П.БАЯР
Өвдөг, түнхний мэс засалтай холбоотой эмчилгээний талаар “Монгол Хьюндай” эмнэлгийн гэмтэл согог заслын эмч Б.Эрдэнэболортой ярилцлаа.
- Өвдөгний үрэвсэлд нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу вэ?
-Сүүлийн үед өвдөгний үрэвсэл нас хамаарахгүйгээр элбэг тохиолдож байна. Насны ангиллаар нь авч үзвэл, дунд эргэм насныхан болон залуучууд ихэвчлэн өртдөг. Спортын гэмтэлтэй холбоотой өвдөгний үеийн холбоосын гэмтэл болон жийргэвчийн асуудал, ясны үрэвслүүд ихэвчлэн тохиолддог. Өсвөр насны хүүхдийн өсөлтийн даавар буураагүй байхад холбоосын гэмтэл үүсэхээр насан туршийн өвдөгний үений үрэвсэл давамгайлах магадлал өндөр болдог.
-Танай эмнэлэгт энэ төрлийн ямар эмчилгээ хийдэг вэ?
- Спортын гэмтэлтэй холбоотой бүх төрлийн жийргэвч болон холбоосын гэмтлийн хагалгааг хийж байна.
-Энэ төрлийн гэмтэл авсан хүмүүс буруу эмчилгээ хийлгэвэл ямар эрсдэлд хүргэх вэ?
-Буруу эмчилгээ, бариа засал хийлгэсэнтэй холбогдуулаад спортын карьераа алдах хүртэл эрсдэл үүсдэг. Манай эмнэлэгт 18 настай спортоор хичээллэдэг охин үйлчлүүлсэн. Нэг удаагийн хагалгаагаар шийдэх ёстой байсныг нь хүндрүүлснээс үүдэн мөгөөрсийг нь гэмтээсэн учраас тэр хүүхэд спортоор хичээллэх байтугай үений үрэвсэлтэй болж байгаа юм. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийлгэх нь чухал.
-Ямар тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй вэ?
-Өсвөр насныхан, залуучууд гэмтлийн улмаас өвдөг хавагнах, улайх, явж чадахгүй болох, шатаар өгсөж уруудахад хөл алдах, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Дунд эргэм насныхан болон ахмад настай хүмүүс өвдөгний үеэр шажигнаж дуугарах, нугалж суухад хүндрэлтэй байх тохиолдлуудад рентген зураг авахуулж, дараа дараагийн тусламж үйлчилгээг авах хэрэгтэй байдаг.
-Өвдөг, түнхний мэс засал хийлгэхдээ анхаарах зүйл нь юу вэ?
-1978 оноос дэлхий дахинд протез үүссэнтэй холбогдуулаад өвдөгний үений хагалгааг хийж эхэлсэн байдаг. Манай улсын хувьд 2000 оноос энэ төрлийн хагалгааг хийж эхэлсэн.
Өвдөгний үе солих хагалгааны дараа эргэн солигдох хугацаа гэж байдаг. Энэ нь 15-20 жил гэсэн ерөнхий ойлголтууд байдаг боловч сүүлийн үед 20-25 болж байгаа. Энэ хугацаа нь хагалгаанд хэрэглэсэн тухайн протезийн чанартай шууд холбоотой. Удаан хугацаанд хэрэглэгдэх протезийг тавиулж чадаагүйгээс болоод хэдэн жил болоод л үрэвсэх, сулрах, дахин солих хүндрэл үүсдэг. Тиймээс өвдөгний үе солиулахаар төлөвлөж байгаа бол эхний ээлжид протезийн чанар дээр анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийнхээ төлөө чанартай сайн тусламж үйлчилгээ авах нь чухал юм.
-Танай эмнэлэг ямар төрлийн протезийг хагалгаанд хэрэглэдэг вэ?
-Манай эмнэлэг дэлхийд хамгийн анх буюу 1978 онд үйлдвэрлэгдсэн, хамгийн их судалгаанд хамрагдсан АНУ-д үйлдвэрлэсэн протезийг хэрэглэдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn