Найман настай балчраас 80 настай буурал хүртэл олон улсын 1100 гаруй оролцогч бүтээлээ илгээжээ
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн" олон улсын 29 дүгээр уралдааны шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Уран зургийн галерейд боллоо. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүдийн төлөөл, хэл бичгийн ухааны эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж шагнал гардуулсан юм. Энэ удаагийн уралдаанд 18 аймаг, нийслэлийн дүүргүүд болон АНУ, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, ОХУ-ын Буриад улсаас нийт 1100 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ илгээжээ. Онцолж дурдахад, Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон хүн оролцсон байна. Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн иргэн, ахмад настан Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн, ахмад настан Б.Ням-Очир нар байв. Харин хамгийн бяцхан оролцогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1а ангийн сурагч Д.Амина байсан бөгөөд монгол өв соёл, бичиг үсгээ нас харгалзахгүй түгээн дэлгэрүүлж буй үйлсийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч гарын бэлэг гардуулсан юм.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч монгол бичиг бол монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч, мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг тодотголоо. Мөн МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших “Монгол бичиг бол монгол үндэстний хэл соёл, сэтгэлгээний өв санг тээгч төдийгүй хүн төрөлхтний бичиг соёлын түүхэнд монголчуудын оруулсан хосгүй өв билээ. Энэхүү нандин өвийг орчин цагт түгээн дэлгэрүүлж, үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх зорилгоор “Монголын сайхан бичигтэн” уралдааныг зохион байгуулж ирсэн” хэмээн ёслолыг нээсэн юм.
“Монгол Улсын тусгаар тогтнол, оршихуйн багана нь монгол бичиг юм”
Жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр буй “Монголын сайхан бичигтэн” уралдааны оролцогчид энэ жил найм төрөлд тухайлсан сэдвийн хүрээнд өрсөлдсөн бөгөөд насанд хүрэгчдийн ангилалд “Болорсофт” компанийн ажилтан, дата бэлтгэгч Э.Бямбасүрэн түрүүлсэн юм. Тэрээр “Төрд эргэн залуулсан монгол бичиг” сэдвийн хүрээнд “2025 оноос төрийн бүх шатны үйл ажиллагаанд кирилл болон үндэсний бичгийг хослуулан хэрэглэх нь түүх, соёлтойгоо гүн гүнзгий холбогдох гүүр юм. Монгол бичгийн хэрэглээ нэмэгдэх нь өв соёлоо хойч үедээ үлдээхээс гадна, даяаршлын шуурганд өртөж болзошгүй монгол хэлний цэвэр ариун байдлыг хамгаалах бамбай юм. Цаашид энэ бодлогыг тогтвортой үргэлжлүүлбэл, монгол бичиг зуун зууныг дамжин үргэлжлэх үнэт соёлын дардас болон батажна. Ингэснээр монголчууд дэлхийд өөрийн уран гоё бичигтэй, өв соёлоо сахин хамгаалсан хүчирхэг үндэстэн хэвээр орших боломж улам бэхэжнэ” гэх санааг эсээндээ тусгажээ. Түүнчлэн монголчуудын тусгаар тогтнол, оршихуйн багана нь монгол бичиг юм гэх утгаар дөрвөлжин эвхмэл болон хичээнгүй, таталган бичгийн тигүүдийг хослуулсан бүтээлээ туурвисан байна. Энэ тухайд тэрээр “Би аравдугаар ангиасаа уран бичлэгээр хичээллэж эхэлсэн. Харин энэ уралдаанд анх удаагаа оролцоод тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна” гэсэн юм. Түүний хувьд монгол бичгийг өдөр тутмын хэрэглээнд оруулж, цахим орчин дахь хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “egurid” хаягийг инстаграм орчинд хөгжүүлж байна.
Насанд хүрэгчдийн ангиллын дэд байрыг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дөрөвдүгээр түвшний оюутан Н.Отгонсүрэн хар дэвсгэр дээр алтан шаргал бронзоор хулсан үзгийн тигээр бичсэн бүтээл эзэлжээ. Энэ жил анх удаа “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцож буй тэрээр энэ тухайгаа “Би хулсан үзгийн тигийг нэг жилийн өмнөөс Зүүн хүрээ гандантэгчэнлин хийдийн бурхан урлаач лам М.Эрдэнэбилэг багшаараа заалгаж байна. Бүтээлийнхээ санааг багштайгаа ярилцаж байгаад хийсэн” гэсэн юм. Тус ангиллын гуравдугаар байрыг МУИС-ийн сэтгэл судлалын нэгдүгээр түвшний оюутан Ж.Ариунзул эзэлсэн юм.
“Хөвсгөл аймгийнхаа газрын зураг дээр сум сумынхаа онцлогийг монгол бичгээр хичээнгүйлэн бичсэн”
Монгол бахархал, өв соёл түгээсэн энэхүү уралдааны “Сайхан бичигтэн анги” ангиллын эхний таван байрыг Хөвсгөл аймгийн 9-12 дугаар ангийнхан завсар оруулалгүй эзэлжээ. Тодруулбал тэргүүн байранд Мөрөн сумын “Гурван эрдэнэ” сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Д.Жаргалмаагийн бэлтгэсэн 9б ангийн хамт олон тодорсон байна. Тэд энэ бүтээлээ хийхийн тулд хоёр сар орчмын хугацааг зарцуулсан бөгөөд Хөвсгөл нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах зорьжээ. Энэ тухай сурагч Б.Энхчимэг “Бид бүтээлийнхээ санааг их эрэлч хайгуулчаар олсон. Хөвсгөл аймгийнхаа газрын зураг дээр сум сумынхаа онцлогийг монгол бичгээр хичээнгүйлэн бичсэн. Нөгөө талд нь дүрслэх урлагийнхаа багштай хамтран сумдынхаа байгалийн сайхныг зурсан. Манай багш бидэнд зөвхөн хичээл заахаас гадна шавь нараа хайрлаж, тэмцээн уралдаанд бэлдэж, ээж мэт халамжилдаг” гэв. Түүнчлэн сурагч О.Тэлмүүн “Бид энэ бүтээлийг хийснээр аливаа зүйлд тууштай, хичээнгүй, үр бүтээлтэй сууж сурахад суралцан. Түрүүлсэндээ үнэхээр их баяртай байна” гэж мишээл тодруулан ярьсан юм.
Тус ангиллын хоёрдугаар байрыг Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Б.Анхбаярын бэлтгэсэн 9в анги, гуравдугаар байрыг Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Н.Батцэцэгийн бэлтгэсэн 9г ангийн хамт олон эзэлжээ.
“Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангилалд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин нутгийн Шар мөрний уран бичээч Алтансан түрүүлсэн билээ. Тэрээр “Манай зарим аймагт монгол бичгийн ийм уралдаан жилд нэгээс хоёр болдог. Энэ уралдаанд түрүүлж, тун сайхан аз завшаанаар олон сайхан уран бичлэгийн бүтээлүүдийг үзээд тун баярлаж байна” гэсэн юм. Энэ тэргүүтэй өв тээсэн Монголын сайхан бичигтнүүд тодорлоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 10 (7752)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn