Хэдийнээ шинэ жилийн баярын уур амьсгал орж, айл бүхэн бүтэн жил хадгалсан  ганган гацуураа засаад эхэлжээ.

Гэвч энэ баярын уур амьсгалтай зэрэгцэн “анзаарагддаггүй” нэгэн аюул чимээгүйхэн ойртож байдгийг олон хүн тоодоггүй. Сүүлийн жилүүдэд гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй гал түймэр гарах болж, хүний эд хөрөнгө, амь насанд ноцтой эрсдэл учруулах болсон нь иргэн бүрийн анхаарах асуудлуудын нэг болжээ.

Энэ аюул нь гацуурын гэрлийг тасралтгүй асаах, цахилгааны залгуур, богино залгаа муудсан зэргээс ихэвчлэн шалтгаалдгийг албаныхан мэдээлдэг. Мөн зарим иргэд хямд үнэтэй, гарал үүсэл тодорхойгүй гэрлэн чимэглэл худалдан авч ашиглах, эсвэл нэг залгуурт хэт олон цахилгаан хэрэгсэл холбох нь эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна гэрлээ унтраалгүй орхих, гэрт хүнгүй үед асаалттай орхих зэрэг хайхрамжгүй үйлдэл нь гал түймэр гарах шалтгаан болж байгаа юм.

Хүн бүр догдлон баярладаг баярын үер ийм аюул болно гэдгийг хэн нэгэн нь тооцоолж, хайхраагүй нь харамсалтай.

 

Цахилгааны утсыг шалгах, модныхоо гэрлийг асаалттай орхихгүй байхыг анхааруулж байна

 

Гацуур модоо засахдаа гэрлэн чимэглэлийг нь шалгаж, шинэ жилийн баяраар галын аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэйг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар онцоллоо. Тэрээр “Айл, өрхүүд гацуур модоо засахдаа гэрлэн чимэглэлийг нь шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цахилгааны утас дундаа салж нийлсэн байж болзошгүйг шалгахгүйгээр шууд гэрлэн чимэглэлийг нь залгадаг асуудал бий. Цаашлаад иргэд өөрсдөө гэртээ байгаа тохиолдолд хяналттай байж, гэрээ эзгүй үлдээж байгаа бол модныхоо гэрлэн чимэглэлийг салгахыг анхааруулж байна. Түүнчлэн сурагчдын улирлын амралт эхэлж байгаа энэ үед эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүй бүү орхиорой гэдгийг дахин сануулъя” гэсэн юм.

Мөн өөр дээрээ гал хамгаалагчтай гэрэл хэрэглэснээр болзошгүй эрсдэлээс орон байраа хамгаалах боломжтой талаар инженер Э.Зоригтбаатар өмнө нь бидэнд мэдээллэж байсан.

Тэрээр “Манай улсад худалдаалагдаж буй гэрлүүдийг хянах боломжгүй. Учир нь үүнтэй хамааралтай стандарт байхгүй. Тиймээс иргэд гацуурны гэрлийн сонголтондоо анхаарах хэрэгтэй. Тодруулбал, хямд үнэтэй, муу гэрлүүд гадуур их худалдаалагддаг. Тэдгээрийг удаан залгахаар шатаж гал гардаг. Эсвэл масстай гэрэлнээс болж гал гарах тохиолдол бий. Тиймээс иргэд өөр дээрээ гал хамгаалагчтай гэрэл худалдаж авах нь зүйтэй. Тус гэрлүүд нь хэт халах юм уу, масс гарсан үед унтардаг. Өөрөөр хэлбэл, таныг галын аюулаас хамгаалдаг” гэж байлаа.

 

“Гэрлэн чимэглэлүүд 9-80 орчим мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна”

Бид дээрх асуудалтай холбогдуулан зах худалдааны төвүүдэд ямар төрлийн гэрлэн чимэглэлүүд, гацуур модод  худалдаалагдаж байгаа талаар сонирхсон юм.  Зах, худалдааны төвүүдэд гэрлэн чимэглэл, гацуур моддын  шинэ жилийн ая эгшиглэж, цаа буга, цасан охин, өвлийн өвгөн, гацуур модод өнгө алаглаж харагдана.

“Go to” худалдааны төвийн гацуур мод худалдаалж буй хэсгээр очиход төрөл бүрийн хэлбэр, өнгө төрхтэй модод, гялалзсан чимэглэлүүд харагдаж байлаа.

Тус худалдааны төвийн худалдагч Э.Гэрэлмаагаас ямар төрлийн гэрлэн чимэглэлүүд худалдаалагдаж байгаа талаар тодруулахад “Гацуурууд галын хамгаалалттай, өөрөөсөө гэрэлтэй гээд төрөл бүрээрээ байгаа. Мөн гэрлэн чимэглэл нь энэ жил гал хамгаалагчтай болж сайжирч ирсэн. Гал хамгаалагчийн мэдрэгч нь гэрэл халах, масслах үед унтардаг. Үнийн хувьд төрлөөсөө хамаараад харилцан адилгүй. Гал хамгаалагчтай, 100 метрийн урттай гэрлэн чимэглэл гэхэд манайх дээр 85 мянган төгрөг, 50 метрийн урттай нь 30 мянгаар худалдаалагдаж байна. Харин энгийн гэрлэн чимэглэлүүд 10 мянгаас эхэлж байгаа” гэв.

Мөн сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчид илүү аюулгүй байдлаа боддог болсон. Тиймээс гал хамгаалагчтай эсвэл өөрөөсөө гэрэлтэй гацууруудыг ихээр худалдан авч байгааг худалдаачид хэлж байлаа.

Тус худалдааны төвд гэрлэн чимэглэлүүд хэлбэр дүрс, хэмжээ бас гал хамгаалагчтай, энгийн гэдгээсээ хамаарч 9-80 орчим мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

Хэдий гацуур болон чимэглэлүүд шинэчлэгдэн, сайжирч байгаа ч иргэд анхаарал болгоомжгүй хандаж, өмнөх шиг бараан түүхийг давтахгүй байх нь хамгаас чухал.

Мөн худалдагч нарын тайлбарлаж буйгаар “Pvc” материалтай гацуурууд 2-3 жилийн дараа мөчир нь налдаг  төдийгүй шатамхай материалтай байдаг байна. Харин сүүлийн үед орж ирж буй гацуурууд нь хэлбэрээ алдахгүй, хамгийн чухал нь галд шатахгүй материалтай гэдгээрээ онцлог юм байна. Үнэ хямд байх тусам гацуурны материал муудаж байдаг хэмээн ярьж байсан юм.

 

“Гал хамгаалагчтай гэрлэн чимэглэлүүд  хамгийн аюулгүй санагдлаа”

 

Энэ үеэр бид шинэ жилийн баярын зүйлсээ базааж яваа иргэдээс ямар төрлийн гацуур мод болон гэрлэн чимэглэл сонирхож байгааг тодрууллаа.

Иргэн Д.Билэгбаяр “Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байгаа учраас хүүдээ зориулаад гацуур авахаар сонирхож явна. Гацуурын үнэ доод тал нь л 300 мянгаас эхэлж байх шиг байна. Миний хувьд өөрөөсөө гэрэлтэй гацуур сонирхож байгаа. Давхар гэрлэн чимэглэл гэхгүй. Бас аюул багатай санагдлаа. Учир нь гэрлэн чимэглэлүүдийн утас орооцолдох, шалбарах, нэг залгуурт олноор нь залгаснаас болж массалж, шатах гээд байдаг. Бас бага насны хүүхдүүд ил гарсан утаснаас татах зэрэг эрсдэлтэй талууд бий” гэж байлаа.

Харин Г.Болормаа “Би гацуурандаа шинэ гэрлэн чимэглэл авахаар сонирхож байна. Янз бүрээрээ л гарсан байна. Дундаж үнэтэй, чанартай, амархан шатчихааргүй гэрлэн чимэглэл авах бодолтой байгаа. Манайх 160 метрийн өндөртэй гацуураа гурван төрлийн гэрлээр чимэглэдэг. Ингэж чимэглэх нь сүүлийн үед аюултай санагдах болсон тул энэ жил нэг мөсөн урт гэрэл авч чимэглэе гэж бодсон юм. Нэлээд явж сонирхоход гал хамгаалагчтай гэрлүүд л хамгийн аюулгүй, сайн санагдлаа” гэв.

Энэ мэтээр иргэд өөрсдийн боломж бололцоо, хүсэл сонирхолдоо тааруулан гэрэлтэй гэрэлгүй, энгийн эсвэл гал хамгаалагчтай гээд өнгө алаглан яарайх гацуур, гэрлэн чимэглэлүүдээс сонгож харагдлаа.

Мэргэжлийн байгууллагын “асаасан бол унтраа, залгасан бол салга” гэдэг аюулгүй зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэх нь хэн бүрийн үүрэг бас хариуцлага билээ. 

 

Кейс-1:

2023 оны арванхоёрдугаар сард ОБЕГ-т Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сутай хотхоны дөрвөн давхрын айлд гал гарлаа гэх харамсалтай дуудлага бүртгэгдсэн байдаг. Тус өдөр мэргэжлийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг явуулсан боловч гал түймрийн улмаас нийт долоон хүн амь хохирсон. Түүний дөрөв нь 2-10 насны хүүхэд, гурав нь 27-40 насны хүн байсан юм. Тэдний дунд гал түймрийн дуудлагаар ажиллаж байсан 27 настай гал сөнөөгч байв. Олон хүний амийг авч одсон энэ гал түймэр гацуур модноос болсон гэж онцгой байдал, цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа. Тухайн үед ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэхдээ “Гал сөнөөгч ажиллагааны явцад тактикийн ямар нэгэн алдаа гаргаагүй. Тухайн орон сууц хоёр орцтой. Цагдаагийн байгууллага, шинжээчид гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Тухайн байранд амьдарч байсан гэрийн эзний яриагаар бол тухайн үед гацуур мод шатаж, маш их утаа гарч байсан учраас өөрийн эрхгүй гарсан гэх тайлбарыг өгсөн байсан” гэж байлаа.

 

Кейс-2:

2023 онд Баянгол дүүрэгт айлын гацуур мод шатаж, гурван хүүхэд угаартсан харамсалтай үйл явдал болсон бол дараа нь бас л гацуурнаас болж таван ханатай гэр “үнс нурам” болж, гэрийн эзэд нь золоор амьд үлдсэн ч хөхөө өвлийн хүйтэнд өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй үлдэж байсан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7735)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn