“Мужаан” гэхээр ихэнх хүний толгойд хүнд багаж барьсан эрэгтэй хүн л орж ирдэг байх. Гэвч мужаан нь зөвхөн эрэгтэй хүний л хийх ажил гэж хэн ч томъёолоогүй шүү дээ. Энэ хэвшмэл ойлголтыг эвдэж, “Би 19 жил мужаан хийсэн” хэмээн инээмсэглэн ярих эмэгтэйг Ж.Азжаргал гэдэг.

Тэрээр  Архангай аймгийн Жаргалант суманд төрж өссөн. Багаасаа л эршүүд, дайчин, хөдөлмөрч, хөдөлгөөнтэй охин байсан гэдэг. Мужаанаар 2007 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд нөхрийнхөө хамт модон тавилгыг төрөл бүрээр хийдэг байна.

 

“Хүмүүс “эмэгтэй хүнд хүнд ажил, чадах юмуу” гэдэг байсан”

Хүмүүс анх “түр зуур нөхөртөө л тусалж байгаа байх”, “нөхрийнхөө ажлыг л дэмнэж байгаа байх” гэлцдэг байж. Харин цаг хугацаа өнгөрөх тусам түүний гарын ур дүй, нямбай зан, ажлын ачааллыг даах чадвар нь түүнийг улам бүр тодотгожээ.

Энэ тухай Ж.Азжаргал “Манай хадам аав их уран сийлбэр ч хүн байдаг. Тиймээс ч нөхөр маань гарын ур дүйтэй, модоор төрөл бүрийн зүйл хийнэ. Би ч мөн  нөхрийгөө дагаад модон эдлэл хийж сурах хүсэлтэй болсон. Манайх анх хөдөө мал малладаг байсан. Мал маллахын хажуугаар нөхөр маань хөдөө гар багажаар сийлбэр их хийдэг байдаг. Тэгээд мужаан хийх болсноор сумын төвдөө өөрсдийн ААН-ийг нээж ажиллуулж эхэлсэн. Анхандаа цахилгаан тоног төхөөрөөмжөө яаж ажиллуулахаа хэн хэн мэдэхгүй будилах үе зөндөө байсан.

Тэгээд л хоёулаа зөвлөлдөж ярилцаад, нэг нэгнээ дэмжээд л суралцаад ажиллаж эхэлж байлаа. Одоо улам л өргөжүүлэхийг зорьж байгаа. Мужааны ажил бол хүнд хэцүү, гарын ур дүй, ур ухаан шаардсан ажил байдаг. Анх эхэлж байхад хэцүү санагдах үе байсан ч хийж хийж байгаа зүйлдээ дуртай байсан учраас орхиогүй. Гэр бүлийнхэн маань анх “эмэгтэй хүнд хүнд ажил, чадах юмуу,  дэмий” гэдэг байсан. Харин одоо бүгд дэмжиж, урам өгдөг болсон төдийгүй өөрийн гэсэн захиалагчидтай ч болсон”  гэв.

 

“Модоо хэмжиж, хөрөөдөх, тавилгаа угсрах нь илүү сонирхолтой санагддаг”

 

Тэрээр мод хөрөөдөж, хэмжиж, зорж, угсрах ажилд гарын ур дүй нь эр хүнээс огтхон ч дутахгүй. Заримдаа бүр илүү нямбай, тэвчээртэй байдгийг нь хэн хүнгүй хэлэх аж. “Эмэгтэй хүн хүнд ажил хийж чаддаггүй” гэх яриатай огтхон ч санал нийлдэггүй гэж байлаа.

Энэ тухайгаа ярихдаа “Чи үнэхээр мужаан юм уу”, “Эмэгтэй хүн байж хүнд биш үү” гэх мэт асуултыг тоолж баршгүй л их сонссон. Гэхдээ тэр болгонд гайхахаа больсон. “Тийм ээ, мужаан. Арван хэдэн жил болж байна” гэдэг. Тэгэхээр зарим хүмүүс гайхна, зарим нь “ямар мундаг юм бэ”, “муухан эр хүнээс ч дээр юм” гэцгээнэ. Энэ чинь хүний л сонирхол шүү дээ. Хүнд хэцүү ажлыг эрэгтэй хүн л хийдэг гэх ойлголт байхгүй. Манайх монгол гэр, байшин сууц, тавилгыг төрөл бүрээр нь хурдан, чанартай хийж өгдөг. Тиймээс нутгийнхан маань ам сайтай байдаг. Манайд нутгийнхан маань монгол гэр, байшин бариулах, тавилга хийлгэх захиалга өгөхөөс гадна ойролцоох сумынхан ч зорин ирж захилга өгдөг. Сүүлийн үед Улаанбаатар хотоос ч хамаатан, танилцсан хүмүүс маань холбогдож захилга өгдөг болсон. Бид зөвшөөрлийн дагуу модон эдлэлээ хийдэг. Ингэхдээ хатсан, унасан модоор л бүтээгдэхүүнээ хийдэг гэсэн үг. Нойтон модоор юм хийнэ гэж байхгүй.

Өмнө би дээл оёдог байсан юм. Одоо янз бүрийн юм оёх гэхээр л хүсэл төрөхгүй, залхуу хүрээд байдаг болчихсон. Үүний хажууд гараад л ажлын байрандаа ороод мужаанаа хийж, модоо хэмжиж, хөрөөдөх, тавилгаа угсрах нь илүү сонирхолтой, сайхан санагддаг.

Тавилгуудаа хүмүүсийн захиалсан өнгө, загвараар нь хийж өгчхөөд, баярлаж байгааг нь харах урамтай байдаг юм. Мужаан хийх хүн ховор болсон. Тиймээс дүү нар, найз нөхөд, хэн ч байсан энэ ажлыг хийж сураад, цаашдаа өвлөөд яваасай л гэж боддог” гэв.

Нөхөр нь хүртэл түүнийг “чимэхлүүр ажлыг илүү сайн хийдэг” гэж байсан.  Ялангуяа нарийн хийц, хэмжээс шаардсан ажил дээр түүний ур дүй илүү байдаг байна. Тиймдээ ч нарийн хээ угалзтай, зорох гэх мэт жижиг чимэхлүүр ажлыг голлон хийдэг аж.

 

Машин техник засах хоббитойн дээр бялуу хийж байжээ

Хамгийн сонирхолтой нь түүний чадвар зөвхөн мужаанаар хязгаарлагдахгүй. Учир нь машин, мотоцикл гээд техник засах, унах хоббитой гэнэ. Мөн л машин техник засахыг хэнээс ч дутуугүй хийдэг байна. Эвдэрхий юм харахаараа “за үүнийг нэг задлаад үзье” гээд л шургуу ордог нэгэн юм. Үүнээс гадна гэрийн бэйкери ч ажиллуулж, төрөл бүрийн амттан, бялуу, талх хийдэг байжээ. 

Тэрээр энэ тухай ярихдаа “Би мужаан хийхийн хажуугаар өрхийн орлогоо дэмжих, бас нэг хоббигоороо юм хийж үзэхийн тулд талх нарийн боовны сургалтад сууж бэйкери ажиллуулдаг болсон. Сургалтад сууж ирээд л тоног төхөөрөмж хэрэгтэй бүхнээ хотоос аваад ирсэн. Тэгээд байшингийнхаа нэг өрөөнд талх нарийн боов, амттан, бялуу хийж эхэлсэн юм. Үүнийгээ 2-3 жил тууштай хийж, ажиллуулсан. Өдөр бүр хийсэн талхаа сумын төвийнхөө хүнсний дэлгүүрүүдээр зарж борлуулна. Төрсөн өдөр, шинэ жилийн баяраар сумынхан маань байнга бялууны захилга өгдөг. Хүн яриад л суух биш, хийхийг хүссэн зүйлээ туршаад үзэх хэрэгтэй юм билээ” гэв.

Зүгээр суух дургүйн дээр ямар ч ажлыг хэнээс ч дутуугүй хийдэг түүнээс суралцах зүйл олон биз ээ. Мөн хобби сонирхлоо хөгжүүлж, зүгээр л яриад суух биш, үйлдэл хийж, ажил болгодог нь Ж.Азжаргалын шаргуу, хөдөлмөрч, тууштай занг илтгэдэг. 

Магадгүй одоо бидний өөрчлөх ёстой зүйл бол түүний мэргэжил, хобби биш. Харин “энэ бол эмэгтэй, энэ бол эрэгтэй хүний ажил” гэсэн хуучин хэвшмэл ойлголт юм. Мод ч хүйс ялгадаггүй, машин ч бас. Харин зориг, сонирхол, хөдөлмөр л хүнийг тодорхойлдог гэдгийг энэ мужаан бүсгүй бидэнд чимээгүйхэн сануулсаар байна.

Тэрээр “Би зүгээр л дуртай зүйлээ хийж яваа эмэгтэй. Гэтэл хүмүүс хүний хийж болохгүй зүйл хийгээд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. “Мужаан бол эр хүний ажил”, “машин бол эрчүүдийн сонирхол” биш шүү дээ” гэж байлаа.

Тэр өөрийгөө онцгой, эсвэл хэн нэгнээс илүү гэж боддоггүй. Үнэхээр л өөрийн дуртай зүйлээ хийж, чөлөөтэй амьдардаг хөдөлмөрч эмэгтэй юм. Магадгүй “мужаан хийдэг эмэгтэй” ховор биш. Харин бидний харах нүд, хүлээж авах сэтгэлгээ л энэ ажлыг “зөвхөн эрэгтэй хүн”-ий хийх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг нь гайхмаар зүйл болгож байна гэхэд хилсдэхгүй.

Тиймээс бид хэвшсэн ойлголтуудаа “эвдээд” нэг харвал нийтлэлийн маань гол дүр шиг бүсгүйчүүд олон байгааг анзаарах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 12 (7754)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn