С.ОДХҮҮ
Урган гарч буй XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал (Улаан) морин жил нь Монгол зурхай, Дорнын зурхайн энергитэй уялдаж их өөрчлөлт, шинэ эхлэл, өсөлт дэвшил, урам зориг, сайхан боломжууд дагуулсан, тэгш дүүрэн жил байх төлөвтэй ажээ.
Буурал түүхийн хуудаснаа бидний монголчуудын амьдрал, үйл ажиллагаанд тохиосон зарим онцлох үйл явдлын хураангуйг уншигч олноо сонордуулах нь:
1135. Шар морин жил. Алтан улс Монголд довтлов. Монголчууд Алтан улсын цэргийг Хайлан гэдэг газар бут цохив.
1150. Цагаан морин жил. Хотула Хамаг монголын хаан болсон. Есүхэй баатар бол Хотулын хүү Бартан баатрын хүү.
1162. Хар морин жил. Тэмүжин төрөв. 1206 онд Их Монгол Улсын хаанд өргөмжлөгдөв.
1186. Улаан морин жил. Өгөдэй хаан төрөв. Чингис хааны гутгаар хүү эцгээ залгамжлан (1229.09.13-1241.12.11) онд хаан ширээнд суув.
1198. Шар морь жил. Тоорил хаан Гүр хаантай эвдрэлцэн, Уйгар, Тангудын хот балгадаар тэнүүчлэн явсаар намар нь буцан ирж Чингис хаан урьдын ачийг санаж хүрээндээ авав.
1210. Цагаан морин жил. Чингис хаан Алтан улсын дайлаар мордохоор их цэргээ хөдөлгөв. Чингисийн отгон дүү Отчигин ноён 7 Хонхтоны Дэв тэнгэр хэмээх Хөхөчү бөөг устгав.
1222. Хар морин жил. Чингис хаан Самаркандыг байлдан дагуулав. -Чингис хааны отгон хүү Толуй Хорасаны олон хотыг эзлэв.
1234. Хөх морин жил. Өгөдэй хааны Алтан улсад хийсэн аян дайн дуусав. Өгөдэй хаан “Далан даваа” гэдэг газар монгол түшмэлүүдийн чуулган хийлгэж, эзэн хамжлагын хоорондын эрх, үүргийг тодотгон цааз тогтоов.
1246. Улаан морин жил. Туракина хатан Их хурилдай зарлан хуралдуулж Өгөдэйн хүү Гүюгийг их хаанд өргөмжлөв. Плано Карпини Монголд ирэв.
1258. Шар морин жил. Хубилайгаар удирдуулсан монгол цэрэг Сү улсын хойд талаас, Мөнх хааны цэрэг баруун талаас, Урианхайдай жанжны цэрэг өмнө талаас довтлон хотуудыг эзлэв. Хүлэгү хааны цэрэг Багдадыг эзлэв.
1270. Цагаан морин жил. Хубилай хаан Японд хоёр дахь удаагаа элч илгээв. Хаан балгасан хотыг барьж дуусгав.
1282. Хар морин жил. Ахмад Төгөлдөр (Ил хаан) хаан ширээнд суув. -Хубилай хаан 5 түмэн цэргүүдийг Явын арлуудад довтлуулав. Уйгаржин монгол бичгээр нэвтэрхий толь “Юань-Ши” 12 дэвтэр зохиолыг Хаан балгасан хотноо хэвлэв. Бас “Ачлалт ном”-ыг монголоор хэвлэв.
1294. Хөх морин жил. Өлзийт Төмөр хаан ширээнд суув. -Хубилай хаан нас барж, түүний ач хүү Гамала Монголын хэрэг эрхлэх газрын ван болж, Хар Хорумд суув.
1318. Шар морин жил. Дува хааны хүү Кебек Цагадайн улсын хаан болов. Кебек хааны /1318-1326/ хааны үед тархай бутархай байдал намжиж хүчирхэгжиж байв.
1330. Цагаан морин жил. Төгс Төмөр хаан (Заяат) хаан ширээнд сууж, монгол газар элч илгээж, улс орны байдалтай танилцав. Өмнөд Хятадууд өлсгөлөнд нэрвэгдэв.
1342. Хар морин жил. Монголын хаан ширээнд 10 жил суусан бага хаадын нэг Тогостөмөр (Төгс Төмөр) хаан төржээ. Хар Хорум хотод өргөтгөл засвар хийв.
1354. Хөх морин жил. Тогоонтөмөр хаан 10 мориноос хоёрыг худалдан авах нэрийдлээр цаасан мөнгө өгч уналга дайчлан гаргуулав. Пагмадүв аймгийн ноён Төвөдийн эзэн хаан болов.
1366. Улаан морин жил. Төмөр хаан нар цэрэглэн хөдөлж, нийт Мавераннахрыг эзлэв.
1378. Шар морин жил. Билэгт хаан нас барж Тогостөмөр хаан ширээнд суув. Ираны зарим хотод Төмөр хааны дарангуйллыг эсэргүүцэж, бослого гарав.
1390. Цагаан морин жил. Аругтай тайшийн дэмжлэгээр Монголын хаанд өргөмжлөгдсөн /1422/ Адай хаан төрөв.
1402. Хар морин жил. Монголын нэгэн аймгийн ноён Гүличи Гүтөмөр хааныг алж хаан ширээнд суусан боловч Чингисийн угсааны хүн биш байсан учир удалгүй алагдав. Аругтай тайшийн дэмжлэгээр Гүнтөмөрийн дүү Өлзийтөмөр хаан ор /1410/ суув.
1414. Хөх морин жил. Мин улсын хаан Юнлэ өөрийн биеэр цэрэглэн ирж, ХАр Хорумын хаан Аругтайтай хүч хавсран Махамудын цэргийг бут цохив.
1426. Улаан морин жил. Тогтобух хааны дүү Мандуул хаан төржээ. Хаан ор суугаад 3 жил болоод нас барав.
1450. Цагаан морин жил. Эсэн тайшийн саналаар Мин улс Монголтой найрамдлын гэрээ байгуулав. Инзун хааныг цэргээр хамгаалуулан нутаг буцаав. Монголд их зуд болов.
1462. Хар морин жил. 3-р Иван Москвагийн их ван болов.
1498. Шар морин жил. Д.Дондовдорж ноён Төвөдийн Гармава Гаржудба гэгчтэй хүч хавсран Төвөдийн засгийн эрхийг булаан авч Далай ламын үйл ажиллагаанд хориг тавив.
1534. Хөх морин жил. Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хүү Онохуй үйзэн ноён төрөв. Тэрбээр Халхын 7 хошууны нэгний дээд өвөг юм.
1546. Улаан морин жил. VI Далай лам Содномжамцыг тодруулж, Брайбун хийдэд залав.
1558. Шар морин жил.Түмэн засагт Монголын хаан суув. Энэ хааныг Монгол сурвалжид засаг хуулийг чангатгасан хэмээн сайшаан үнэлсэн байдаг. -Батмөнх даян хааны гутгаар хүү Онохуй Үйзэн ноёны дөтгөөр хүү Түмэнхэн сайн ноён төрөв.
1570. Цагаан морин жил. Мин улсын хаанаас Алтан хаанд “Журмыг сахигч” цол хэргэм өргөмжлөв. IV банчин богд Лувсанчойжижалцан төрөв. Тэрбээр Гүш хаанаас анх “Банчин богд” цол хүртсэн, түүнээс хойш “Банчин Эрдэнэ” гэх болжээ.
1582. Хар морин жил. Хойдын ноёны хүү Гүш Төрбайх хаан төрөв. 25 насандаа Халх-Ойрадын хямралыг зохицуулж “Дай Гүүш” цол хүртсэн. Шашны ном зохиолыг орчуулуулж, шарын шашныг тууштай дэмждэг байв.
1594. Хөх морин жил. Түмэн засагт хааны хүү Буян сэцэн хаан ор суув. Монголын хаан ширээнд 10 жил суусан, “Сэцэн” цол хүртсэн. -Автай сайн хааны хүү Эрээхэй мэргэний хүү Түшээт хан Гомбодорж төрөв. Гомбодорж ноён бол Халхын түшээт хан Чахундорж, өндөр гэгээн Занабазар нарын эцэг болой. Тэрбээр монголын нийгмийн амьдралд нэн нөлөөтэй хүн байв.
1606. Улаан морин жил. Ойрадууд Халхад довтолж нэн хохирол учруулав. Торгуудын Хөө Өрлөг ноёны элч Боролдой Сибирийн амбан захирагчид бараалхан худалдааны харилцаа тогтоохыг хүсэв. Халхын Шолой Убаши хунтайж Оросын хилийн ноёдтой холбоо тогтоон харилцах болов.
1618. Шар морин жил. V Далай ламыг ширээнд залах ёслолд Монголын томоохон ноёд цэргийн хамт оролцов. Манжийн цэрэг Солонгост цөмрөв. Манжийн байлдан дагуулал өргөжиж 1629 онд Өвөрмонголыг 1697 онд Ар Монголыг эзлэн Манж чин улс /1616-1911/ хүчирхэгжив.
1630. Цагаан морин жил. Халхын Шолой Убаши хунтайжийн хүү Омбо-Эрдэнэ эцгийн ор залгамжлав. Түүхийн сурвалжид Эрдэнэ хун тайж, Бадам -Эрдэнэ нэрээр бичигддэг.
1642. Хар морин жил. Гүүш хан Төрбайх цэрэглэн Төвөдийг эзлэн шарын шашныг ихэд дэлгэрүүлэв. Засгийн эрхийг Гүүш хаан, шашны хэргийг Далай лам барих болов. Халхын хаадын урилгаар залагдсан Ойрадын Зая бандида нутаг буцав. I Зая бандида Лувсанпэрэнлэй, I Жанжа Хутагт Агваан чойндон нар төрөв.
1654. Хөх морин жил. Оросын засгийн газрын төлөөлөгчид Хятадад хүрэх замдаа Зүүнгар, Монголын их говийг дайрч өнгөрөн, өргө дорныг холбосон худалдааны замыг нээсэн нь “Их торгоны зам” гэж нэрлэгдэх болжээ. Өндөр гэгээн Занабазар Хэнтийн нурууны өвөрт Буяндэлгэрэх төгс баясгалант номлол бүтээлийн хийдийг байгуулав.
1666. Улаан морин жил. Дээд Үд болон Сэлэнгэд Орос, Казахууд бэхлэлт шивээ барьж оршин суув.
1678. Шар морин жил. Манжийн хаанаас Зүүнгарын Галданд “хаан” цол олгов. Богд хан уулыг дархан цаазтай болгов.
1690. Цагаан морин жил. Манжийн Арнай жанжнаар удирдуулсан түмэн цэрэг Ойрадын довтолгооноос монголыг хамгаалах нэрийдлээр Монголын нутгийн дорнод этгээдэд нэвтрэн орж суурьшив. -Галданбошигт хаан Өвөр монголд нэвтрэн Бээжин хотоос 400 км зайд “Улаан будан” хэмээх газар Манжийн их цэрэгтэй байлдав. -Нэрт зохиолч, орчуулагч Дай Гүүш Агваандампил төрөв.
1702. Хар морин жил. Долон нуурын газарт сүм барих ажлыг эхлэв. 1 Зая бандид “Өндөр богдын цадиг оршив” намтар зохиолыг Төвөд үсгээр зохиов.
1726. Улаан морин жил. Манжийн хааны зарлигаар Орхон голын сав газар тариа тарих шийдвэр гарав. Эфү Цэрэн Монголын хойд хил хязгаарын байдалтай танилцсан нь дараа жил нь хийгдсэн Манж-Оросын хоорондох “Буурын” хилийн гэрээний угтвар болжээ.
1738. Шар морин жил. Сүмбэ хамба Ишбалжир “Үгийн чимгийг өчүүхэн хураасан зохист аялгуунд орох үүд” тайлбарыг зохиов. -II Нарбанчин Агваанчойдогданзанжанцан, VI Банчин богд Балдан-Иш нар төрөв.
1750. Цагаан морин жил. Зүүнгарын хаан Ламдаржаа албатаа дагуулан Манжид дагаар оров. -III Эрдэнэ мэргэн ноён хутагт Галсан төрөв. -Монголын зарим газар их зуд болов.
1762. Хар морин жил. Хутагт хувилгаадыг тодруулах, залах нарийн журам тогтоосон зарлиг гарч, ноёдын гэр бүлээс хутагт хувилгаадыг тодруулахыг хоригложээ. -Ховд хотыг Буянт голын хөвөөнд шилжүүлэн байршуулав.
1774. Хөх морин жил. -нэрт зохиолч, яруу найрагч II Чин сүжигт номун хан Лувсандандарванчиг төрөв. Түүний зохиол бүтээлийг Зава Дамдин төвөд хэлнээс хөрвүүлжээ.
1786. Улаан морин жил. Халхын 4 аймгийн цэргийг Улиастайд боловсруулж, сургаж байсныг өөрчлөн Их хүрээнд сургах болжээ.
1798. Шар морин жил. IV Ширээт хутагт Банди төржээ. Тэрбээр Халхын хошой чин ван Жалцаны хүү билээ.
1810. Цагаан морин жил. Цахар гэвш Лувсанчүлтэм, IV Эрдэнэ мэргэн ноён хутагт Лувсандашчойжанцан нар нас баржээ.
1822. Хар морин жил. Х далай лам Чүлтэмжамцыг тодруулжээ. -Чингисийн чулууны бичгийг анх удаа оновчтой уншиж, монгол судлалын асуудлаар олон тооны бүтээл туурвисан Буриад эрдэмтэн Дорж Банзаров төржээ.
1834. Хөх морин жил. Сэцэн хан аймгийн Дугарцэмбэлийн хошуунд ардын хөдөлгөөн гарчээ.-“Төрийн бөөс” хэмээн алдаршсан Торой банди /жинхэнэ нэр нь Нанзад/ төржээ.
1846. Улаан морин жил. “Онолын тайлбар” хэмээх зохиол бичсэн Агваанбалдан цорж, “Тэнгэрээс хур бороо гуйж тавьсан ерөөл” зэрэг олон ерөөл бичсэн Гэлэгбалсан нар төржээ.
1858. Шар морин жил. Ордосын Үүшин хошуунд “Дугуйлангийн хөдөлгөөн” үүсэв. Хятадад хар тамхины 2-р дайн дуусав. Засагт хан аймгийн Дархан бээл Маньбадартай заргалдсан “Цэцэг нуурын дугуйлан”-гийн удирдагч Алдаржавын Аюуш төржээ.
1870. Цагаан морин жил. “Цагаан малгайтны” бослогынхон Улиастайг довтлон эзлэв. Их хүрээнд манжийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөв. Чин ван Ханддорж, VII Егүзэр хутагт Галсандаш, Манлайбаатар Дамдинсүрэн, Сандаг-Очир хэмээх Намхай аварга, монгол цуст В.И.Ленин нар төржээ.
1882. Хар морин жил. Сэцэн хан аймгийн Божгон Сэцэн вангийн хошууны Жанжин Чойрын хувилгаан ловон Агваанданзанням, IV Чин сүжигт Номун хан Лувсандорж нар төржээ. -Монголын зарим нутагт их зуд болов.
1894. Хөх морин жил. Манж-Японы дайн болов, уг дайнд Өвөрмонголоос 2500 цахар цэрэг дайчлав. - V Чин сүжигт Номун хан Цэдэнбалжир, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджав нар төржээ.
1906. Улаан морин жил. Бээжин хотноо “Хятад иргэдийг Монголд нүүлгэн суурьшуулах тусгай товчоо” байгуулагджээ. -Богдын ногоон ордон Шаравпэлжээлин хийдийг барьж дуусгав. -Мэргэн гүн Гомбожав, их зохиолч Д.Нацагдорж нар төржээ.
1918. Шар морин жил. Монгол Улсын хүн амын тооллого явагдав. -Сибирьд хувьсгалын эсэргүү төрийн эргэлт болж, нийслэл хүрээнд шоронгийн хоригдлууд шоронг эвдлэн зугтаж, Сэцэн хан аймгийн илдэн вангийн хошуунд ноёдын эсрэг зарга, тэмцэл өрнүүлжээ. Нийслэл хүрээнд Д.Сүхбаатар нар “Зүүн хүрээний бүлгэм” байгуулжээ.
1930. Цагаан морин жил. Улс төрийн нугалаа, завхралд дургүйцсэний улмаас хил орчмын олон айл, өрх хил даван нүүж, дүрвэх явдал өрнөв. -Улаангомын хүрээнд лам нарын эсэргүү бослого гарав. Олон яамдын үйл ажиллагааны ерөнхий дүрмийг баталж, Судар бичгийн хүрээлэнг өргөтгөн Шинжлэх ухааны хүрээлэн болгов. -Улаанбаатар хотын төв талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлэх болов.
1942. Хар морин жил. “Хувьсгалт Монгол” танкны цуваа, “Монгол ард” нисэх эскадрилыг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн улаан армид бэлэглэх шийдвэр гаргав. -МУИС-ийг байгуулав. -Дундговь, Жавхлант шарга /Сүхбаатар/ аймгууд байгуулагдав.
1954. Хөх морин жил. Сайд нарын зөвлөлөөс нэгдлүүдийн хөдөлмөр зохион байгуулалтын тогтоол гаргав. Халх голын ялалтын ойг тохиолдуулан Халх голын эрэгт дурсгалын хөшөөг, Сүхбаатарын талбайд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын гантиг чулуун бунхант индрийг тус тус байгуулав.
1966. Улаан морин жил. БНХАУ, ЗСБНХУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны болон харилцан туслалцах гэрээнд гарын үсэг зурав. -Доктор Б.Ренчин “Монгол бичгийн хэлний зүй”, түүхч Д.Гонгор “Хураангуй түүх” бүтээлүүдээ хэвлүүлэв. -Улаанбаатар хотод их үер болов.
1978. Шар морин жил. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад оров. -Олон улсын пионерын “Найрамдал” зуслан нээгдэв.
1990. Цагаан морин жил. -3-р сарын 4-7-нд 10 хүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. 5-р сарын 16-д Улсын дээд шүүх 6 намыг бүртгэснээр Монгол Улсад олог намын тогтолцоо бий болов. -Анхны чөлөөт ардчилсан сонгууль болж, парламентад 4 нам орж, 422 депутатын 10 орчин хувь нь гишүүн бус хүн байв.
2002. “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, үндэсний кампанит ажлыг орон даяар зохион байгуулав. -“Мянганы сорилтын сан” хөтөлбөрөөс тусламж авах эрх бүхий улсад Монгол улс гурван жил дараалан шалгарав. -Газар өмчлөх тухай хууль батлагдав. Тайваньчууд ердөө Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрч газрын зурагтаа Монголыг тусгаарлан зурах болсон, харин Монгол Улс БНХАУ-ын “нэг улс, хоёр систем” бодлогыг баримталсаар байна.
2014. Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Хөөвөр” гэх газар 50 метр секунд хүчтэй хуй салхи дэгдэж, мөндөр орсны улмаас таван өрх айлын таван гэр, гурван байшин нурж, нэг иргэн нас барж, есөн иргэн хүндэвтэр гэмтжээ. -Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчдог болсон. -Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарын гэр бүл дөрвөн удаагийн ихэр төрөлтөөр, найман хүүхэдтэй болж, ам бүл 10-уулаа амьдарч болсон. -Нэг га-гаас 16.6 цн үр тариа, 16.9 цн улаан буудай хураан авч сүүлийн хагас зуун жилийн түүхэн дэх хамгийн арвин ургацтай жил байлаа.
Төрийн сүлдэндээ эрдэнэт хүлгээ хүндэтгэн залсан бидний монголчуудын хувьд морь жилүүдэд улсынхаа нэр сүрийг мандуулсан аугаа их хаад мэндэлж, хаан ширээнд заларч, эрдэмт мэргэд, шашин соёлын нэртэй зүтгэлтнүүд төрж, оюун ухаанаараа алдаршсан олон сайхан түүхэн үйл явдлууд өрнөж байжээ...
Учран золгож буй гал, улаан морин жил ач буян, өгөөж хишгээ хайрласан, хүн бүрийн нас буян, зам мөр тэгширсэн сайхан жил байх болтугай. ЁСООР БОЛОГ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 31 (7773)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn