Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
Энэ удаагийн “Трэнд зочин” булангийн хойморт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зургийн “Гамма” агентлагийг үүсгэн байгуулагч Сэрээтэрийн Цацралтыг урилаа.
Арав ч хүрээгүй настайдаа анх танилцсан гэрэл, сүүдрээр бүтээх их урлагт амьдралынхаа хагас зуунаас ч илүү хугацааг зориулж яваа түүнтэй өрнүүлсэн яриа Монголд гэрэл зургийн урлагийн мөн чанарыг гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдоор дамжуулан нийгэмд таниулахын төлөө өдгөөгөөс яг 30 жилийн өмнө нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсан, фото сэтгүүлч Л.Ганзориг нарын хамт үүдийг нь нээж өрхийг нь татсан “Гамма”-гаас эхэлсэн юм.
“ГАММА”-Г БАЙГУУЛАХ САНАА ДЭЛХИЙД АЛДАРТАЙ “МАГНУМ”-ААС ЭХТЭЙ

Монголд анхны гэрэл зургийн хувийн агентлаг байгуулах тэдний санаа дэлхийд алдартай “Магнум”-аас эхтэй. Гэрэл, сүүдрээр урлаач дэлхийн шилдгүүдийн өрсөлдөх том талбар, сор бүтээлүүд төрөх үржил шимт хөрсийг бий болгогч “Магнум”-ын монгол хувилбарыг төрүүлэх том мөрөөдөл, төгс зорилготой эхэлсэн ажлынхаа тухай тэрбээр:
-1996 он гэдэг нийгэм тэр аяараа нэгээс нөгөө рүү шилжиж, хэн хүнгүй яаж амьдрах аргаа хайж байсан цаг. Бид ч тэдний нэг. Мэддэг, чаддаг зүйлээ хийж, амьдралаа авч явах хэрэгтэй болсон тэр үед Ц.Батзориг, Л.Ганзориг бид гурав хамтраад гэрэл зургийн агентлаг байгуулахаар шийдсэн юм.
Манай Батзориг багаасаа зураг авсан, “Пионерын үнэн” зэрэг сонинд авсан зургаа гаргадаг байсан. Намайг “Залуучуудын үнэн”-д байхад бид танилцсан юм. Сүүлд “Үнэн” сонинд очсон хойно ч байнга ирнэ. Аав Цэгмид нь “Үнэн” сонинд ажилладаг байсан болохоор ч тэр үү сонинд их элэгтэй. Арав төгсдөг жил нь гэрэл зургаар сурах хуваарь ирээгүй учраас Гэрэл зургийн газарт лаборантаар ажиллаж байгаад Ленинградад оюутан болсон. Оюутан байхдаа ч, 1992 онд төгсөөд МОНЦАМЭ-д ирсэн хойноо ч байнга холбоотой, уулзаж ярьж хөөрдөг, шинэ зүйлийн талаар санаа оноогоо хуваалцдаг нэг нэгэндээ дэмтэй явсан. Хар багаасаа сонирхсон мэргэжлээрээ явсан ясны гэрэл зурагчин байсан юм даа.
Л.Ганзоригийг Даваажавтай хамт “Монголын дуу хоолой” сонин гаргадаг байхыг нь мэддэг ч их ойр байгаагүй. Тэгээд гэрэл зургийн агентлаг байгуулахаар болоход Ц.Батзориг түүнийг дагуулж ирээд япон хэлтэй сүрхий залуу байгаа юм, гурвуулаа хамтаръя гээд. Ингэж л нийлсэн улс даа, бид гурав.
Бүгдийг тэгээс эхэлсэн. Гурвуулаа өөрсдөдөө байгаа аппарат, өсгөгч гээд бүх зүйлээ авчирч нийлүүлээд, явцын дунд энд тэндээс нэмж хэрэгтэй зүйлсээ авч бага багаар ахисаар, өргөжсөөр болдог л юм билээ. Хамгийн гол нь бид юу хийж чаддаг вэ гэдгээрээ нийгэмд тодорхой хэмжээгээр танигдчихсан учраас ажил олоход тийм ч хэцүү байгаагүй. Сонины гэрэл зурагчны хувьд танилын хүрээ өргөн байсан нь бас нэг давуу тал болсон.
Биднийг агентлагаа байгуулахад Монголд аялал жуулчлал хөгжиж эхэлж байсан үе. Тиймээс аялал жуулчлалын компаниудтай хамтарч, Монгол орны байгаль, монголчуудын ахуй амьдралыг харуулсан гэрэл зургуудыг авч өгөхөөс эхэлсэн. Бид тэр үед загварын шоу, загвар өмсөгчдийн зургийг их авдаг байв. 1996 онд химич, эрдэс судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гонгоржав гуайн Соёлын өвийн төвтэй хамтарч хийх “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” гэж номын гэрэл зургийг авах гоё захиалга аваад хөдөөгүүр ч их явсан.
Аймгуудын байгалийн үзэсгэлэнг харуулсан ном, гэрэл зургийн цомгийн хамгийн анхныхыг манай “Гамма” хийсэн. “Холын цэнхэр Ховд” гээд. Өөрсдийнхөө сонирхлоор үйл явдал, нийгмийн амьдралын зургууд авч архив бүрдүүлнэ, хуучин зургууд цуглуулна. Бас төр засгийн томчуудын гадаад айлчлалын зураг ч авдаг боллоо. Энэ мэтээр ажил ундрахын зэрэгцээ манай Ганзоригийн нөлөөгөөр бид Японы гэрэл зурагчидтай танилцаж холбоо харилцаа минь өргөжиж өдгөө олон найз нөхөд, ажлыг минь ойлгож дэмждэг, хамтарч ажилладаг түнш олонтой, “Гамма”-гийн гэх тодотголтой хийж бүтээсэн зүйл арвинтай болсон доо.
ААВ, АХЫНХАА НӨЛӨӨГӨӨР ГЭРЭЛ ЗУРАГТ ДУРТАЙ БОЛСОН
Налайхын уурхайд 1990 оны арванхоёрдугаар сарын 17-нд гарсан аймшигтай ослын улмаас 10 гаруй хүн амь насаа алдаж, их уурхай хаагдаж байлаа.
С.Цацралт сэтгүүлч болох сонголтыг дунд сургуульд байхдаа хийсэн. Сонголтоосоо өөр ямар нэг зүйл рүү эргэж холбирч үзэлгүй энэ л замаараа явсан нэгэн. Харин гэрэл зургийн хувьд аав, ах хоёрынх нь нөлөө байжээ. Энэ тухайгаа:
-Аав минь эдийн засагч. Оюутан байхаасаа зураг авч, гэртээ зургаа угаадаг байсан. Ах минь зураач. Хөгжим бүжгийн сургууль төгссөн. Багадаа ахынхаа модель болж натурт их суудаг байлаа. Ах сүүлд нь зургаасаа илүү дархан хийдэг болсон. Манайхаар аав, ахын танилууд, зураач найзууд нь их ирнэ. Зураг, урлаг ярина. Алдарт Цэвэгжав гуай, Одон гуай гээд зураач нар манайд ирж аавтай хууч хөөрдөг байв. Ах зургийн сургуулийнх болохоор уран зургийн тухай ном, сэтгүүл их цуглуулна. Би тэрийг нь үзэх их дуртай.
Ээж минь Хөвсгөлийн Бүрэнтогтохын хүн л дээ. Залуудаа Төв аймгийн Жаргалантын морин заводод тахь маллагч байсан. Аав сургууль төгсөөд Морин заводад нягтлангаар очоод удаагүй байхад гэрт нь могой ороод ирж. Могойноос сүнсээ зайлтал айдаг аавд ээж тусалж могойг нь гаргаж өгөөд тэд танилцсан гэдэг. Ээж сүүлд нь оёдолчин болж насаараа үйл хийсэн уран нэгэн.
Манайх найман хүүхэдтэй, бүгд багаасаа номтой ойр өссөн нь ээж аавын нөлөө. Шинэ гарсан ном бүрийг авч өгдөг байлаа. Эгчийгээ дагаад их эрт уншаад сурчихсан юм. Нэгдүгээр ангид уншдаг, бичдэг том “амьтан” орсон. Олон эгчтэй болохоор гэрийн ажилд сайн биш. Ном уншиж байхаар гэрийн ажил хий энэ тэр гэхгүй шүү дээ. Нэг төрлийн ажлаас зугтах шалтаг минь ном байсан ч юм уу. Гэхдээ манай үеийнхэн ер нь л уншдаг байсан шүү. Түүнээс ч болсон уу, сэтгүүлч болно гээд бодчихсон. Бусдаас ялгараад байхгүй сурлагатай ч манай Нэгдүгээр сургуулийн сургалт, багш нар сайн учраас арав төгсөөд конкурс өгөхөд дээгүүр л жагсаж байлаа. Эрхүүгийн УИС-ийн сэтгүүлчийн ангид тэр жил бид арвуулаа очсон юм. Бүгд олны танил мундаг сэтгүүлчид болсон доо. Г.Золжаргал, С.Алтанцэцэг хоёр Монгол телевизид, “Хонх” хамтлагийн Н.Энхбаяр, С.Цогтсайхан хоёр радиод, Н.Сувдаа Эрдэнэтэд, Н.Энхчимэг хүүхдийн хэвлэлд, Ж.Батбаатар, Л.Гансүх гээд бүгд мэргэжлээрээ ажилласан.
Тэднээс гэрэл зургаар дагнасан нь би. Гэрэл зурагт сонирхолтой учраас багш нартайгаа энэ чиглэлд арай ойр байсан. Багш фото лабораторийн түлхүүрээ өгчихнө, дуртай цагтаа очоод хальсаа угаагаад, зургаа буулгачихдаг давуу эрхтэй байлаа. Авсан зургаа эхлээд сургуулийн сонинд, улмаар “Восточно-Сибирьская правда”, “Советская молодежь” гэж хотын, мужийн хэвлэлд нийтлүүлдэг болж билээ.
ЗАЛУУЧУУДЫН СОНИНООС ЭХЭЛСЭН СЭТГҮҮЛЧИЙН ЗАМНАЛ
Зөвлөлтийн цэргийн ангиуудыг Монголоос гаргах үйл явц 1990-1992 онд болсон. Танкийн томоохон анги зэвсэг техникээ ачаад гарч байгаа үеийн энэ зургийг Эрдэнэтэд авсан.
Түүний сэтгүүлчийн замнал 1983 онд “Залуучуудын үнэн” сониноос эхэлсэн. Орчин үеийн Монголын гэрэл зургийн урлагт өөрийн гэсэн өнгө төрх, харах өнцгөөрөө тодорсон уран бүтээлч болох их аяных нь эхлэл болсон энэ үеийнхээ тухай тэрбээр:
-Би Эвлэлийн төв хорооны нэр дээр Эрхүүд сурсан учраас төгсөөд “Залуучуудын үнэн” сонинд очно гэдгээ мэддэг, зун дадлага хийдэг байсан юм. 1983 онд төгсөөд ирэхэд зураг авах дуртай намайг хамгийн их дэмжсэн хүн бол Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Долгорын Нямаа эрхлэгч. Манай сониныхон их сайхан хүмүүс байлаа. Гэрэл зургийн С.Лувсаншагдар гуайгаас гадна сэтгүүлч Ө.Тогоо, Ц.Хатанбаатар ах эд нар залуучуудаа их дэмжинэ, бас шинэ зүйл хий гэж шахна.
Тэр үед сонинд үйл явдлыг эс тооцвол бараг жижүүрийн гэхээр л зураг гардаг байлаа. Тэргүүний эвлэлийн гишүүн, тэргүүний намын гишүүн ч гэдэг юм уу, хэвшмэл дүр төрхөөр зураг авна. Авахдаа дээл хувцсыг нь янзална, аль болох гоё гаргах гэж тэр. Тэр нь жаахан уйтгартай. Гэхдээ зургаар гоё бүтээл хийж болох юм гэдгийг би “Залуучуудын үнэн” сониноос ойлгосон. Анхны томилолтоор Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу явсан юм. Халуун гэж жигтэйхэн өдөр худаг дээр хорь гучаад тэмээтэй таарав. Ноосолсон тэмээний зогдор, толгой, бөх нь янз янзын хэлбэртэй. Тэндээс гаргаж буй ааш, байгаа төрх нь сонин санагдсан арваад тэмээг онцлоод авснаа Нямаа эрхлэгчид үзүүллээ. Тэгсэн эрхлэгч “Заавал сонинд гаргаад яах вэ. Редакцийн ханын самбарт тавьчих” гэсэн. Тэр үед миний авчирсан тэмээний хөрөг Улс төрийн товчооны гишүүдийн тоотой адил байж. Тэгэхээр сонинд гаргачихвал улс төрийн талаас өөрөөр тайлбарлах магадлалтай гэж болгоомжилсныг сүүлд ойлгосон.
Хүний хөргөөс гадна чөлөөт сэдвээр авсан зургаа судалбар гэж оруулдаг байлаа. Би “Залуучуудын үнэн”-д байхдаа “Энэ зураг-нэг агшин” гэж булан санаачлаад. Намар оюутнууд сангийн аж ахуй явах гэж байхад том модон авдар, шуудайтай пүүгээгээ чирсэн нэг охины зураг аваад эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохоор явж байгаа энэ тэр гэсэн тайлбартай оруулчихлаа. Тэр маань гайгүй үнэлэгдээд сонины тогтмол булан болсон.
Тэр үед сонин нэр хүндтэй, хүмүүс ч зургаа авахуулах дуртай байсан. Дараа нь буруу зөрүү зүйлд ашиглачих вий гэсэн болгоомжлол ч байсангүй дээ. Нэг удаа “Энэ зураг-нэг агшин”-даа Спортын төв ордонд болсон цэцэрлэгийн хүүхдүүдийн гимнастикийн тэмцээнээс амаа ангайгаад дасгалаа хийж байгаа хөөрхөн бондгор охины зураг аваад эрдэм номтой, ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан гимнастикч болно ч бил үү тайлбартай гаргасан юм. Тэгтэл 2010-аад оны үед ШУТИС-ийн доктор Байгаль гэж гуч гарсан бүсгүй “Таны авсан зургийг эмээ минь сониноос хайчилж аваад хадгалсан байсан юм. Энэ дөрвөн настай би шүү дээ” гээд бариад ирж билээ.
ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ СОНИН СУРГАДАГ БАЙЛАА
Социализмын төгсгөл
Тухайн үеийн нам төрийн төв хэвлэл “Үнэн”, сүүлд “Ил товчоо”-д ажилласан нь фото сэтгүүлчийн хувьд өсөж дэвжихээс гадна өөрийгөө таниулах боломж олгож байсныг тэрбээр бахархан ярьдаг юм.
-Би ажилласан сонин бүртээ тухайн цаг үеийн хэвлэлийн шилдгүүдээс ихийг сурсан азтай хүн. “Залуучуудын үнэн”-д жил хэртэй ажиллаад “Үнэн” сонинд 1984 онд орсон. Элбэгээгийн аав М.Лхагвасүрэн ах “Чи манайд ир, аппарат хэрэгсэл сайтай” гэж ятгаад. Би ч дуртай очсон. “Үнэн” сонинд Лодонгийн Түдэв эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга Бажуудайн Ганбат нарын удирдлагад гэрэл зургийн мастерууд Лхагвасүрэн, Дамбадаржаа, Гончигсүрэн, Лувсанжамц нарын олон гайхалтай хүмүүсээс их зүйл сурсан. Сонин өндөр хэвлэлээр явдаг, долоо хоногт зургаан дугаар гардаг байлаа. Дугаар бүрт авсан зураг минь орно, нэр минь гарна.
Л.Түдэв эрхлэгч шаардлага өндөртэй хүн. Түүнд нь нийцэж ажиллахыг бүгд л хичээнэ. Тэр хэрээр өсч дэвжинэ. “Үнэн” сонины школ гэж онцгой. Монголын бүх сонин энэ дэг сургуулиар л явсан. Өглөөний шуурхай буюу летучкийн үеэр сонины материалаас гадна гэрэл зургийн талаар яриа их болдог учраас ямар ч их дээд сургуульд зааснаас илүү ихийг сурдаг байв. Ёс зүйтэй, сахилгатай, хариуцлагатай байхыг сонин сургадаг. Хаа ч очсон, хэнтэй ч уулзсан “Үнэн” сонины сурвалжлагчийг гойд хүндэлнэ.
“Үнэн” сонинд ороод удаагүй байтал нэг өдөр Засгийн газрын ордонд оч, Ю.Цэдэнбал даргын Зөвлөлтийн нэг хүнтэй хийх уулзалтын зураг ав гэдэг юм. Өмнө нь тэр том хүний зургийг авч үзээгүй болохоор сандарсан. Ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт өрөөнийх нь үүдэнд хүлээж байхад өвдөг минь чичирч байж билээ. Гэтэл Цэдэнбал дарга их сайхан угтаад сандрал минь ч арилж, зургаа аваад гарсан сан.
“Ил товчоо” сонинд Г.Аким, Дарамын Батбаяр гээд тухайн үеийн сор болсон хүмүүстэй хамт ажиллаж байлаа. “Ил товчоо” дугаар бүрийнхээ нэгдүгээр нүүрт ковер зураг оруулна. Уран бүтээлчийг цензурдээд байхгүй, чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ажиллах боломжийг олгодог, зоригтой дуугардаг байснаараа давуу.
Тэр үед сонины гэрэл зурагчид бүгд зургаа хальсаар авна, зарим нь слайдаар ч авдаг байсан. Хальсаа угаана, цаасан дээр буулгана гээд бүх зүйлээ өөрсдөө хийдэг. Хальс тоотой. Хөдөө томилолтоор 14 хоног явахад 20 ширхэг хальс өгнө. 720 кадр гэсэн үг шүү дээ. Ирээд тооцоогоо хийнэ. Ер нь нэг хальснаас долоон зураг сонинд орсон байхад хангалттай гэдэг байсан юм. Хальсаар зураг авах нь нэг төрлийн сахилга бат суулгана. Харж байж, бодож байж дардаг. Агшин алдахгүй авч сурдаг сайн талтай.
ӨӨРЧЛӨЛТИЙГ ГЭРЭЛ ЗУРГААР АВЧ ҮЛДЭХ Л ХАМГИЙН БОДИТОЙ
1983 он. “Энэ дураг-нэг агшин”-д орсон дөрвөн настай Байгаль охин. Зургийн эзэнтэй бараг гучаад жилийн дараа танилцаж билээ.
Гэрэл зураг бол түүний амьдрал. Гэхдээ тэр үйл явдалд илүү ач холбогдол өгдөг. Давтагдашгүй үйл явдлыг харуулах өнцгөөс нь утга санаа, мөн чанарыг нь гаргаж чадсан зураг л үнэ цэнтэй гэдэг юм. Гэрэл зургийн үлдээх үнэ цэнийн талаар тэр дундаа баримтат гэрэл зургийн тухай хэдэн цагаар ч ярьж мэднэ.
-Баримтат гэрэл зургийг онцлох болсон шалтгаан нь сэтгүүлч мэргэжилтэй минь холбоотой л доо. Нийгмийг ажиглах, өөрчлөлтийг мэдрэх боломжийг баримтат гэрэл зураг олгодог юм. Монголын энэ үе асар том өөрчлөлтийн цаг хугацаа. Тиймээс энэ үеийн түүхийг хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг гэрэл зургаар авч үлдэх нь хамгийн том баримт. Ганцхан жишээ хэлье.
Одоогоос 12 жилийн өмнө Түүхийн хүрээлэн, Оросын Санкт-Петербургийн Эрмитажийн хүмүүстэй Улиастайгаар аялсан юм. Зүгээр ч нэг аялал биш, Улиастайд 1896-1898 онд буюу 120 шахам жилийн өмнө авсан гэрэл зургуудын зам мөрөөр явах. Тэгэхэд байгаль огт өөрчлөгдөөгүй, ганц нэг газарт мод бут ургасан байхаас хад чулуу яг хэвээрээ. Гэтэл энэ хугацаанд хүний амьдрал яаж өөрчлөгдсөнийг бодохоор үнэхээр сонирхолтой.
Манайд байгалийн гэрэл зураг авдаг хүмүүс олон. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнг гэрэл зурагт буулган түүгээр бахархах сайхан. Гэтэл үүнээс илүү нүүдэлчдийн амьдрал, хүмүүсийн аж байдал, царай төрх, өмсөж, эдэлж буй зүйлс яаж өөрчлөгдөж байгаа нь надад сонин. Өөрчлөлтийг хүний ахуй амьдрал, нүүр царай, хувцаслалт гээд бүх зүйлээс харж болно. Чи бод доо, гучаадхан жилийн өмнөх монголчуудын хувцаслалтыг одоотой харьцуулахад ямар болсныг. Түүнтэй адил бидний амьдрал ахуй ч тэр үеийнхээс өөрчлөгдсөн. Бид л өөрсдөө Монгол хөгжөөгүй, хэвээрээ байна гээд байгаа болохоос үнэн хэрэгтээ асар том өөрчлөлт гарсныг анзаарахгүй байгаа хэрэг. Дээр нь монголчуудын амьдралын хэв маяг асар хурдтай өөрчлөгдөж байна. Дээхэн үед хөдөөний айлын зураг авахад машин бараг ордоггүй байлаа. Одоо бол хөдөөгийн ямар ч айлын гадаа нь суудлын жижиг машин, бас нэг ачааны тэрэг байнга. Дээр нь тавган антенн, нарны батарей. Гэр дотор ороход ч тавилга сэлт яаж өөрчлөгдсөнийг хэдэн жилийн өмнө авсан зургууд илүү дутуу үг, тайлбаргүйгээр шууд харуулна. Тиймээс хүний ахуй амьдралыг харуулсан зургууд нь түүхийн судлагдахууны хувьд ч, ач холбогдлын хувьд ч илүү үнэ цэнтэй байгаа юм. Асар том өөрчлөлтийн баримт болж үлдэж байгаагаараа бодит гэрэл зураг үнэтэй.
Монголын хувьд сүүлийн 150 жилийн түүхийг, Монгол яаж өөрчлөгдсөнийг гэрэл зургаар өгүүлье гэвэл материал бэлэн байна. Өнөөдөр хүмүүс тоохгүй байж болох ч цаг нь ирэхээр бүгд мэдэрч тэр хэрээр үнэ цэн өснө.
Бас нэг зүйлийг хэлмээр санагддаг. Дижиталаар авдаг болсноос хойш хүмүүс зургаа цаасан дээр буулгахгүй компьютерт, утсан дээрээ гэхчилэн хадгалдаг. Файлаар нь хадгалж болох ч хард нь эвдрээд ч юм уу, ямар нэг зүйл болоход бодит түүх болон үлдэх зургууд үгүй болно шүү дээ. Зургийнхаа үнэ цэнийг хадгалахын тулд цаасан дээр буулгах ёстой. Том дуудлага худалдаа энэ тэрд ямар ч мундаг зургийн файл үнэ хүрэхгүй. Цаасан дээр буулгаж бодит болгож байж л үнэлэгдэнэ.
ХҮМҮҮС ЭРГЭЭД ХАЛЬСНЫ ЗУРАГ, СОНИНД ДУРТАЙ БОЛЖ БАЙНА
Өнөө цагт хүмүүс заавал мэргэжлийн аппарат энэ тэр гэхгүйгээр гар утсаараа зураг аваад сэтгэл ханадаг болсон нь сайн уу, муу юу гэхэд тэрбээр гэрэл зургийн үнэлэмжид нөлөөлөх ч хүмүүсийн гэрэл зургийн боловсрол дээшилж байна гэдэг талаас нь хар гэж зөвлөсөн юм. Мөн сүүлийн үед гэрэл зурагчид хальсаар зураг авах талаар нэлээд анхаарч буйд талархалтай ханддагаа хуваалцсан.
-Урьд нь загвар өмсөгчдийн зургийг аль талаас нь яаж авах вэ гэдгийг гэрэл зурагчин, эсвэл стилистүүд тодорхойлдог байлаа. Гэтэл одоо селфи хийсээр байгаад өөрийнхөө гоё гардаг цэгийг, зургаа яаж авахаа бараг хүн болгон мэддэг болсон. Тэгэхээр бас муу ч юм биш л дээ. Гэхдээ нөгөө талаасаа гэрэл зургийн үнэ цэнийг бууруулж, сайн зураг гэж ямар байх, жинхэнэ үлдэх нь аль вэ гэдгийг ялгаж салгахгүй байх талтай.
Дижитал технологи хөгжиж, гэрэл зурагчид олширч, зураг авахыг амарханд тооцох болсон. Саяхнаас хиймэл оюун ухаан гэж бий болсноор гэрэл зургийг бүр ч үнэлэмжгүй болгосон. Энэ технологи зургийг хөдөлгөхөөс гадна зохиомлоор ч үүсгэчихэж байгаагийн яг эсрэг талд баримтат гэрэл зураг зогсож байгаа. Бидний авч байсан үеийн баримтат гэрэл зургийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь хальс. Тэр хальсыг дахин орлуулж хийх аргагүй. Хиймлээр бүтээх ч аргагүй. Тиймээс яг хальстайгаа байгаа гэрэл зураг бол жинхэнэ баримттай, эх сурвалжтай гэрэл зураг гэж үнэлэгдэх болсон. Тиймээс гэрэл зургийг жинхэнэ мөн чанараар нь гогдож, ойлгодог хүмүүс буцаад хальс руу орж эхэлж байна.
Түүнээс гадна хүмүүс ч эргээд хальсны зурагт, сонинд дуртай болж байна. Энэ нь хэт их мэдээлэл дундаас үнэн үү, худлаа юу, бодит уу, зохиомол уу гэдгийг ялгаж салгахыг, тодорхой эх сурвалжтай яг үнэн мэдээллийг хүсэх хандлагатай холбоотой гэж боддог. Гэрэл зургийг авсан хальс нь бодитоороо байдгийн адил сонины мэдээлэл эх сурвалж нь, бичсэн эзэн нь, цаг хугацаа нь тодорхой үлддэг. Хүмүүсийн амьд, бодит аялгуу, чимээ сонсмоор байгаа хүсэл дээр пянз эргээд сэргэж байгаатай адил. Хамгийн гоё нь цагийн эрхэнд гэрэл зураг дандаа үнэ цэн орж байдаг. Зураг 100 жилийн дурсамж хэдий ч жинхэнэ түүхийн үнэ цэн нь юундаа байна вэ гэдгийн ялгааг ойлгох, илүү нарийсгаж хандах тал руугаа явж байна.
Манай “Гамма”-гийн залуучууд зургийн сэдвийг их сонирхдог. Юу өгүүлэх вэ вэ гэдгийг боддог, ярилцдаг. Цаг үеэ дагаад аливаа зүйлийн мөн чанарыг ойлгож, яг тэрийг л харуулъя гээд нэг сэдэв аваад нухаж чаддаг залуучууд олноор гарч ирж байгаа. Хүний амьдралын үе 25 жилийн дотор л асар хурдтай өөрчлөгддөг юм байна. Тэгэхээр үе үеийн өөрчлөлтийг тэр үеийнх нь зурагчид авч байх хэрэгтэй гэж боддог.
НОМ САЙН УНШ, АППАРАТАА ҮЗЭГ ШИГЭЭ ЭЗЭМШ
Гэрэл зураг сонирхох, тэр дундаа тодорхой чиглэлээр мэргэшиж уран бүтээл хийх хүсэлтэй залуус “Гамма”-г зорьж ирэх нь бий. Бас зураг авч сурмаар байна гэж зөвлөгөө хүсэх, зураг авахад авьяас, мэдрэмжийн аль нь илүү байх ёстойг, мөн сайн аппарат хэрэгсэлгүйгээр сайн зураг авч болох уу гэсэн асуулт ч тэдэнд тавьдаг гэнэ.
-Авьяас гэдэг төрөлхийн мэдрэмж. Тиймээс энэ хоёрыг салгах аргагүй. Дээр нь хөдөлмөр, мэдлэг боловсрол хэрэгтэй. Тэр нь илүү байх ёстой гэж дугаарлах дургүй. Аль аль нь хэрэгтэй. Манай “Гамма”-гийнхан залуу үедээ эхний ээлжинд ном унш, аппарат хэрэгслийг үзэг шигээ эзэмш гэж хэлдэг. Хүмүүс сайн аппараттай бол сайн зураг авна гэж боддог. Гэтэл сайн үзэгтэй болчихвол сайн зохиол бичнэ гэж байхгүй биз дээ. Хөгжим болон аливаа уран бүтээлийг өөрийн сэтгэл, мэдрэмж, төрөлхийн авьяасаар хийдэгтэй адил гэрэл зургийг ч сэтгэлийн дуудлага, мэдрэмжгүйгээр авахгүй.
Авах гэж буй зургаа дотроо төсөөлж, төсөөлснийхөө дагуу авахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй, хүлээх хэрэгтэй, тэвчих хэрэгтэй. Эд нийлэхэд л амжилт. Өчигдөр нэг залуу ирээд зурагнуудаа үзүүлсэн. Тэр дунд усанд ирсэн хулангийн зураг байсан юм. Түүнийг авахын тулд таван цаг хүлээсэн гэсэн. Хүлээж тэвчилгүй явчихсан бол тэр зураг гарахгүй байсан. Энэ бол амжилтын үндэс. Тэр хэрээр гарын мэдрэмж, туршлага сууж байгаа юм. Түүнээс гадна хулангийн тухай ном уншчихсан хүн бол ирэнгүүтээ орчноо ажиглаж зогсдог, сонор сэрэмжтэй гэдгийг нь мэддэг учраас хүлээх ёстойг ойлгодог. Нэг үгээр олон зүйлийн цогцолбор нийлж байж сайн зураг гарна. Түүнээс шууд л харлаа, дарлаа, гайхалтай гэх зүйл ховор шүү дээ.
Зарим хүнээс “Чи юу бодож энэ зургийг дарсан юм бэ” гэхээр “Зүгээр л дарчихсан” гэдэг. Гэрэл зургийг бодохгүйгээр тохиолдлоор аваад яваад байж болохгүй л дээ. Харснаа шүршээд л, очсон үйл явдлынхаа, уулзсан хүнийхээ онцлогийг бодохгүй, өгүүлэх зүйлээ тооцохгүй байна л гэсэн үг.
Хүний хөрөг авахад ч тэр. Танилцана, ярилцана. Юуг нь илүү харуулах вэ гэдгийг ярьж байхдаа бодно. Тэр хүн их гоё инээдэг байж болно. Гэвч аппарат хараад нөгөө сайхан инээдээ ил гаргахгүй. Бас нүдийг нь харна. Хэдийд гоё цогтой, галтай, амьд болдог вэ гэдгийг. Тиймээс өөр зүйлээр сатааруулна, яриа өднө. Тэгж байтал тэр хүнээс хүссэн дүр төрх гараад ирэхэд нь зургаа дарахад аппарат бэлэн байх ёстой. Тийм туршлага, ур чадвартай байхын тулд наад зах нь миний дуран ийм тохиргоотой байхад ийм зураг гарна гэдгийг мэддэг байх хэрэгтэй биз. Миний хувьд яг зорьж авсан, яг ийм зураг гарна гэдгийг мэдэж авсан нь илүү үнэ цэнтэй. Би жишээ нь хүнтэй уулзаад зургаа авахгүй шал дэмий юм яриад хоёр цаг ч болж мэднэ. Тэр үед нөгөө хүн биеэ барихаа болиод нэг үгээр гижиг нь гараад тоохоо больчихсон үед нь зураг авах таашаалтай шүү дээ. Яг хүсэж хүлээж байсан зургаа авчихад нэг тийм амжилт олчихсон юм шиг болдог.
ЗУРАГ АВАХ СЭДЭЛ ХЭН НЭГНИЙГ ХАРААД ТӨРӨХ НЬ БИЙ
Гэрэл зураг гэдэг хэллэг юм. Тиймээс гэрэл, сүүдрээр, техникийн тодролоор тоглох, мөн чанарыг нь олох, бодож, зорьж, чиглэж авах, яагаад гэдгээ ухаж ойлгож байж аппаратныхаа товчийг дарж байхыг С.Цацралтын ярианаас ойлгосон. Бас тэрбээр:
-Би залууст ном уншихыг зөвлөдөг. Ялангуяа Монголын мундаг зохиолчдын номыг сайн уншвал үгийн баялагтай, дүрслэл сайтай болно. Ямар ч өгүүллэг, ямар ч шүлэг тэр чигтээ дүрслэл. Тиймээс Монголын уран зохиолыг сайн унших юм бол хүн өөрийгөө хөгжүүлнэ. Ялангуяа гэрэл зурагчин хүнд энэ маш их хэрэгтэй. Манай “Гамма” дээр гэрэл зургийн тухай ном хоёр шүүгээ дүүрэн байна. Ном үзэх тусам оюун санаа тэлж задардаг. Тэгээд бусдын хийснийг харж давтахгүй байхыг хичээдэг, эсвэл тиймэрхүү төрх энд тэнд байдаг гэдгийг мэддэг байхад тустай юм.
Зураг авах сэдэл хэн нэг хүнийг хараад төрөх нь бий. С.Эрдэнэ гуай “Хулан бид хоёр”-ынхоо Цамбыгаа их гоё дүрсэлсэн. Нэг тийм хүн айлгасан сүртэй, том биетэй, сонин нөхөр төсөөлөгддөг. Гэтэл хүн хүний Цамба өөр өөр. Нэг удаа Архангайн Их Тамирын хурд дээр морь ирэхийг хүлээж байгаа эрийг хараад надад шууд миний Цамба гэж бодогдсон. Энгэр нь задгай, урьд өдөр нь жаахан туучихсан бололтой, морио идээшлүүлж шөнө нойр муутай хоносон болов уу гэмээр нөхөр. Сагалдарга нь унжчихсан, нарны гэрэл улаан нүүрэн дээр нь тусч нүд нь ногоороод л, шартсан ч юм шиг, цээж нь улаан тэгсэн мөртөө өглөөний гэрэлд уур савсаад л, хамар дээр нь хөлс бурзайчихсан түүнийг хараад Цамба яг ийм хүн байх гэж бодогдсон. Энэ бол миний төсөөлөл. Гэтэл өөр хүнд Цамба гэж харагдахгүй, түүний төсөөлөл мэдрэмж өөр. Иймэрхүү дүрх төрх хорвоогоор дүүрэн.
Тэгэхээр зураг бол тэр мэдрэмжүүдийг л дүрсээр үлдээж байгаа болохоос биш тэр болгон зохиомжлоод зохиогоод байх боломжгүй. Гэхдээ тэгж зохиож авдаг хүмүүс олон. Харин надад тийм зохиомжоос баримтат гэрэл зураг илүү үнэтэй. Тухайн цаг үеийнхээ өнгө төрхөөс, юм хумнаас, мэдлэг боловсролоос олж авсан, уншсан, харснаас бий болдог учраас илүү.
МОНГОЛЧУУДЫН АНХНЫ ГЭРЭЛ ЗУРГИЙГ 180 ЖИЛИЙН ӨМНӨ АВЧЭЭ
С.Цацралт бол гэрэл зургаар түүх бичигч бас судлаач нэгэн. Түүний үүсгэн байгуулсан “Гамма” агентлагт Монголын түүхийн хэдэн үеийг харуулах баримтат гэрэл зургийн том өв хэдийнэ бий болсон. Гэрэл зургийг өв болгон хадгалах, түүх болгон үлдээхийг зорьж буй тэрбээр:
-Нэгэнт амьдралаа гэрэл зурагтай холбосон хүний хувьд гэрэл зургийн үүсэл хөгжлөөс эхлээд бүхий л зүйлийг нь сонирхон судалж, үүнийгээ өв болгон үлдээх ёстой гэж боддог.
Гэрэл зураг бий болоод 200 жил болж байна. Тэгвэл монголчууд анх хэзээ гэрэл зурагтай танилцсан бэ гэдэг сонин биз. Үзэж харсан, уншиж судалснаараа эхлээд 1870-аад онд гэж болох юм гэсэн дүгнэлт хийж байлаа. Тэр нь Матусовский гэж эрдэмтний 1874 онд Оросын газар зүйн нийгэмлэгээс ивээн тэтгэсэн хоёр жилийн экспедицэд явсан Москвагийн гэрэл зурагчин Эдуард Разумович Боярскийн Бээжин хүрэхдээ Монголоор дайрч явахдаа авсан зургуудыг хамгийн анхных гэж бодож байв. Гэтэл шог зураач С.Цогтбаяр бидний хэдэн нөхөд “Арт аялал” гэж төслийнхөө хүрээнд Америкт явж байхдаа Францын худалдаачин Жан-Пьер Алиберын авсан зургийг түүхийн номноос олж үзсэнээр энэ хугацаа 30 жилээр урагшилсан. Тэр зургийг үзэсгэлэнд тавьж байсан болохоор хүмүүс мэдэх байх.
1845 онд Жан-Пьер Алибер 25 настайдаа одоогийн Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт 20 орчим километрт байрладаг Ботоголд бал чулууны асар том орд нээж, үүнийхээ дурсгал болгон авсан зурагт нутгийн иргэд, Түнхэний буриадууд болон манж, европ хүмүүс байдаг юм. Энэ зургийг Монголын төдийгүй Сибирийн анхны гэрэл зураг гэж тооцдог. Тэрээр Эрхүү, Хиагт, Дээд Үдэд аялж явахдаа гэрэл зургийн анхны аппарат зургаан ширхгийг худалдсан нь Сибирь, Алс дорнодод гэрэл зураг үүсэх суурь болсон ч гэдэг. Эндээс гэрэл зураг түүхийн маш том өвийн судлагдахуун болдог олон талын ач холбогдолтой нь харагдана. Тиймээс надад баримтат гэрэл зураг маш чухал санагддаг.
Монголчуудын 150-170 жилийн өмнөх ахуй амьдралыг баримтат гэрэл зураг авч үлдэж. Хүмүүсийн дүр төрх, харилцаа ямар байсан, яаж амьдарч байсан зэргийг тэндээс харж болдог. Баримтат зураг нь амьдралыг гоёчлолгүй, бодит үнэн түүхийг маш чадварлаг, урнаар харуулдаг төрөл зүйл юм. Тиймээс ч Монголд баримтат гэрэл зураг илүү хөгжөөсэй гэж хүсдэг.
Энэ ярилцлагаас ердөө хэдхэн хоногийн дараа С.Цацралт Брюс Бэрнбаумын “Гэрэл зургийн мөн чанар” номыг орчуулснаа хэвлэлтээс хүлээж авчээ. Номынхоо өмнөтгөлд “Гэрэл зураг гэдэг нь зөвхөн камераа бариад обьект руу чиглүүлээд “зураг авах” товчийг дарах тухай биш юм. Гэрэл зургийг хэрхэн олж харах, гэрэл зураг бүтээх, байнга сайжруулахын тухай, гэрэл зурагчдад урам зориг өгөх, гэрэл зургийн шилдэг бүтээлүүдийг бүтээх шинэ чадварыг нээхэд нь туслах зорилгоор бичсэн энэ номыг агентлагийнхаа 30 жилийн ойд зориулан орчуулан өргөн барьж байна” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7772)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn