Дэлхийн улс орнууд хотын даргаа сонгох зарчим, ардчилсан улс төрийн практикийн дагуу олон янз байдаг. Гэхдээ ихэнх ардчилсан систем нь хотын удирдлагыг иргэдийн санал хураалтаар сонгож, хариуцлага хүлээлгэх зарчим дээр тулгуурладаг байна. Тэгвэл манай улсад болон бусад улс орнуудад хотын даргаа хэрхэн сонгодог талаар уншигч танд “Тэд бид” булангаараа хүргэе.
Монгол Улс: Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг батламжилж, албан ёсоор томилж баталгаажуулдаг
Монгол Улсад нийслэлийн Засаг даргыг ард иргэд сонгодоггүй, төлөөллийн байгууллагаар дамжуулж сонгодог. Ингэхдээ НИТХ-аас эсвэл гаднаас хотын даргад сонгогдох боломжит хүмүүсийг нэр дэвшүүлж, олонхын саналаар нэг хүнийг сонгодог. Үүний дараагаар Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг батламжилж, албан ёсоор томилж баталгаажуулдаг.
Ингэснээр шинэ хотын дарга томилогддог. Манай улсад хотын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг.
Тэгвэл саяхан Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөлд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхлээд байна.
Тус өргөдлийг, иргэн М.Төртогтох санаачилсан бөгөөд "Нийслэлийн иргэд хотынхоо удирдлагыг өөрсдөө сонгож, хотын Захирагч иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг, бодлогоо хамгаалж тайлагнадаг ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага бодитоор тулгарч байна. Иймд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” болон холбогдох сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн тайлбар өгчээ.
Хэрэв энэхүү нийтийн өргөдөлд 100.000 иргэн гарын үсэг зурвал УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, нийслэлийн иргэд хотын даргаа сонгодог болох эсэх нь шийдвэрлэгдэх юм.
Одоогоор тус өргөдөлд 7809 иргэн гарын үсэг зураад байна.
Дээрх хуулийн төсөл батлагдснаар Улаанбаатар хотын засаглал илүү ил тод, хариуцлагатай, иргэдэд ойр болж, хотын бодлогын залгамж чанар сайжрах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
БНСУ: Сөүл хотын даргыг иргэд нь шууд сонгодог

Сөүл хотын даргыг иргэд нь шууд сонгодог байна. Хотын дарга нь дижитал засаглал, инновац, хотын үйлчилгээний шинэчлэлд бие даасан бодлого хэрэгжүүлдгээрээ онцлог юм. Хотын даргын бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байдаг ба нэг хүн дараалан гурван хүртэлх удаа сонгогдох боломжтой юм байна.
Япон: Токио хотын захирагчийг иргэд нь шууд сонгодог
Токио хотын захирагчийг (Tokyo Metropolitan Governor) иргэд нь шууд сонгодог. Токио нь хот ба мужийн хосолсон засаглалтай бөгөөд тээвэр, эдийн засаг, гамшгийн менежмент зэрэг салбарт маш хүчтэй төвлөрсөн удирдлагатай аж.
АНУ: Нью-Йорк, Лос-Анжелес, Чикаго, Сиэтл зэрэг хотод хотын даргыг иргэд нь шууд сонгодог

АНУ-ын ихэнх хотуудад хотын даргаа иргэд ил тод, шууд сонгодог. Жишээлбэл, Нью-Йорк хотын даргыг иргэд шууд сонгуульд оролцож сонгодог. Санал хурааалт нь ерөнхий сонгуулиар явагддаг ба дөрвөн жилийн хугацаанд бүрэн эрх нь хэрэгждэг байна.
Мөн Иллинойс мужийн Чикаго хотын даргыг иргэд нь сонгодог. Ингэхдээ сонгуульд өрсөлдөгчдийн хэн нэгэн нь 50 хувиас дээш санал авбал шууд ялна. Хэрэв санал нь тэнцсэн бол хоёр дахь шатны сонгууль явагддаг.
Ерөнхийдөө АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес, Чикаго, Сиэтл зэрэг хотод хотын даргыг иргэд нь шууд сонгодог байна.
Унгар: Бүх хотод хотын даргаа иргэд шууд сонгодог

Будапешт хотын даргыг иргэд нь шууд сонгодог байна. Ганц Будапешт ч гэлтгүй Унгарын бүх хотод хотын даргаа иргэд шууд сонгодог. Иргэдийг итгэлийг хүлээж хамгийн олон санал авсан хүн хотын даргаар томилогддог.
Дээрх улсуудын жишээнээс харвал шууд сонгууль нь хотын даргаа иргэд өөрсдөө сонгодог тул хамгийн өндөр ардчилсан бүрэн эрхт гэж ойлгогддог.
Франц: Хотын зөвлөл дундаас хотын даргаа томилдог

Францын хэд хэдэн том хотод хотын даргаа уламжлалт байдлаар сонгодог байна. Ингэхдээ ихэнх хотод иргэд хотын зөвлөлийн гишүүдийг сонгодог. Дараа нь хотын зөвлөлөөс хотын даргыг өөрсдийн дундаас сонгож томилдог. Харин энэ оноос Францын хамгийн том гурван хот болох Парис, Лион, Марсельд хотын даргын шууд сонгууль явуулах шинэ хуультай болж байгаа юм байна.
Испани: Хотын зөвлөл дотроос олонхийн дэмжлэгийг авсан хүнийг хотын даргаар сонгодог
Ихэнхдээ хотын даргыг хотын зөвлөл дотроос олонхийн дэмжлэгийг авсан хүнээр сонгодог. Иргэд нь зөвлөхүүдийг сонгож, их эвслийн гишүүд хотын даргыг сонгоход нөлөөлдөг байна.
Энэ арга нь шууд бус боловч иргэдийн төлөөлөгчдийг сонгосноор дараа нь хотын даргыг сонгодог тул зарим улс оронд өргөн хэрэглэгддэг байна.
Их Британи: Лондон зэрэг хотуудад иргэдийн саналаар сонгодог ч зарим мужид зөвлөлөөс сонгодог
Лондон болон зарим мужийн даргыг иргэдийн саналаар сонгодог. Харин зарим хотод нарийн системийн дагуу сонгодог байна. Иргэдийн саналаар сонгогдсон хотын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг бол зөвлөлөөс сонгогдсон даргын бүрэн эрх ихэнхдээ нэг жил байдаг байна.
Хотын даргын шууд сонголтын давуу талууд нь
• Хотын дарга намд бус, иргэдэд тайлагнах хариуцлагатай болдог
• Хотын хөгжлийн бодлого орон нутгийн бодит хэрэгцээнд ойртдог
• Ил тод байдал, иргэдийн оролцоо нэмэгддэг
• Хотын удирдлагын шийдвэр гаргалт илүү ойлгомжтой болдог юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn