Зава Дамдины алдрыг баригч Лувсандаржаа
Дугаржавын ОСГОНБАЯР
1. ОЛОН СҮЛД ТЭМДЭГ БА ОНЦГОЙ ЭРДЭМТДИЙН НОМ
"Үл зохиовоос сайн мөн..."
Ялгуусан хөвгүүн Шантидэва
Энэхэн замбуутив дор гарсан их төрөлхийтэн алдарт зохиолч бодьсадвагийн аман айлдварыг эш татсан энэхүү шүлгийн мөрийн учир болбаас сайн ном зохиож чадах үгүй бол бүү зохио! Ер нь хоёрын хооронд зүйл бүү хий! хэмээсэн санаа хэмээмүй.
Тийм бөгөөс над мэт бээр ертөнцийн ихэнх хэрэг дор оролцох хэрэг үгүй боловч энэ удаа ямарваа шалтгаан нөхцөлийн үрээр "ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН БУРХАДЫН ЕРТӨНЦ: УРАН БҮТЭЭЛИЙН КАТАЛОГ" Англи орчуулга хавсарсан “THE BUDDHIST PANTHEON OF ZANABAZAR CATALOG OF WORKS OF FINE ART” хэмээх нэгэн ном бядуу миний гар дор ирж, түүнийг сөхөн үзвээс "Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам", "Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн Дорно Дахины Судлалын Хүрээлэн", "Анхдугаар Богд Өндөр Гэгээний Мэлмий Гийсний 390 Жилийн Ойг Тэмдэглэх Үндэсний Хороо", "Чингис Хаан Музей болон тэдэнтэй хамтран ажилласан Гандантэгчинлэн Хийд", Санкт Петербург балгадын алдарт "Эрмитаж" тэргүүтэй дахиад зургаан том байгууллага сэлт нийт арван хоёр их байгууллага бүгдийн сүлд тэмдэг бүхүй бөгөөд зохиогч болон хянасан, шүүмжилсэн тэргүүтэн нүгүүд нь эрдмийн нэн өндөр мяндагт хүмүүсийн хийсэн ажил, бүтээсэн ном аж.
Үүн дор "Өндөр Гэгээн" хэмээх алдрын төдий сонссон төдий хийгээд Богд Гэгээнтний мутраар бүтээсэн ба түүний шавь нарын бүтээсэн гайхамшигт шүтээн нүгүүдийн дүрийг үзсэн төдий, харсан төдий Монгол хүмүүн болж төрсөн надад хамаатай хийгээд би өөрийгөө ялдар хаясан ч эдүгээ хийгээд ирээдүй үеийн хүүхэд залуучууд, эрдэмтэн, судлаачдад нэн илүү хамаатай, цаашлаад дэлхий дахины оюун төгөлдөр хүмүүн төрөлхийтэн бүхэн дор хамаатай учир амаа үдэн сууваас хилэнц болох тул энэхүү чин нандин алдрын нэрэн дор бүтээгдсэн эл номын тухай цөөн үг хэлж, алдаа мадгийг шүүж, дурдлага сануулга талбихаас өөр зам үгүй болжухуй.
Юун хэмээвээс дээр дурдсан адил тийм олон сүлд тамга, олон эрдэмтэн оролцсон ба ашигласан олон ном дэвтрийн тоолохуйяа бэрх ном зүйн товъёог сэлт нэн нэр сүрийг үзүүлсэн ном учир олонх бээр тэнд дурдсан аливаа мэдээллийг тэр чигээр нь монгол, англи хэлээр итгэмжлэн хүлээж авах нигууртай тул тодорхой оюун, үнэн мэдээллээр хандах нь хэн бүрийн үүрэг хариуцлага болмуй.
Юутай ч бүх зүйл мадагтай хэмээсэн бус олон зүйл утга нугууд, чинагшлаад гол зүйл нүгүүд дээр анхаарч байх тухай юм. Үүнд үг үсгийн, нэр томъёоны, дүрмийн, найруулгын, орчуулгын болоод ялангуяа урлаг судлалын тайлбар уялгын хувьд нэлээдгүй мадаг байх учир шүүмжийг жишээ төдий өгүүлсүгэй!
2. ЦОГТ ЗҮРХНЭЭР ТАСЛАХУЙ
"Бодгалийг нь бүү үз! Номыг нь үз!
Шууд утгыг нь бүү үз! Магадлахуйн утгыг нь үз!"
Будда Шагжамуни
Урьдаар Будда Шагжамунийн айлдсан эл чухал айлдварыг цаг лугаа буулгаж, дээр дурдсан хоёр утгын талаар өчүүхэн төдий тайлбарлаваас нэгдүгээр дор энэхүү номыг ямар нэр сүртэй, эрдэм боловсролтой хаанахын хэн хэмээх хүмүүс зохиосон нь тийм ч чухал бус, ном дор гарсан түүх, утга, уялга, нэр томъёо тэргүүтний тухай авч үзэх хэрэгтэй. Басхүү шууд утгаар хэмээхээсээ илүүтэй номыг бүтээгчдийн оруулсан мадагтай бичсэн санаа болон аливаа ноцтой алдаа тэргүүтнийг онцгойлон авч үзэх хэрэгтэй юм.
Хоёрдугаар дор Өндөр Гэгээнийг бодгалийнх нь үүднээс мэдээж бичих хэрэгтэй боловч ялангуяа түүний намтар, айлдсан ном зохиол, урлагийн бүтээл нүгүүдийн чинадын санааг гаргаж ирэх нь нэн чухал буй.
Шууд утга хэмээхүйг үлгэрлэвээс эл ном дор гарсан бурхадын мутрын барьц зэмсэг нүгүүд нь шууд утгаар ямар нэгэн байлдаан тулааны зэвсэг мэт үзэгдэх буй ч тийм мэтээр бичих зохисгүй агаад Эл ном дор тэдгээр зэмсгүүдийн тухай ийн; "Өндөр Гэгээн Занабазар нь зан үйлд зориулсан эд зүйлсийг, тэр дундаа дандарын бурхадын тулааны зэмсгүүдийг (лянган) бүтээж байсан тухай баримт бий." хэмээн бичсэн буй дор "дандарын бурхадын тулааны зэмсгүүд" хэмээн шууд утга гажуудахаар бичсэн ба магадалсан зүйл ч үгүй аж. Үүнийг ердийн уншигчид орчин үеийн кинонд гардаг шиг бурхад тулалдаг, бас бүр зэр зэвсэг хүртэл байдаг мэтээр л ойлгох буй. Англи орчуулга дор ч “sets of combat attributes of tantric deities” гэж "дандарын бурхадын байлдааны шинжүүдийн цогц" хэмээн орсон нь учир дутагдалтай. Бас "Лянган багаж" хэмээх үгүй бөгөөд "лянганы багаж" хэмээдэг буй.
Харин магадлахуйн утга дор бурхадын мутар дор байх тэдгээр зэмсгийг монголчууд "багаж" буюу "зэмсэг" хэмээх бөгөөд төвдөөр "зэвсэг" (མཚོན་ཆ། mtshon cha) хэмээн нэрийддэг. Тэдгээр зэмсэг нүгүүд нь ертөнцийн эрлэг буюу үхэл хэмээх зүйлс болон төрөлхийтний дотоод сэтгэлийн нисванисийг дарах зориулалттай агаад нэг үгээр бол эмч хүмүүний мэс заслын багаж мэт сэтгэлийг засах багаж хэмээмүй. Басхүү олон нэрийдлийн болон бэлгэдлийн гүн нарийн, гадаад, дотоод, нууцын утга агуулга буй. Тэдгээрийг "бурхадын барьц", эс бөгөөс "тантрийн ёсны зан үйлийн зэмсэг", "тантрийн ёсны хатуу үйлийн багаж" хэмээх мэт зүй зохист нэр нүгүүд олон буй. "Үг хазайвал, утга хазайх" учир сэрэмжийг шүтэж, суралцваас зохистой! Нэг бол мэдэхгүй зүйлсээ орхиод мэддэг зүйлээ л бичихэд хангалттай бус буюу.
Тийн бөгөөс Өндөр Гэгээнийг болон түүний урлагийн бүтээл нүгүүдийг судлахдаа урьдаар тэрхүү их төрөлхийтний түүх, зохиол, шүтээн урлал нугуудын нэр болон гарвал, урлал бүрийн хувцас, малгай, чимэг зүүлт, олбог, суудал, ширээ, түшлэг, мутар, бойв, өлмий тэргүүтний дохио, хээ угалз, барьц, зэмсэг, арга барил, ямарваа нарлиг онцлог, хэлц, хэллэг, нэр томъёо, агуулга тэргүүтнийг нарийн судлан шинжилж, эцсийн дүнд судар, тантрийн ном, шастир, эх сурвалж, хэмжээ төгөлдөр төрөлхийтний ам дамжсан түүх, шинжлэл төгөлдөр эрдэмтдийн нотод буулгасан судалгаа зэрэг лүгээ нийцдэг байх хэрэгтэй.
Чингээд түүхэн талд гарсан алдаанаас дурдваас эл номд Өндөр Гэгээн Төвд лүгээ "10-20 жилээр очдог байсан.." хэмээн бичсэн ба бас Англи орчуулгад "анхандаа 15-20 жилээр очих хэрэгтэй болдог байсан болохоор" хэмээн биччүхүй. Үүний монгол, анги орчуулга дахь мэдээлэл хоёул хоорондоо тохирох үгүй болоод ер хоёулаа ташаа мэдээлэл буй. Гэгээнтэн бээр арван дөрвөн сүүдэртээ Төвд орон лугаа суралцахаар морилоод тэнд нэг жил гаранхан л саатсан ба асар богино хугацаанд ямар ихийг суралцсан байж болох тухай маш гайхамшигтай намтар буй. Дараа дараачийн удаа морилохуй дор тийн удаан хугацаагаар саатаагүй учир энэ алдаа буй! Түүхийг өөр хийгээд өрөөлийн аман бардаагаар бичиж үл болмуй!
Басхүү Өндөр Гэгээний нэгэн лагшин шүтээний малгайн тухай тайлбар хийхдээ түүх хийгээд учир холбогдол лугаа ийн бичсэн монгол орчуулга болбаас;
"Хурц орой, урт чихтэй малгай нь хэрэв шар өнгөтэй бол гэлугва ёсны уламжлалт зүүсгэл болдог боловч, улаан өнгөтэй эсвэл өргөн хөндлөн судалтай бол жонанг ёсны лам нар мөн өмсдөг байв. Алтан барималд өнгөний ялгаа харагдахгүй учир түүнийг энэ хоёр урсгалын аль альд нь тооцох боломжтой: гэлугва, жонанг, монголын гэлугва ёсны тэргүүн, төвдийн жонанг урсгалын төлөөлөгчийн аль алинд хувилж болох хоёрдмол чанар нь Занабазарын бутээлд түгээмэл тохиолддог." (32-р хуудас 1.2.) хэмээжүхүй.
Англи орчуулга нь;
"The pointed hat with long earflaps can be interpreted as the traditional yellow headdress of the Gelug school, but representatives of the Jonang school also wore similar hats, but red in color, sometimes with wide transverse stripes.The color differences are not reflected in gilded bronze, which allows for a dual reading: Gelug - Jonang, this situation was relevant for Zanabazar, the head of the Mongolian Gelug school and the incarnation of the head of the Tibetan Jonang." үүнийг ахин монголоор хөрвүүлбээс;
"Урт чихэвчтэй шовх малгайг Гэлүг ёсны уламжлалт шар малгайн нэг хувилбар хэмээн тайлбарлаж болох ч Жонангийн урсгалын лам нар ч мөн адил улаан өнгийн, заримдаа өргөн хөндлөн зурвастай ижил хэлбэрийн малгай өмсдөг байв. Харин хүрлээр цутгаж, алтадсан баримал дээр өнгө ялгарах боломжгүй тул энэ дүрийг Гэлүг, Жонан хэмээн хоёрдмол утгаар үзэх боломжтой бөгөөд энэ нь Гэлүг уламжлалын тэргүүн, мөн Төвдийн Жонан урсгалын тэргүүний хувилгаан болж төрсөн Занабазарын хувьд онцгой зохицож байна."
Энэхүү номд монгол, англи орчуулга хэмээснийг үзвэл угтаа орос хэл дээр бичигдсэн мэт бөгөөд бичвэрийн монгол орчуулгын найруулга, өгүүлбэр зүй, нэр томъёоны бичлэг тэргүүтэн англи орчуулга хэмээхтэйгээ нэлээд авцалдахгүй агаад харин англи орчуулга нь нэлээд нямбай хийсэн боловч утгын хувьд яг орос эхээ л сайтар буулгаж орчуулагчийн үүргээр хийсэн хэмээлтэй. Бас англи хэлдээ мэргэшсэн учир монгол, орос хэлнээс харьцуулж байгаад сайтар буулгасан шинжтэй. Юутай ч англи хувилбарыг монголоор ахин орчуулснаар үзсэн ч түүхийн болон учир холбогдлын алдаа нугууд буй!
Тэгэхээр орчуулга болон монгол хэлний найруулга, алдаа мадгийн тухай орхиод юун түрүүн тэрхүү малгайн тухай өгүүлсү:
Тэрхүү малгайг "бандида малгай" төвдөөр "банша" (པཎ་ཞྭ།) санскритаар "пандита мугута" (pandita mukuta) хэмээх бөгөөд Энэтхэгийн Наландарын Их сургуульд (V зуунаас XIIзуун, Буддын түүхэн дор түүнээс эрт үүссэн хэмээн үздэг ч буй.) "их таван ухаан" хийгээд "бага таван ухаан"-ы эрдмийн зэрэг хамгаалаад бандида цол хүртэхээр соёрхдог ба бусад дор номыг номлохуй дороон соёрхдог малгай юм. Бандида цолыг эдүгээ цагийн ёсоор үлгэрлэвэл доктор, профессор, академич тэргүүтэй эрдмийн зэрэг цол нугуудыг зэрэг дараалан хүртсээр бүгдийг төгсгөхүй лүгээ төстэй боловч цар хүрээний хувьд хэн бүр дор ойлгомжтой юм. Энэхүү малгай нь хурц оюун билиг, өндөр эрдмийг бэлгэдсэн шовх оройтой агаад доош буусан хоёр урт манжлагатай. Хоёр манжлаганы утга нь арга, билиг хэмээх мэт олон утга буй хэмээмүй. Энэхүү малгайг Энэтхэг, Төвд, Монголын од мичид мэт чуулсан мэргэд соёрхож агсан саяхан. Өнгөний хувьд эрт үеийн мэргэд гэгээнтэн нүгүүд улаан өнгийн голдуу ба зарим үе улбар шар, ал шар болон хөндлөн зураас нугуудтай ч байх буй. Жовуу Адиша Богд (982-1054) тэргүүтэй олон мэргэд эл малгайг соёрхсон ба Өндөр Гэгээний дээдийн дэд дүр Жонан Даранат (1575-1634) ч соёрхсон. Тийм учир гагц Жонан урсгалнхан шовх оройтой ийм улаан малгайтай байдаг мэт ойлгох хэрэггүй.
Тэндээс судар, тантрийн бүхүй сургалтыг хүмүүний нэгэн насан дор суралцах сургуулийг шинэчлэн үүсгэсэн Богд Зонхаба (1357-1419) шар өнгийн бандида малгай асааснаар манай Өндөр Гэгээн тэргүүтэй Богд нар шар өнгийн бандида малгай соёрхжухуй. Шарыг асааснаар улааныг ялдар хаях буюу? хэмээвээс эл шар малгайн эмжээр нь улаан байдаг буй. Ер нь энэхүү малгайн зөвхөн өнгөний ялгааны асуудал бус цаг үеийн болон зарим урсгалын дотоод үзлийн тогтсон тааллын ёсыг бэлгэдэж өнгө өөр өөр байх ёс ч буй.
Өндөр Гэгээн бол урд дүр жонангийн тэргүүн, энэ төрөлдөө гэлүгбийн тэргүүн учир хоёрдмол байр суурьтай байсан мэт өчүүхэн утгаар бус ер Монголын шашны тэргүүнээр зогсох үгүй төр, ард түмнийг ч удирдан чиглүүлэгч байсан ба Манж Дайчин гүрэн, Орос, Төвд тэргүүтэй олон улсад төр гүрний болон шашны хамгийн том нөлөөтэй төрөлхийтэн бөгөөд эрдэм чадлаараа ч бандида хүмүүн учир шар өнгийн бандида малгайтайгаар дүрслэн зурж бүтээсэн байдаг тул "хоёрдмол утгаар" үзэх хэрэггүй бөгөөд ялангуяа Өндөр Гэгээн шашин бүгдийг харшлуулал үгүй, алагчлал үгүй ажирсан ч хольж хутгах ба хоёр үзүүрт сэтгэлээр бус гэлүгба буюу шар малгайтны шашныг чин ариун дэлгэрүүлсний шалтгаанаар түүний амьдран ахуй цагаас Монголын Бурханы шашин 1937 оныг хүртэл шашны ямарваа хэтийдсэн хурцадмал байдал үүсэл үгүй зонхи нэгэн шашны дувааз доор нэгдэж байсан нь түүхэн дор шууд үзэгдэнэ.
Басхүү Өндөр Гэгээний урд дүр Жонан Даранат байсан нь үнэн ч тийн шалтгаанаар улаан өнгийн малгай соёрхож жонан юм уу, улааныг төлөөлөх ямар ч шаардлага үгүй бөгөөд Жонан Даранат сэрүүн тунгалаг ахуй дороон ирээдүйн вивангрид үзүүлж Өндөр Гэгээнийг миний уламжлалыг өчүүхэн төдий ч барих үгүй хэмээн шастир дор айлдсаны тул болой.
Хэрэв Өндөр Гэгээнийг өөрийн бүтээл нүгүүддээ алт шармалаар малгайн өнгө тэргүүтнийг хоёрдмол санаа агуулж бүтээж байсан хэмээвэл маш хэтийдэл болох агаад хэрэв тийн бөгөөс бусад бүх барималч цутгуурчид бас алт шармал хийх үед хоёрдмол санаа агуулсан байж болох мадаг дор унамуй.
Энэ мэт шаардлагагүй зүйлээр оролдохуйг "Гол модыг нь огоорч мөчрөөс нь зүүгдэх" хэмээн судар дор айлддаг буй.
Багахан хазайхад л буруу мэдлэг болж, бас будангуй улс төрийн ангал лугаа ч унаж мэднэ.
Нинмабын шашин лугаа ч наах хэмээсэн эдүгээ цагийн улс төрч шашинчдын өчүүхэн санаа ч цухалзсан байх агаад үсгийн чуулган арвидхаас сэргийлж иймэрхүү сэдвийг энэ удаа орхисугай!
3. НҮДИЙГ НЭЭХҮЙ
"Өгүүлбээс үнэнийг өгүүл! Эс бөгөөс бүү өгүүл!"
Аавын сургасан эртний мэргэдийн сургаалаас
Соёл гэгээрлийг эгээрэн явагч нугууд мэлмий нээгдэхээсээ урьдаар нүд нээгддэг хэмээхүйг үргэлж санаж явах хэрэгтэй! Басхүү номын ухаан дор нүд нээгдэхээсээ өмнө ертөнцийн ухаан дор нүд нээгдэх хэрэгтэй! Ертөнцийн ухаан дор суралцал үгүй номын мэлмий нээгддэг хүмүүн байхыг үгүйсгэх үгүй. Тийм төрөлхийтэн бол нэн ховор, тэгж чадвал тэр бээр ном, ертөнц дор агуу мэлмийтэн буюу. Тийн төрөлхийтнийг хэн буй? хэмээвээс манай Өндөр Гэгээн буюу.
Тийн бөгөөс ханьцаш үгүй Богд Гэгээнтний бүтээсэн бүтээл нүгүүдийг судалж, ном бүтээхүй дор түүний уламжилж ирсэн номлол бүтээлээс өчүүхэн ч болов суралцаж, яарал үгүй нягталж үзэх нь усан нүдэт бидний үүрэг, бас хариуцлага мөн. Бид энэ усан нүдээ ядаж бага ч болов нээж байж, дээдсийн алдрыг хөндөж ном бүтээх хэрэгтэй! Нээнэ хэмээхээр яах вэ? Мэдэмхийрч болохгүй! Бардамнаж болохгүй! Өөр хийгээд өрөөлийн цээжний бангаар дураар зохиож болохгүй! Эх сурвалж нугуудыг тухай тухайн эх хэлээр нь унших хэрэгтэй! Суралцах хэрэгтэй! Шинжлэх хэрэгтэй! Тэгсний дараа ном бүтээх хэрэгтэй!
Эл номын гол зүйл бол шүтээн бүрийн нандин болоод бодит зураг байх ба тэд бүгдийн хажууд тайлбар нугууд байх аж. Аливаа бүтээлийн тайлбар хоёр туйл лугаа унах үгүй төв шугамыг барих хэрэгтэй. Үлгэрлэвэл бурхан урлаач хүмүүн бүтээл үйлдэхүй дор хамгийн эхний үйлддэг гол зүйл бол тиг татах. Тэрхүү тигийг "эсүрийн шулуун шугам" буюу дөхөм ойлговоос "төв шугам" хэмээх лугаа буй. Хэрэв хазайвал бүх тиг алдагдах болмуй. Энэ цаг лугаа буусан утга дор ухваас Өндөр Гэгээний шүтээний утга хазайх аваас эдүгээ хийгээд ирээдүй үеийн соёл гэгээрэл хазайх аюултай!
Ердийн хүмүүс нэг алдвал уучилж болмуй! Хоёр алдвал уучилж болмуй! Гурав алдвал уучилж болмуй! Харин түүнээс дээш алдвал уучилж үл болмуй!
Харин эрдмийн өндөр зэрэгт хүмүүс алдвал яах вэ? Бүр олон алдвал яах вэ? Тийм учир өндөр мяндагт эрдэмтэд ба төр, шашны эрх баригчид алдаж үл болмуй! Алдваас түүх уучлах үгүй!
Энд ярьж буй алдаа бол хэвлэлийн үед гарсан хэдэн үг үсгийн алдааны тухай бус утгын өргөн цар хүрээтэй алдаа нугууд юм.
Зураг1.1.- дор Өндөр Гэгээнийг "Базарсад буюу Очир Сэтгэлтийн хувилгаан дүрийн бэлгэ тэмдэгтэй. Занабазарын залуу насны хөрөг" хэмээжүхүй.
Мэдээж Лам багш бол бурхан бүгдийн хураангуй хэмээн "Багшийн Ёог" дор үздэг, үзэх ч ёстой нарийн шүтэн барилдлага, учир шалтгаан буй. Бүр Очир Дара бурханы эш зарлиг ч буй. Тийм болохоор Өндөр Гэгээн бээр Очир Сэтгэлтийн хувилгаан мөн буюу? хэмээвэл, мөн.
Харин энэ гарчиг хийгээд тайлбараас үзвэл Очир Сэтгэлт бурханы дүр байдал, ялангуяа мутрын дохиогоор ийн үзсэн бололтой. Нэг бол ямар нэгэн шинэ үеийн номоос, нэг бол зарим хүмүүсийн хазгай гярхайлж харсан тайлбар хэмээлтэй. Гэвч баруун мутрын дохио бол очир барьсан тарнийн заналт мутрын дохио ба Очир Сэтгэлтийн баруун мутрын дохио бол алгаа дээш хандуулж зүрхэн тушаагаа очироо босгож барьсан байдаг. Энэ бүгд өөр өөрсдийн дохио утгатай.
Гэгээнтний номын хувцдын тухай их дулимаг хийгээд буруу тайлбар цөөнгүй үзэгдэнэ. 1.1. дор Гэгээнтний шүтээн лагшин дор соёрхсон жанчийг "нөмрөг орхимж" хэмээсэн байх агаад англи орчуулга дор “robe” хэмээн энгийн утгаар
орчуулсныг үзвэл эх бичвэртээ тийн бичсэнийх буй заа. Нөмрөг хийгээд орхимж хэмээх нь хоёр өөр хэрэглэхүүн ба нөмрөг нөмрөх, орхимж орхих хэмээн үйлдмүй. Харин энэ лагшин шүтээн дор жанч соёрхон нөмөрч, хоёр бойвоо нэлэнхүй дор хоёр энгэрийг зөрүүлэн хучсан буй. Жанч нь олон хуниастай зузаан байдаг агаад нөмрөг нь нимгэн бөгөөд хуниас нь бага. Орхимж нь урт, дунджаар гурван алд байдаг ба баруун сугаараа оруулж, зүүн мөрөн дээрээ орхимуй.
Англиар жанчий “г cloak” хэмээн тодотгон орчуулж болох ба бүгдийг “ robe” буюу нөмрөг хувцас хэмээгээд байж болохгүй!
Ер "Лам Гэгээнтэн ширээнд залрах ба жанч халах" хэмээх хэлцийн гарвал ч бас маш хүндэт утгыг илэрхийлэх учир өчүүхэн зүйл хэмээн ялдар хаяж үл болмуй!
Зураг 1.2.-оос аваад олон газар "бадам сэнтий" хэмээх шинэ ч хэмээмээр нэршил гаргасан нь монгол орчуулгын алдаа мэт бөгөөд англиар ч “lotus throne” хэмээн эдүгээ энэ хэлц түгээмэл хэрэглэгдэх авч хоёул учир шалтгааны дутагдалтай буй. Яагаад хэмээвээс "бадам" хэмээх нь "лянхуа" бөгөөд бүр монголчилбоос "бөлбөө" хэмээх бөлгөө. Ертөнцөөс төгс нөгчсөн, их нирваан дор одсон бурхад хийгээд лам багш нар жанч халсны дараа лянхуан суудал буюу лянхуан дэвсгэр дээр залардаг. Басхүү тийн бүтээдэг уламжлалтай. Харин "сэнтий" хэмээхүйг орчуулбаас "арслант ширээ" хэмээх буй. Тийн бөгөөс гагц лянхуан дэвсгэр яаж арслант ширээ болох буй! Англи орчуулгаар ч мөн лянхуа нь ширээ болох боломжгүй! Лянхуа бол байгалиас ургасан зүйл. Энд ухагдаж буй ширээ бол засмал зүйл. Бас лянхуа бол ширээ бус. Харин дэвсгэр, эс бөгөөс суудал болох тул англиар “lotus seat” нэг бол “lotus cushion” хэмээн нэрийдвэл зохистой. Энд өгүүлж буй "ширээ" болон "арслант ширээ" бол сэрүүн тунгалаг лам гэгээнтэн хийгээд ертөнц дор заларсан амьд буй бурхад залардаг суудал. Заримдаа нирваан болсон лам, бурхадыг арслант ширээ түүний дээр лянхуан дэвсгэр тэргүүтэй давхар суудал бүтээдэг. Хэрэв дан ширээн дээр заларсан байвал сэрүүн тунгалаг дүр. Харин ширээтэй ч бай, үгүй ч бай лянхуан дэвсгэр дээр заларсан бол нирваан болсон дүр хэмээмүй.
Эл номд бүр "самар сэнтий" хэмээх нэр томъёо хүртэл үзэгдэнэ.
Зураг 1.3. дор Гандантэгчинлэн хийдийн гол шүтээний нэг Өндөр Гэгээний сэрүүн тунгалаг ахуйн цутгамал дүрийн тайлбар байх ба "дөрвөн талт, очир жинстэй ёслолын малгай"-г "таван талт малгай" хэмээсэн бөгөөд "жанч", "додгаг" буюу "цээж халхавч" болон "номт гурван дээл" соёрхсоныг "монгол ламын жанч хувцастай" хэмээжээ. Монгол ламын номт дээл бол хиазтай болон хиазгүй дээлийг хэлэх ба Өндөр Гэгээний аливаа хөрөгт монгол ламын номт дээл соёрхвоос голдуу хиазтай, нударгатай дээлтэй бүтээдэг буй.
Мөн л суудлын тухай тайлбарлахдаа "хоёр давхар түшлэггүй сэнтий" хэмээсэн нь авцалдаагүй тайлбар тавьсан агаад англи орчуулга дор ч "тэгш өнцөгт давхар ширээ" хэмээсэн нь орчуулгын хувьд зөв байж болох ч тайлбарын хувьд буруу. Тийн бөгөөс эл шүтээний суудал нь сэнтий бус, давхар ширээ ч бус. Алин хэмээвээс доод суурийн ширээ нь "хөвхөн" хэмээх бөгөөд дээр нь гурван давхар "олбог" дэвссэн байдлаар бүтээчүхүй.
Энэ мэт дурдваас бараг л бүх тайлбар дор шүүлт оруулж засах хэрэгтэй бөгөөд хэрэв бичвээс бүтэн ном болж хувирах тул жишээ төдий дурдаад орхисугай!
Угаасаа номыг бүтээсэн эрдэмтэд маань сүүлдээ бурхад болон тэдгээрийн тайлбар дор төөрсөн байх ба цөлт мөлт, хэрэгтэй, хэрэггүй олон тайлбар хийж, нөр их хөдөлмөр зарцуулсан буй үзэгдэнэ.
Монгол хэл бичиг найруулгын хувьд, орчуулгын хувьд шүүх нь илүүц бөгөөд бичгийн мэргэд хийгээд ер бичгийн багахан мэдлэгтэн уншваас ямар болохуйг хялбар ойлгох тул ирээдүй дор хэн бээр ч ийм бичиг бүү үйлдээрэй! хэмээгээд мэргэдийн эрх баялаг Алагша лхаарамба Агваандандар гуайн айлдсан бид бүгд дор тустай сургаалыг санаж явагтун!
Эрдмийг олонтаа сонсовч, номлохуйд эс мэргэжвээс
Эмээр хоосрон гацуудсан мэргэн сайн эмч мэт
Эгнэгт тэмцэхүйд мэргэн ч туурвих ёсыг эс мэдвээс
Элдэв зуун хэлтэн болж өгүүлэвч, хэлгий балай мэт
Зохиох туурвихуйд сайн боловч, бичих сурц муу аваас
Зориг хүчит их баатар боловч, гар мухар мэт
Бичих зохиохуйд үг үсгийг ёсоор эс найруулбаас
Билгүүн сайн эрдэмтэн авч, сонжуулагдахуйн гэм
Үг үсэг алдаагүй ч, яруу хэллэг төгөлдөр бус аваас
Үзэсгэлэнт эхнэр чармай нүцгэн гүйсэн мэт
Илт өгүүлэхүй хуучин дохио үгээр эс чимвээс
Эгнэгт бүдүүлэг хар үг холилдох тул, мэргэд орхивоос зохист!
4. ИХ ХОРИГ
Хүмүүний энэ ертөнцийн бүх зүйлд өөр өөрийн хэмжээ, хязгаар хэмээх буй. Тэдгээрийг эгэл төрөлхийтэн дураар давбаас их унал болмуй.
Номыг бүтээгч нэгэн бээр Их зураач Н.Цүлтэм агсны бүтээсэн "Монгол Зураг" хэмээх ном дор орсон Өндөр Гэгээний өөрийн хөрөг болон Хатан Эх Ханджамцын хөргийг Өндөр Гэгээний мутрын бүтээл бус болох талаар нэлээд шүүмж бичиж, санал дэвшүүлэх мэт зүйл биччүхүй. Хэн бээр ч тийн мэт шүүмжилж, санал дэвшүүлж болно. Түүнийгээ өөрсдийнхөө нэрээр гаргаж буй ном дэвтэртээ тавьж болно. Харин төр гүрний, Богд Гэгээнтний алдрын дор хийгдэж буй ном дотор өөрсдийн бодол саналаа үнэмшилтэй мэтээр дураар дэлгэж, урьд өмнө мэргэдийн судалж, бусад олон эрдэмтдийн зөвшөөлийг олж гаргасан зүйлийг буруушаах нь маш зохис үгүй. Яагаад хэмээвээс Н.Цүлтэм агсны үе дор бидний үетэй адилгүй хуучцуул олон, басхүү эрт үеийн мэргэдийн сүүлчийн өвгөд, эмгэд амьд сэрүүн байсан цаг учир тэдний эрдмийн болон түүхийн залгамж тасраагүй байсан. Зарим зүйлийг учир шалтгааны үүднээс бид итгэл үнэмшлээрээ үнэн хэмээн хүлээж авах онол ч Буддын ном дор буй. Юм болгоныг бичиж тамгалж үлдээгээгүй ч нүүдэлчдийн соёл иргэншил дор амнаас чихэн дор, багшаас шавь дор, эцгээс хөвгүүн дор дамждаг яруу үндэсний уламжлал хэмээх байдаг учир төр гүрний хэмжээ төгөлдөр итгэмжит төрөлхийтэн хэлсэн, ярьсан, бичсэн бөгөөс түүнийг хэн бээр ч давж болохгүй! Тэрхүү хоёр хөргийн тухай бүтэн сайн тайлбар хийж чадах үгүй байж яаж шүүмжлэх буй!
Тийм учир халдаж болох хийгээд болох үгүй зүйлсийг таньж зарим хүндтэй зүйлс дээр гараа татаж, амаа хамхиж сурагтун!
Ер төр гүрний, түүхэн дор гарсан ихэс дээдсийн нэрийг болгоомжгүй, хамаагүй бүү баригтун!
Улсын төсвийг захиран зарцуулбаас утга төгөлдөр, хэрэгтэй зүйлд зарцуул! Бүү дэмий үрэн таран хий! Улсын эд дор арвич хямгач бай!
5. УРМЫГ НЬ ХУГАЛАХААР, УУЦЫГ НЬ ХУГАЛ
"Зохиовоос няцаж үл болмуй!"
Ялгуусан хөвгүүн Шантидэва
Эл номыг үүтгэх болсон зохиогчдын санааны нэгэн хотол өдүүлбэр нь Өндөр Гэгээний шүтээн урлагийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, бүр цаашлаад болж өгвөл эдүгээ дэлхий дахин дор хаа сайгүй тархаж одсон, танигдсан ба танигдаагүй бүтээл нүгүүдийн мэдээллийг нарийвчлан олж цуглуулах зорилго тээн энэ үйлсийг эхлүүлсэн нь сайшаалтай. Басхүү урлаг судлал талаас нь нэлээд хичээж тайлбарлахыг зорьсон нь үзэгдэнэ. Энэ бол зоривол хэцүү бэрх байсан ч хийж болох ажил хэмээн сэтгэгдэнэ.
Их зохиолч бодьсадва Шантидэва гэгээний эл хоёр дахь шад шүлгийн утга бол аливаа ном зохиолыг эхлүүлсэн бөгөөс орхиж болохгүй! Зэрэмдэглэж болохгүй! Алдаж болохгүй! Хуудуурч болохгүй! Хэрэв эдгээр унал, алдаа нугууд гарваас засаж залруулахаас өөр гарц үгүй. Ингээд орхих юм бол эдүгээ хийгээд ирээдүй үеийн, үйлийн үрийн, нэр төрийн хариуцлага алдах учир ийм янзаар орхиж үл болмуй. Төр гүрэн, Богд дээдэс, ард олон, ирээдүй үеийнхний өмнө хийсэн гэмээ бүгдээр наманчлах хэрэгтэй!
Чингэж чадваас хийрхэл бардам омгоо дарж, сайн ном бүтээл гаргах зам өмнө чинь буй.
Урам зориг хэмээх зүйл хүмүүн бүрийн аюулхай цээжин дор буй. Түүнийг хэн бээр ч асаах боломж гарт нь буй.
Үүгээр төрөлхийтэн бүхэн соёл гэгээрлээр явах болтугай!
28.11.2025
Дэлгэрцогт Уул, Монгол Улс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 234 (7731)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn