Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Даваасамбуутай улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэрээр 1992-1995 онд Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Мөн ИБУИНХУ-д эх орноо төлөөлөн Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. Түүнчлэн туршлагатай судлаачийн хувиар Төсвийн Тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Монгол банкны Хяналтын хорооны даргаар ажиллаж байлаа. 

 

-Та саяхан Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртлээ. Баяр хүргэе. Эдийн засагч хүний хувьд Монголын өнөөгийн эдийн засгийн чадамжийг хэрхэн харж дүгнэж байна вэ?

-Баярлалаа. Эдийн засагчийн хувиар гэхээс илүү хувь хүний бодлоо хуваалцахад би Монголын өнөөгийн байдлыг таван "нар"-тай зүйрлэмээр санагддаг. Энэ таван нараа зөв ашиглаж чадвал манай улсад их боломж бий гэж хардаг.

Таван “нар” гэж юуг хэлээд байна вэ гэхээр эхнийх нь мэдээж тэнгэрт байгаа нар. Монгол Улс дэлхий дээрх бусад улс орнуудаас хамгийн олон өдөр нар үздэг, азтай хүмүүс. Хоёр дахь нь монгол хүн. Гурав дахь нь зэс. Дөрөв дэх нь нүүрс. Тав дахь нь Монголын уламжлалт мал аж ахуй гэж хэлнэ. 
Би Орос, Америкт сургууль төгссөн. Хятадад ажиллаж байсан. Англид Элчин сайдаар сууж байлаа. Ингээд олон газарт ажиллаж сурч мэдсэнийх монгол хүний оюуны чадамж тэргүүлэх гүрнүүдийнхээс огт дутдаггүй гэдгийг зориуд хэлмээр байдаг. Сүүлийн үед ч манай залуучууд олон салбарт манлайлж байна. Дэлхийн математикийн аварга, түргэн бодолтын аварга гээд олон сайхан  залуучууд гарч байна. Монгол Улсаа энэ сайхан оюунлаг хүмүүс ирээдүйд зөв залаад явчихвал, дээр нь энэ таван нар байхад Монгол маань урагшилчих байх гэж боддог.

-Саяхан Ерөнхий сайд Г.Занданшатар улс орныхоо нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар иргэдийн асуултад хариулж, ил тод нээлттэй ярилаа. Та Сангийн сайд байсан хүн мөн судлаач хүний хувиар Ерөнхий сайдын яриаг хэрхэн үнэлэв?

-Монгол 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагтай. Энэ нутагт хувийн хэвшлийг хөгжүүлэхэд төрийн үүрэг асар их. Монгол Улс бүх аймгаа авто замаар холболоо. Хувийн хэвшлийнхэн энэ өргөн уудам нутагт үйл ажиллагаа явуулахад тээврийн зардал маш өндөр байдаг. Тийм учраас хувийн хэвшлийнхний зардлыг хэмнэхэд автозам их чухал. Мөн манай улс агаараас, огторгуйгаас, холбоогоор бүрэн холбогдож чадлаа. Олон улсын компьютерийн тэмцээнд аль ч сумын төвөөс холбогдох боломжтой болсон. Агаарт байдаг холбоог ч авсан, газраас ч холбогдсон байгаа. Гурав дахь том зүйл бол эрчим хүч. Энэ том газрын бүх сумыг цахилгааны, өндөр хүчдэлийн шугамаар холбож байна. Тэр бол өөрөө тэнд амьдарч байгаа иргэдийг цахилгааны  эх үүсвэртэй эдийн засаг хөгжих боломж бүрдэж байна. 

Ингээд харвал Монгол Улс ямар ч гэсэн гурван том зүйлийг хийж чадлаа. Энэ бол өнөөдрийн Засгийн газрын ажил ч биш, өмнөх олон Засгийн газрын Монгол Улсын гал тогоог үеийн үед барьж ирсэн Ерөнхий сайд нарын ажил. Мэдээж үүнийг дагаад Монголын эдийн засаг хөгжинө. Монгол түмэн их хувьтай шүү. 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутагт асар их баялаг байгаа. Хамгийн гол нь энэ баялгийг эзэмшиж, ашиглахын тулд хайгуулын ажлаа гадны хөрөнгө оруулалтаар, хувийн хөрөнгө оруулалтаар, төсвийн хөрөнгөөр гээд бүх л талаар дэмжих хэрэгтэй, хийх нь чухал. Энэ бол Монголыг 200-300 жил авч явах хөгжлийн үндэс болно.

Нүүрс, зэсийг ялгаагүй, түүхийгээр нь гаргах биш эцсийн боловсруулалтыг нь дуустал хийх тэр зам руу бид явах ёстой. Манайд юу л байна нүүрс, зэс байна. Энэ хоёр том баялгийг ашиглаад цахилгаан үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэлээ ашиглаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож л гаргах ёстой. Мөн үүн дээр мал аж ахуй гэдэг асар том баялаг байна. Муугаар бодоход нэгэн цагт ядарлаа гэхэд мал аж ахуй байж л байна. 

-Сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйг нэлээн хөгжүүлэх чиглэлтэй, залуучууд ч тийшээ чиглэж байх шиг. Энэ нь таны хэлээд байгаа таван “нар”-ны нэгийг зөв ашиглаж байгаа хэлбэр гэж ойлгож болох уу?

-Эрчимжсэн мал аж ахуй сүүлийн үед яриад байгаа. Гэхдээ Монгол Улсын газар нутгийн онцлог гэж зүйл бий. Манай улс эрчимжсэн мал аж ахуйг 10 хувиас дээш хөгжүүлэх боломж байхгүй. Яагаад гэвэл жаахан л ахиу байхад хөрсөө эвдээд дуусна Тийм учраас бэлчээрийн мал аж ахуйн 50-60 сая мал монгол түмний амьдралыг ирээдүйд шийднэ. Хүнсийг ч, хөнгөн үйлдвэрийг ч аваад явах болно. Уул уурхайгаа хараад орлого талаасаа мал аж ахуйг төдийлөн ойшоохгүй байж магадгүй. Тэгвэл мал аж ахуй хөгжсөнөөр хүн амын гуравны нэгийг ажлын байраар хангана. Ажлын байрны хангалт гэдэг хамгийн чухал зүйл. Ажлын байрны хангамж талаас харвал уул уурхай 50-60 мянган хүнтэй. Гэтэл мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй илүү олон ажлын байр бий болгох бүрэн боломжтой. 
-Сүүлийн үед эрчимжсэн аж ахуйг харин дэмжье, бэлчээр талхлагдлаа гэх зэргээр яриад байгаа шүү дээ. Тэгэхээр таны хэлснээр манайх эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж хомс юм байна, тийм үү?

-Болж өгвөл эрчимжсэн мал аж ахуйг тултал дэмжих хэрэгтэй. Гэхдээ манайд усны нөөц бэлчээрийн нөөц байхгүй. Би мал дээр өссөн болохоор мал аж ахуйг нэлээд гадарлана. Ер нь малыг нэг дор удаан байлгаад бэлчээрлүүлэхгүй байхаар хөрс их мууддаг.
Ерөнхий сайд, Сангийн яамныхан бол төсөв хүнд байна гэж яриад байгаа. Миний үед нэг тонн зэс 1200 ам.доллар байлаа. Одоо 12 мянган ам.доллар байна. Нүүрс 10 ам.доллар хүрдэггүй байлаа, одоо угаагаагүй, бохир нүүрс гэдгээрээ хямд зарж байгаа нь 80 ам.доллар байна. Олон улсын зах зээл дээр 200 ам.долларт байгаа. Монголын хувьд одоо хийх ёстой хамгийн чухал ажил бол Хятад улстай хийх төмөр зам холболтоо нэн даруй хийх юм. Эхлээд Тавантолгойгоо холбоно, дараа нь бусдыг нь холбоно гээд саяхан ярьж байна лээ. Тийм зүйл байхгүй. Аль алиныг нь л хийх ёстой. Нөгөө талаар ОХУ-тай гаальгүй оруулахаар болсон. Нэг тэрбум ам.долларын мал аж ахуйн бүтээгдэхүүн байгаа. ОХУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулсных малын арьсан эдлэлээ гаргахаас эхлээд мал аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортод гаргах хэрэгтэй. 

-Төсвийн бодлогын зөвлөлийн дарга байсны хувиар та энэ жилийн төсвийг юу гэж харж байна. Алдагдалгүй төсөв батлахыг зорьсон, эрүүл мэнд, боловсролын чиглэлд илүү анхаарсан, хүн төвтэй төсөв баталсан гэж ярьсан. Тэгвэл эдийн засагч хүний нүдэнд энэ төсөв яаж харагдаж байна вэ?

-Монголын эдийн засгийн нэг номерийн асуудал бол хуримтлал. Манайх хуримтлал багатай орон. Хуримтал гэдгийг бид юу гэж хэлж байна вэ гэхээр өнөөдөр бид 95 их наяд төгрөгийн ДНБ-тэй гэж бодъё. Тэрний 50 хувь буюу 45 их наяд төгрөгийг хувь хүмүүсийн, аж ахуйн нэгж байгууллагуудын хувийн хуримтлал байна. Энэ бол манай зах зээл шилжилтийн үед 10-20 хувь байсан юм. Одоо бол 40-50 хувьтай байгаа энэ үзүүлэлтийг 100 хувьд хүргэх ёстой. Энэ хуримтлалтай болохын тулд хувь хүнээс гадна төсөв маань алдагдалгүй байх ёстой. Төсөв алдагдалтай байгаад л байвал хуримтлал байх боломжгүй. Яагаад гэвэл шавхагдах нөөцийг ашиглаж байгаа үедээ аливаа улс орон хуримтлалтай болох ёстой. Жишээ нь, Монголын нүүрс, алт, зэсийн шавхагдах нөөц 100 жил гэж үзвэл энэ 100 жилдээ багтаж бид хуримтлалаа үүсгэх хэрэгтэй. 

Тийм учраас Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж гаргасан. Энэ хуульд “төсвийн үнийн өсөлтийг Ирээдүйн өв сан болон бусад сандаа хийгээд, үлдэгдлээр нь төсвөө алдагдалгүй болгоно. Аргагүйн эрхэнд алдагдалтай байвал ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлж болохгүй” гэж хуульдаа заасан. Зарим хүмүүс төсөв хааяа нэг алдагдалтай байж болно гэж яриад байдаг. Минийхээр төсөв нь алдагдалтай, төлбөрийн тэнцэл алдагдалтай байвал Монгол Улс өрөнд ороод, улам хүндэрнэ гэж үздэг. Тиймээс байгалийн баялгаа ашиглаж байхад нэг номерийн асуудал бол хуримтлал шүү гэж хэлдэг. Тэр утгаараа Засгийн газрын нэг авууштай бодлогыг дэмжиж байгаа. Тэр нь таны тэтгэврийн даатгалын шимтгэлийн найман хувиас хоёр хувийг нь өөрийн тань нэр дээр хадгаламжийн данс нээгээд ирээдүйд олгохоор зохицуулсан. Их зөв бодлого болсон. 

-Нэрийн данс гэсэн үг үү?

-Нэрийн данс биш. Энэ бол одоо хэрэгжиж байгаа бодлого. Үндсэндээ төр тэтгэврийн даатгалд зориулж байгууллагаас авдаг шимтгэлээр төсвөө бүрдүүлж, хувь хүнээс авч байгаа найман хувийн шимтгэлийн хоёр хувийг таван банкинд хүүтэй хадгалуулчихсан байгаа. Хувь хүний төлж байгааг бүгдийг хуримтлуулвал Нийгмийн даатгалын сан хүндэрчих учраас одоохондоо хоёр хувиар нь бодож хуримтлал үүсгээд явж байгаа. Энэ зохицуулалтын дагуу бол чи тэтгэвэртээ гарлаа гэхэд улсын тэтгэврийн сангаас таван саяын тэтгэвэр авдаг боллоо гэхэд ахиад 60 сая орчим төгрөгийн хадгаламжтай болно гэсэн үг. 

-Энэ хэзээнээс эхэлсэн юм бэ. Иргэд төдийлөн мэдэхгүй байгаа байх?

-2024 оноос эхэлсэн. Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулаад таны нийгмийн даатгалд төлж байгаа шимтгэлээс таны нэр дээр данс үүсгэнэ, та ямар банкинд нээлгэхээ өөрөө шийднэ гээд тусгаад өгчихсөн. Одоогоор иргэн бүрийн нэр дээр данс нээх, бүртгэл үүсгэх гээд техникийн ажлууд явж байгаа байх. Дөнгөж дүн нь гарсан байна лээ. Намайг Төсвийн Тогтвортой байдлын  зөвлөлийн даргаар ажиллаж байх үед шийдэгдсэн юм. Би ч ганцаараа шийдсэн юм биш, Төсвийн тогтвортой байдлын хуульд байгаагийн хувиар зөвлөлөөс энэ саналыг оруулж, Их хурал шийдсан. Хувь хүний хуримтлалыг би хувьдаа илүүд үздэг. Засгийн газрын нэр дээр байвал төрийн мэдлийн юм болохоор аль нэг үед нь авчихаж мэднэ. Хувь хүний дансанд байгааг бол авч чадахгүй. 
Тийм учраас хуримтлал гэж яриад байгаа маань энэ юм. Манай өмнөд хөрш гэхэд 20 их наяд ам.доллартай тэнцэх ДНБ-тэй. Тэрнээсээ 2.8 дахин их хуримтлалтай. 60 шахам их наяд ам.долларыг эргэлдүүлж байна гэсэн үг. 100 их наяд төгрөгийн ДНБ-тэй гэвэл болдогсон бол 150 их наяд төгрөгийн хуримтлалтай болчихвол арилжааны банкууд мөнгөтэй болж, хүү буурч, ажлын байр нэмэгдэх боломжтой. Монголын эдийн засгийг өнөөдөртөө зэс нүүрс, алт, мал аж ахуй нуруундаа авч явж байна гэвэл 50 жилийн дараа дансандаа данхайсан их мөнгөтэй байна гэсэн үг. 

Төлбөрийн баланс гээд ярьсан. 2006 оноос таваарын бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнээс хойш эдийн засагт гадны хөрөнгө оруулалт орж ирсэн. Сүүлийн 30 жилд их импорт орж ирснээр төлбөрийн баланс алдагдалтай байсаар одоо 34 тэрбум ам.долларын өртэй болж байна. Яг үүнтэй тэнцэх хэмжээний Засгийн газрын өр байна. 10 орчим тэрбум нь улсын өр, энэ нь ДНБ-ий 50 хувиас доош байх ёстой гэсэн шалгуураа яахав бариад явж байгаа. 

Эдийн засгийн бодлогыг хийхдээ, төсвийн бодлогыг хийхдээ, мөнгөний бодлогыг хийхдээ, хөрөнгө оруулалтын бодлогыг хийхдээ гадагшаа алдаж байгаа төсвийн тэнцлийн алдагдлыг яаж зогсоох вэ гэдгийг гадаадын өндөр хөгжилтэй орнууд маш их анхаардаг. Ялангуяа Герман, Япон, Хятад гурван улс бүр онцгой анхаардаг. Манайх энэ чиглэлд явах ёстой. Монгол Улс өнөөдөр гадаад худалдаанаасаа дөрвөн тэрбум ам.долларын ашигтай байгаа. Үүнийгээ юунд зарж байна гэхээр, гаднаас авсан зээлийн хүүгийн төлбөрт өгөөд дуусч байна. Монголд төмөр зам, уурхай гээд бүтээн байгуулалтууд нь яахав үлдэж байна, доллар үлдэхгүй байгаа. Импорт экспортоосоо давсан байсан, одоо экспорт дөнгөж давдаг болж байна. Энэ дөрвөн тэрбум ам.долларын зээлийн хүүгийн төлбөрт, өрийн төлбөрт, төмөр замаа бариагүйгээс болоод шатахууны төлбөрт өгөөд дуусч байна. Энийг арилгахын тулд дахиад 20 жилийн дараа төлбөрийн баланс алдагдалгүй, хуримтлал ихтэй ийм орон болгохын төлөө бүх юман дээр анхаардаг юм байна лээ. 
БНХАУ ажилчиддаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүгдийг өөрт нь өгчихдөг. Тийм учраас далд эдийн засаг ил болчихдог. Цалингаас нь НДШ-ийг бүтэн бодож өөрт нь өгдөг учир аижлчид бүтэн цалингаа авахыг боддог. Манайх шиг хоёр гурван тайлантай, хоёр гурван янзын цалинтай биш. Далд эдийн засаг байхгүй. Тэр нь бүр өргөжөөд Норвегийн баялгийн сангийн дараа орох том сан болсон. Норвегийн сан 1.8 их наяд ам.долларын сантай, үүний дараа Хятадын сан орж байна. Ингэж банкинд мөнгө байж эдийн засаг өргөжнө. 

-Та Монголбанкны Хяналтын хорооны даргаар ажиллаж байсан. Монгол банкны засаглал, бүтэц гээ олон асуудлыг “Дарга нар хүнээ шахдаг, данхар бүтэцтэй” гээд сүүлийн үед их ярих боллоо. Их хурлын дарга ч мөн нэлээд шүүмжилж, дараа нь цомхотгол явагдсан. Үнэхээр Монголбанк гэдэг энэ айлын нөхцөл байдал яг ямар байдаг вэ?

-Монголбанкны засаглалыг бие даасан болгох зайлшгүй шаардлага бий. Одоо бол аль нам эрх барьж байгаагаас хамаараад эсвэл ерөнхийлөгчийн харааны хүн томилогддог. Тийм учраас доошоо их ширүүн, дээшээ их нялуун байгаа. Дэлхий нийтийн жишиг бол биеийг нь даалгана. Хоёр юм уу, гурван захиралтай байдаг. Германд гурван даргатай. Нэг захирал нь эрх баригч намаас бол нөгөө нь сөрөг хүчний намаас өөр нэг нь олон нийтээс байх жишээтэй. Гол зарчим нь бие даасан ерөнхийлөгчтэй, хяналтын системтэй байх. Европт бол төв банкны удирдлага буруу шийдвэр гаргавал Хяналтын зөвлөл шууд зогсоох эрхтэй. Манай хувьд Хянатын зөвлөл бэлгэдлийн маягтай, зөвхөн зөвлөмж гаргаж байгаа. Тэрийг дагах дагахгүй нь тухайн үеийн удирдлагын асуудал. Гэтэл Европын бусад оронд хувь хүний тухай асуудал биш, тогтолцооны асуудлыг ярьдаг. Тэгэхээр Монголбанкийг бие даасан ерөнхийлөгчтэй, бие даасан Удирдах зөвлөлтэй болгох зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа олон нийтийн хяналт маш чухал. Манайд нам дагасан орон тоо, нам дагасан хүмүүс төрийн өндөр албанд очиж байгаа нэг гажуудал байна. Тиймээс засаглалын зарчмыг зайлшгүй меритээр шийдэгдэж явах ёстой. Гэтэл өнөөдөр төрийн албаны зөвлөл гэж байгаа ч хэн ч тоохгүй намын дарга, ЕНБД ямар хүмүүс гэнэ, тэрийг нь томилж байна. Япон, англи гэх мэт улсад төрийн захиргааны байгууллагуудын ажлыг намаас ангид байлгаж чаддаг их зөв тогтолцоотой. Энэ мэтээр зөв тогтолцоог бий болгох бие даасан байх эрхзүйг нь шийдэх цаг болсон. 

 


Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn