Б.ЖАВХЛАН

Уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөө гээд олон хүчин зүйлээс хамааралтайгаар эх дэлхийн үржил шимтэй хөрсний эзлэх хувь улам бүр хумигдсаар байна. Энэхүү доройтол нь эцэстээ хүн төрөлхтний хүнсний хангамж, хэрэгцээ шаардлагаас улбаатай байдаг. Иймдээ ч хөрсний үржил шимийг дээшлүүлэхийн тулд хүмүүс олон зууны турш элдэв зүйл туршиж, хэрэглэж ирснээс химийн болон биологийн гэсэн хоёр аргыг ашиглаж байна. Гэхдээ буруу арга, технологиор шим тэжээлийг нь нэмэгдүүлсэн хөрсөнд ургасан ургац эцэстээ хор болдгийг тогтоосноор олон улс орон, тэр дундаа хүнсний ногоо, газар тариалангийн салбарт экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой анхаарч эхэлсэн.

Химийн болон биологийн аргын ялгаа юунд байдаг вэ?

Химийн бордоо нь ургамалд сэргээшийн үүрэг гүйцэтгэж ургацыг нэмэгдүүлдэг ч хөрсний бичил биетнийг хөнөөж, үржил шимийг нь доройтуулдаг. Тухайлбал, азот, фосфор, калийн болон нийлмэл бордоо нь богино хугацаанд ургац нэмэгдүүлэх сайн талтай ч хөрсөн дэх ашигтай микро организмыг үхүүлж, хөрсний байгалийн үржил шим аандаа зогсонги байдалд ордог гэсэн үг. Тэрчлэн бордож ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс зэргийг олон жил хэрэглэсэн хүмүүсийн генд өөрчлөлт оруулдаг болохыг тогтоосон. Үүнтэй холбоотойгоор улс орнууд химийн бордооноос татгалзах алхмыг төр, засгийнхаа түвшинд бодлогоор зохицуулах оролдлогууд идэвхжиж байна.

Органик бордоо нь хөрс шороо, агаар, ус гээд хүрээлэн буй орчинд ямар ч сөрөг нөлөөгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ямар нэг химийн нэг ч нэгдэл ашиглалгүй тарьж ургуулсан, генийн өөрчлөлтөд ороогүй бүтээгдэхүүнийг органик гэж нэрлэсэн учир энд оршино. Судалгаанаас харвал, органик бордоо харьцангуй их хэмжээтэй буюу нэг га-д 1.5-2.0 тонн ордог ч ургац төдийгүй хөрсөнд нэн ашигтай тэжээл болдог байна. Ингэж бордсон хөрсөнд 2-3 жил дахин ямар нэг сэргээш шаардлагагүй гэж үздэг. Тэгэхээр хүнсний ногоо, газар тариалангийн салбарынхан хөрсөндөө ямар бордоо хэрэглэхээс хөрс, газар шороо, экосистем хэрхэн хамгаалагдаж, цаашлаад бид эрүүл амьдрах, эсэх шалтгаалах юм.