Б.ЖАВХЛАН
Саудын Араб улсын Аль-Кассим хотод зохион байгуулагдаж буй засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож байна. Өчигдөр мастер ангиллын эрэгтэй 20 км, эмэгтэй 15,8 км зайн ганцаарчилсан уралдаан болж тивийн аваргууд тодорлоо. Тус ангилалд Монгол, Тайланд, Казахстан, Тажикистан, Малайз, Хонконг, Киргизстан, Саудын Арабын баг тамирчид уралдсанаас манай ахмад дугуйчид хоёр алтан медаль хүртлээ. Тэмцээний 55-59 насны ангилалд ОУХМ Д.Шинэбаяр /Хоршоолол/, 66-69 насанд ОУХМ Г.Анхбаяр /Монруд/ тивийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн 55-59 насанд С.Түмэндэмбэрэл /Хубилай хаан/, эмэгтэйчүүдээс 45-49 насанд Д.Эрдэнэтуяа /Улаанбаатар нийгэмлэг/ нар хүрэл медаль хүртлээ. Ахмад тамирчдаас ОУХМ Д.Шинэбаяр Ази тивийн аваргын хоёр дахь алтан медалиа хүртсэн бол ОУХМ Г.Анхбаяр найм дахь алтан медиалаа авлаа.
Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор дөрвөн насны ангилалд нийт 23 тамирчин оролцож байна.