Монгол Улсын Засгийн газрын  2025 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор 2027 оныг “Эрүүл мэндийн жил” болгон зарлахаар  баталлаа.

 

Хүний их эмчээр 3650 хоног. Эрүүл мэндийн сайдаар 550 хоног. УИХ-ын гишүүнээр иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдон 550 хоног ажиллаж байгаагийн хувиар Монгол улсын хөгжил, эдийн засгийн хөшүүрэг, Монгол хүний амьд явах эрхийн баталгаа болох эрүүл мэндийн салбар өөрөө “сэхээний орон дээр” гарсан байгааг нуух боломжгүй юм. Ийм нөхцөлд эрүүл мэндийн салбарын асуудлыг хэсэгчилсэн, богино хугацааны “гал унтраах” арга хэмжээгээр бус, нийгмийн системийн хэмжээнд бүхэлд нь “эрхтэн тогтолцоо”-гоор нь эрүүлжүүлэх бодлогын шийдэл шаардлагатай болсон байна.

Энэ зорилгын хүрээнд УИХ-ын гишүүний хувиар сонгогдсон сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарыг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, багц хууль эрх зүйн шинэчлэлийг боловсруулахад анхаарч ажиллалаа. Эдгээр бодлогын шийдэл, төлөвлөлтийг бодит ажил болгох, иргэдэд үр өгөөжтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 1.5 жилийн өмнөөс 2027 оныг “Эрүүл мэндийн жил” болгох санаачилгыг дэвшүүлж, Засгийн газрын түвшинд баталгаажуулж чадсан юм.

Манай улсын хувьд Засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн нөхцөл байдлаас хамааран төрийн бодлого, залгамж халаа тогтворгүй байх эрсдэл бодитоор оршсоор ирсэн нь үнэн. Гэвч шинжлэх ухааны ойлголтоор “засаглалын тогтвортой байдал” гэдэг нь зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүн бус, харин төрийн бодлого, төлөвлөлт, институтийн чиг үүрэг тогтвортой хэрэгжих чадварыг илэрхийлдэг. Төрийн үндсэн үүрэг бол иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон суурь баталгааг хангах явдал юм.

Мөн сайн төлөвлөлт өөрөө гүйцэтгэлийн дийлэнх хувь ч гэж үздэг. АНУ-ын улс төр судлаач, АНУ-ын бодлогын шинжлэх ухааны суурийг тавьсан Х.Д.Лассвеллын Бодлогын процессын онолд “Урьдчилан төлөвлөх нь бодлогын процессыг системтэй, хэмжигдэхүйц болгоно” хэмээн тодорхойлсон. Харамсалтай нь манай улсын төрийн бодлого төлөвлөлтийн хувьд хэтэрхий төсөвт жилдээ баригдсан, тухайн жилийн төсвөөсөө хамаарч “эхийг нь эцээхгүй, тугалыг тураахгүй” гэсэн зарчмаар хийгдсээр байгаа нь нийгмийн асуудлуудыг ул суурьтайгаар шийдвэрлэх бус “гал унтрааж” байгаа нь нийгмийн бүхий л салбаруудыг үндсэндээ бүрэн уналтын түвшинд хүргэж байгаагаа хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болсон. Үүнийг ч хөндлөнгийн хяналтын байгууллагуудын үнэлгээ, тайлан баталдаг. Тухайлбал, Үндэсний аудитын газрын “2026 оны төсвийн тухай хуулийн төсөл”-д хийсэн аудитын тайланд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” батлагдаагүй тул 2026 оны нэгдсэн төсвийн төслийг боловсруулах шатанд байгаа бодлогын баримт бичгийн төсөлд үндэслэж нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй” хэмээн дурдсан явдал юм.

Энэ мэтчилэн процессын хувьд алдаатай явж ирсэн бодлогын, төлөвлөлтийн алдааг залруулахыг ийн зорьж, эрүүл мэндийн салбараасаа ард иргэдийнхээ итгэлийг хүлээн хууль батлах, бодлого тодорхойлох төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллаж байгаагийн хувьд Монгол Улсын дунд хугацааны бодлогын төлөвлөлтөд эрүүл мэндийн салбарын асуудлыг дэвшүүлэн батлуулсан юм. 

 

Эрүүл Монгол хүн та Монгол Улсын баялаг.

Эрүүл мэнд эрхэм баялаг хэмээн монголчууд бид ярьдаг

 

Гэвч бодлогын түвшинд эрүүл мэндийн салбарыг зөвхөн эмнэлэг, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хэмжих хандлага давамгайлсаар ирсэн нь өнөөдөр хангалтгүй болжээ. Орчин үеийн эрүүл мэндийн бодлого нь урьдчилан сэргийлэх тогтолцоо, өвчлөлийн бүтэц, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж зэрэг олон хүчин зүйлсээр дамжин хүн амын амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжилд нөлөөлдөг төрийн бодлогын суурь чиглэл болж байна. Манай улсын эрүүл мэндийн бодлогын үр дүн ямар байна вэ гэдгийг дараах хэдхэн тоогоор илэрхийлэгддэг.

Өвчний Олон улсын ангилал буюу “ICD” -ын дагуу өвчлөлийг үүсэл, дамжих зам, шалтгаанаар нь халдварт өвчин, халдварт бус өвчин гэж ерөнхийлөн хоёр ангилдаг. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан  халдварт бус өвчний дэлхийн хяналт, үнэлгээний хүрээ болон холбогдох баримт бичгүүдэд ХБӨ-г эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийн нэг болгон авч үзэхийг бүх гишүүн орнууддаа зөвлөдөг. Монгол улсын хувьд 2024 оны байдлаар нийт нас баралтын 83 хувь нь халдварт бус өвчнөөс шалтгаалж байгаа нь эрүүл мэндийн салбарын бодлого доголдолтой, алдаатай явж байгааг харуулж байгаа юм. Тэр дундаа ХБӨ-өөс үүдэлтэй нас баралтын бүтцэд “Ишемик зүрхний өвчин, тархи судасны өвчин, элэгний хорт хавдар” зэрэг өвчлөл хамгийн өндөр хувийг эзэлж, хөдөлмөрийн насны хүн амын амьдралын чанарыг эрчимтэй доройтуулж байна. Эдгээр өвчлөлтүүд нь урьдчилан сэргийлэх, нас баралтын эрсдэлт нөхцөлийг бууруулж болохуйц буюу халдварт бус өвчлөл байгаа нь эрүүл мэндийн салбарын асуудал нь зөвхөн эмчилгээ бус эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, иргэний зан үйл, дадал зуршлын менежменттэй шууд холбоотойг илэрхийлнэ. Мөн төрийн бодлого, шийдвэр оновчгүй, урт хугацааны төлөвлөлт алдагдсаныг харуулна.

Манай улсад эрүүл мэндийн салбарын бодлого зөвхөн эмчилгээ төвтэй хэвээр байгаа нь өвчлөл буурах бус, харин тогтворжих нөхцөлийг бүрдүүлж байна гэж дүгнэж байна.                Иймээс “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027” санаачилгын хүрээнд эрүүл мэндийн салбарын бодлогыг эмчилгээ төвтэй загвараас урьдчилан сэргийлэх тогтолцоо руу, төвлөрсөн эмнэлгийн тусламж үйлчилгээний загвараас хүн амд тэгш хүртээмжтэй систем рүү, богино хугацааны арга хэмжээнээс урт хугацааны цогц бодлогын шийдэл, төлөвлөлт рүү шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү шилжилтийн суурь бол салбарын багц хуулийн шинэчлэл, мөн  мэндийн салбарт зарцуулах хөрөнгө оруулалт төсвийг Олон улсын жишиг болох ДНБ-ний 6 хувьд хүргэх шаардлагатай гэж үзэж байна.

Олон улсын туршлагаас харахад эрүүл мэндийн салбарыг зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрээнд авч үзэхээс татгалзаж иргэдийн амьдралын чанар, нийгмийн хөгжил, улсын эдийн засгийн хөгжлийн суурь гэж үзэж төрийн бодлогын үндсэн чиглэл болгон авч үзсэн улс, орнууд богино хугацаанд хүн амын амьдралын чанар, эдийн засгийн эргэлт, хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор сайжруулж чадсан байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улс 2000-аад оны эхнээс Эрүүл мэндийн дэвшилтэт жилүүд хэмээх үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, анхан шатны тусламжид төвлөрсөн бодлогыг тогтвортой хэрэгжүүлжээ. Энэхүү бодлогынхоо хүрээнд тус улс эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийхээ 6 хувиас дээш хөрөнгө оруулалт хийснээр өнөөдөр хүн амынхаа эрүүл мэндийн үзүүлэлт, дундаж насжилтаараа  Азийн бүс нутагтаа тэргүүлэх түвшинд хүрчээ.

Мөн Бүгд Найрамдах Финланд Улс 1970-аад оноос “Бүх бодлогод эрүүл мэнд” стратегийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн асуудлыг зөвхөн салбарын хүрээнд бус боловсрол, хот төлөвлөлт, хөдөлмөр, байгаль орчин зэрэг бүх бодлоготойгоо уялдуулсан цогц бодлогын төлөвлөлтийг бий болгосон байна. Финланд улс өнөөдөр эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийхээ 6–7 хувийг тогтмол зарцуулснаар халдварт бус өвчний нас баралтыг эрчимтэй бууруулж чадсан цөөн орны нэг болсон.

Монголчууд бидний хамгийн ойрын сайн мэдэх Япон Улс 2000 онд “Healthy Japan 21” үндэсний хөтөлбөрийг эхлүүлж, иргэдийнхээ амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөнийг төрийн бодлогоор дэмжих замаар дэлхийд хамгийн урт насжилттай орны нэг болж чадсан. Японы хувьд ч эрүүл мэндийн салбарын зардал ДНБ-ий 6 орчим хувьд тогтвортой хадгалагдаж ирсэн нь бодлогын тууштай байдлын ач холбогдлыг илтгэдэг.

Ингээд Олон улсын туршлагаас харвал улс орнууд эрүүл мэндийн салбараа төрийн бодлогынхоо үндсэн тулгуур багана, тэргүүлэх чиглэлээ болгож 20–40 жилийн өмнө төлөвлөж чадсанаар өнөөдрийн үр дүнд хүрсэн байна. Гэтэл манай улсын хувьд ижил түвшний бодлогын шилжилтийг багадаа 15–25 жилээр хоцорч хийж байгаа юм. Иймээс “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027” санаачилга нь Монгол Улсын хувьд олон улсын жишгийг гүйцэх анхны бодит оролдлого бөгөөд эрүүл мэндийн салбарт зарцуулах төсвийг ДНБ-ий 6 хувь болон түүнээс дээш шатлалтайгаар нэмэгдүүлэх стратегийн эхлэл байна хэмээн үзэж байна.

 

Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүчээр эрүүл, бүтээмжтэй нийгэм рүү

 

Өнөөдрийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын сорилт нь нэг салбарын асуудал бус хүн амын амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмж, улмаар улс орны эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварт шууд нөлөөлөхүйц төрийн бодлогын нэн тэргүүний, зайлшгүй “сэхээнээс гаргах ёстой” салбар болоод байна. Иймд эрүүл мэндийн салбарын асуудлыг зөвхөн эмнэлэг барих, өвчнийг эмчлэх гэсэн хуучин хандлагаас татгалзаж улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, салбар дундын хэмжээнд авч үзэн “иргэний эрүүл мэнд”-ийн асуудлыг цогцоор нь харсан эрх зүйн зохицуулалт, урьдчилан төлөвлөсөн бодлого, түүнийг бодит ажил болгох хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх зэрэг хэмжигдэхүйц зорилго, үр дүнтэй төрийн бодлого руу шилжих зайлшгүй шаардлага тулгарч байна.

Энэхүү дэвшүүлж байгаа “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027” санаачилга нь тунхаглал бус дээрх  шилжилтийг бодитоор хэрэгжүүлэх төлөвлөлт, эдийн засгийн өсөлт бий болгох урт хугацааны төрийн бодлогын шийдэл, эрүүл мэндийн салбарын бодлогын эргэлтийн цэг юм. Орчин үеийн төрийн бодлогын онолд эрүүл мэндийг зардал бус, харин хүний капиталд чиглэсэн стратегийн хөрөнгө оруулалт гэж үздэг хандлага давамгайлж байна. Энэ утгаараа эрүүл иргэнээс бий болох бүтээмжтэй хөдөлмөр, тогтвортой орлогын суурь нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийн үндсэн хөшүүрэг болно. Мөн “Эрүүл мэндийн жил” нь нэг удаагийн аян бус, хууль эрх зүйн шинэчлэл, санхүүжилт, институтийн зохион байгуулалтыг сайжруулах “цонх” гэж үзэж болох юм.

Үндсэн хуульт парламентын засаглалтай улсын хувьд төрийн бодлогын өөрчлөлт, зохицуулалтын суурь бол хууль байдаг. Эрүүл мэндийн салбарт одоогийн байдлаар 13 чиглэлийн хууль хэрэгжиж байгаа хэдий ч бүрэн зураглалаараа  салбарын асуудлыг зохицуулах чадамж дутмаг байна нь хуулийн үйлчлэлийн хүрээний судалгаагаар харагдаж байгаа.

Манай улсын хувьд өнөөдрийн эрүүл мэндийн салбарын нэн тулгамдсан чиглэл бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, санхүүжилт түүнийг дагасан эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн болоод ажлын байрны баталгааг хангасан эрхзүйн орчин дутмаг байгаа юм. Тиймээс “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027”-ын бэлтгэл ажил болгон салбарын нэн даруй тулгамдаж буй асуудлуудын эрхзүйн орчныг сайжруулахаар  Монгол улсын их хурлын даргын 2025 оны 526 дугаар захирамжаар 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийг дэмжих чиглэлээр бодлогын уялдааг ханган эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг цогцоор нь судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж миний бие ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хувьд дараах хуулийн нэмэлт өөрчлөлт болон анхдагч хуулиудын төслийг боловсруулан, 2025 оны УИХ-ын хаврын чуулганаар өргөн барих, хэлэлцүүлэх, батлуулах зорилго тээн ажиллаж байна.

Дашрамд дурдахад хаврын чуулганаар өргөн барих, хэлэлцүүлэх хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлтүүд, эрүүл мэндийн салбарын цогц бодлогын шийдэл, төлөвлөгөөгөө ийнхүү урьдчилан олон нийт, салбарын экспертүүддээ танилцуулахаар хүргэж байгаа зорилго бол та бүгдийн санал, зөвлөмжийг хүлээн авах, хэлэлцүүлэх, хамтран ажиллах билээ. МУ-ын их хурлын даргын 2025 оны 526 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг нь УИХ-ын нэр бүхий 14 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 Үүнд:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,

2.Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл,

3.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга,

4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн нэмэлт шинэчилсэн найруулга,

Эдгээр хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга болон анхдагч хуулиудаар эрүүл мэндийн салбарынхаа дараах тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэх эрхзүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

Нэгдүгээрт, Ард, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд манай одоогийн загварт хөгжүүлэлт шаардлагатай үндсэн асуудал бол эрүүл мэндийн даатгалын  санхүүжилтийн  удирдлага, зохицуулалтын байгуулалтын хэлбэр болох “ ЭМДҮЗ, ЭМЯ, ЭМДЕГ"-ийг тойрсон олон асуудлууд хөндөгдөнө. Тэгвэл эрүүл мэндийн салбарын асуудлаа шийдсэн хүн амынхаа амьдралын чанар, насжилтаар тэргүүлдэг хөгжингүй улсуудын загварыг судлан үзвэл тэдгээр улс орнууд ДНБ-нийхээ 6 хувь, түүнээс дээш хувийг эрүүл мэндийн салбарын санхүүжилт рүүгээ тогтмол зарцуулдаг байгаа юм. Мөн ДЭМБ-ын зөвлөмжид эрүүл мэндийн салбартаа ДНБ-ий тодорхой хувийг тогтмол зарцуулах нь төсвийн дарамт бус, урт хугацааны фискал тогтвортой байдлын баталгаа гэж үздэг. Манай улсын хувьд шууд энэ жишиг рүү шилжих нөөц, боломж хязгаарлагдмал хэдий ч бид зорилт дэвшүүлэн төлөвлөх, эрхзүйн суурь орчноо бэлдэх зайлшгүй цаг үе мөн юм.

Мөн энэ удаагийн эрүүл мэндийн салбарын асуудлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгох, салбар дундын бодлогын түвшинд авч үзэх зорилгын үүднээс иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа. Манай улсад халдварт бус өвчлөлийн нас баралтын шалтгаант өвчлөлд өндөр хувь эзэлж байгаа өвчлөлийн суурь шалтгаан нь архи, тамхины хэрэглээнээс үүдэлтэй байгаа нь судалгаанаас харагддаг. Онцгой албан татварын тухай хуулийн дагуу импортоор орж ирдэг “архи, тамхины онцгой албан татвар”-ын тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт рүү төвлөрүүлдэг байх хуулийн зохицуулалт, “цоо шинэ” ойлголт хэмээн үзэж болохуйц саналыг дэвшүүлж байгаа. Гэхдээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг хэрэглээнээс бий болсон татварыг эрүүл мэндийн салбарт дахин хөрөнгө оруулалт болгох нь олон улсын хувьд ёс зүй, бодлогын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн шийдэл байдаг. Энэхүү санал нь бусад салбаруудын хувьд зөрчил, эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөр. Тиймээс олон нийтийн, мэргэжлийн экспертүүдийн санал, дүгнэлт дэмжлэг нэн чухал хэмээн үзэж та бүгдээс дэмжлэг хүсэн үг дайж буй нь энэ.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зохицуулалтын хэлбэр болох “Эрүүл мэндийн даатгалын сан, сангийн зөвлөл”-ийг тойрсон олон асуудлууд хөндөгдөнө. Энэхүү тогтолцоог бүхэлд нь орчин үеийн чөлөөт зах зээлийн зарчмаар засаглалын хувьд “корпорац”-ийн хэлбэр лүү шилжүүлэх нь төрийн дээд, дунд шатны оролцоог бууруулах, хараат бус байдлыг хангах зэрэг засаглалын хувьд эрүүл тогтолцоо руу шилжих юм. Мөн адил энэхүү өөрчлөлт, шинэчлэлт олон ашиг сонирхол, эсэргүүцэлтэй тулгарах талтай. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын санг хараат бус, корпорацын засаглалтай институт болгон зохион байгуулсан Герман, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад төрийн бодлого тогтоох болон сангийн өдөр тутмын үйл ажиллагааг салгаж, ил тод, тогтвортой тогтолцоог бүрдүүлсэн бодит туршлага байна. Энэхүү өөрчлөлт нь төрийн үүргийг сулруулах бус, харин бодлого тодорхойлох болон санхүү удирдах чиг үүргийг салгаж, хариуцлагыг тодорхой болгох зорилготой гэж үзжээ.

Хоёрдугаарт,  Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлийн цөм болсон салбарын эмч, албан хаагчдын нийгмийн баталгаа, ажлын байрны эрсдэл, баталгааг хангасан  эрхзүйн зохицуулалт өнөөдөр манай улсад бараг байхгүй байна. Иймээс миний бие “Эрүүл мэндийн ажилтны тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.

Энэхүү хуулиар үндсэн гурван асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлдөө тусган төлөвлөсөн. Үүндээ, Олон улсад бол тогтсон жишиг, эрүүл мэндийн системийн салшгүй хэсэг гэж ойлгодог “Эмнэлгийн эмч, ажилтнуудын хариуцлагын даатгал”-ыг бий болгохоор тусгасан. Энэ даатгалын тогтолцоо байхгүйгээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүний нөөцийн хомсдол, итгэл үнэмшил буурах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байдаг нь судалгаагаар батлагддаг. Энэ утгаараа Олон улсад эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагын даатгалыг халамж бус, харин эрүүл мэндийн системийг хэвийн ажиллуулах институтийн баталгаа гэж үздэг. Эмч эрсдэлээ ганцаараа үүрдэг тогтолцоо бол орчин үеийн эрүүл мэндийн бодлого биш юм.

Аль ч улс оронд эрүүл мэндийн салбарын ажилтнууд бол хөдөлмөрийн онцгой нөхцөл, хариуцлага байдаг. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл эрхзүйн орчны хувьд ч, нийгмийн баталгаа, хангамж өндөр байдаг. Манай улсын нөхцөл байдал ямар түвшинд байгааг энд дурдах нь илүүц биз. Тэгвэл “Эрүүл мэндийн ажилтны тухай” анхдагч хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны ажлын нөхцөл, цалин хөлс, ачаалал, нийгмийн баталгааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, одоогийн нөхцөлийг сайжруулах эрхзүйн орчныг бүрэн агуулгаар нь бүрдүүлэхээр тусгасан.

Гуравдугаарт, Төр нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бүсчилсэн, тэгш хүртээмжтэй хүргэх бодлогыг тууштай, институтийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн үйлчилгээний хэт төвлөрөл нь зөвхөн логистикийн асуудал бус, иргэдийн хоорондын бодит тэгш бус байдлыг бий болгож буй системийн доголдол юм. Иймд тусламж, үйлчилгээний чанарыг газарзүйн байршлаар ялгаатай бус болгох нь төрийн нийгмийн суурь үүргийн салшгүй хэсэг гэж үзэх ёстой.

Миний бие эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эхлүүлсэн бодлогын шинэчлэлийн гол зорилго нь энэхүү төвлөрлийг бууруулж, иргэд оршин суугаа бүс нутагтаа чанарын ялгаагүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах институтийн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байсан. Энэ нь нэг удаагийн төсөл, арга хэмжээ бус, харин эрүүл мэндийн тогтолцоог бүсчилсэн зохион байгуулалтад шилжүүлэх урт хугацааны бодлогын суурь юм.

Уг бодлого бодитоор хэрэгжих үндсэн нөхцөл нь анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний институтийг бэхжүүлэх явдал юм. Тухайлбал, сум, хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг зөвхөн үйлчилгээ үзүүлэгч нэгж бус, иргэдийн эрүүл мэндийн анхан шатны хамгаалалтын суурь тогтолцоо болгон хөгжүүлэх, тэнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг бодитойгоор нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь бодлогын зайлшгүй хэсэг болно.

Иймээс “Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч – Эрүүл мэндийн жил 2027” нь эрүүл мэндийн салбарт богино хугацааны кампанит ажил хэрэгжүүлэх зорилготой бус, харин институтийн шинэчлэлд тулгуурласан, хүний капиталд суурилсан урт хугацааны хөгжлийн бодлогын суурийг тавих шийдэл юм. Мөн анх удаа эрүүл мэндийг зардал бус, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн бодлогын тулгуур багана хэмээн салбар дундын бодлогын түвшинд тодорхойлж буй мөч юм. Энэхүү санаачилгыг урьдчилан олон нийт, салбарын экспертүүдэд танилцуулж буй нь бодлогын шийдвэрийг хаалттай хүрээнд бус, харин нотолгоо, санал, мэргэжлийн хэлэлцүүлэгт тулгуурлан боловсронгуй болгох, улмаар хэрэгжилтийн чанарыг сайжруулахад чиглэж байгаа юм.

УИХ-ын гишүүн, АУ-ны доктор Тогтмолын Мөнхсайхан

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 3 (7745)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn