэ. Би моринд итгэвэл морь ч надад итгэнэ. Монгол морь унаж үзээд би 30 жилийн турш Солонгост сэргээхийг хичээж ирсэн уламжлалт морин урлагийн жинхэнэ утгыг ойлгосон. Тэр нь гоёмсог техник, ур чадвар биш байжээ. Морь ба хүн бие биедээ итгэж, нэгэн бүхэл болох явдал. Тэр бол эртнээс уламжлагдсан ухаан юм. Мөн энэ нь монголчуудын хэдэн мянган жилийн турш хадгалж ирсэн амьдралын философи билээ. Би солонгос хүн ч гэлээ Монголын тал нутагт ирэхэд гэртээ ирсэн мэт амар амгаланг мэдэрсэн. Магадгүй миний ДНК-ийн хаа нэгтээ хойд нутгийн нүүдэлчин, морьтон ардын цус урсаж байдаг ч юм билүү. Эсвэл 700 жилийн өмнө Монголоос ирсэн морьдын дурсамж миний дотор шингэсэн ч байж мэднэ.

2026 он AI хиймэл оюуны эрин үе рүү шилжиж байна. Хиймэл оюун шүлэг бичиж, зураг зурж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, хууль зүйн зөвлөгөө хүртэл өгч байна. Хүн төрөлхтөн улам олон салбарыг машинд даатгаж эхэллээ. Үр ашиг, хурд, нарийвчлал, бид зөвхөн үүнийг л хөөж ирсэн. Гэвч морь өөр нэгэн үнэнийг заадаг. Морийг дур мэдэн захирч болдоггүй. Морьтой хамт явах ёстой. Морийг хүчээр ташуурдаад хөдөлгөж чаддаггүй. Айдсаар шахвал бүр ч илүү эсэргүүцнэ. Морь зөвхөн итгэл хүлээж, хүндлэгдсэн үедээ л хүнтэй хамт давхидаг.Энэ бол нүүдэлчдийн мянга мянган жилийн турш тал нутагтаа ойлгож авсан үнэн билээ. Харин Жэжүгийн хүмүүс бол газар хагалж амьдрахдаа ухаарсан ухаарал нь юм. Тэдний хувьд эмэгтэй, эмэгтэй, өндөр настан, хүүхэд ч Жэжү морьтой хамт ажиллаж чаддаг байсан нь морь номхон байсандаа биш Жэжүгийн хүмүүс морийг захирах зүйл биш, хамтрагч гэж үзэж, ойлгож байсанд оршино. AI-аас айх хэрэггүй. Гэхдээ AI-г хүчээр захирах гэж ч оролдох ёсгүй. Бид технологитой хамт урагшлах ёстой, яг л морь бидэнд заасан шиг.
Тэд Монголыг хүлээсээр байна
Жэжү морь ба монгол морь дахин уулзах цаг иржээ. Мөн Монголын ард түмэн ба Солонгосын ард түмэн, ялангуяа монгол цусны удамтай Жэжүгийн үр сад дахин гар барих цаг ирсэн. 700 жилийн өмнө түүхийн шуурган дунд хоёр морь уулзаж, хоёр ард түмэн учирсан. Жэжү хэмээх галт уулын арал дээр шинэ амьдрал болон үргэлжилсэн. Одоо бидний үе тэр холбоог өвлөн авч, ирээдүй рүү алхах учиртай. Энэ бол хоосон мөрөөдөл биш. Аль хэдийн 21 жилийн турш 70 гаруй монгол морьтой хамт Солонгос шавь нараа дагуулан тал нутгаар давхиж ирсэн. Тэдний нүдний харц хэрхэн өөрчлөгдөж байгааг би харсан. Морин дээр, тал нутгийн голд тэд жинхэнэ эрх чөлөөг мэдэрч, байгальтай зохицон оршихын утгыг ойлгож, хамт амьдрах ухаанд суралцсан юм. Одоо үүнийг илүү өргөн, илүү гүнзгий хүрээнд түгээн дэлгэрүүлэх цаг иржээ. Хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа болон залуу үеийн соёлын туршлагын хөтөлбөрүүдийг нэмэх хэрэгтэй. Монголын нүүдэлчдийн уламжлалт соёл ба Солонгосын морин соёлыг орчин үеийн хэлбэрээр хамт хөгжүүлж, контент бүтээж болно. Солонгосын морин урлаг, Монголын наадам зэргийг хослуулсан наадам, баримтат кино, сургалтын хөтөлбөрийг хамтран хийж дэлхийд танилцуулах боломжтой. Мөн аялал жуулчлал, байгальд суурилсан амралт, эмчилгээний хөтөлбөрүүдэд ч хамтрах хэрэгтэй. Морьтой бясалгал, байгалийн аялал, нүүдэлчдийн соёлын туршлага нь хүмүүсийн ядарсан сэтгэл, стрессийг тайлахад тустай. Энэ чиглэлд Монгол, Солонгос хоёр шинэ аялал жуулчлалын загвар гаргаж ч болох юм. Энэ бол зүгээр нэг соёлын солилцоо биш, алдаж орхисон зүйлсээ дахин олж авах үйл явц юм, итгэл, хүндлэл, байгальтай зохицон амьдрах ухаан, тэвчээр юм. Морины нүд рүү харахад урт удаан түүх, дурсамжийг бэлгэдэж байдаг. Мөн “Чи хаашаа явахыг хүсэж байна вэ?” хэмээн асууж байдаг. 700 жилийн өмнө Монголын тал нутгаар давхиж явсан адуунууд, говь цөлийг туулан Жэжү хэмээх галт уулын аралд очиж шинэ адуу болон хувьссан. Тэр адуунууд өнөөдөр ч амьд, оршсоор байна. Монголыг хүлээсээр байна. Монголын өвөг дээдсийн зарим нь эх нутагтаа буцаж чадалгүй Жэжүд үлдсэн. Гэхдээ тэд алга болоогүй. Тэдний удам Жэжүд үндэслэж, олон зуун жил үргэлжилж ирсэн. Тэд ч бас Монголыг хүлээж байна.
Билгийн тооллын хаврын тэргүүн сар гарч гал морин жил тохионо. Морины нуруунд мордож, салхи, тал нутаг, далайн дууг сонсон давхих Солонгос, Монгол хоёр үндэстнүүд өнгөрснөөс ирээдүй рүү, талаас далай руу, дахин тал руу 700 жилийн тэртээх замыг марталгүй санан, дахин давхих он болно байх гэдэгт итгэл төгс байна. Жэжүгийн Халласан уул ба Монголын тал нутгийн хооронд өнөөдөр ч хүлээсээр байгаа 700 жилийн тэртээх замыг санан сэргээж, ирэх мянган жилийг хамт туулах хүмүүсийг морьд ч хүлээсээр байна.
Солонгос хэлнээс хөврүүлсэн:
БНСУ-ын Шинхан их сургуулийн оюутан З.Оюун-Эрдэнэ