Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

“Захиргааны шинэ Санаачилга” НҮТББ-ийн Гүйцэтгэх Захирал С.Цэрэнпүрэв: Иргэн Үндсэн хуулиар баталгаажуулсан мэдэх эрхтэй ч энэ нь хангагдахгүй байна

 

-Монгол Улсын үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлд иргэн бүрийн баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг тунхагласан байдаг. Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Монгол Улсын иргэний жам ёсны болон зүй ёсны хэрэгцээгээ хангахад чиглэсэн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгмийн хүчин зүйлсийн болзошгүй сөрөг нөлөөллөөс хууль тогтоомж, бусад арга хэрэгслээр   хамгаалагдсан байх ёстой. Хүний эрхийн 18 багц эрх баталгаажсан байна.Үүнээс Орчны бохирдлоос хамгаалуулах эрх гэж Монгол улсын иргэн орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлэхийг шаардах, хэрэгжилтэд нь хяналт тавих цогц үйлдлүүдийг гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдсан байх шаардлагатай гэж тунхагласан боловч Улаанбаатар хотын агаар орчны бохирдолд 2008-2023 онуудад 1 их наяд 795 тэрбум 900 сая төгрөг төгрөг зарцуулсан боловч ил тод мэдээлэл байхгүй байгаа нь татвар төлөгчийн мөнгө үр дүнгүй байна. Иргэн бид эрхээ бүрэн эдлэхгүй байна. Тэгэхээр төр иргэндээ бүх мэдээллээ ил тод тайлагнах үүрэгтэй. Иргэд нь мэдэх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэвч мэдэх эрхийн язгуур үндэс хангагдахгүй байна гэж үзэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn