Базарбямбын НЯМСҮРЭН

 

Монгол төрийн наадмаар түмэн олноо цэнгүүлэн баясгадаг эрийн гурван наадмын нэгэн төрөл болох сурын спортоор үе дамжин хичээллэж, энэ сайхан өв уламжлалаа үрээс үрд, үеэс үед залгуулан уламжилж яваа олон сайхан гэр бүл бий. Тэдний нэг болох шилдэг нум сум урлаач урианхай сурын хүндэт мэргэн З.Баатар болон түүний хүү Б.Энхболдын үүх түүхээр аялж, ач охин Э.Болортой ярилцсанаа хүргэе.

 

Токарьчин залуу нум урлаач болсон нь

 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт Дулаанхаан гэж тосгон бий. Яагаад ч юм бэлэг ерөөлөөр ч юм уу Дулаанхаан гэж нумны хэлбэртэй сайхан хайрхан дүнхийн байдаг. Энэ л нутагт Хөвсгөл аймгийн уугуул З.Баатар 1964 онд ирж суурьшсанаар нум сум урладаг, харвадаг энэхүү удмын түүх эхэлжээ. 1939 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн З.Баатар 1961-1964 онд одоогийн Дархан-Уул аймагт гурван жилийн цэргийн алба хаасан байна. Түүнийг халагддаг жил Сэлэнгэ аймагт шинэ тосгон байгуулж байгааг дуулаад газрын ойрыг бодон Дулаанхаан нутгийг зорьжээ. Яг энэ үед хотоос мөн л шинэ сууринд очиж төрсөн ахын хамт амьдран суухаар залуу бүсгүй Л.Галя Дулаанхаанд ирсэн байлаа. Цэргийн албаа амжилттай хаасан З.Баатар, үеийн залуусын харцыг булаасан үзэсгэлэнтэй бүжигчин Л.Галя нар ингэж шинэ байгуулагдсан суурингийн нэгэн өрхийг татсан түүхтэй аж. Тэр үедээ техникт дуртай, машины гол өнгөлдөг токарьчин байсан З.Баатар 1970-аад оноос нум сум засж эхэлжээ. Ингээд нум сум засаж, янзлах ажлаа 10 жил хийсний дараа улсын мэргэн Гэндэнбаваад шавь орж нум сум урлах, харвах эрдмийг заалгасан байна. Токарь хийхдээ нэг мм-ийг 10 хуваах дайны нарийвчлалыг алдалгүй ажиллаж сурсан, угийн гарын уртай тэрээр удаа ч үгүй нутаг олондоо хүндлэгдсэн нум сум урлаач болжээ. З.Баатар мэргэн жил бүр улсын наадамд оролцох нь тэр жилийнхээ өнгийг тодорхойлоход их чухал гэж ярьдаг байв. Тэр ч хэрээрээ улсын цолтой гарамгай олон мэргэн түүний урласан нум сумыг хэрэглэж цэц мэргэнээ сорьж явна. Жишээлбэл, Улсын даян мэргэн Д.Норжмаа, Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг, улсын мэргэн Б.Баярсайхан гээд түүний урласан нум сумыг эвшээлгэдэг харваачид олон.

“Хүүхэд байхад таны урласан нумыг л авмаар байна гэж өвөөг олон хүн шалдаг байсныг санадаг юм. Эргээд бодоход өвөө маань цаг зав, сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг, бүгдийг яг өөрийн гараар хийдэг байсан болохоор олон ч мэргэн төрсөн байх. Тэр утгаараа хүмүүс их бэлгэшээж авдаг байсан юм болов уу” хэмээн ач охин Э.Болор дурсан ярив. З.Баатар мэргэний соёл уламжлал, монгол ахуйг хойч үедээ өвлүүлж байгаа гавьяаг үнэлж 2013 онд Алтангадас одон хүртээсэн бөгөөд 2013-2015 онд гурван жил дарааллан шилдэг нум сум урлаач цолыг төрийн тэргүүнээсээ гардаж байжээ. 

З.Баатарынх гэдэг айл дөрвөн хүүтэй. Том хүү Б.Болд, хоёрдахь хүү Б.Энхболд, удаах хүү Б.Наранболд, отгон хүү Б.Отгонболд нар нь бүгд аавын адил нум сум харвахаас гадна нум урладаг эрдмийг өвлөн авчээ. Мөн хөвгүүд нь гэр бүл зохиож, үр хүүхдүүдтэй болон өнөр өтгөн болж, тэд бүгд нум сум эвшээн татаж өсчээ.

Нутаг олондоо байтугай улс даяар алдартай нум сум урлаач З.Баатар мэргэний үр сад өдгөө “Баатар” клубийг байгуулж, Дархан-Уул аймгийн музейд сурын холбооны булан нээн түүний ажил амьдралын замналыг үргэлжлүүлэн авч яваа юм. “Баатар” клуб нь 2015 онд байгуулагдсанаас хойш 300 гаруй харваачдыг клубтээ элсүүлж сурын спортоо хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар иржээ.

 

Аавын урыг өвлөсөн харваач хүү

Хүү Б.Энхболд, ач охин Э.Мандухайгийн хамт 2010 он.

Нийтлэлийн маань хоёрдугаар үеийн баатрыг Б.Энхболд гэнэ. Тэрээр З.Баатар гуайн хоёр дахь хүү. 1971 онд Дулаанхаанд төрж өссөн цагаас эхлэн аавынхаа дэргэд ах дүү нарын хамт нум сум урлаж, харваж өссөн нэгэн. Түүний зэрэгцээ бас токарын ажлыг нь ч хийдэг болж. Нум сум харвах нэг өөр, урлах бүр өөр. Өөрөө харвадаг учир нум урлахдаа ч илүү гярхай, мэргэжлийн нүдээр бүгдийг харна. Тэр мөн л бүгдийг зөвхөн гараар урладаг учир олонд алдаршсан аавынхаа хийцийг үргэлжлүүлэн яваа нэгэн.

Нум сумыг хийхэд янгирын эвэр, халуун оронд байдаг одос үхрийн эвэр, хулс модоор хийдэг багагүй өртөг өндөртэй болдог байна. Мөн бодын шөрмөсөөр хийдэг гэв. “Ер нь нэг нумыг хийхэд хагас жилээс нэг жил зарцуулна шөрмөсөө цуулна, шөрмөсөө хатаана, эврээ бэлдэнэ, усаа бэлдэнэ нумаа маш сайн хатаана гээд гараар хийдэг учраас, бат бөх болдог. Жилдээ том хүний эвэр нум 20, хүүхдийн нум 20 хийдэг. Хоомсог саад гээд дагалдах хэрэгсэл бас хийнэ. Мөн сумаа хийхдээ хус, улиас, нарс мод, тас шувууны өдөөр хийдэг” хэмээн тэрээр хуучилсан. Ах, дүү нар нь ч мөн нум урлах, сум тавих энэ хүндтэй ажлаа үргэлжүүлэн хийж, хойч үедээ монгол ёс уламжлалаа өвлүүлэн яваа гэсэн.

Б.Энхболд, гэргий Х.Мягмарсүрэнгийн хамт.

Б.Энхболд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн дархан мэргэн, спортын мастер цолтой. 2000, 2001 оны шилдэг харваачаар шалгарч, улсын аваргын мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Түүний гэргий Х.Мягмарсүрэн мөн л спортын мастер, Сэлэнгэ аймаг, Дархан Уул аймгийн мэргэн цолтой харваач бий. Гэр бүлийн хоёр хоёул халх сураас гадна буриад сур харвадаг.

Халх сурыг харвахад эмэгтэй 65, эрэгтэй 75 метрт харвадаг бол буриад сур арай богино зайд харвана. Сайн харваач хүн тэр хэрээр ялгаатай зайг мэдэрч, өөрийгөө болон сэтгэл зүйгээ бэлдэх, цаг агаарын байдалд тохируулан харвана гэдэг цэвэр мэдрэмжийн асуудал. Тэрнээс гадна халх харваа эрхий хурууны хүч их шаардана. Хүчээс гадна эв дүй хамгийн чухал. Хүч байгаад эвээ олохгүй бол байгаа онохгүй учир дотоод мэдрэмж, сэтгэл зүй хамгийн чухал гэв.

 

Урлаач өвөөгийн харваач охин

 

Б.Энхболдын дунд охин Э.Болор энэ удаагийн нийтлэлийн маань гуравдугаар үеийн төлөөлөл. Өсвөрийн гарамгай харваач, аймгийн гарамгай мэргэн тэрээр 2020 онд АШУИС-ийг төгссөн хүний их эмч мэргэжилтэй. Тэр дундаа хүүхдийн үе мөч, холбогч эдийн эмгэг чиглэлээр мэргэшин төгсчээ. БГД-ийн эмнэлэг, ЭХЭМҮТ-д ажиллаж байгаад одоо түр завсарлаад байгаа юм. Түүний төрсөн ах Э.Дөлгөөн, дүү Э.Мандхай нар нь мөн л нум сум татдаг, ах нь Э.Дөлгөөн нь өсвөрийн улсын мэргэн, аймгийн гарамгай харваач гэдгийг онцлон хэлж байна.

-Харваач удмын бүсгүйгээс нум сумтай хэрхэн танилцсан бэ гэж асууж арай болохгүй байх. Багаасаа сурын талбайд өссөн байх даа..?

-Тэгэлгүй яахав, багаасаа л сурын талбайд өссөн. 1997 онд намайг өлгийтэй байхад л ээж сурын талбай дээр орхичхоод харваж байсан тухайгаа хэлдэг юм. Харваачид ээлж ээлжээр дөрвөн сум тавиад амардаг учраас сумаа тавьчихаад ирэхэд байж л байдаг байсан гэж ээж одоо ч ярьдаг. Багаасаа өссөн орчин тийм болохоор сонирхдог, дуртай болчихсон.

-Нум сум харвахын хамгийн гоё нь юу вэ?

-Хүүхэд байхдаа өвөөгөө их дагаж явдаг хүүхэд байлаа. Намайг жаахан байхад микро автобусандаа бүгдээрээ суучихаад сумын наадам, аймгийн наадам руу явна. Монголынхоо уламжлалт сурын спортыг үе удмаараа үргэлжлүүлэн авч явдаг болохоор гэр бүлээрээ их бахархдаг. Манай гэр бүлд одоогоор долоон спортын мастер бий.

Уламжлалт өв соёл, монгол харваа бол эрийн гурван наадмын нэг, тэр утгаараа харваач хүн бол өв соёл тээгч гэж боддог. Нөгөө талаар олон хүнийг баясгадаг спорт. Тэр хол байгаа байг оноход үзэгчид яаж уухайлан дэмжиж баярладаг билээ. Тэр хэрээр хүнд баяр баяслыг өгдөг, мөн түгээн дэлгэрүүлэгч гэж хэлж болно.

-Өвөө нь чамд яаж харвах талаар ихийг зааж сургасан болов уу?

-Өвөө, аав хоёр надад тэгж, ингэж харва гэж шууд хэлж зааж байгаагүй. “Миний туршлагаас харахад ийм байдаг, ингэж харвадаг байсан” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, өөрөө харваж үзээд хүчээ тохируул, өөрийгөө мэдэр, чагна гэж хэлдэг байсан. Тийм болохоор дан ганц хүчээс гадна эвийг нь олох, мэдрэмжээ сонсох гээд олон зүйлийг сурсан. Мөн өөрийгөө ойлгож сурсан. Тухайн өдрийн сэтгэл зүй цаг агаар гээд бүх юм нөлөөлдөг. Мөн сум маань далий байна уу, өд нь бүрэн бүтэн байна уу гэх мэтээр бүрэн бүтэн байдлыг хүртэл байнга шалгадаг, тэр хэрээр хувь хүнтталаасаа их хариуцлагатай болдог юм шиг санагддаг. Аавын захьдаг нэг зүйл бол тууштай зан чанар. Нэг эхлүүлсэн бол эцсийг нь үзэх хамгийн чухал гэдэг. Аав маань “Залхуу хүнд ялалт үгүй” гэж хэлдэг.

-Нум сум харвадаг гэхээр танай үеийнхэн хэр хүлээж авдаг вэ?

-Нум сум, харваа гээд ярихаар заавал настай хүмүүсийн мэддэг зүйл гэж ойлгож болохгүй. Харин ч хүмүүс намайг сум сум харвадаг гэхээр “Ямар гоё юм бэ” гэж эерэгээр хүлээж авдаг. “Би бас сурмаар байна, заагаад өг, сургалт байдаг уу” гэж асуудаг. Оюутан байхад манай ангийнхан манай хөдөө гэрт очиж нэг зуныг өнгөрөөж нум сум яаж хийдгийг сонирхоод бүр цаг гарган танилцаж байсан нь надад их дурсамжтай байдаг.

-Сурын харваатай холбоотой сэтгэл эмзэглэж явдаг, эсвэл хүмүүсийн зүгээс энэ ойлголтоо өөрчлөөсэй гэж боддог зүйл байдаг уу?

-Миний бодлоор, бай шагналын хувьд харилцан адилгүй байдаг нь эмзэглэмээр санагддаг. Бөхчүүд болон хурдан моринд их ач холбогдол өгдөг, өндөр байлдаг. Мэдээж би харваачдад их шагнал өг, илүү үз гэж гэж хэлэхгүй. Гэхдээ ядаж энэ бүхнийг анзаарч хараасай гэж боддог. Үннэдээ бол адилхан л эрийн гурван наадам шүү дээ.

Бас төрийн гурван өндөрлөг наадмаар нум сум татахдаа заримдаа алддаг, заримдаа бүр чадахгүй байгаа мэт эв дүйгүй харагддаг. Тэрийг хэдэн өдрийн өмнө бэлдээд заалгаад сурчихсан байвал ард түмэн харахад ч бахдалтай сайхан байх болов уу гэж хувьдаа боддог юм.

Нум сум харвах гэдэг бүр Хүннү гүрний үеэс л ан гөрөөгөө хийдэг байсан, уламжилж ирсэн соёл, спорт. Гэтэл одоо үед төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс ядаж байгаа онож чадахгүй байгааг нь харахад жаахан голонгуй байдаг. Онохгүй юм аа гэхэд ядаж яагаад харваач хүн шиг татаж болохгүй байгаа юм бэ гэж боддош. Ер нь монгол төрийн тэргүүнд байгаа хүмүүс эрийн гурван наадмынхаа нэг болсон сурын харвааг судалдаг, яаж сум тавихыг мэддэг, тодорхой хэмжээгээр заалгаад сурчихсан байвал бас сайхан шүү дээ.

Наадамчин олон маань ч төрийн өндөрлөг маань хүртэл сурчихсан байхад бид бас сурмаар юм байна гэж эерэгээр хүлээн авч, цаашид ч илүү олон хүн сонирхож сурах болов уу гэж боддог.

-Эмчийн мэргэжлийг яагаад сонгох болов?

-Эмч болох шийдвэр маань өвөөтэй холбоотой. 2014 онд намайг арваннэгдүгээр ангид байхад өвөө маань өөд болсон. Өвөөгийн охин байсан болохоор өвөө маань хүнд өвдөхөд би эмч болох ёстой юм байна гэж шийдэж зорьж байсан. Тэр дундаа хүүхдийн эмч болсон минь ч учиртай. Эмч хүн тэр дундаа айл гэрийн бурхад болох хүүхдүүдийг эмчилдэг учраас илүү их хариуцлага өөртөө тавьдаг, өвөөгийнхөө амьд ахуйдаа надад хэлж байсан захиасуудыг ч заавал биелүүлнэ гэж хичээдэг. Өвөө маань надад өөрийнхөө урласан, өөрийнхөө харваж байсан нум сумаа өгсөн. Тэрийг нь би ч бас дараа дараагийн үедээ өвлүүлж өгнө гэж боддог.

З.Баатар мэргэн хүү Б.Энхболдын гэр бүлийн хамт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 16 (7758)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn