МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал 2026 оны 02 сарын 13-ны өдөр болж, бодлогын чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралд Удирдах зөвлөлийн 15 гишүүнээс 11 нь оролцов.

Эн түрүүнд МЗЭ-ийн 2026-2030 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр МЗЭ-ийн удирдлага ирэх 4 жилд хэрэгжүүлэх ажлын хөтөлбөртэй болов.

Мөн МЗЭ-ийн эзэмшилд байдаг Д.Нацагдоржийн музейн барилга, Зохиолчдын ордны нэгдүгээр давхрын рестораны түрээслэгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулахаар тогтов.

Түүнчлэн МЗЭ-ийн Аж ахуйн хашааны асуудлыг судлан танилцуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Шинээр байгуулагдсан МЗЭ-ийн Удирдах зөвлөл анхны хурлаараа МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, Ажлын хэсгийг байгуулсан. Сонгон шалгаруулалтад 9 хүн оролцох хүсэлтээ ирүүлснийг Ажлын хэсэг шүүн хэлэлцээд, эхний шатанд хамгийн өндөр оноо авсан 2 нэр дэвшигчийг Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан.

Нэр дэвшигчидтэй Удирдах зөвлөлийн гишүүд цахимаар болон биечлэн уулзаж ярилцлага хийсний дараа нууц санал хураалт болж, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, зохиолч, орчуулагч Мөнхцолын Батбаяр хамгийн олон саналыг авч, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

Гүйцэтгэх захирал М.Батбаярт Удирдах зөвлөлийн гишүүд баяр хүргэж, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Нямдоржийн дэвшүүлсэн “Шинэчлэл” мөрийн хөтөлбөр дээр суурилсан “МЗЭ-ийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр” (2026- 2030)-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж батлуулахыг даалгаснаар хурал өндөрлөв гэж МЗЭ-ээс өнгөрсөн баасан гаригт мэдээлэв.

Эх сурвалж: zms.mn