“Шинэ он, шинэ би” гэдэг үг хэрэгждэг үү?
Хуучин он улиран одож шинэ он айлчлан ирлээ. Он солигдох торгон мөчид хүн бүр хуучин оноо дүгнэн ярилцаж, ирэх ондоо илүү амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэж, мөрөөдлийн самбар, хүслийн жагсаалтаа гаргаж, өөртөө захидал хаяглах нь ч бий. Тэгвэл “шинэ ондоо шинэ хүн болно” гэх амлалт үнэхээр бодит өөрчлөлт болж чаддаг уу, эсвэл түр зуурын сэтгэл хөдлөл үү.
Бид энэ удаа залуусын шинэ ондоо хүсэж буй хүслийн жагсаалт, зорилго, хувь хүнийхээ хувьд хэрхэн өөрчлөгдөхийг хүсэж байгаа болон хуучин оноо тэд хэрхэн дүгнэсэн талаар “Залуусын нүдээр” буландаа онцоллоо.
“Хамгийн чухал зүйл бол сурах, өсөж хөгжих”
Хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй ертөнцийн эзэн. Тэдний бодож, хүсэж, мөрөөдөхөд хязгаар үгүй. Хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа залуусын төлөөлөл бол Л.Лхагвасүрэн.
Тэрээр 2025 он өөрийгөө илүү таньж, олон зүйлийг ухаарсан онцгой жил байсан хэмээн хуваалцсан юм.
Л.Лхагвасүрэн “2025 он харвасан сум шиг л хурдан өнгөрлөө. Эхэндээ хийж бүтээсэн зүйлгүй мэт санагдаж байсан ч угтаа их зүйлийг ойлгож, ухаарсан жил байлаа. Анх удаагаа ажлын байранд гараад олон хүнтэй танилцаж, мөн өөрийгөө жаахан ч гэсэн ойлгож, хийх зүйлээ тодорхойлсон үр дүнтэй жил байсан. Бас маш тайван өнгөрсөн. Ямар нэгэн зоригтой алхам хийгээгүй болохоор түүнийг дагаад бэрхшээл гээд байх юм ч тохиолдоогүй. Төлөвлөсний дагуу хурааж, зорилгодоо хүрсэн сайхан жил байлаа.
Харин 2026 он миний хувьд үнэхээр сайхан эхэлсэн. Энэ онд хамгийн чухал зүйл бол сурах. Мөн өсөж хөгжих л байна.
Хайр дурлал, залхуурал гэхээсээ илүү өөрийгөө дайчилж, шинэ зүйлийг сурч мэдмээр байгаа. Үүнээс гадна гэр бүлдээ, хайртай дотнын хүмүүсдээ дэмтэй хүн байхыг хүсэж байна.
Мөн 2026 онд давах хамгийн том даваа “би өөрөө” л байна байх. Одоогоор зорьсон зүйл маань маш тодорхой байгаа учраас бүх зүйл надаас шалтгаална гэж бодож байна. Өөртэйгөө, залхуурал, гунигтайгаа “үзэлцсэн” л жил байх болов уу” гэсэн юм.
Мөн тэрээр энэ онд хийхийг хүссэн зүйлсийн хүслийн жагсаалтдаа ууланд байнга алхах, морин аялалаар аль болох олон хоног аялалд явах, гадаад руу аялах, судалгааны ажлаа сайн бичих, байраа солих, машинтай болох, зээл авах, мөнгө хуримтлуулах, эрүүл мэнддээ анхаарч үзлэгт хамрагдах гэх зэрэг олон зүйлсийг төлөвлөжээ.
“Нэг том зорилго маань санхүүгийн эрх чөлөөнд хүрэх”
Зарим залуусын хувьд шинэ он хувь хүний өсөлтийн эхлэл байдаг бол нөгөө хэсгийнх нь хувьд бодит амьдралтай нүүр тулж, шат ахих сорилт болдог. Тэдгээр залуусын төлөөлөл Т.Гантулгын хувьд 2025 он өөртэйгөө нэлээд “тулж ажилласан” жил байсан гэв.
Мөн 25 насны босгон дээр амьдралыг илүү өөрөөр харж, ирээдүйдээ илүү анхаарах хэрэгтэйг ойлгосон жил байсан хэмээн дүгнэсэн юм.
Тэрээр энэ тухай “2025 онд өөртэйгөө нэлээд тулж ажиллаа. Ажлынхаа хувьд өмнө оны амжилтаа давтаж чадаагүй ч чамлахааргүй сайн байсан шүү гэж өөртөө хэлье. Хүн өөрийгөө хааяа магтаж, урам өгч байх хэрэгтэй гэж боддог.
2026 ондоо зорьж буй хамгийн том зорилго маань санхүүгийн эрх чөлөөнд хүрэх. Мөн гадагшаа явж аялах, амьдрах, суралцах хүсэлтэй байгаа.
Харин энэ онд давах хамгийн том даваа гэвэл зээлээ төлж дуусгах байгаа” гэлээ.
“2025 он хүндхэн өдрүүдийн ард шагнал заавал ирдгийг ойлгуулсан”
Харин зарим залуусын хувьд “шинэ би” гэдэг ойлголт олон жилийн мөрөөдөлдөө улам ойртож, өөрийгөө шинээр бий болгох аялал юм. Үүний адил өөрийн хүсэл, мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэдэг нэгэн бол А.Ундрал. Тэрээр 2025 оныг гэнэтийн хэдий ч боломжоор дүүрэн, хичээж зүтгэсэн өдөр бүрийг гайхамшигтайгаар үнэлсэн жил байсан гэж дүгнэсэн юм.
Түүний хувьд их сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлэхийн зэрэгцээ магистрын хөтөлбөртөө сурч эхэлснээр ажил, хичээл сургалт, хувийн хөгжил, эрүүл мэнд гээд бүгдийг нь тэнцвэртэй авч явах томоохон хариуцлага өнгөрсөн онд оногджээ. Гэсэн хэдий ч өдөр бүр тасралтгүй хичээж, ажлаа тодорхой төлөвлөж байсан нь энэ онд тавьсан томоохон зорилгодоо хүрэх хөшүүрэг болсон гэв.
Энэ тухай А.Ундрал “Завгүй байх тусам хийх зүйлс ар араасаа хөвөрч, дараа дараагийн боломж нээгдсээр байдгийг энэ онд илүү сайн ойлголоо. Түүнчлэн 2025 он хүндхэн өдрүүдийн ард шагнал заавал ирдгийг ойлгуулж, төлөвлөөгүй олон үйл явдал, гэнэтийн боломж илгээсэн он байлаа.
Харин 2026 онд ажил, амьдрал, хувь хүний хөгжил гээд бүгдийг нь тэнцвэртэй авч явахыг хүсч байна. Гол нь сэтгэл санааны хувьд тайван амгалан байж, хийж буй зүйлсээ чин сэтгэлээсээ хийж, тууштай байхыг хичээх болно.
Ямар ч үед хүн өөрөө өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал санагддаг. Ачаалалтай ажлын араас орой бүр сууж магистрын ажлаа хийх, шөнө оройтож нойргүй хонох, ойлгомжгүй, тодорхойгүй зүйлсийг яаж хийхээ мэдэхгүй эргэлзэх төдийд бууж өгмөөр санагдах үе бишгүй тохионо. Тиймээс 2026 онд давах хамгийн том даваа бол өөрийгөө ялан дийлж, өөртөө үнэнч байх. Өөрийгөө хуурахгүйн тулд өмнө хийсэн алдаагаа давталгүй урагш тэмүүлсээр байхыг хүсч байна. Мөн сүүлийн жилүүдэд өнгөрсөн оноо дүгнэж тэмдэглэл бичиж байгаа. Тухайн ондоо гаргасан ололт амжилт хийгээд алдаа, дутагдлаа эргэцүүлж, гол гол үйл явдлаа нэгтгэн бичдэг. Ингэж бичих явцдаа ирэх жилдээ юун дээр анхаарах, өмнө гаргасан алдаагаа хэрхэн засаж сайжруулах тал дээр голлон анхаарч шинэ оны зорилгоо тодорхойлдог” хэмээн өөрийгөө шинэ ондоо хэрхэн “цэнэглэж” байгаа талаараа хуваалцлаа.
Э.Лхагвадулам өнгөрсөн онд өөрийнхөө хувьд гарсан өөрчлөлтүүд болон энэ ондоо юуг хүсэж, зорьж байгаа талаараа бидэнтэй хуваалцсан юм.
Тэрээр “2025 онд үүрэг хариуцлага, тууштай байдал гэж юу байдаг талаар ойлгож, энэ зүйлд суралцсан жил байлаа. Хувь хүнийхээ хувьд “би хэн бэ”, “ямар ур чадвартай болох хэрэгтэй вэ” гэдгийг ойлголоо.
Харин энэ ондоо илүү өөрийгөө хайрлахад суралцья гэж бодож байна. Өнгөрсөн онд “ингэх ёстой, тэгэх ёстой” гээд өөртөө хэтэрхий хатуу хандсан юм шиг санагдсан. Одоо өөрийгөө байгаагаар нь хайрлаж, илүү тайвнаар хөгжүүлэх зорилготой байна.
Харин 2025 онд надад тохиолдсон бэрхшүүд гэвэл гэнэтийн асуудлыг шийдвэрлэхдээ сандарсан, төлөвлөөгүй, төвлөрөөгүй зэргээс үүдэн дахин дахин асуудал үүсэн нь юмуу даа. 2026 ондоо илүү тайван, бодлоготой, тогтвортой байх болно. 2026 оны хамгийн том даваа бол сургуулиа төгсөх.
Мөн зөвхөн “би” гэх хувь хүнээс гадна улс оронд маань энэ онд эерэг өөрчлөлтүүд бий болоосой гэж хүсэж байна. 2025 онд улсаараа цахилгаан эрчим хүч, бензин түлшний гээд олон асуудалтай нүүр тулсан шүү дээ. Тиймээс энэ бүх бэрхшээл, асуудлууд 2026 онд шийдэгдэж, багассан байгаасай гэж хүсэж байна. Эцэст нь Мартин Лютер Кингийн үгнээс эш татаж “та бидний хүсдэг шиг хүнээ гэсэн хууль, улсаа гэсэн иргэнтэй болно” гэж итгэж бас мөрөөдөж байна” гэв.
Залуу хүнийхээ хувьд улс орныхоо төлөө өөрийнхөө хуьд багахан ч гэсэн хувь нэмрийг оруулж, илүү ихийг хийж бүтээх ёстой гэдгээ мэдэрсэн хэмээн тэрээр ярьж байлаа.
Эдгээр залуусын нэгэн адил та ч бас хуучин оноо хэрхэн дүгнэж, шинэ ондоо ямар зүйлсийг биелүүлэхээр хүсэж, зорьж байна вэ?
“Шинэ он, шинэ би” гэдэг нь гэнэт өөр хүн болно гэсэн хоосон уриа биш гэдгийг дээрх залуусын өөртөө тавьж буй зорилго, хүсэл мөрөөдлөөс харж болох юм. Тэд “шинэ би”-гээ бүтээхийн тулд өмнөхөөсөө илүү хичээж, хөдөлмөрлөж, өөрийгөө таньж мэдэх дараагийн нэгэн аялалдаа гарч буйгаа өөр өөрсдийн өнцгөөр илэрхийлснийг уншигч танд хүргэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 2 (7744)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn