Хятадын хөрөнгийн зах зээл дотоодын технологи болон хиймэл оюун ухааны салбарын арилжаагаар идэвхжиж өнгөрсөн долоо хоногт CSI 300 индекс 1.77%, Shanghai Composite индекс 1.35%-иар өссөн бол Хонконгийн Hang Seng индекс 2.53%-иар өссөн байна гэж TDB securities долоо хоногийн ээлжит тоймдоо мэдээлсэн байна. 

Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг өмнөх хоёр сард 20%-иас дээш байсан бол аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.5%-иар өсөж гэнэтийн бууралт үзүүлсэн нь Хятадын эдийн засаг дөрөвдүгээр улиралд эрчээ алдаж байгааг харуулж байна. Мөн Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс арван нэгдүгээр сард дараалан 37 дахь удаагаа сөрөг үзүүлэлттэй гарсан байна. 

Засгийн газраас салбаруудын хоорондох үнийн дайн, хэт их үйлдвэрлэлийг хязгаарлах зорилготой бодлого хэрэгжүүлж байгаа ч аж үйлдвэрлэлийн салбарын сөрөг нөхцөл байдал үргэлжилсээр байна. Гэсэн хэдий ч ихэнх шинжээчид энэ жил дотоодын эдийн засаг ойролцоогоор 5%-ийн өсөлтийн зорилтоо биелүүлнэ гэж үзжээ.

Эх сурвалж: zms.mn