П.АМГАЛАН

 

ЭМЯ-наас нипах вирусийн халдварын талаарх мэдээллийг өглөө. Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм.

Уг халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой гэж үзэж байна.

Нипах вирусийн халдвар нь эмнэлзүйн хувьд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит) үүсгэж, улмаар үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд нас баралтын түвшин 40–75 хувьтай байдаг аж.Одоогоор нипах вирусийн халдварын эсрэг вакцин, вирусийн эсрэг эмчилгээ байхгүй байна.

Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын албан мэдээллээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онд, 2018 оноос хойш Керала мужид өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тус улс нь нипах вирусийн халдварын нутагшмал голомттой юм.

Хамгийн сүүлд 2025 оны  наймдугаар сард Энэтхэг улсын Керала мужид дөрвөн хүн өвчилж, хоёр хүн нас барсан талаар мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ Бангладеш Улсад нипах вирусийн халдвар 2001 оноос хойш жил бүр бүртгэгддэг нутагшмал халдвар бөгөөд 2025 оны 1-8 сарын хооронд Бангладеш улсад газарзүйн байршлын хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан гэнэ.

Бангладеш улсад 2001 оноос хойш 347 батлагдсан нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэсэн бөгөөд нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага, дээрх улсын хувьд эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн байна.  Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан мэдээлэл байхгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр бүртгэгдэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эрсдэлийг бууруулсан байна. Одоогийн байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид таван тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа ба Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан гурван эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлж байна. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn