Д.Мягмаржаргал
Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд байрлах 240 дүгээр байрыг худалдан авсан иргэн Ц.Бямбадорж байрны өмчлөх эрхээ өөрийн нэр дээр шилжүүлж чадалгүй, залилангийн хохирогч болсон талаараа мэдээлэл хийлээ. Мөн түүнээс гадна 13 хохирсон иргэн байгаа юм.
Уг байрыг н.Ганзориг, н.Ганболд гэх нэр бүхий этгээдээс худалдан авсан боловч байрны ордер нь н.Ганболд гэх хүний нэр дээр байдаг ба ББСБ-ын барьцаанд тавьсан нь ил болжээ. Үүний улмаас өмчлөх эрхээ бүртгүүлэх боломжгүй болсон байна.
Түүнчлэн уг байр нь дулаан, халуун усгүй, цахилгаан, шугам сүлжээний холболт стандартын шаардлага хангаагүй байсан бөгөөд оршин суугчид өөрөөсөө мөнгө гарган дулааны шугамд холбогдсон байна.
Энэхүү асуудлаар иргэд хуулийн байгууллагад гомдол гаргасан ч “нотлох баримт хангалтгүй” гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан хариу авч, асуудал одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.
240 дүгээр байрны 17 тоотын оршин суугч Б.Батзориг “Анх бүрэн төлөлтөөр энэ байрыг авсан ч одоог хүртэл өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа. Мөн хөдөө байх хугацаанд байрыг маань зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж хөөж гаргасан. Тухайн үед ийм чанарын шаардлага хангаагүй байрыг улсын комисс хүлээж аваагүй бол бид өнөөдөр ийм байдалтай сууж байхгүй байсан” гэв.
Мөн тухайн байрыг ашиглалтад оруулахдаа улсын комисс хэрхэн, ямар үндэслэлээр хүлээн авсан нь эргэлзээ дагуулж байгааг иргэд шүүмжилж байна.