Манай улс 2008 оноос жил бүрийн нэгдүгээр сарын сүүлийн өдрийг Иргэний нийгмийн өдөр болгон тэмдэглэдэг болсон. Энэ жил иргэний нийгмийн долоо хоног болгож урьд урьдын жилүүдээс илүү өргөн хүрээнд асуудлаа хэлэлцлээ.

Хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхны “тогоон дотор” болсны нэг нь баасан гарагт Блю Скай-д болсон “Хөгжлийн төлөөх түншлэл: Төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлье" чуулган байлаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад 24882 ТББ бүртгэлтэй, тал орчим хувь нь идэвхитэй ажиллаж байна. Жил бүрийн өдийд тэд хамтдаа цуглаж асуудлаа ярилцдаг нь уламжлал болсон ч энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой болж байгааг зохион байгуулагч Монголын залуучуудын эвсэл болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхөн онцлон тэмдэглэж байна.

Нэгдүгээрт, төр иргэний нийгэм гэдэг хоёр субьект нэг нэгнээ “дээр, доороос” харах биш хамтдаа түнш болон ажиллах тухай энгийн концепц энэ жилийн хамгийн гол зорилт болж байна. Ингэхийн тулд мэдээж хууль эрх зүйн орчныг бий болгох тухай бодлогын асуудал яригдана. Хоёрдугаарт, иргэний нийгэм гэдэг малгай хаягтай бүхэн салбарын асуудал дээрээ нэгдмэл байх, илүү хариулагатай байх, нэг тийш харах тухай асуудлыг чухалчлан хөнджээ.

Тиймээс ч энэ удаагийн чуулган төрийнхний төлөөлөл багатай, дотооддоо нэгдсэн ойлголтоо баталгаажуулсан эерэг бөгөөд өгөөжтэй чуулган болж харагдсан. Мөн чуулганаас гарсан зөвлөмж, санамж бичгийг албан ёсоор төрийн тэргүүнд уламжилж, дараа дараагийн ахицтай үр дүнтэй алхмуудын төлөө ажиллана гэдгээ ч зохион байгуулагчид хэлж байв.

Хянадаг бөгөөд хамтардаг байя…

 

“…Иргэний нийгмийн байгууллагыг төрийн зүгээс өөрсдөд нь хяналт тавьдаг гэдэг нэг өнцгөөс харах гээд байдаг тал бий. Мэдээж хянах гэдэг нэг үүрэг байх ч бид төртэй хамтарч түншлэх, яг ижил түвшинд ажиллах бүрэн бололцоотой гэдгээ харуулах цаг ирсэн” гэж Монголын залуучуудын эвсэл-ийн тэргүүн Амарзаяа ярилаа. Үнэхээр ч тэгж харагдаж ирсэн өнцөг байдаг. Тэгвэл төртэй тэрсэлддэг биш, түншилдэг байхыг чухалчлан авч үзсэн нь ч учиртай юм.

Бид 1992 оны шинэ Үндсэн хуулиар “...хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно” гээд заачихсан, түүнийхээ төлөө зорьсоор 35 жил өнгөрчихөөд байгаа. Иргэний нийгэм гэдэг үг ч бидэнд өдөр тутам сонсогддог танил үг. Гэхдээ яагаад ч юм өнөөдрийг хүртэл төрийг хянадаг, эсвэл шүүмжилдэг гэдэг утгаар нь илүү анхаараад өдөр болгон шахуу яриад байснаас үр дүн маань хэр байсан бэ гэвэл бас төдийлөн оновчтой байсангүй.

Иргэний нийгэм гэдэг их айлд 24-25 мянган ТББ байгаа гээд үзвэл яах аргагүй том айл. Гэхдээ нөгөө талд энэ том салбарт зориулсан хуулийг анх баталснаас хойш 29 жил болж байна. Энэ хугацаанд бодлогын дорвитой өөрчлөлт бий болсонгүй. Товчхондоо бол хэтэрхий хуучраад байгаа бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах талаас нь харвал яагаад ингээд удаан явчихаваа гэж гайхмаар ч юм шиг. Гаднаас нь бол ингэж дүгнэж болноо гэж өөрсдөө тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байна лээ. Тиймээс ч энэ удаагийн хэлэлцүүлгийн нэг гол хэсэг бол салбарын эрх зүйн баримт бичгийн үзэл баримтлал хийгээд үр дүнгийн тухай байлаа. Гэхдээ гаднаас нь дүгнэвэл гэж онцолсны учир гэвэл энэ гацалт зөвхөн тэднээс шалтгаалсангүй. Хэд хэдэн удаагийн оролдлого хийгээд санал нэгдэж чадаагүй, хоёр тийшээ харчихдагт учир байв. Төр нь “Та нар нэгдмэл байр суурьтай биш, нэг асуудал ярихаар өөр нэг нь гарч ирдэг, өөр юм ярьдаг” гээд гэдийчихдэг. Иргэний нийгэм нь “Төрөөс боловсруулсан баримт бичиг бидний өнөөдрийн тулгамдсан асуудалд шийдэл болохуйц биш байна” гээд голоод суучихдаг ийм байдлаар хэдэн ч жил болов. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, төртэй түншилж, хамтарч ажиллая гэдэгт бодитой ажил хийхээр сүүлийн хоёр жилд овоо ч ахиц гаргасан байна. Хэд хэдэн судлаач экспертүүд энэ талаар гарц гаргалгаа болох шийдлийг хэлэлцүүлгийн үеэр илтгэл болгон танилцуулахаас гадна хамгийн гол нь өөрсдийн юу хүсч, юунд хүрэх гээд байгаагаа бүрэн тодорхойлсон эрх зүйн баримт бичгийн үзэл баримтлалаа бий болгожээ. Өмнө нь ТББ-ын тухай хуулийг өөрчлөх асуудал яригдахтай зэрэгцэн Холбоо, сангийн тухай хууль Их хурал дээр батлагдах шахаад буцсан. Энэ хуулийг иргэний нийгмийнхэн нийтээрээ эсэргүүцсэн, өөрсдийнх нь үзэл баримтлал биш гэж үзсэн. Тиймээс ч энэ хуулийн төсөл буцсаны дараа за ер нь төрд юу хүсээд байгаагаа илэрхийлсэн ойлгогдохуйц үзэл баримтлалаа тодорхойлж өгөхгүй бол болохгүй нь гэдэгтээ санал нэгдсэн хэрэг. Шинэ хуулийн үзэл баримтлалыг энэ салбарт олон жил сэтгэл чилээн ажилласан ахмад эксперт Ж.Сүхжаргалмаа гуай танилцуулав. Тэрээр манай улс иргэний нийгэм, иргэний нийгмийн байгууллагын чадамжийг дээшлүүлэх, тогтвортой байдлыг хангах, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох нэгдмэл бодлоготой байх зайлшгүй шаардлагатай. Ингэж баталснаар улсын хөгжлийн суурь стратеги бий болох боломжтой гэдгийг онцолсон юм.

 

Дотоод чадавхи, нэгдмэл байдлыг нэмэгдүүлье

 

Хоёр дахь хэлэлцсэн чухал асуудал нь Иргэний нийгмийн байгууллагууд нэгдмэл байх тухай. Нэг талдаа энэ салбарт насаараа ажиллаж, иргэний нийгмийн төлөө ардчиллыг бэхжүүлэхийн төлөө мэргэжлийн хүмүүс санаа чилээн ажилласаар ирсэн бол нөгөө талд төрийн гар хөл болж, даргын нэрээр байгуулагдсан хармааны ТББ-ууд ч бий болсныг үгүйсгэх аргагүй. Тэгвэл эдгээр замбараагүй байгаа нөхцөл байдлаа цэгцлэх, төлөвшүүлэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бий тухай салбарынхан дуу нэгтэй хэлж байна. Энэ дээр салбар руугаа өнгийсөн, судалгааны материалууд ч нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийх хангалттай хөшүүрэг болж байна лээ. Жишээ нь судлаач Д.Тэгшбаяр 1997 оны ТББ-ын тухай хуулийг судалж, үнэлэлт өгснөө танилцуулсан. Түүний хэлж байгаагаар 28 жил болсон энэ хууль нь иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага гээд нэршлээсээ эхлээд алдаатай, олон янзаар нэрэлсэн асуудалтай байгааг онцолсон. Мөн төрийн бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан 514 зохицуулалтын 257 нь төрөөс иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих агуулгатай байгаа ч ихэнх нь тунхагийн шинж чанартай. Эргээд хэн хэзээ яаж, ямар байдлаар оролцох гэдэг нь тодорхойгүй. Хэрэв оролцох юм бол яавал иргэний нийгмийнхэн хариуцлага хүлээх юм, яавал төр хариуцлага хүлээх юм гэдэг ерөөсөө тодорхой биш, харин тунхагийн гоё үгнүүдийг хуульд маш их ашиглаж байна” гэсэн юм. 

Чуулганы үеэр “Иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, нь иргэний орон зайн тулгамдсан асуудал” сэдвээр судлаач Ц.Батсугар сонирхолтой илтгэл танилцууллаа. Тэрээр “Иргэний орон зайд тулгамдаагүй асуудал бараг байхгүй. Монголд өнөөдөр иргэний орон зай ямар түвшинд байна вэ гэж Монголд хийгдсэн судалгаа мэдээлэл дата хангалтгүй байдаг. Манай улсын хувьд “Сivicus” мониторингийн индексээр иргэний нийгмийг хамгаалах нөхцөл байдлын үнэлгээгээр “саадтай” ангилалд байсаар ирсэн. 2021 онд Хүний эрх хамгаалагчийн тухай хууль батлагдсанаар ногоон бүс рүү орсон ч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. 2017 оноос ТББ-ын тухай хуулийг шинэчлэх санаачилга эхлээд 2020-иод оноос эхлээд хумих эрсдэлтэй байна гэж үзсэн. Мөн иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчид, активистуудын эсрэг кэйсүүд багагүй байна. Эдгээрээс хамаараад иргэний орон зайн үзүүлэлт маань саадтай ангилал руу буцаад орчихсон. “Саадтай” байхад нөлөөлж байгаа хамгийн гол асуудал бол нэгдүгээрт иргэд өөрсдийн эрх ашгаа хамгаалах, эрх ашгийг нь хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй, хоёрдугаарт сайн дурын, албан бус бүлгүүд ажиллах эрх зүйн орчин бараг байхгүй, гуравдугаарт иргэний нийгмийн эгэх хариуцлагатай байх, мэдээллийн ил тод байдал, мэдээлэл хангалтгүй, дөрөвдүгээрт иргэний нийгмийн чадавхийн асуудал нөлөөлж байна гэсэн юм.

 

Судлаач Д.Тэгшбаяр: ТББ-ын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг цөөхөн хийсэн

ТББ-ын тухай хууль батлагдаад 29 дэх жилдээ хэрэгжиж байна. Иргэний нийгэм буюу төрийн хяналтыг хэрэгжүүлэх, иргэний нийгмийн зохион байгуулалт, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, зохицуулалт хийж байгаа ганц хууль. Энэ хуулийг судлаж үнэлж гаргаж ирэхэд хэд хэдэн асуудал байна. Ялангуяа цахим орчинд бидний эвлэлдэн нэгдэх, бүртгэгдээгүй холбоо сан, ИНБ-ын үйл ажиллагааг яаж зохицуулах гэх мэт олон асуудлыг үнэлгээгээр гаргаж ирсэн. Ер нь бол ТББ-ын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг цөөхөн хийсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа хийсэн, есөн удаа өөрчлөлт орсон. Үнэлгээний дүгнэлтийг Иргэний нийгмийн байгууллагуудад хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага бий. Ингэж байж бид төр рүү оновчтой зохион байгуулалттай хандах нөхцөл бүрдэнэ” гэв.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Иргэний нийгмийн салбарт чиглэсэн тодорхой ажлуудыг хийж байгаагийн нэг нь “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ төслийн хүрээнд 15 иргэний нийгмийн байгууллагын сайн засаглал, ил тод байдлыг дэмжих чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл төсөлд хамрагдаж байгаа байгууллагууд өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцсан юм.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: Эрх зүйн баримт бичиг бий болгоход анхаарах талаар ярилцлаа

"Энэ удаагийн чуулган өнөөдөр энэ салбарт байгаа асуудал бэрхшээлийг даван туулахад чиглэсэн бодлогын өөрчлөлт рүү чиглэж байна. Иргэний нийгмийнхэн үндсэн чиг баримжаатай, үзэл баримтлал бүхий эрх зүйн баримт бичиг бий болгоход анхаарах талаар голлон ярьж байна. Хоёрдугаарт, хоёрдугаар төртэй хэрхэн хамтарч, түншилж ажиллах, ингэхийн тулд зөвхөн төрөөс үл хамаараад эвлэлдэн нэгдэх, нэгдмэл үнэт зүйлээ илүү баталгаажуулахад чиглэж байна. Яг энэ чиглэлээр өнгөрсөн жил есөн зарчмыг баталсан. Энэ есөн зарчмыг амьдрал дээр хэрэгжүүлсэн иргэний нийгмийн байгууллагууд сайн туршлага сургамжуудаа харлаа. ИНБ бүр өөрийн үйл ажиллагаа алсын хараа, эрхэм зорилго үр нөлөөгөө эргэн харж, чанарын үнэлгээ хийгээд ирээдүйд чиглэсэн зорилтуудаа илүү нарийвчлан, хүрээ харилцаагаа улам тэлэх, хамтын ажиллагаагаа сайжруулах гэх мэт тодорхой ажлуудыг хийсэн үр дүнгээ хуваалцлаа. Цаашид төр, иргэний нийгмийн түншлэл илүү бодитой, үр дүнтэй хамтын ажиллагаа болох бүрэн боломжтой гэж итгэж байна" гэв.

Чуулганд энэ салбарын 100 гаруй төлөөлөл оролцсон. Тэдний хувьд үр дүнтэй байгааг онцлон дүгнэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилт хангалтгүй, хууль үеэ өнгөрөөсөн гэж дүгнэхээс илүү үүргээ гүйцэтгэсэн, сайжруулах, шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай ялгаж салгаж ойлгохыг хүсч байлаа. Зарим оролцогчдын тухайд олон жил хууль, үзэл баримтлал гэж ярьж, цаг алдсан, тиймээс цаашид аль болох богино хугацаанд нэгдмэл байр суурьтай болж, төр-иргэний нийгмийн түншлэлийг бодитоор эхлүүлэх, ингэхийн тулд өөрсдөө төртэй эн тэнцэхүйц чадавхитай болох зэргээр эрүүл шүүмжлэлийг ч өгүүлж байлаа. Ямартай ч салбарын хувьд нэгдмэл байр суурьт очиж байгаа нь өөрөө чухал гэдэгт санал нэгдэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 23 (7765)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn