Ч.БЯМБАХАЖИД

 

17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил улирч, гал морин жил гарах гэж байна. "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохионо.

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр нь ахан дүүс, айл хотлоороо золгон мэндчилж, өв соёлоо эрхэмлэн тэмдэглэдэг хамгийн хүндэт баяруудын нэг билээ. Энэ өдрүүдэд айлчлах, зочлох хөдөлгөөн эрс нэмэгдэж, гал түймэр, зам тээврийн осол, хоол хүнсний хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой эрсдэл зэрэг болзошгүй аюул үүсэх магадлал ихэсдэг. Иймд иргэн бүр баяраа тэмдэглэх үеэр болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээллийг бэлтгэн хүргэж байна.  

 

“Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг согтууруулах ундаагаар шахахгүй байх”

 

Баярын үеэр ахмад хөгшдөө хүндэтгэн орон нутаг руу зорих иргэд олон бий. Тиймээс цагт баригдалгүй, яарч сандралгүй, амь нас, эрүүл мэндээ бодон хурдаа тохируулан явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ талаар ТЦА-ны Г.Отгонтамир “Баярын өдрүүдэд иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьж, жолоодох эрхээ хасуулах болон бусад арга хэмжээг их авхуулдаг. Өнгөрсөн оны сар шинийн баяраар дээрх төрлийн зөрчил их гарсан. Тээврийн цагдаагийн албанаас өдөр тутамд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзахыг анхааруулж ирсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь осол гэмтэл гаргах хувийг нэмэгдүүлдэг. Мөн сар шинийн баяраар ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, ахмад настнаа хүндэтгэн золгож ирсэн зочдоо тэр дундаа тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд архи, согтууруулах ундаа өгөхгүй, шахахгүй байх ёстой. Хэрэв тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны хүрдний ард суухгүй татгалзах нь зөв юм.

Сар шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд иргэд хөдөө орон нутгийг олноороо зорьдог. Энэ үеэрээ жолооч нар нийтлэг хэд хэдэн алдаа гаргадаг. Нэгдүгээрт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал. Хоёрдугаарт, хүн тээврийн стандарт буюу зорчигчийн тоог хэтрүүлэн суулгах нь буруу юм.

Суудлын машины хэмжээнээс хамаарч хэдэн зорчигч суулгахыг зааж өгсөн учир хэтрүүлэхгүй байх нь чухал юм. Хөдөлгөөнд оролцохоос урьдаж суудлын бүсээ тогтмол зүүх шаардлагатай. Тиймээс хөдөө орон нутгаас нийслэл, нийслэлээс хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн хийхээр төлөвлөсөн бол жолооч аюулгүй байдлаа бүрэн дүүрэн хангасан байх ёстой гэдгийг зөвлөе” гэлээ.

Орон нутгийн замд жолооч нарын түгээмэл гаргадаг алдаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангалгүй замд гарсан тохиолдол байдаг байна.  Энэ нь ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч болон хол ойрын гэрэл нь байхгүй, эсвэл ажиллахгүй байх зөрчил зонхилдог гэсэн үг юм. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж  гараагүйгээс орон нутгийн замд цахилгаан автомашин шатсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Харин ослын гурвалжинг зайлшгүй зогсолт хийсэн үед 30 метрийн зайд байрлуулах хэрэгтэй. Ингэснээр ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд 200-250 метрийн зайнаас харагддаг байна.

Мөн стандарт бус гэрлийг автомашиндаа хийсэн нийтлэг зөрчил илэрч байна. Жолооч  бүр хөдөө орон нутаг болон нийслэлд шөнө оройн цагаар хөдөлгөөнд оролцож байх үед гэрлээ шилжүүлэх шаардлагатай. Нэг талаараа гэрлийн гялбаанаас хамаарч эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгсэл замын хажуу руу орох, урдах тээврийн хэрэгслээ мөргөх, автозам дээр байршсан мал амьтан мөргөх гэх мэт олон эрсдэл байдаг. Тиймээс жолооч бүр баярын өдрүүдэд эдгээр зүйлд онцгой анхаарах ёстой гэдгийг тэрээр хэллээ.

Түүнчлэн жолооч нар аз сорьсон үйлдэл хийхгүй байх ёстой. Замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөж байгаа үед осол гэмтэл гарах нь бага учир жолоочийн хажууд байгаа зорчигч тээврийн хэрэгслийн хурд болон гүйцэж түрүүлэх, гэрэл шилжүүлэх болон бусад зүйлийг давхар хянаж явах нь эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж буй нэг хэлбэр юм.

 

Тостой халуун хоол идсэний дараа хүйтэн зүйл уухгүй байх

 

Баяраар хүмүүс өдөр бүр төдийлөн хэрэглэдэггүй төрөл бүрийн сайхан хоол, зууш, амттаныг ахиу хэмжээгээр хэрэглэдэг. Айл, айл хэсэж “шинийн юм шингүүртэй” ч гэлцдэг. Гэвч ямар ч баярын үед болон түүний дараа яаралтай түргэн тусламжийн дуудлага, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, хоолны болон архины хордлогын тоо нэмэгдсэн байх нь бий. Цаашилбал, хүмүүс цагаан сараар хоёр хоногийн хоолыг нэг өдөрт иддэг гэсэн тооцоо ч байдаг байна.  Иймд сар шинийн баяраар хэрхэн хооллобол зохистой талаар хоол зүйчийн зөвлөснийг хүргэе. 

Та түүхий ногооноос бүрдсэн салат бэлдсэн бол салатаа эхэлж идээд, дараа нь уургаа идэх нь зөв юм. Үүнд бүх төрлийн махан хоол орно. Хоол идэх үедээ ус, цай болон бусад шингэнийг их хэмжээгээр уух нь хоол боловсруулалтад саад болдог байна. Мөн цөс шингэлж, түүний үр ашгийг бууруулдаг байна. Тиймээс хоол идсэнээс 30 минутын дараа шингэн зүйл уух ёстойг зөвлөлөө. 

Мөн баярын үеэр дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Тостой халуун хоол идсэний дараа хүйтэн зүйл уухгүй, хэрэглэхгүй байх (бүх төрлийн шингэн ундаа, ус, пиво, архи, айраг) гэх мэт. Мөн хүүхдүүддээ химийн нэмэлттэй, хоосон илчлэгтэй хүнс болох төрөл бүрийн чихэр, чипс, ундаа, жигнэмэг аль болох бага идүүлэх. Архи хэтрүүлэн хэрэглэж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд төвөг учруулахгүй байгаарай.

 

Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа улам сайжруулах

 

Баяр ёслолын үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг улам сайжруулах шаардлагатай байдаг. Халуун тогоо, буцалсан ус, бууз жигнэсэн ууранд бага насны хүүхэд түлэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Мөн эцэг эхчүүд архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй. Хараа хяналтаа сулруулснаас үүдэн хөлдөх, унаж бэртэх аюул байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулдаг.  

Бага насны хүүхдүүд аливаа халдварт өвчний халдвар авбал хүндрэх эрсдэлтэй байдаг. Иймд  баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэртээ агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.

 

“Гэрээсээ гарахдаа хаалга, цонхоо сайтар түгжиж,  цахилгаан хэрэгслүүдээ шалгаарай”

 

Статистикаас дүгнэхэд Улаанбаатарт гарч байгаа нийт объектын гал түймрийн 70 орчим хувь нь гэр хороололд буюу амины орон сууц, монгол гэрт гардаг байна.  Баяр амралтын өдрүүдэд объектын гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, цахилгаан хэрэгсэл, гэр орныхоо аюулгүй байдалд анхаарал хандуулахыг онцгой байдлын байгууллагаас иргэдэд зөвлөлөө. Ингэхдээ цахилгаан халаагуур, тогоо зэрэг төхөөрөмжийг хяналтгүй орхихгүй байх. Олон цахилгаан хэрэгсэл нэг дор залгахгүй байх. Галын аюулгүй байдлаа хангаж лаа, хүж, асаагуур болон галтай холбоотой зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байлгаж, шатамхай зүйлсээс хол байлгах. Эзэнгүй байх үеийн аюулгүй байдалдаа анхаарч гэрээсээ гарахдаа хаалга, цонхоо сайтар түгжиж, орон байрны хулгайн аюулаас сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.            

 

Цаг агаарын төлөв байдал

 

Хоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  Харин дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджийн орчим байх урьдчилсан төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.

Хур тунадасын хувьд хоёр болон дөрөвдүгээр сард дунджийн орчим, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Иймд иргэн бүр хариуцлагатай, сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, сар шинийн баярыг эрүүл энх, осол эндэгдэлгүй тэмдэглэхийг онцгойлон анхаарах шаардлагатай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 31 (7773)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn