Р.Оюун

Хүний эрхийн үндэсний байгууллага үүсэн байгууллагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнөөдөр хүндэтгэлийн хурлаа зохион байгууллаа. Хүндэтгэлийн хуралд УИХ, Засгийн  газрын гишүүд, хамтран ажиллагч төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын зочид, төлөөлөгч 300 гаруй хүн оролцож ХЭҮК үйл ажиллагааны эхлэл, ололт, сорилт, тулгамдаж буй асуудал,  хүний эрхийг хамгаалах тогтолцоонд комиссын эзлэх байр суурь, хүний эрхийг хангах төрийн үүрэг ба хараат бус хяналт гэсэн асуудлаар илтгэл мэдээлэл танилцуулж санал солилцлоо. 25 жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, зөрчигдсөн асуудлаар 13431 гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Мөн 2105 хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, хүний эрхийн асуудлаар 162 судалгаа, дүн шинжилгээ хийж, 354 хууль, тогтоомжийн төсөлд 2255 санал хүргүүлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 удаагийн илтгэлийг холбогдох санал, зөвлөмжийн хамт УИХ-д өргөн барьж УИХ-аас тогтоол гаргуулан хэрэгжилтэд хяналт тавин ажиллажээ.

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд ХЭҮК нь 2002 онд Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы 10 дахь гишүүнээр, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны А статус бүхий бүрэн эрхт гишүүнээр 2003 онд элссэн. 2005, 2015 онд Ази Номхон далайн чуулганы ээлжит хурал зохион байгуулж, 2005-2008, 2015-2018 онд тус чуулганы даргаар, 2022-2024 онд орлогч даргаар тус тус ажилласан байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд комисс нь хүний эрхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход санал, зөвлөмж хүргүүлэх, тодорхой бүлгийн эрхийг хамгаалах, олон улсын хүний эрхийн механизмуудад Монгол Улсын оролцоог хангах, үндэсний хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж иржээ.

Эх сурвалж www.zms.mn