Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

2026 оны босгон дээр олон сайхан эрхэм ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн шагнал хүртсэн.  Түүний нэг нь Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдаач, дэд хурандаа Л.Баттөр байв. Тэрээр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойгоор Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээн эрхэм хүндтэй шагналыг  энгэртээ гялалзуулав.  “Зууны мэдээ” сонин шинэ оны анхны “Амьдралын тойрог” буландаа шинэхэн гавьяат, дэд хурандаа Лхаажавын Баттөрийг урьж, түүний амьдрал, уран бүтээлийн  тухай ярилцлаа.

2025.12.29. Төв талбайд төрийн шагналтнуудаа тосон авч баяр хүргэхээр олон хүн цугларчээ. Тэр дунд  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын үлээвэр найрал хөгжим эгшиглэх нь содон, сайхан. “Уухай, нөхөд өө” гэсэн уриан дор “Монгол Улсын Төрийн дуулал”-аа хөгжимдөж, Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон уран сайхны удирдаачаа хамт олон нь ёслол төгөлдөр хүлээн авч баяр хүргэв.

Урлагт зүтгэсэн он жилээ үнэлүүлсэн уран бүтээлчийн хувьд энэ бол аргагүй л сайхан мөч билээ.  Мөн Л.Баттөр хэмээх эрхэм өөрийн ажил мэргэжил, урлагийн салбартаа хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөж чадсаны баталгаа байв.

Түүнтэй уулзаж, ярилцахдаа хамгийн түрүүнд “Төв талбайд танд зориулагдсанд цэргийн хөгжим эгшиглэлээ.

Тэр мөч хүн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлж байсан.  Та ёсолж, зогсохдоо юу бодож байсан бэ”  гэхэд “Цэргийн урлагийн  хөгжим, дуу, хүндэтгэл нь бусдаас арай өөр л дөө.  Дүрэмт хувцастайгаа байгаа учраас ёслохоос эхлээд сүр жавхлантай байдаг.  Би Төв талбай дээр гарч ирээд өөрийн эрхгүй огшсон.   Өмнө нь концерт найруулж байхдаа ч тэгж огшиж байгаагүй. Уран сайхны найруулга хийж байгаа хүн алдаа, оноог л харахаас хөгжмийн сайхныг, уур амьсгалыг мэдрэх нь дараагийн асуудал байдаг. Харин тэр өдөр зөвхөн надад зориулагдсан хөгжим эгшиглэж байна гэдэг утгаараа ч үнэхээр сайхан байлаа.  Хүмүүс ч танай хамт олон ямар сайхан юм бэ.  Үнэхээр хүчтэй хамт олон юм. Хөгжим ч нүргэлж байна шүү” гэж байсан нь надад илүү их урам зориг нэмж байлаа” гэв.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулахдаа танд юу гэж захисан бэ?

- Ерөнхийлөгч өөрөө Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг.  “Бүжигчин хүн, тэр дундаа цэргийн бүжигчин энэ шагналыг хүртэж байгаад баяртай байна. Илүү ихийг хийж бүтээгээрэй” гэсэн гэлээ. Үнэхээр Л.Баттөр хэмээх эрхмийн харцнаас, ярианаас, үйл хөдлөлөөс илүү ихийг хийж бүтээх урам зориг мэдрэгдэж байлаа.   Тэрээр харьцангуй залуудаа урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх шагналыг хүртлээ.  Тэгэхээр яг ид хийж бүтээх насанд нь энэ шагнал “урам зориг”, ташуур өглөө ч гэж итгэж найдаж болохоор юм. 

 

“Урлаг бол хамтын хүч байдаг”

2025 он Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгынхны хувьд уран бүтээл арвинтай, чөлөөлөх дайны түүхт 80 жилийн ой тохиосон онцлогтой жил байжээ. Тэд дайнд оролцсон дайчин чуулга гэдгээрээ бусад мэргэжлийн урлагийн байгууллагаас ялгардаг. Дайны жилүүдэд чуулгынхан 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй фронтод очиж, уран бүтээлээ хүргэж байсан түүхтэй.  Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Баттөр одоо энэ л чуулгын уран сайхны удирдаач буюу дэд даргаар ажиллаж байна.   Тэрээр  “Манай чуулгынхан бодлогын хувьд 2025 онд чөлөөлөх дайны 80 жилийн ойд ач холбогдол өгч ажиллаж, уран бүтээлээ хүргэсэн онцлогтой жил байлаа.  Би энэ жил цэргийн бүжгийн найруулгын  чиглэлээр Урлаг судлалын магистрын зэрэг хамгаалсан.  Дэд хурандаа цолоо авлаа.  Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртлээ. Урлаг бол хамтын хүч байдаг. Ялангуяа бүжгийн урлагийг ганц хүн гоцлоод амжилтад хүрэх нь ховор.  Тиймээс өнөөдрийн Л.Баттөрийг олон сайхан хүний хүч хөдөлмөр, хамт олны минь хичээл зүтгэл бүтээсэн юм шүү.  Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн төлөөлөлд энэ шагналыг олгосонд их баярлаж байна” хэмээв. 

 

“Монголын хүүхдийн ордны тайз намайг бүжгийн урлагт дурлуулсан”

Ийнхүү бидний яриа түүний хүүхэд нас, бүжигчний карьер, уран бүтээлийн тухай үргэлжлэв.  Л.Баттөр нэг сартайдаа эмээ, өвөө дээрээ ирж, эрхэлж өссөн, өвөө эмээгийн хүүхэд. Түүний өвөө Лхаажав Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат.  Эмээ Бямбаа нь Баянхонгор аймгийн Байдраг  сумын хүн.  Л.Баттөрийн бага нас  Улаанбаатар хот, Дэнжийн мянгад өнгөрчээ.   Нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан нь бүжигчин болох эхний алхмыг тавьсан гэхэд болно.  Гуравдугаар ангиасаа “Эмнэлэг гэгээрлийн ордон”-ы бүжгийн дугуйланд явж, Майхүү багшийн шавь болсноор бүжгийн ертөнцтэй танилцжээ.  Л.Баттөр “Би  9, 10 настай байсан. Анх дугуйланд ирэхэд их л сонин санагдаж билээ. “Эмнэлэг гэгээрлийн ордон” нийтийн бүжиг болдог зааланд байдаг. Бүжгийн анхны элемент болох ёсолгооноос эхлээд хөдөлгөөнүүд заалаа.   Өмссөн хувцас маань хүртэл их сонин, өөр ертөнц байсан л даа.  Тэр үед Майхүү багш маань мэргэжлийн түвшинд хичээл ордог байсан нь миний сонирхлыг өрдөж өгсөн юм болов уу гэж боддог.  Тэр дугуйландаа хоёр жил орчим хичээллэсэн. Тэгээд Майхүү багш “Хүүхдээ бүжгээр явуулбал зүгээр шүү” гэж хэлсэн юм шиг байгаа юм. Өвөө маань намайг үргэлжлүүлээд Хөгжим, бүжгийн дунд сургуульд шалгуулсан. Гэвч насны зөрүү гараад яг бүжгийн анги таараагүй.  Жав багш “Уг нь яг л бүжгийн хүүхэд байна. Нэг жил түр Монголын хүүхдийн ордонд очиж хичээллээд ир гэж хэлээд Жаргалсайхан багшид захиа бичээд явуулж байлаа. Ингээд Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд урлагийн гавьяат зүтгэлтэн Жаргалсайхан багшийнхаа удирдлага дор бүжгийн урлагийн бүхий л зүйлийг заалгасан түүхтэй.   Эргээд Хөгжим бүжгийн дунд сургууль руу ч яваагүй. Есдүгээр анги хүртлээ Хүүхдийн ордныхоо тайзан дээр бүжиглэсэн.  Тэр тайз намайг бүжгийн урлагт жинхэнээсээ дурлуулсан.  Бүжгийн урлагаар дамжуулан надад амьдралын бүхий л мөн чанарыг ойлгуулж байсан юм. Хамт олонтой байх, найз нөхөдтэй байхын сайхныг мэдрүүлсэн.  Хүнтэй яаж зөв харьцах юм, яаж хувцаслах вэ гэдгээс эхлээд намайг төлөвшүүлсэн газар юм” гэлээ.  Үүний дараа Л.Баттөр урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай 50 дугаар сургууль төгсөж, Соёлын коллежийн бүжгийн ангид суралцсан байна. Үргэлжлүүлэн СУИС-д бүжиг дэглээч мэргэжлээр суралцаж байгаад цэргийн бүжиг рүү “урвасан” гэхэд болно. Тэрээр “Би уг нь СУИС-ийн бүжгийн урлагийн сургуулийн гурав дахь үеийн суралцагч, бидний багш Гансүрэн.  Багш маань Ленинградын урлагийн академийг төгсөж ирээд манай ангийг дааж авсан. Яг ид шижигнэсэн үе нь байлаа. Би багшийгаа Монголын бүжгийн урлагт тухайн цаг үедээ тодорхой шинэчлэлүүдийг хийсэн гэж боддог доо” гэв.

 

Цэргийн урлагийн тайзнаа ёсолсон он жилүүд

 

Л.Баттөр СУИС-ийн бүжиг дэглээчийн нэгдүгээр дамжааны оюутан байхаасаа Цэргийн ансамбль дагалдан бүжигчнээр ажиллаж эхэлсэн байдаг.  Цэргийн бүжиг түүний сэтгэлийг мэргэжлийн сургуулиа орхих хүртэл нь татсан гэж болохоор. Тэр үеийн “Цэргийн хит парад”-ад цэргийн сэдэвт бүжгээр оролцсон нь энэ чиглэлээр бүжиглэх нь түүний сэтгэлийг илүү татжээ.  Ингэж тэр 1996 онд Цэргийн ансамбльд дагалдан бүжигчин болж, 1998 онд жинхэлснээр түүний цэргийн урлагийн тайзнаа ёсолсон он жилүүд эхэлсэн. 2000 онд ахлагчийн орон тоон дээр улирч, албан ёсоор цэргийн цол  авч, цэргийн хувцас өмсөх болсон залуу бүжигчин ёстой л мөрөөдлөө биелүүлсэн мэт хөөрч байсан гэдэг. 2005 оноос бүжгийн дасгалжуулагч багш болж, цэргийн ансамбльд мэргэжлийн хувьд дээд үеийнхэндээ ч  хүлээн зөвшөөрөгдөхийг хичээсэн он жилүүд байсан гэдэг. СУИС-даа ч эргэн суралцаж бүжигчнээр төгссөн. Тэрээр “Би бараг СУИС-д хамгийн удаан хугацаанд суралцаж төгссөн байх шүү. 1996 онд элсэж ороод 2008 онд төгссөн. Ер нь бүжгийн урлагт практик сургалтууд, уран бүтээлүүд их чухал байсан даа” гэв. Ингээд тэрээр 2009 оноос Ганчимэг багшийнхаа залгамж түүчээ болж, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий бүжиг дэглээчээр ажиллаж эхэлсэн байна.  Тэрээр “Цэргийн чуулгын уран бүтээлүүд батлан хамгаалах бодлого, нийгмийнхээ хөгжилтэй уялдаа холбоотой явж ирсэн. Ганчимэг багш маань энэ салбарт ажиллахдаа нэлээд шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийж чадсан.  Өмнө нь бол социализмын үеийн хэв маягууд давамгайлдаг байлаа.  Бүтээлүүд маань хэдий сонгодог болчихсон ч гэлээ урьд өмнөх хэв маягаасаа нэг л салж өгөхгүй байсан. Харин Ганаа багш минь уран сайхны бодлогод зоригтой өөрчлөлтүүдийг хийж, одоо цагийн Зэвсэгт хүчний хэв маягийг уран бүтээлүүдэд шингээж  чадсан.  Би тэр л үеийнх нь бүжигчин юм.  Бүжигчид уран бүтээлчдээс маш өндөр ур чадвар шаарддаг байлаа.  “Цэгцэрсэн жагсаал”, “Залуу нас” гээд л.  Хэд хэдэн бүжиг холино. Цэргийн, ардын, сонгодог гээд янз бүрийн  хэв маягуудыг шингээнэ. “Нэр төр” гээд бүжгэн жүжгийг ч бүтээсэн.  Энэ бол монголын бүжгийн урлагт томоохон өөрчлөлт авчирсан он жилүүд байсан” гэлээ.

- Та сургуулиа орхиод цэргийн бүжгийн тайзнаа ирсэн. Яг юу нь таныг тэгж их татсан юм бэ?

-Бүтээл л гэж хэлнэ. “Цэрэг бүжгийн чуулбар”, “Морьт цэрэг”, “Цэнхэр дурдан алчуур” гээд л үнэхээр гоё бүтээлүүд.  Цэргийн ансамблийн бүжигчид ч тэр үед маш олуулаа болсон байсан.  Хамт олны уур амьсгал, бүтээлч байдал тэр чигтээ намайг татсан л даа.  Тэгээд энд ажиллаж, цэргийн тайзнаа бүжиглэхийг маш их яарч ирж байлаа гэв. Л.Баттөрийг өвөө эмээ нь маш эрх чөлөөтэй нэгэн болгож өсгөжээ. Гуравдугаар ангиас нь бүжгийн урлагаар хичээллүүлж, ус зөөлгөх зэрэг гэрийн ажлаас ч чөлөөлж, урлагийн хүн гоё, сайхан байх ёстой хэмээн эрхлүүлж, хайрлаж  ирээдүйг нь аль хэдийн бүтээж өсгөсөн гэхэд болно. Амьдралдаа ямар нэгэн сонголт хийх болгонд нь “Өөрөө мэд, харин сонголтынхоо эзэн байгаарай, хийж байгаа зүйлдээ үнэн байгаарай, тууштай байгаарай” гэж хэлдэг байжээ. Түүнийг сургуулиа орхиод цэргийн тайз руу явахад нь, Казахстаны урлагийн академийг орхиод ирэхэд нь ч зэмлэж загнаагүй гэдэг.  Тэгэхээр Л.Баттөр бүжгийн урлагт орсон цагаасаа л өөрийнхөөрөө, өөрийн авьяас чадвараар, өөрийн сонголтоор, өөрийн түүхийг найруулан бүтээж ирсэн нэгэн юм. 

 

Гэр бүлийн хос гавьяатууд

Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд хурандаа Л.Баттөр нь эзэмшсэн мэргэжлээрээ ахлагчаас офицер, дагалдан бүжигчнээс уран сайхны удирдаач хүртэл нэгэн сэтгэлээр 20 гаруй жил цэргийн мэргэжлийн урлагт зүтгэжээ. Төрийн ёслол хүндэтгэлийн болон чуулгын төлөвлөгөөт тоглолтууд, уран бүтээлчдийн бие даасан тоглолт зэрэг 150 гаруй уран бүтээлийг найруулжээ. Мөн 70 гаруй бүжгийг дэглэн тайзнаа амилуулж, чуулгын урын сангийн 200 гаруй олуул бүжгийг бүжиглэж, 50 гаруй бүжигт гоцлон бүжиглэсэн авьяаслаг бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч юм.  Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулгын гайхамшигтай тоглолт бүрийн ард зогсож байдаг, торгон мэдрэмж өндөр түүний хөдөлмөрийг төр үнэлсэн нь бахархалтай. Түүний гэргий ахлах ахлагч А.Бямбатөгс цэргийн чуулгын тайзнаа бүжгийн гайхамшгийг үзүүлж яваа гавьяат жүжигчин бөгөөд ийнхүү гэр бүлээрээ гавьяатууд болсон юм. Тэд Соёлын коллежийн нэг ангийн оюутнууд байжээ. А.Бямбатөгс гавьяатын хувьд “Чингис хаан” рок дуурийн Удганы дүр, “Нэр төр” бүжгэн жүжгийн Удвалын найз, “Хааны удамт Монгол эгшиглэн ардын урлагийн цомнол бүтээлд гоцлол бүжигчнээр оролцон тоглож, “Спартак” бүжгэн жүжиг, “Хүннү” дуурь, “Нарны охид” хүүхдийн дуулалт жүжиг, “Тоонто нютаг” буриад үндэстний дуу бүжгийн цоморлог зэрэг том хэлбэрийн бүтээлүүдэд амжилттай бүжиглэсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 1 (7743)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn