Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш боловсролын үйлчилгээнд гарсан нэг сонголт бол төрийн бус өмчийн сургууль байгуулсан явдал юм.
Манай улсад өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн нийт 910 сургуульд 821.300 сурагч суралцаж байна. Үүнээс төрийн бус өмчийн 183 сургуульд 80.525 сурагч суралцаж байгаа юм. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хувийн сургуульд боловсрол эзэмшиж байгааг илтгэнэ.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Монголын хувийн сургуулиудын холбооны бүх гишүүдийн ээлжит хурлыг зохион байгууллаа.
“Хувийн сургуулийн хүүхдүүдийг улсаас хэрэгжүүлж буй төрөл бүрийн төсөл, хөтөлбөрөөс хасаж байгаа зохицуулалтууд нь ялгаварлан гадуурхалт үүсгэж байна”
Тус хурлаар боловсролын салбар, тэр дундаа төрийн бус өмчийн ЕБС-иудын удирдлагууд салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлогын тулгамдсан асуудлыг төрийн бодлого тодорхойлогчидтой хэлэлцэж, дуу хоолойгоо хүргэсэн юм.
Энэ үеэр Монголын Хувийн Сургуулиудын Холбооны дарга Г.Өнөрсайхан “Хувийн хэвшлийн сургуулиуд нэг талаараа төрийн ачаанаас үүрэлцэж байна. Мөн гаднын орны шинэлэг хөтөлбөрүүдийг Монгол Улсдаа амжилттай хэрэгжүүлж байна. Энэ нь гадагшаа гарч сурах боловсролын цагаачлалыг бууруулж, монголдоо эдийн засгийн үр өгөөжийг нь авч үлдэхэд нөлөө үзүүлж байна. Түүнчлэн ирээдүйн сайн боловсон хүчнийг бэлтгэхэд маш том хувь нэмрийг оруулж байна гэсэн үг. Дээрээс нь бусад салбарт хөрөнгө оруулахгүйгээр боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тиймээс одоо оруулж байгаа хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг урт удаан хугацаанд хүртдэг нь салбарын онцлог. Тэгэхээр төрийн зүгээс гаргаж байгаа боловсролын салбарын шийдлийн хүрээнд хувийн сургуулиудад суралцаж байгаа 80 гаруй мянган хүүхдийн эрх ашгийг бодолцохыг хүсэж байна. Мөн 8000 багш, ажилчдыг бодолцсон шийдвэр гаргах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн боловсрол гэж байхгүй. Харин монгол иргэн бүрийн сурч хөгжих боловсрол л гэж бий. Тэгэхээр 10 хүүхэд тутмын нэг нь суралцаж байгаа хувийн сургуулиудын үүрэг оролцоог дэмжиж ажиллахыг хүсэж байгаа” гэв.
Төрийн бус өмчийн сургууль үйл ажиллагаа явуулахад олон хүндрэлтэй асуудал тулгардаг байна. Тухайлбал, 2023 оны “Боловсролын ерөнхий хууль”-ийн шинэчлэлээр “Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтийг төрийн бус өмчийн сургуулийн сурагчдад олгохоо больсон нь хүүхдүүдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа. Түүнчлэн төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй хүүхдүүдийг улсаас хэрэгжүүлж байгаа төрөл бүрийн төсөл, хөтөлбөрөөс хасаж байгаа зохицуулалтууд нь ялгаварлан гадуурхалт үүсгэж байгааг тус тус дурдлаа.
Багшийн хөдөлмөрийг үнэлэх, хүүхдийн тэгш эрхийг хангах санал дэвшүүллээ
Хурлын үеэр төрийн бус өмчийн сургуулийн удирдлагууд бодлогын болон эрх зүйн асуудлуудыг онцлон хөндөж, хэд хэдэн саналыг дэвшүүлсэн юм.
Үүнд, хувьсах зардлын итгэлцүүр, хэмжээг инфляцтай уялдуулан тогтмол шинэчлэх. Үдийн хоол, “Сүүн дархлаа” хөтөлбөр зэрэг дэмжлэгийг сургууль харгалзахгүй адил хэрэгжүүлэх. Сургуулийн сонголтоос шалтгаалан хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх. Багшийн нийгмийн баталгааг анхаарч хувийн сургуульд ажилласан жилийг төрийн байгууллагынхтай адилтган тооцох. 36 сарын тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг өмчийн хэлбэр харгалзахгүй алагчаалалгүй олгох. Хувийн сургуулиудыг хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгт хамруулах. Орон нутагт аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд зориулсан орчин, мэргэшсэн багш, санхүүжилтийг бодлогод тусгах. Хүүхдийн боловсрол нь төр, сургууль, гэр бүлийн хамтын оролцоонд тулгуурладаг болохыг бодлогоор дэмжих, нийгмийн хандлагад тусгах зэрэг саналыг холбогдох төрийн байгууллагынханд илэрхийллээ.
Эдгээр саналууд нь багшийн хөдөлмөрийг үнэлэх, хүүхдийн тэгш эрхийг хангах, боловсролын байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа гэв.
“Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулна”
Манай улсад 183 төрийн бус өмчийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 29 нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Тэдгээрийн төлөөлөл Баянхонгор аймгийн Төгс алгоритм сургуулийн гүйцэтгэх захирал Г.Отгончимэг “Хувийн сургууль гэхээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өндөр төлбөртэй сургуулиудаар жишээ авч ярьдаг. Харин орон нутгийн хувийн хэвшлийн сургууль ихээхэн онцлогтой байдаг. Төлбөрийн хувьд бага, эцэг эхчүүдийн хувьд орлогын түвшин нь дундаж зэрэг ийм бүтэцтэй байдаг. Хөдөө, орон нутагт хувийн сургууль байгуулагдснаар боловсролын чанарыг сонголттой болгож өгч байгаа юм. Мөн эцэг эхчүүд болон сурагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан байгуулагдаж байгаа. 2025-2026 оны хичээлийн жил бидний хувьд нэлээд сорилттой жил болж байна. Тухайлбал, 2026 оны нэгдүгээр сараас улсын сургуулийн багш нарын цалин нэмэгдсэн. Үүнийг дагаад хувийн сургуулиудын багш нарын цалинг нэмэх болоход цалингийн сан, санхүүгийн тооцоололд тусгагдаагүй 30-40 хувийн тооцоолоогүй зардлууд гарч байна.
Эргээд тооцоолоогүй зардлыг хувийн сургуулиуд үүрээд явж байгаа боловч улсаас нэг хүүхдэд олгож байгаа хувьсах зардлын хувьд ялгаатай байдаг. Жишээлбэл, нэг сая хүртэлх төгрөгийн төлбөртэй хувийн сургууль улсын сургуультай адилхан нэг итгэлцүүрээр авч байхад 1-5 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй сургуулиуд 60 хувийн зардал авдаг. 5-10 саяын төлбөртэй бол 50 хувь, 10-с дээш саяын төлбөртэй бол улсаас ямар нэг зардал авдаггүй. Бас нэг асуудал нь хувийн өмчийн сургуулийн 80 гаруй мянган хүүхдэд “Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтийг олгохоо больсон. Энэ шийдвэр хөдөө орон нутагт нэлээд хүндээр туссан. Үдийн хоолны санхүүжилт өдрийн 2500 төгрөг, жилийн 425 мянга орчим төгрөг байдаг. Энэ нь дундаж орлоготой өрхүүдийн хувьд санхүүгийн ачаалал үүсгэж байна. Хүүхдийнхээ боловсролд анхаарсан хэсэг нь гадуурхагдаж байгаа мэт энэ асуудал эмзгээр тусаж байна” гэлээ.
Дээрх асуудалд хувийн сургуулиудын холбоо, тэр дундаа хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус өмчийн сургуулийн албан тушаалтнууд холбогдох албаныханд санал бодлоо илэрхийлсэн боловч “Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт орж байж эдгээр асуудал шийдэгдэх боломжтой гэх хариуг өгчээ.
Иймээс төрийн бус өмчийн сургуулийнхан өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн “Үдийн цай” хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сурагчдад олгох саналыг нийтийн өргөдөл, гомдлын цахим сайтад байршуулжээ. Мөн үүнтэй холбогдуулан эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр “Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа аж.
Дархан-Уул аймгийн Цайхун сургуулийн захирал Д.Бямбабаатар “Боловсролын үйлчилгээнд сонгох эрхийг эдлэхэд хувийн хэвшлийн сургуулиуд нийлүүлэлт талд сонголтыг бий болгодог нь чухал ач холбогдолтой. Одоогоос 30-аад жилийн өмнө анхны хувийн сургуулиуд байгуулагдаж эхэлсэн. Ингэснээр боловсрол гэдэг бол зөвхөн яамнаас тамгалсан хөтөлбөр биш. Харин олон төрөл хэлбэр, сонголттой зүйл байх ёстой гэдгийг харуулсан. Түүнчлэн дэлхийн боловсролоос суралцах зүйлсээ оруулж ирж суралцах шийдэл, эрэл хайгуулын хариулт болж гарч ирсэн. Бид боловсролын салбарт цөөнх болчхоод байдаг. Тодорхой хэмжээнд дуу хоолойгоо хүргэж, өөрсдийн үнэн бодит байдлыг ойлгуулж чаддаггүй. Харин өнөөдрийн хурал төрийн байгууллагуудад өөрсдийн эрх ашгийн талаар дуу хоолойгоо хүргэх чухал ач холбогдолтой боллоо” гэв.
Хуралд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Уянга, С.Цэнгүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргын зөвлөх Г.Отгонтуяа, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхбилэг нар оролцож, салбарын бодлогын чиг хандлага, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, сургуулиудын удирдлагуудын санал, байр суурийг сонслоо.
Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь цаашид салбарын, тэр дундаа төрийн бус өмчийн сургуулиудад суралцаж буй сурагчдын эрх ашиг, тогтвортой хөгжил, ил тод засаглалыг дэмжих чиглэлээр гишүүн сургуулиудын оролцоонд тулгуурласан, нэгдсэн, бодит үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 26 (7768)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn