Монгол Улсын хэмжээнд 2025 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.638 буюу 30.8 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 12.233 буюу 83.6 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Түүнчлэн 2025 онд залилах гэмт хэргээс үүдэлтэй 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол үүний 50.6 тэрбум нь цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэргээс улбаатай гэх урьдчилсан тоо мэдээг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас тодруулсан билээ. Энэхүү тоон үзүүлэлт нь өмнөх оноос 6.4 хувиар өссөн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт хохирох иргэдийн тоо буурахгүй байна.
“Зууны мэдээ” сонин “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээ 14 хоног тутамд хүргэдэг бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны “Цахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” сурвалжилгаараа цахим орчинд иргэд ямар байдлаар залилуулж, энэ хугацаанд хэдий хэмжээний хохирол амссан талаарх асуудлыг хөндсөн билээ. Цагдаагийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл түгээсээр байгаа ч хувь хүний сул тал, төрөлх мөн чанар дээр тулгуурласан зохион байгуулалттай цахим залилангийн гэмт хэргүүд гарсан хэвээр байна.
Цагаан сарын баяр ойртож энэ үед онлайн бараа захиалга, бэлэн мөнгөний азтан шалгаруулах сугалаа интернэт орчинд нэвтрэх төдийд гарч байна. Тиймээс манай сурвалжлах баг цахим залилангийн асуудлыг цааш үргэлжлүүлэн сурвалжилж энэ сарын 14-ний өдөр “Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу” нийтлэлээ хүргэсэн билээ. 2025 онд гэхэд хуурамч хаяг идэвхжүүлж бараа үйлчилгээ захиалга авсан 5214, хуурамчаар хандив цуглуулсан 531, телеграм орчинд даалгавар биелүүлсэн 1003, бусдын цахим хаягийг ашиглаж мөнгө авч залилсан 851 гэх мэтчилэн цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн залилангийн хохирогчид эдийн засгаараа хохироод зогсохгүй сэтгэл зүйн гүн цочролд орж гэр бүлээ давхар хохироох тохиолдол гардаг байна. Тодруулбал, сэтгэл зүйч Я.Батхүү “Олон зуун сая төгрөгийн хохирол амссан хүмүүс сэтгэлзүйн зөвлөгөө авахаар ирдэг. Тухайн хүмүүсийн хувьд нүдээ сохолъё, тахир дутуу болъё, улмаар амиа хорлоё гэсэн сэтгэл зүйтэй болсон байдаг” гэсэн юм. Тэгвэл иргэдийн залилуулаад буй цахим гэмт хэргийн нэг төрөл болох сугалааны асуудлыг мөн “Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу” нийтлэлээрээ хөндсөн юм.
Иргэн Т фэйсбүүкийн нэгэн хусдаг сугалаанд 90 мянган төгрөгөөр багц худалдан автал 240 сая төгрөгийн азтан болжээ. Залилагчид иргэн Т-г энэ мөнгөө авахын тулд эхлээд арван хувийг шилжүүлэхийг хүсэж, хуурамчаар үйлдсэн сугалаа явуулах эрхтэй гэсэн албан ёсны тусгай зөвшөөрөл илгээж итгүүлэхийг оролдсон байна. Залилан гэдгийг мэдсэн хохирогч дараагийн удаа тус лайвын доор залилан гэдгийг сануулсан сэтгэгдэл бичихэд түүнийг нь устгаж, хаягийг нь блокложээ. Иргэн Т залилан гэдгийг нь мэдсэн ч түүнтэй адил бусад төрлийн сугалаанд азаа үзэж, азтан боллоо гэж баярлан мөнгө шилжүүлж залилуулсан иргэд байсаар байна. Тэдгээрийн нэг нь иргэн Г бөгөөд “Хаан сугалаа” нэртэй лайв азтан болсон мөнгөө авахын тулд хүнээс 2.7 сая төгрөг зээлж өгөөд залилуулжээ.
Сангийн яамны сугалааны тусгай зөвшөөрөлтэй 18 компани байна
Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах үйл ажиллагааны зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд Сангийн яамнаас олгодог. Харин хувь хүнд хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл олгодоггүй. Гэвч Сангийн яамны албан ёсны сайтад эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сарын 2-нд нийтэлсэн байна. Энд дурдсан 12 аж ахуй нэгжийн хүчинтэй хугацаа харилцан адилгүй байх бөгөөд долоон аж ахуй нэгжийн хүчинтэй хугацаа 2023 онд дууссан бол үлдсэн нь 2025 онд дуусжээ. Сангийн яамны сайтад 2023 онд тавигдсан тус мэдээллээс хойш эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт дахин тавигдаагүй бөгөөд одоогоор үйл ажиллагаа явуулж сугалаануудын аль нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, үнэн бодит вэ гэдгийг мэдэх боломж дутмаг байсан юм. Энэ тухай бид “Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу” нийтэлдээ хөндсөн юм.
Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-нд Сангийн яам цахим хуудсаараа дамжуулан сугалааны тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй 18 компанийн нэрсийг ил болголоо. Ингэхдээ “Сүүлийн үед зарим цахим хуудсаар “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй албан ёсны сугалаа” гэх хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдэл гарч байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрлийг холбогдох нөхцөл, шаардлагыг үндэслэн Сангийн яам олгодог. Одоогоор дээрх нөхцөл, шаардлагыг ханган тусгай зөвшөөрөл авсан 18 аж ахуйн нэгж хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдээллийг Сангийн яам www.license.mn цахим хуудсаар тогтмол, нээлттэй, ил тод байршуулж байна.Иймд иргэд Та бүхэн эд мөнгөний хонжворт сугалаанд оролцохоос өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар орж нягтлан, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна” гэжээ.
Тэгвэл манай сурвалжлах баг дээрх нийтлэлийг бичих үеэр өнөөдрийг хүртэл телевизээр шууд дамжуулан сугалааны тохирол явуулсаар буй нэгэн компанийн мэдээллийн ажилтантай холбогдож тусгай зөвшөөрлийг лавлахад “Оффис дээр ирээд үзэж болно. Зурагтаар явуулж буй сугалаа юу гэж худлаа байх вэ” гэх байр суурийг илэрхийлж байв. Харин Сангийн яамны зарласан тусгай зөвшөөрөлтэй 18 компанийн нэрс дотор тус компанийн нэр багтаагүй байна.
Өдрөөс өдөрт нэмэгдэж буй “дүр”-ээ хувиргасан дэлгэцийн цаана отож буй цахим залилан гэх зохион байгуулалттай этгээдүүдийн “өгөөш” болохгүйн тулд бид аливаа зүйлд анализ хийж, цахим орчин дахь мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 12 (7754)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn