Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар хуралдаан даргалагч танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс давхардсан тоогоор 100 хууль тогтоомжийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн асуудалд тусгуулахаар санал ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын Байнгын хороодоос:

·      Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо-2;

·      Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо-1;

·      Төрийн байгуулалтын байнгын хороо-5;

·      Төсвийн байнгын хороо-2;

·      Хууль зүйн байнгын хороо-6;

·      Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо-4;

·      Эдийн засгийн байнгын хороо-3 санал тус тус ирүүлсэн байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тоггоомжийн төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ируүлсэн хууль, тогтоолын төслүүдийг тогтоолын төсөлд нэрлэн тусгах зарчмыг баримталж нийт 26 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: zms.mn