Европын зургаан улсад нээлтээ хийсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном Монголд нээлтээ хийлээ

Мэнэнгийн цэлэлзсэн талаас мандсан нар, өмнийн шаргал говийн хөвөө хязгаараар  хөөрөх мэт нар зөв эргэсэн Монгол орны дөрвөн зүг найман зовхист дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа эзэн нь болсон нүүдэлчин монголчууд аж төрөн амьдарсаар. Дэлхийн соёл иргэншил даяаршиж, тэнгэр баганадсан барилга сүндэрлэсэн суурин соёлын дэргэдүүр өвөг дээдсийн ондоошил, дахин давтагдашгүй түүхийг хүн бүр бүтээсээр эгэл даруухнаар өөрийн оршихуйг бүтээнэ. Азийн хамгийн эрэлхэг үндэстний энэрэл хайр, эр зориг, тэсвэр тэвчээр дүүрэн эгэл даруухан амьдрал магадгүй нүүдэлчдэд л үлдсэн байж мэдэх юм.

Хүн байгалийн энэ л нандин холбоо, шүтэн барилдлага, оршихуйн эрхэм чанараа хамгаалан зогсох эр зоригийн баримтыг илэрхийлсэн хөрөг сурвалжилгын бүтээлүүдээр “Оюунлаг эргэлт медиа групп”-ын дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын хамт олон “Сүүлчийн нүүдэлчид” номоо бүтээжээ. Тодруулбал, орчин цагийн нүүдэлчин монголчуудын ахуй амьдралыг харуулсан 32 хөрөг бүхий сэтгүүл зүйн бүтээл бүхий номыг Унгар, Австри, Чех, Швейцар, Итали, Франц гэсэн Европын зургаан улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн бол өчигдөр “Чингис хаан” Үндэсний музейд монгол уншигчдадаа өргөн барих номын нээлтээ хийв.

Мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх хүсэлтэй Ergelt.mn мэдээллийн сайтын хамт олон таван жилийн ойгоо угтаж гурван томоохон ажил төлөвлөсний нэг нь энэхүү ном байжээ. Нэгдүгээрт, “126” буюу улсын их хурлын гишүүдийн тухай эрэн сурвалжилсан  600 гаруй хуудастай сэтгүүл, хоёрдугаарт, “Давсан үүрсэн 40 жил” нийтлэлээрээ баримтат кино хийх, гуравдугаарт, нүүдэлчдийн гал голомт болсон орчин цагийн монголчууд ямархан аж төрж байгааг судалгааны эргэлтэд оруулах бүтээл хийх зорилго тавиад ийнхүү амжилттай биелүүлжээ. Энэ тухай тус сайтын ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар “Монголын сэтгүүл зүйн салбарт хоёр тулгамдсан асуудал үүсээд байна. Тухайлбал, мэргэжлийн түвшинд сурвалжилга, ярилцлага, нийтлэл бэлтгэх нь багасаж Төрийн ордноос улс төрийн мэдээ дамжуулах нь ихэссэн. Ингэхээр дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хөл нийлүүлэн алхаж боломж хоцрогдож байна. Тиймээс бид хэрхэн дөрөө харшуулах вэ гэдэг бодол тээсэн. Дараагийнх нь хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхэд тулгарсан сэтгүүлчдийн цалин, санхүүгийн асуудал байдаг. Иймд өөрсдийн уран бүтээлийг дэлхийн зах зээлд хүргэж, үүгээрээ ашиг орлого олбол хараат бус сэтгүүл зүй хөгжих юм байна гэх шийдэлд хүрч, энэ номоо бүтээсэн” гэсэн юм.

 

Бүтээлээ серби, герман, чех зэрэг хэлээр орчуулж олон улсын уншигчдад хүргэхээс гадна “Давс үүрсэн 40 жил” сурвалжилгаар баримтат кино хийнэ

Хоёр километрийн цаадхыг ажралгүй хардаг малчин, хүн амьтдын мөрийг алдалгүй хэлж чаддаг мөрч эмэгтэй улсынхаа аюулгүй байдлыг хилчидтэй хамтран хамгаалсан домогт ажиллагаа, зүрх нь зогссон хүүг амьдруулсан эмч, хорт хавдар гэх дайсныг дарах шидтэй ховор ургамлыг олсон судлаач тэргүүтэй хүмүүний хөрөг багтжээ. Тодруулбал, тус сайтын ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын "Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид", "Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд", "А. Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног" хөрөг сурвалжилга, ерөнхий редактор Б. Энхмартын "Цас, амьдралын зудан дундуур", "Усчин хүү Тулгаа" хөpөг, сэтгүүлч Б.Цогтбаярын "Цасан дундах цагаан халаадтан", "Охиндоо өгсөн түүний амлалт" хөрөг, сэтгүүлч Д. Чанцалдуламын "Давс үүрсэн 40 жил", "Хувьцааны гол тоглогч буюу хогийн цэгийн тэрбумтан С.Чулуун" хөрөг, сэтгүүлч Б.Бадралмаагийн "Хилчдийн домог мөрч Л.Сүхээгийн амьдралын мөр", "Мөнх цаст Хархираа уулын өврөөс Хар Тарвагатайн шил хүрэх тэмээтэй нүүдэл" хөрөг, сэтгүүлч Гүнжидийн "Нүүрсний арьсаа баавгайд хуулуулж, 200 гаруй оёдол тавиулж, амьд үлдсэн Б.Жамсран", "Осгож, зүрх нь зогссон хүүг амьдруулсан эмч" хөрөг, сэтгүүлч Н.Отгонбаатарын "Дахин давтагдашгүй морин хуур", "Эмээгийн авдраас олдсон оньсон тоглоом" хөрөг, сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн "Тэнгэрийн араншныг танигч", "Сургуульдаа мориор явдаг ах дүү хоёр" хөрөг, сэтгүүлч О.Эрдэнэтунгалагийн "Сургуулийн галч", сэтгүүлч Х.Доржпаламын "Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин", "Говийн бор толгод дундаа хэдэн янгираа услаад зогсох шиг жаргал алга даа, дүү минь" хөрөг сурвалжилга, сэтгүүлч, оюутан Х.Анаргүлийн "Бүргэдтэй нөхөрлөсөн анчин Х.Ардакын түүх" тэргүүтэй 32 хөрөг багтсан байна. Сүүлчийн нүүдэлчид номыг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр англи хэл рүү хөрвүүлж, олон улсын улс төр судлаач, орчуулагч, эдийн засагч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Э.Содонтогос редакторлаж, англи, монгол хэл дээр хэвлүүлэн нийтэлжээ.

“Монголчууд байгальтайгаа хэрхэн дасан зохицож амьдарч, нүүдлийн ахуй соёлоо хэрхэн тээж байгаа вэ гэдгээ дэлхий нийтэд харуулахыг зорьсон. Европын орнуудад номынхоо нээлтийг хийж байхад серби, герман, чех зэрэг хэлээр орчуулж, олон улсын уншигчдад хүргэх санал ирсэн. Монголын түүхийг дэлхийн олон судлаач судалдаг. Харин орчин үеийн нүүдэлчин монголчууд хэрхэн аж төрж байгаа вэ гэдгийг мэдэх судалгааны бүтээл ховор байна. Тиймээс үүнийг хүмүүсийн бодит амьдрал, хөрөг сурвалжилгаар дамжуулан илэрхийлсэн. Монголчууд хүний амьдралын түүхийг өгүүлсэн сэтгүүл зүйн бүтээлийг унших дуртай байгаа нь манай мэдээллийн веб сайтын хандалтаас мэдэгддэг. Түүнчлэн сэтгүүлчийн эрэл хайгуул, өнцгөө хэрхэн гаргаж бичих вэ гэдэг бас чухал билээ” гэж тус сайтын сэтгүүлч Б.Бадралмаа өгүүлсэн юм. Мөн эдгээр бүтээл нь хүний амьдралын бодит түүхийг өгүүлэх тул баримтат кино, нэвтрүүлэг болох боломжтой бөгөөд Ergelt.mn сайтынхан “Давс үүрсэн 40 жил” бүтээлийнхээ баримтат киноны төслийг хөгжүүлж буйгаа онцлон дурдаж, ирэх сард Берлин хотноо олон улсын продюсеруудад танилцуулах гэж буйгаа илэрхийллээ.

 

“113 жилийн түүхт Монголын сэтгүүл зүйн түүхэнд өөрсдийн тод мөрийг үлдээх залуу үеийн төлөөл энэ номыг бүтээжээ”

 

Удахгүй баримтат кино болон өргөн дэлгэцээр гарах гэж буй “Давс үүрсэн 40 жил” хөргийг бичсэн сэтгүүлч Д.Чанцалдуламаас энэхүү бүтээл хэрхэн бүтсэн талаар мөн тодруулсан юм. Тэрээр “Манай номын нээлтийг зорин ирсэн бүх хүнд баярлалаа. Бид нийтлэлийнхээ гол баатраар алдар гавьяа нь түгсэн олны танил хүмүүсийг сонгох биш харин эх орныхоо эзгүй хээр талд мал сүргээ хариулан яваа  эгэл жирийн хүний түүхийг өгүүлэнгээ дэлхийн уншигчдад яаж онцгой содон, шинэ өнцгийг харуулах вэ гэдгийг судалсан. Тиймээс энэ 32 хөрөг бүгд баримтат кино болох боломжтой гэж бодож байна. Манай редакц сэтгүүлчдээ өдөр тутмын мэдээний араас тэр бүр хөөцөлдөлгүй уран бүтээлээ туурвих боломжийг олгодгоороо бусад мэдээллийн сайт, хэвлэл мэдээллийн байгууллагаас онцлог. Тэр ч утгаараа 2022 онд эргэлт сэтгүүлийнхээ нэгдүгээр дугаарт ямар сайн бүтээл хийж болох вэ гэдэг эрэл хайгуулын үндсэн дээр энэ “Давс үүрсэн 40 жил” сурвалжилга маань бүтсэн. Энэ сурвалжилгын маань гол эзэд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд нэгнээсээ холдолгүй 40 жил давс олборлож буй нэг ангийн дөрвөн хүн байсан юм. Манай эрхлэгч Э.Хүрэлбаатар “Өдрийн сонин”-д ажиллаж байхдаа 2010-аад оны үед танилцаад аян замын тэмдэглэлдээ дурдаад өнгөрч байснаа надад хэлж, сурвалжилга хийж ирэх томилолт өгсөн юм. Ингэж бүтсэн сурвалжилга маань хүмүүст таалагдаж, баримтат киноны төсөл болон хэрэгжиж байгаад залуу сэтгүүлчийн хувьд баяртай байна” гэсэн юм.

Энэхүү номын нээлтэд сэтгүүл зүй, утга зохиолын салбарын мэргэжилтнүүд, олон Соёлын гавьяат зүтгэлтнүүд уригдан ирсний нэг нь Т.Баасансүрэн гуай байв. Тэрээр “113 жилийн түүхт Монголын сэтгүүл зүйн түүхэнд өөрсдийн тод мөрийг үлдээх залуу үеийн төлөөл энэ номыг бүтээжээ. Энэ залуусын бүтээлийг уншихад ямар сайхан үйлстэй хүмүүс Монголд байдаг юм бэ гэж баярламаар, бахархмаар нөгөөтэйгөөр ямар зовлонтой амьдрал байдаг юм бэ гэж эмтэрмээр, Монголын баялагаар тоглосон цадиггүй этгээдүүд байгааг уншиж уур хүрмээр нийтлэлүүдийг бичдэг залуус билээ” гэж нэг салбарын ахмад уран бүтээлчийн хувьд урмын үг хайрласан билээ. Түүнчлэн сэтгүүл зүйн ухааны доктор Ж.Батбаатар “Хэрэв аливаа үндэстэн сүйрч мөхвөл тэдний тухай өгүүлсэн ном бүтээлээс өв соёл, ахуйг нь сэргээн бүтээж болох юм гэх санаа байдаг. Энэ санааны үүднээс үзвэл “Сүүлчийн нүүдэлчид” ном эдүгээ 21 дүгээр зууны нүүдэлчин монголчуудын зан заншил, амьдралын хэв маяг, сэтгэлгээг зураг харж болох баримтыг бүтээжээ” гэсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 20 (7762)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn