“ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонин хамтран 2025 онд Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. 

 

1. Харбины гэрээ байгуулагдсан ч хянан шалгах асуудал яригдаж эхлэв

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хооронд 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр  Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг холбох гэрээг байгуулж, гарын үсэг зурлаа.  Энэ төмөр зам нь 1955 оны Замын-Үүд-Эрээн төмөр замын гэрээнээс хойш эхэлж буй хоёр дахь хил дамнасан төмөр замын холболт юм.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын төлөөлөгчид Харбин хотноо очиж гэрээнд гарын үсэг зурсан тул тухайн хотынх нь нэрээр буюу Харбины гэрээ хэмээн яригдах болсон. Энэ холболтыг хийснээр  Монгол Улсын нүүрсний экспортын хүчин чадлыг жилд 83 сая тонноос 165 сая тонн хүртэл өсгөх боломжтой гэж тооцоолж байна. Энэ нь жилд 1.5 тэрбум ам.долларын экспортын орлого нэмэгдүүлнэ.  Цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтуудыг төмөр замаар холбох суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал гэж үнэлэгдэж байгаа юм.   Гэхдээ гуравдагч тал байхгүй буюу гаднын хөрөнгө оруулагчгүйгээр хоёр улсын Засгийн газар хооронд шууд гэрээ хийсэн нь ил тод байдал алдагдсан байж болзошгүй гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна.  Иймээс уг гэрээг ил тод болгох нууцын зэрэглэлээс гаргах асуудлаар Хянан шалгах түр хороог байгуулах санаачилгыг зарим гишүүн гаргасан юм.  УИХ-ын гишүүд "2024 оны хоёрдугаар сард "Эрдэнэс Таван толгой"-н БЭТ байсан Ж.Ганбат гэдэг хүн ЗГХЭГ руу Хятадтай хийж буй хэлэлцээрийн тухай бичиг явуулахдаа "Хятадын тал манай нүүрсийг биржийн үнээр авахыг хүлээн зөвшөөрөв” гэсэн байдаг. Бирж дээр манай нүүрс нэг тонн нь 120 ам.доллароор зарагдаж байна. Энэ үнээр чинь авъя гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэвч бид одоогийн үнээс хоёр дахин өндөр үнээр зарах боломжоо алдсан. Яагаад 16 жилийн турш 50 хэдэн ам.доллараар Хятадад нүүрсээ зарах гэрээ хийсэн бэ гэдэг нь хамгийн асуудалтай байгаа юм" гэсэн юм. 

УИХ-аас 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд  “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. 2024 оны хоёрдугаар сарын 14-нд Монгол, БНХАУ хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг УИХ хэлэлцэхээр шийдвэрлэсэн.  2025 оны хоёрдугаар сарын 14-нд гарын үсэг зурж баталгаажуулсан бол гуравдугаар сарын 27-нд УИХ гэрээг хэлэлцэж хэлэлцэж, соёрхон баталжээ.  Улмаар тавдугаар сарын 14-нд замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Төслийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн билээ.

 

2.Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал ба Л.Оюун-Эрдэнэ огцров

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ олон нийтийг бухимдуулж, улмаар “Огцрох амархан” жагсаалын эхлэл болсон. Залуус голдуу бүрэлдэхүүнтэй тус жагсаал 21 хоног үргэлжилсний эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцорсон нь нийгмийн итгэл, ёс зүй, эрх мэдлийн талаарх томоохон асуултыг дахин сөхөв. Олон нийтийн дунд яригдсан “хүүгийн тансаглал” гэх маргаан нь хууль зүйн хувьд нотлогдоогүй ч улс төрийн хувьд асар хүчтэй нөлөө үзүүлж, Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, цаашлаад Засгийн газар танхимаараа огцроход хүрэв. Төрийн өндөр албан тушаалтанд “би хууль зөрчөөгүй” гэдэг тайлбар хангалтгүй байдаг. Учир нь улс төрийн итгэл гэдэг бол зөвхөн хуульд захирагддаг ойлголт биш, харин шударга ёс, хариуцлагад суурилдаг. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн олон нийтэд өгсөн тайлбарууд логик үндэслэлтэй ч олон нийтийн хувьд хангалттай итгэл төрүүлж чадсангүй. Ил тод байдал, баримт нотолгоо, ёс зүйн илүү өндөр стандарт хүлээж байсан нийгэмд ерөнхий мэдэгдэл нь үл итгэлийг улам лавшруулсан. Мөн энэ маргаан ганц хүний гэр бүлийн асуудал байгаагүй. Харин төрд итгэх итгэл аль хэдийн суларсан үед гарч ирсэн бэлгэдлийн шинжтэй оч байв.  Тэрээр албан тушаалаа өгөхдөө  "Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн итгэл үнэмшил өөр байгааг би мэднэ. Үзэл санаа үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлэлдсэн ашиг сонирхлын зөрчил ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй" гэсэн билээ.   Үүний дараа парламент Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулж 82 гишүүн оролцож олонх нь татгалзсан санал өглөө. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм.  Мөн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, олон нийтийн дунд тараад байгаа Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих санал, санаачилгыг эсэргүүцэж буйгаа албан ёсоор илэрхийлсэн юм. Тэрээр Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн мэдэгдэж, ард иргэдийн жагсаал, шаардлагыг сонсож ажиллахыг уриалсан байдаг.  Ийнхүү Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон нь 2025 оны улс төрийн онцлох үйл явдлуудын нэг байв.  Тэрээр хамгийн залуу Ерөнхий сайд, хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд, хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайд гэсэн тодотголтойгоор албан тушаалаасаа буулаа.

 

3. Үндэсний аюулгүй байдлын хоёр гишүүн нэг өдөр огцров

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр өндөр албан тушаалтан нэг өдөрт огцорсон нь улс төрийн түүхэн дэх анхны тохиолдол болов.  Тодруулбал,  2025 оны аравдугаар  сарын 17-нд УИХ-ын дарга, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэг өдөрт огцорлоо.  Энэ нь парламент дахь дотоод зөрчил, МАН‑ын дотоод хүчний хуваагдал, Ерөнхий сайд болон УИХ‑ын даргын хооронд улс төрийн өрсөлдөөн хурцадсаныг харуулж байв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр  огцрох өргөдлөө өгсөн байдаг. Тэрээр өргөдөлдөө “.. гүн хүндэтгэлтэйгээр эрх мэдэл, парламентын ардчилал, шударга ёсыг бүрэн сэргээх, өөрийн нэр төрийг хамгаалахын тулд УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” гэсэн байдаг.  Д.Амарбаясгаланг УИХ‑ын даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэн, нийт 114 гишүүний 102 нь дэмжсэн шийдвэр гаргасан юм. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт буруутгаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар яллагдагчаар татсан талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүд гаргасан байдаг.  Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн бус саналын томъёоллоор санал хураалгаж шийдвэрлэсэн гэдэг маргаан дагуулж Үндсэн хуулийн Цэц дээр очсон байдаг. УИХ 2025 оны зургаадугаар сарын 17-нд Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилж байсан бол дөрвөн сарын дараа буюу энэ оны аравдугаар сарын 17-нд буюу ердөө дөрвөн сарын УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Г.Занданшатарыг огцруулсан юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй. Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй. Харин ард түмэнтэйгээ хөгжил дэвшил өөд хамтдаа босох гэж тэмцсэн. Хулгайтай эвлэрдэг хууль ёс гэж байхгүй. Улсын Ерөнхий сайд би улс орноороо наймаалцахгүй, нүүрсний хулгайч нартай тохиролцохгүй. Эв нэгдэл зөвхөн шударга ёсонд үндэслэн тулгуурлах учиртай” хэмээн мэдэгдэж байв. Өнгөрсөн сонгуулиар 68 суудал авсан МАН нэг жил хүрэхгүй хугацаанд хоёр Засгийн газраа огцруулж, Үндэсний аюулгүй байдлын хоёр гишүүн нь нэг өдрийн дотор огцорсон онцгой тохиолдол боллоо. Энэ нь Монголын улс төрд хариуцлагын шинэ стандарт тогтохгүй л бол, итгэл буурах, эсэргүүцэл нэмэгдэх, улмаар засаглалын тогтвортой байдал суларч болзошгүйг харууллаа. 

 

4. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр улс төрийн маргаанд түрдээ цэг хатгав

 

УИХ-аас энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах 95 дугаар тогтоол баталсан билээ. Дээрх тогтоолд эхлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд нь хориг тавьсан байдаг.  Ерөнхийлөгчийн хоригт Ерөнхий сайдыг огцруулахдаа анх УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн бичгээр бус Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураасан. Мөн чуулганы хуралдааныг шинэ ирцээр бус өмнөх өдрийн ирцээр үргэлжлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн юм. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Г.Занданшатар ч Үндсэн хуулийн цэцэд хандан хүсэлт гаргасан.  Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх” асуудлаар хандсан байна.

Цэцээс “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан” Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар хандсан байдаг.  Үндсэн хуулийн цэц шууд маргаан үүсгэсэн.  Учир нь Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуульд “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана” гэж заасны дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу цэц шууд маргаан үүсгэж шалгах хуулийн зохицуулалттай. Улмаар Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор хэлэлцсэн.  Хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хуралдааныг "Хэт нэг талыг барьж байгаа тул хуралдааны шийдвэр яаж гарах нь ойлгомжтой" гэж үзэн, хурлыг орхин гарсан. Улмаар гэрчээр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцож, Цэцийн гишүүд болон оролцогч талуудын асуултад хариулсан юм.

Их суудлын хуралдаанаас Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн юм.  Цэцийн дүгнэлтэд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын хуулийн 1.2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 43.1 дэх хэсгийн “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүдийн нийт гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцогдож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэснийг зөрчсөн байна. УИХ-ын 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн Ерөнхий сайдыг огцруулах тухай 95-р тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” 43.1 дэх хэсгийн “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүдийн нийт гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцогдож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно”, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ.

 

5. Багш эмч нарын ажил хаялтын үр дүн асуултын тэмдэгтэй үлдэв

Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр 13 хоног ажил хаяж, харилцан зөвшилцөлд хүрч, ажил хаялтаа зогсоосон билээ. 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50 хувь, 2026 ондоо 2.8 сая төгрөгт хүргэхээр болсон. Мөн үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар талууд хамтран ажиллахаа мэдэгдсэн байдаг.  Монгол Улсын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, багш нарын ажил хаялт 1995 онд 143 хоног байсан юм билээ. Харин 2025 оны ажил хаялт хамгийн олон боловсролын байгууллагаас, хамгийн олон хүн  оролцсон гэдгээрээ онцлог байлаа. Тодруулбал, багш нарын ажил хаялтад 720 байгууллагын 40 мянга гаруй багш, ажилтнууд оролцсон байна.  Багш нарын ажил хаялтын араас эмч нар мөн ажил хаялт зарлахаа мэдэгдсэн байдаг. Эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг төр засгаас шаардсан юм.  Тэгвэл ажил хаялт төдийлөн газар авалгүй гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурж, эмч нар ажил хаялтаа зогсоосон байдаг. Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцов. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан гурван сая төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Үүнд 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  30 хувиар, 8,9,10,11 дүгээр саруудад тус бүр есөн хуваарь нэмэгдүүлж,  2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээр тохирсон байдаг.  Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцолсон байна. Ийнхүү багш, эмч нарын цалингийн нэмэгдлийн эх үүсвэрийг гаргахын тулд улсын нийт төсвөөс 15-20 хувийн таналт хийж шийдвэрлэсэн байдаг. Ер нь сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэндийн салбарт багш нарын эрх, цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой асуудлаас үүдэн ажил хаялт зарлах тохиолдол нэмэгдэж байна.  Ажил хаялт нь шударга шаардлагаа илэрхийлэх, төр засагт анхааруулга өгөх нэг хэрэгсэл юм.  Нөгөө талдаа  ажил хаялт нь боловсрол, эрүүл мэндийн тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг байна.

 

6.16 жилийн дараа Оюу толгойн гэрээг дахин “дэнслэв”

Монгол Улс 16 жилийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэж байх үед тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ Оюутолгой төслөөс Монголын ард түмний хүртэх өгөөж 55-75 хувь хүртэл байна гэж мэдэгдэж байв.  Харин 16 жилийн дараах Засгийн газрын тэргүүний мэдэгдлээс харахад, энэ төслийн Монголын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл нь 37-д хувьд хүрэхтэй үгүйтэй байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог байгуулсан. Түр хорооноос 300 гаруй гэрч дуудаж, Оюу Толгой төсөлтэй холбоотой хянан шалгах сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулсан. Оюу толгой бол 22 тэрбум ам.доллароор хэмжигдэх, Монголын анхны гадны томоохон хөрөнгө оруулалттай мега төсөл. Тиймээс үр өгөөж, үр дагавар ирээдүйн шийдлийг ярих нь цаг хугацааны хувьд ч чухал асуудал байлаа. Хянан шалгах түр хорооноос  Оюутолгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах дөрвөн санал дэвшүүлж, УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсан билээ.

1.Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой бүлэг ордын талбайн хил заагт орших Жавхлант, Шивээ толгой ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

2.Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;

3.Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

4.Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, “Оюу толгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах, уг хувь хэмжээг таван  жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн билээ.

 

7. Z үеийн жагсаал шинэ дүр

Дэлхий дахинд Z үеийн жагсаал эрчийг авч байна. Олон улсад 1997-2012 оны хооронд төрсөн хүмүүсийг Z үед багтаадаг. Гэвч улс, орон бүрд нийгмийн харилцан адилгүй байдал, түүхээс хамааран бага зэрэг хэлбэлздэг. Манай орны хувьд 2020 оны "Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа"-нд 1995 оноос хойш төрсөн хүмүүсийг Шинэ үеийнхэнд хамааруулсан байдаг.  Уг тайланд шинэ үеийнхнийг "Хувь хүний эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, либерал үзэлтэй, төр болон намд итгэдэггүй, институтэд биш өөртөө илүү итгэдэг, бусад үеүдтэй харьцуулахад хамгийн их дижитал, сошиал хэрэглээтэй байна. Тэд бусад үеүдтэй харьцуулахад үзэл бодлын хувьд илүү баруунжсан, глобалчлагдсан байна" гэж тодорхойлжээ. Тэгвэл 2025 онд болсон Z үеийнхний “Орлогоо нотол”, “Огцрох амархан” жагсаал Засгийн газрыг танхимаар нь огцруулж чадлаа. Z үеийнхний төлөөлөл голдуу иргэд 21 хоног Төв талбайд жагсав. Тэд жагсаалын үр дүнгээ 22 дахь хоногтоо сонсож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа буусан.

"Огцрох амархан" уриатайгаар, өдөр бүрийн хөтөлбөртэйгөөр үргэлжилсэн эл жагсаалын ард ил болон далдаар ирсэн дарамт шахалт олон байсан гэдэг. Жагсаалыг "оройлсон" дүрүүдийн нэг бол “Ноорог креатив” ХХК-ийн захирал О.Уламсайхан байлаа. О.Уламсайхан ба түүний нөхдийг цагдаагийн байгууллагаас энэ оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө саатуулсан. Мөн ажлын байранд нь нэгжлэг хийж гар утас, компьютерын хардыг хураан авчээ. Хуулийн байгууллагаас тэднийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Нэгнийх нь зургаан дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан хэмээсэн. Албаныхны энэ мэдээллийг О.Уламсайхан үгүйсгэж, “Ноорог” медиа агентлагаас бүтээж буй “18 хоног” баримтат киноны дүрс, бичлэгийг хуулж авах зорилгоор энэ ажиллагааг явуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлийг хөндсөн юм.

Удалгүй “Огцрох амархан” жагсаал болоход идэвхийлэн оролцсон хүн нь мөн л “Ноорог”-ийн О.Уламсайхан байв.

 

8. “Physical asia” шоу ба Монгол Улсын гадаад сурталчилгаа

2025 онд Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинаа өндөрт өргөсөн үйл явдлууд олон боллоо. Тэдгээрийн нэг нь яах аргагүй Netflix платформ дахь "Physical Asia" шоу тэмцээнд дэд байр эзэлсэн Монголын баг тамирчдын амжилт байлаа. Өмнөд Солонгос, Монгол, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин гээд нийт найман орны баг оролцсоноос манай Монголын баг Өмнөд Солонгосын багтай тунаж үлдэж хүч үзсэн билээ. Монголын багт Улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил, жүдоч А.Адъяасүрэн, циркчин Э.Лхагва-Очир, волейболчин Г.Хандсүрэн, сагсчин Э.Дөлгөөн нар багтсан юм.  Багана тогтоож барих, хүнд хүрд эргүүлэх, тэнцвэр, эр бяр, хүч сорьсон олон "тулаанд" манай тамирчид ямар их тэсвэр тэвчээр, багийн ажиллагааны ур ухаантай болохоо батлан харуулсан юм. Уг нэвтрүүлгийн дараа бусад орны зарим тамирчин Монголд ирж, ахуй соёл, спорттой танилцсан юм. Мөн Netflix-ийн уран бүтээлчид Өмнөд Солонгосын болон Монголын баг тамирчдын хамтарсан "Physical: Welcome to Mongolia" тусгай дугаарыг бэлтгэсэн байдаг. Дэлхий даяар 300 сая гаруй үзэгчтэй Netflix-ийн "Physical: 100" болон "Physical: Asia" цувралуудыг санаачлагч, найруулагч Жан Хоги, эдгээр шоуны Монголын болон олон улсын шилдэг оролцогчдын төлөөлөл, “Spark Agency Mongolia”-ийн захирал Э.Дөлгөөн нар Монголын багийг амжилттай оролцуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Монголын баг "Physical: Asia" шоунд үзүүлсэн сахилга бат, хөдөлмөр зүтгэл, тэсвэр хатуужил, ёс зүйн үнэ цэнээрээ олон улсын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, хайр хүндэтгэлийг хүлээсэн. Тэдний уриалгаар шоуны шилдэг баг Монгол Улсад хүрэлцэн ирсэн нь Netflix компанийн шинэ жилийн баярын өдрүүдэд цацагдах “Physical: Welcome to Mongolia” тусгай нэвтрүүлгийг эх орондоо бүтээх боломжийг нээв.  Одоогоор Netflix Korea-ийн уран бүтээлчид Монголд ажиллаж, оролцогчдын аяллыг сурвалжилж, манай улсын өв соёл, ахуй амьдрал, байгалийн онцлогийг олон улсын үзэгчдэд таниулах ажлыг хийж байна. “Physical asia” шоу нь Монголын нэр хүндийг дэлхийд таниулж, аялал жуулчлал, спорт, соёлын салбарт бодит өгөөж авчирч,  Монгол Улсын гадаад сурталчилгаа болж байгаа билээ.   Дэлхийн тавцанд Монгол Улс, Монголын цахим спортын чадварыг батлан харуулж буй “The MongolZ” баг 2025 онд өмнөх жилүүдээсээ илүү олон томоохон амжилтыг үзүүлсэн байдаг. Тэд энэ онд оролцсон олон улсын тэмцээнүүдийнхээ ихэнхэд хагас шигшээд шалгарч, Саудын Арабад зохион байгуулагдсан “Esports World Cup 2025” дэлхийн цомын тэмцээний аварга болсон. Үүний үр дүнд The MongolZ баг HLTV болон Valve-ийн чансаагаар дэлхийд нэгдүгээрт бичигдсэн нь Монголын цахим спортын түүхэнд онцлох амжилт болж үлдлээ.

 

9. Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав

“Хөгжлийн банкны” гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбогдох хэргийг шүүх хурал 2023 оноос хойш шүүх дамжин явж байна. Уг хэрэг ихээхэн онцлогтой. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний холбогдсон хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийн холбогдсон хэрэг, Хөгжлийн банкны хэлтсийн захирал, мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг, Зээл авсан аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалтан болон бусад хүмүүсийн холбогдсон хэрэг гээд тав хуваачихсан. Тэгвэл, уг хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг холбогдуулан шалгасан. Шүүх рүү ч аваачсан. Хэргийг анх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний хооронд уг хэргийг шүүсэн. Дараа нь 2024 оны гуравдугаар сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдсэн. Сүүлд нь 2024 оны арванхоёрдугаар сард Дээд шүүх хэлэлцэж тогтоол шийдвэрээ гаргасан. Дахиад энэ оны есдүгээр сарын дундуур Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Н.Алтанхуягийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургадугаар сард цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2024 оны гуравдугаар сард мөн л цагаатгаж шийдсэн. Сүүлд нь 2024 оны арванхоёрдугаар сард Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж, тэр дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны есдүгээр сарын дундуур дахин хэлэлцээд Н.Алтанхуягийг дахиад цагаатгасан. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаадсан юм. Ер нь бол, улс төрийн хүрээнд “Хөгжлийн банкны хэргийг улс төрийн зорилготой шүүх дамжуулж бөмбөчүүлээд байна уу” гэсэн хардлага сүүлийн үед үүсээд байна. Учир нь, Хөгжлийн банкны хэргийг шалгаж эхэлсэн болоод хэрэг үүсгэсэн шалтгаан нь Хөгжлийн банкны хөрөнгийг буцаан байршуулах, чанаргүй найдваргүй зээлийг төлүүлэхэд оршиж байсан юм. Гэтэл цагийн явцад хэргийг эцэслэлгүй ямар нэг байдлаар шүүх дамжуулан буцаасаар байна. Ойрын үед Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ч хэлэлцэж магадгүй нь. Ингэсээр байтал Хөгжлийн банкны хохирлыг барагдуулах хугацаа нь сунасаар байгаа юм.

 

10. Нийгмийг гайхшруулсан хэрэг буюу хоёр настай охин алга болов

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд алга болсон хэрэг гарсан.  Энэ тухай мэдээллийг 20:40 цагт цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Алга болсон хүүхэд нь цайвар шар царайтай, толгойдоо 10см орчим урттай, хоёр сүлжсэн шаргал өнгийн үстэй, 80см орчим өндөртэй, 18 кг орчим жинтэй, алга болох үедээ хөх өнгийн цамц, хар өнгийн өмд, зураг дээрээ харагдаж байгаачлан улаан оруулгатай цагаан өнгийн гуталтай явсан тухай хуулийн байгууллагаас мэдээлэл оруулж төлбөртэй мэдээлэл авч эхэлсэн.   Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ес хоногийн хугацаанд хайсан байдаг. Түүний ээж " 20 минут болоод эргээд ирэхэд хүүхэд маань байхгүй байсан. Тэгээд шууд аав руу нь орилж хэлээд энэ хавиар хайсан. Утсаар ярих талаарх бодол ерөөсөө орж ирээгүй. Аав нь ирээд хүмүүс рүү ярь, гэгээ тасарлаа гэхэд л ухаан орсон. Тэр оройноос одоог хүртэл эрэн хайж байна. Ямар ч сураг чимээ гарахгүй, ул мөр, хувцас нь ч олдохгүй байна. Надад амьд байгаа байх гэдэг мэдрэмж төрөөд байгаа.  Машиндаа эргээд ирэхэд хаалга хаалттай байсан. Гарч явахдаа жолооч талын хаалгаар эсхүл арынх нь хаалгаар л гарсан байх. Хажуу талд нь дүү нь унтаж байсан. Уг нь манай хүү дүүгээ орхиж машинаасаа гарч явдаггүй. Дүүтэйгээ гэртээ үлддэг, сум ороод дэлгүүрийн гадна машиндаа суугаад үлддэг байсан. Миний хүү хөл чангатай, сайн ярьдаг. Сэрээд биднийг дуудах л байсан"   гэсэн байдаг. Харамсалтай нь  Хөвсгөлд алга болсон хоёр настай хүү алга болсон газраасаа гурван км-т нас барсан байдалтай олдсон билээ.  Эрэн хайх ажиллагааны хугацаанд олон нийтийн сүлжээнд янз бүрийн таамаг мэдээлэл хөвөрч, амиа алдсан охины аав ээжийг ч алсан буруутай мэтээр бичиж байв.  Шувуу шүүрсэн, амьтан идсэн, бүүр лус савдгийн хорлол болсон гэх таамаглалыг дэвшүүлж, Монгол даяараа хүүг ес хоногийн турш эрэн хайсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7741)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn