Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
“Ижий бурхад”-ын энэ удаагийн зочноор шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тосч Хүний гавьяат эмч гэх хүндтэй цолны эзэн болсон дотор, уламжлалтын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Хүрлээгийн Цэрэннадмидыг урилаа.
Арванзургаадугаар жарны төмөр барс жилийн хаврын сүүл сарын шинэдээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг Хургалжийн талын эхэн буудал дээр Найдангийн Шархүү ижийгийнхээ гал уургийг амлаж, бүлээн сүүг нь хөхөж хүн болсноос хойш эдүгээ долоон арваныг хол даван насалж, үр хүүхэд ач зээгээ тойруулан аз жаргалтай амьдарч буйгаа буянтай ижийгийн минь ач хэмээн сүсэглэдэг тэрбээр ээжийнхээ тухай ийн дурслаа.
“ХҮҮХДҮҮД МИНЬ ХҮНИЙ ДАЙТАЙ ЯВБАЛ ТЭР МИНИЙ ЖАРГАЛ” ГЭДЭГСЭН
-Ээж минь бүхий л амьдралаа хань, үр хүүхдийнхээ төлөө зориулсан түмэн гайхамшиг, буман буяны эзэн байсан даа. Аав минь залуу бага наснаасаа баг, сумын дарга, нягтлан, сүүлд аймгийн Боловсролын хэлтэст нягтлан гээд дандаа төрийн ажил хийсэн, гэрийн бараа харахгүй. Ээж хоёр охин төрүүлсний том нь би. Дүүг минь Х.Лхагвасүрэн гэдэг. Х.Зандангарав гэж өргөмөл эгч бид гурвыг өсгөх, гэр орноо авч явах, аавыг халамжлах гээд бүхий л ажлыг ээж минь нэг насаараа нэг ч удаа ядарлаа зүдэрлээ гэж хэлж үзэлгүй хийсэн байдаг юм.
Ээж “Хэдэн хүүхэд минь эрүүл саруул, энх тунх, олны жишгээр явбал тэр миний жаргал” гэдэгсэн. Хэдэн хүүхэд нь эрүүл саруул, энх тунх явах ээжийн хувьд хамгийн том жаргал байж.
“Жаргал, зовлон сүлэлдэн байдаг хорвоогийн гэрэл, сүүдрийг та нар тойрохгүй. Хүүхэд минь хэцүү юм олон, түүний дотроос өвчин л хамгийн хэцүү зовлон шүү. Хүн өлсөөд үхдэггүй, харин өвдөөд үхдэг юм. Өвчнөөс бусдыг зовлон гэж битгий хэлж байгаарай” гэж захидагсан. Түүнийгээ “Өлсөх, ядрах, цангах хэцүү гэдэг аминдаа арчаагүй, хөдөлгөөн муутай, залхуу хүний явдал. Аливаад авхаалж хөдөлгөөнтэй, бодол ухаантай, залхууралгүй, хүнтэй сайхан ярьж нөхөрлөж чаддаг, ахаа эгчээ, ах минь дүү минь гээд аргаа олдог, худлаа хэлж хулгай хийдэггүй, тусыг тусаар хариулдаг хүнд хэцүү гэж байдаггүй юм. Харин өвчин даамжирвал л хэцүү” хэмээн тайлбарладаг байв.
Залуу багадаа ээжийнхээ хүүхэд минь олны жишгээр яваарай гэхийг нь хүний дайтай хүн болоорой гэсэн үг гэж ойлгосон ч олны жишиг, жирийн нэгэн байх уйтгартай, чамлалттай санагддаг байж билээ. Тэгээд бусдаас илүү байхын тулд ихийг сурах ёстой хэмээн зүтгэж дунд сургуулиа төгсөөд Сальвадор Алендогийн нэрэмжит Хүн эмнэлгийн техникумд орж онц сурч, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай сүрхий оюутан явлаа. Эх баригч, бага эмчийн дипломоо ЗХУ-ын Анагаах ухааны дээд сургуульд сурах урилгатай хамт гардаад тун додигор явсан ч аав минь хүндээр өвчилж ээжийн хэлдэг “Өвчин л хэцүү зовлон” гэдэгтэй нүүр тулсан даа. Хойшоо явахаа болиод хуваариа солиулж, Монголдоо Анагаахын дээд сургуульд орсон. Ээждээ дэм болж, аавыгаа асарч, эмчилгээг нь таслахгүй гэж гүйхдээ сургууль номоо орхиогүй. Анагаахын дээдийг онц дүнтэй, улаан дипломтой төгсөөд Хүний их эмч болов.
Анагаахын дунд, дээд сургуульд арван жил тасралтгүй сураад үргэлжлүүлээд зүрх судасны, дотрын эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, клиник ординатурт сурч, уламжлалт анагаах ухаанаар Өвөр Монголд мэргэшиж, сайн эмч болохын төлөө бүхий л чадлаараа зүтгэсэн. Энэ бүгдийг хийхэд ээж минь дэргэд байгаагүй бол барах байсан болов уу гэж одоо боддог юм.
Гэхдээ сайн эмч болохын төлөө сурч, хөдөлмөрлөж явахдаа ээжийнхээ “Хэдэн хүүхэд минь олны жишгээр хүний дайтай явбал тэр миний жаргал” гэснийг олноос онцгой бай гэсэн үг биш гэдгийг ухаарч байгаа юм.
ХООЛЫГ ЭМ БОЛГОХ ЭЭЖИЙН ЭРДЭМ ГАЙХАЛТАЙ
-Ээжийн минь ач буяны түмэн гайхамшгийн нэг нь хоолыг эм болгож чаддаг эрдэм юм. Ээж сургууль номоор яваагүй, залуудаа бүлгэмд сууж, бичиг үсэгт тайлагдсан гэдэг ч ном сонин уншина, захиа занаа биччихнэ. Өөртөө л таарсан номтой хүн байлаа.
1965 онд намайг Хүн эмнэлгийн техникумд ордог жил манайх хотод нүүж ирээд Нэгдүгээр амаржих газрын урдхан нийтийн хашаанд буусан байв. Ээж анх амаржих газрын гал тогоонд бэлтгэгчээр ажилд ороод удалгүй шалмаг шуурхай, ажилсаг, цэвэрч нямбайгаараа орос ахлах тогооч Любад тоогдож заасан бүхнийг нь сурч ахисаар тогоочийн зэрэгт хүрсэн. Тэндээ арван жил ажиллахдаа Люба тогоочийнхоо заасан жоруудыг өөрийн болгож, хоолны ногоо амтлагч бүрийг хүний эрүүл мэндэд ямар тустайг сайн мэддэг болсон гэдэгсэн.
Би эмч болоод 1975 онд манайх их Алтай руу буцаж нүүсэн. Хөдөө очсоноос хойш ээж хоёр охиныг минь хүн болгож, манай гэрийнхэн өдөр бүр ээжийнхээ хийсэн бэлэн хоол цайг идчихээд харьдаг байж билээ. Нөхөр минь хөдөө гадаа томилолтоор байнга явна, би бас өдөр шөнө ялгахгүй дуудлаганд явна, эмнэлэг дээр жижүүртэй хононо, хүнд өвчтөнөө сахина гээд гэрээ мартсан Гэсэр гэдэг шиг явж. 1990 он хүртэл 15 жилийн турш ёстой нөгөө “Гадаа гандаж, хөдөө хөхөрч” явахдаа ээжийнхээ ач буяныг мөн ч их хүртсэн дээ.
Ээжийн хоолны амтыг ярих юм байхгүй, идэж дуусаад аяга тавгаа долооно шүү дээ. Атгахан махаар арван хүнд хоол хийх энүүхэнд. Ээжийн чанасан махны амт арааны шүлс асгаруулна. Гэтэл би гэртээ очоод чанахаар ер тийм амт гардаггүй юм.
Байнга хэрэглэдэг сонгино, сармисныхаа ач холбогдлыг ч гүйцэд мэдэхгүй ээжээсээ сурч байлаа. Залуу хүмүүс сонгино их хэрэглэж болохгүй, ихэдвэл зүрхэнд муу, харин сонгинын улаан хальсыг шөлтэй хоолонд хийж чанахад хоол их сайхан амт орохоос гадна ханиад томуу хүрдэггүй юм. Ханиад хүрсэн үед сонгинын улаан хальсыг буцалгаад хөргөж уувал халуун хурдан бууж ханиалга намдана. Бөгшүүлж ханиалгаад байгаа үед сонгино тусгүй, улам их ханиалгана. Харин сармистай хар шөл бөгшүүлдэг ханиадыг амархан дарна гэх. Сонгино ихтэй хоолыг маргааш нь халааж идэж болохгүй, хордлого болно. Хальсалсан сонгинын хагасыг үлдээгээд маргааш нь хэрэглэвэл хоол биш хор болно гэж захидаг байв.
Ээж хөмүүлтэй бууз, хуушуур хийх дуртай. Хөмүүл халуун чанартай учир та нар шиг залуу хүмүүст байнга идэх зохимжгүй цус хөөрч, хамраас цус гарна. Хүзүү сээр хөшдөг, хөөрдөг настай хүмүүст бол хөмүүл сайн. Цус, шар ус хатаж сайн болно. Хавар зуны цагт үхсэн чийг их буудаг тул нохойн хошууны ханд сайн уу гээд сав саваар нь буцалгаад тавьчихдаг байв. Энэ мэт хоолыг эм болгодог ээжийн эрдмээс тоочоод байвал барагдахгүй. Сонгино, сармисын тухай ярихад л ийм их зүйл мэдэж авч болно.
Ээж их цэвэрч нямбайгаас гадна их цээрч хүн байсан. Хүүхдүүд бидэнд тус бүрт нь аяга, халбага оноож, хооронд нь солихгүй тэр аяганд л цай хоол өгнө. Аягануудыг угаагаад гялалзтал арчаад шүүгээнд заавал самбайгаар бүтээж тавина. Энд тэндээс мах ирэхээр үс хялгасыг нь их нарийн түүнэ. Зуураад элдсэн гурилаар нэг бүрчлэн арчина. Бас “Улаан махны бузар гэж байдаг юм” гээд өөрийнхөөрөө дом хийнэ. Тэгж байж хоол хийдэг хүн байлаа.
ГУДАМЖНЫХ НЬ ХҮҮХДҮҮД ЭЭЖИЙГ “ЧИХЭР ЭМЭЭ” ГЭДЭГ БАЙЖ
-Ээжийн минь ач буяны гайхамшгийн бас нэг нь өглөгч, өгөөмөр сэтгэл. Миний ээж хотод Нэгдүгээр амаржих газарт олон жил тогоочоор ажиллаж, жирэмсэн болон төрсөн ээжүүдийн хоолыг бэлдэж байсан болоод ч тэр үү их өглөгч өгөөмөр хүн байв. Орой ажлаасаа тараад явахаасаа өмнө шөнө амаржих эхчүүдийн тоог аваад дээр нь халуурч бүлээрэхэд нь өгч магад гээд шөлний мах, мөөгийг хэрчиж бэлэн болгоод эх баригч нартаа түлхүүрээ орхиод явдаг байсныг Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Б.Жав багш минь дурдатгалдаа бичсэн байдаг юм.
Ээжийн дуртай хамгийн том баяр Цагаан сар. Цагаан сараар хол ойрын хамаатан садан, таних, танихгүй олон хүн ээж дээр ирнэ, хүн бүрийн гарыг заавал цайлгана. Ээжид мөнгө өгөхөөр авахгүй, мөнгөнд дургүй, наадахаар чинь яадаг юм гэж цэхэлзэж ч мэднэ. Мөнгө өгөх гээд байгаа юм бол сайхан чихэр, печень боов, хүний гар дээр тавьчихмаар аятайхан бэлэг авчирч өгч бай гэнэ.
Баяр болгоны өмнөхөн хоёр авдрыг нь дүүргээд өгчихсөн байхад ээж шиг жаргалтай хүн ойр хавьд байхгүй дээ, их баярлана. Хашааны хаалга цохих бүрт ээж өөрөө гарч тайлна, хэрвээ хүүхэд байвал халааснаасаа чихэр гаргаж өгнө. Гэрийн халаадныхаа халаасанд байнга бэлэн чихэртэй. Хүүхдүүдэд тарааж өгдөг байсныг би хожим бурхны оронд явсных нь дараа мэдэж билээ.
Ээжээс хойш Ааж /өргөмөл эгчийгээ бид тэгж авгайлдаг юм/ гэртээ амьдарч, бид хааяа хааяахан эргэж очно. Нэг удаа ээжийн гэрт байхад минь хашааны хаалга дуугарч онгойлготол гурван охин, хоёр хүү зогсож байна. Тэд “Та чихэр эмээгийн хүүхэд тийм ээ” гэв. Тийм ээ гэсэн чинь “Та эмээтэй адилхан юм. Манай гудамжны хүүхдүүд чихэр идмээр санагдахаараа танай хаалгыг цохихоор эмээ гарч ирээд чихэр өгдөг болохоор бид “чихэр” эмээ гэдэг байсан юм. Таныг хараад эмээг санаад хүрээд ирлээ” гэхэд гол өөд нэг юм өгсөөд, хоолой зангираад л явчихсан. Тэгэхэд надад өгөх чихэр байсангүй, чихэр авч идээрэй гээд мөнгө өгөөд явуулж билээ.
Ээжийн минь сэтгэл далай л гэсэн үг. Ээжийгээ 80 нас хүрсэн жил “Зун бүгд хамтдаа Чандмань сумандаа очоод таны төрсөн газраар сайхан яваад ирье” гэхэд инээгээд их баяртай байхаар нь явах нь гэж бодтол “Нутаг явах ч сайхан л даа. Даанч урт замд ээж нь ядраад та нарыгаа зовоохын нэмэр. Тэгээд ч очоод хэнтэйгээ ч уулзах юм билээ, ах дүүс алга. Ээж нь өдөр бүр нутгийн уулс, Богд уулаа, Дамба хайрхнаа сэтгэлдээ сүслээд сүү, цайны дээжээ өргөж залбирдаг минь хангалттай, баярлалаа” гэдэг байгаа. Хариу үг хэлж чадсангүй өнгөрч билээ.
Ээж бас “Хөдөө гэлтгүй хотод ч Чандманьд төрсөн нутгийнхан чинь олон байгаа шүү, танихгүй хүнийг миний садан биш гэж бодож болохгүй. Нэг сум, багийн улс чинь ер нь нэг талаараа, зарим нь хоёр талаараа ч хамаатан садан байдаг юм. Настай хүмүүстэй уулзаж, мэнд амрыг нь айлтгаж, их бага нь хамаагүй гарыг нь цайлгаж яваарай” гэж захисныг марталгүй, биелүүлдэг юм. Ингээд бодохоор ээжийн минь сэтгэл далай, далай.
ЭЭЖИЙНХЭЭ ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭСНИЙ МИНЬ ШАГНАЛ
-Ээж хүн болох, хүнээрээ байх, хүнээрээ үлдэх тухай их захина. Би хүүхэд байхдаа ч, оюутан болоод ч аавдаа эрхэлж илүү дотно өссөн ч аавыгаа бурхан болсноос хойш, ээжтэйгээ 36 жил хамт амьдарсан болохоор амьдралын ухааныг ээж илүү суулгасан. Олон таван юм яриад үглээд заагаад байхгүй, ухаарч чадвал цөөн үгээр, биеэрээ үлгэрлэдэг ухаантай хүн байжээ.
Орон сууцанд нэг ч хонохгүй, гэр хашаанд л амьдрах дуртай. Байнга л хог, цас шүүрдэж, гэр хашаандаа цэвэрлэгээ хийж, чихрийн цаас байсан ч түүж явдаг, зүгээр сууна гэж байхгүй үргэлж хөдөлж байдаг сонин хүн. Ядарлаа гээд өдөр хэвтэж байхыг нь би үзээгүй. Орой бүр унтахын өмнө зул бариад Цагаан, Ногоон дарь эхийн тарнийг эрхээ эргүүлэн уянгатай сайхнаар уншина. Тарнийг ингэж уншихдаа ээж минь хэлж биш хийсээд ирдэг цөвүүн цагийн аюул бүхнээс үр хүүхдийг минь хамгаалж, амар амгалан байлгаарай гэж шившдэг байсан биз ээ.
Алтай, Хангайн уулс шиг эцэг хүний сүр бараанд хүүхэд хүмүүжилтэй, дуулгавартай, даруулгатай өснө. Хэрлэн, Сэлэнгийн ус мөрөн шиг дөлгөөн ханилгаатай эхийн дэргэд хүүхэд уяхан ч, учиртай ч өснө гэдгийг би аав ээжээрээ үлгэрлэн боддог юм. Эрхлүүлж өсгөсөн аав минь залуу насанд минь өнгөрсөн. Би ааваасаа нэг их сүрдэж яваагүй ч зөв хүмүүжилтэй өссөн. Харин ажил амьдралын түмэн нугачаанд олон жил хамт амьдарсан болохоор ээжээсээ жаахан сүрдэнэ. Гэхдээ ээж надад хэзээ ч сүр бараа үзүүлж байсангүй. Эх хүн ус мөрөн лүгээ ижил уяхан дөлгөөн ч цаг ирж, хэрэг тохиолдвол уулс мэт сүртэйг би мэднэ.
Ээж 90 наслахдаа 60 хүрсэн хойноо мухар олгойн мэс засалд орсныг эс тооцвол нэг ч удаа эмнэлэгт хэвтээгүй юм даг. Хэвтэрт орж нэг хоног ч хэвтээгүй. Бурхан болохынх нь өмнөх өдөр нь очиход ээж гялалзаад л бэлэн цай идээгээ тавиад “Банш нь бэлэн, ээж нь сайхан цай чанаад өгье” гэхэд нь “Яарч явна, ээжээ. Сайн өдөр ирж ээжийнхээ банштай сайхан цайг ууна” гээд явчихаж билээ. Тэгтэл шөнө дундын үед утас тачигнаж, Ааж минь “Ээж нэг л эвгүй байна, яаралтай ир” гэв. Өвгөн бид хоёрыг яарч сандран очиход ээж минь дөнгөж амьсгал хураасан байж билээ. Тэр үед ээжийнхээ цайг нь хийлгэж уугаад хэсэг сууж ярьсан бол юу захиж хэлэх байсан бол гэж дандаа харамсдаг юм. Тэгэхээр хүн болж, хүнээрээ байж, өөрөө зүдрэхгүй, өрөөлийг зовоохгүй, зөнөглөхгүй, энх тунх, ухаан саруулхан бие тэнхлүүн явсаар 90 насыг зооглосон ээж минь хүн хүнээрээ үлдэхийн гайхамшгийг бидэндээ үзүүлсэн нь тэр юм болов уу гэж боддог.
Би өөрийгөө сайхан ээжтэйгээ жар гаруй жил хамтдаа амьдарч, нэгэн жарны турш ач буян, элбэрэл хайрыг нь харамгүй хүртсэн азтай хүн гэж боддог. Ээж намайг төрүүлж өсгөөд зогсоогүй, охидыг минь хүн болгож, зээ нарын түрүүчийг бүүвэйлсэн нэг үгээр гурван үеэр нь тэтгэсэн ачлал буяны гайхамшиг, амьдралыг минь нар мэт гэрэлтүүлсэн ачтан байсан юм.
Оны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хүний гавьяат эмч гэсэн өндөр цол хэргэм гардахдаа хамгийн түрүүнд тэнгэрт байгаа ээж аавыгаа маш ихээр санаж, хүн шиг хүн байхыг сургасан ээжийнхээ захиасыг биелүүлэхийн төлөө мэрийсэн зүтгэлийн минь шагнал ирлээ гэж бодсон доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 10 (7752)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn