Пүрэв-Очирын Лхагважаргал 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Spark Agency Mongolia” компанийн гүйцэтгэх  захирал, Монголын спортын сэтгэл судлаачдын холбооны ерөнхийлөгч  Э.Дөлгөөнийг урьж ярилцлаа. Тэрээр маркетинг, бүтээлч салбарт сүүлийн 12 жил  тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд “Netflix”-ийн “Physical Asia” шоуны Монгол талыг хариуцан ажилласан юм. 

 

Монголчууд жижигхэн зах зээлтэй хэр нь хоорондоо өрсөлдөөд байдаг сул талтай

-Netflix бол медиа салбарын ноён оргил болсон платформ бөгөөд солонгосчуудын санаачлан хэрэгжүүлдэг кино, нэвтрүүлгүүд энэ платформ дээр тогтмол үзэлтээрээ тэргүүлдэг. Тэр ч утгаараа  “Physical Asia” шоунд монгол хүн анх удаагаа ороод монголчуудынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж чадсандаа баяртай байна. Монголчуудыг морио унаад хичээлдээ явдаг гэж боддог байсан дэлхий нийтийн харах өнцгийг өөрчилж, төлөв даруухан хэр нь оюун санааны хувьд ямар хүчирхэг болохыг харуулж чадсан нь бидний ялалт байлаа. Ингэхдээ монголчуудаар зогсохгүй Монгол үндэстэн, ястнуудыг сэрээж, итгэлийг нь бадрааж, Монгол гэж зоригтой хэлэх итгэлийг төрүүллээ гэх сэтгэгдэл ирж байсан. Нөгөөтэйгөөр  оюуны өмч, зохиогчийн эрх дээр ач холбогдол өгөх цаг нь болсныг энэ шоу харууллаа. Бид сануулга, анхааруулга олон удаа өгсөн боловч хүч хүрсэнгүй. Гэхдээ үүнийг анхаарч, зохиогчийн эрхийг хүндлэх асуудлаа эхэнд тавьснаар “Netflix” шиг олон улсын зах зээлд кино, контент хийх боломжтой болно. Энэ шоуг албан ёсны платформоос нь татсан үзэлтийн тоог хүн амд нь харьцуулаад үзэхэд манайх хамгийн сүүлд байгаа. 


Монголчууд бусад улсыг бодвол жижигхэн зах зээлтэй. Гэтэл эндээ хоорондоо өрсөлдөөд байдаг сул талтай. Угтаа илүү өргөн цар хүрээгээр зураглаад олон улс руу бие биеэ дэмжээд гарах боломж их байна. Түүнчлэн контентын агуулга гэдэг хамгийн түрүүнд ялгарах зүйл гэдгийг энэ төслийг хэрэгжүүлж байхдаа ойлголоо. Тухайлбал, “Physical Asia” контентоор дамжуулаад спортоор хичээллэх сэдэл төрүүлж, эрүүл бие бялдрыг сурталчлангаа зураг авалтын бүхий л хэсэгт Солонгосын өв соёл, ёс заншлыг деталь бүрд шингээсэн байв. Өөрөөр хэлбэл, эх орныхоо онцлогийг зөөлөн бодлогын аргаар дэлхийд түгээж чадаж байна. Хэрэв бид эрх ашигт биш үнэт зүйлд тулгуурлавал олон улсад ажиллах бүрэн боломжтой гэх итгэл авлаа. 


Бүхнийг чадагч агентлаг гэж байхгүй. Тиймээс өөрсдийн онцлог, хамгийн сайн хийдэг төрлөөрөө дагнаж, хамтарч ажиллах нь чухал юм байна. Бид тухайн төсөлд ажилласнаараа ямар ашигтай вэ гэж бус үүнийг хийвэл нийгэмд маань ийм эерэг нөлөөтэй, Монгол Улсын нэр хүндэд ийм давуу талтай гэж бодвол дараа нь ирэх үнэ цэн нь мөнгөөр хэмжигдэхгүй. Манай агентлагийн хувьд урлаг, спорт руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.  Тухайлбал, “Silk Way Star” шоунд Ч.Мишээлтэйгээ хамтарч ажилласан. Удахгүй хэвлэлийн хурал зарлана.

 

Тогтмол контентоор тухайн спортоо таниулж, өөрсдийн дүр төрхийг бий болгож, сурталчлах бүрэн боломж үүссэн

-Медиа салбар, маркетинг ашиглаж байгаа спортын төрлүүд нь Монголд цөөхөн бөгөөд сагсан бөмбөг, волейболын холбоо, зарим мэргэжлийн клубүүд байна. Энэ жилээс татварын нэг хувийн буцаан олголт хэрэгжсэнээр спорт руу хөрөнгө оруулах бизнесийн салбарынхан нэмэгдэж байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтынхаа нэг хувийг ч болтугай маркетинг руугаа зарцуулбал тэмцээнд явахынхаа өмнө зардлаа олох гэдэг мэргэжлийн тамирчдын гуйлгын систем багасна. 


Сагсан бөмбөгийн дээд лигийн холбоо болон түүнд харьяалалтай мэргэжлийн багууд энэ салбарт манлайлж, медиа өрсөлдөөн гоё түвшинд очиж, соёл нь тогтож байна. Үүнээс бусад спортын төрлүүд даган дуурайх, суралцах шаардлагатай. Контентын медиа салбараар дамжуулж эргүүлээд хөрөнгө оруулалт авах бүрэн боломж үүссэн. Гэтэл спортын холбоод маань тодорхой хугацаа шаардлагатай зүйлийг туршиж үзээгүй байж маркетингаа зардал гэж хардаг. Энд гол алдаа нь байгаа юм болов уу. Тогтмол контентоор тухайн спортоо таниулж, өөрсдийн дүр төрхийг бий болгож, тэр дүр төрхөөрөө спортоо сурталчлах бүрэн боломж үүссэн байна. 


Манайх сагсан бөмбөгийн дээд лигийн ивээн тэтгэгч байгууллагуудын “pr” маркетингийг хийдэг бөгөөд хоёр багтай гэрээтэй ажилладаг. Энэ багуудын үнэ цэн жил ирэх тусам өсөж байна.  Үүнд сошиал медиа хөгжүүлэлт хамгийн чухал нөлөөтэй юм. Тухайн мэргэжлийн баг тоглогч бүрээ ивээн тэтгэгчтэй болгож болно. Нэг багийг нэг компани дангаараа ивээн тэтгэх боломжгүй тул олноороо нэгдсэнээр хамтын үнэ цэнийг бүтээж чадна. Үүнээс гадна спортын шинжлэх ухаанаа хөгжүүлж, хамтран ажиллах хэрэгтэй байна. 

 

Дэлгэц, хорт зуршил зэрэг олон төрлийн донтолтоос сэргийлэх ганц боломж нь спорт

-Багийн эздийн байр суурь, үг хэл, багуудын сошиал медиа хөгжүүлэлтийн өрсөлдөөн, сенсац дээр медиа хөгжил бий болж байгаа ч ёс зүйтэй, соёлтой байх хэрэгтэй. Монголын маркетингийн салбарт тогтсон арга барил байхгүй. Өнөөдөр үр дүнтэй хэрэгжиж байсан арга барил маргааш хэрэгжихгүй байгаа тул энэ хурдацтай хөгжлийн давлагаа дунд хэрхэн хурдацтай шинэчлэл, шилжилт хийх вэ гэдэг нь маркетингийн салбарт манлайлж буй залуусын гол сорилт болж байна. 


Мөн Монголын сэтгэл судлаачдын холбоо маань бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрөв дэх олимп дээрээ ажиллах гэж байна. Спортын шинжлэх ухааныг ойлгож болон дүр эсгэж ажилладаг хоёр тал Монголын нөхцөлд байна. Үр дүнг нь мэдэрч, ойлгоод өсвөрөөс насанд хүрэгчид хүртэлх шигшээ багийн бүх тамирчид дээрээ ажиллуулдаг холбоод бий. Нөгөө талд, манайх хоол зүйч, сэтгэл зүйчтэй явж байна гэж харагдах өнцөг талаас ажилладаг холбоод бас байна. Хэдийгээр олимпын төрлийн спорт ч гэлээ медаль авснаас бусад хувь тамирчдыг нэрлэхэд хэцүү. 


Дэлгэц, хорт зуршил зэрэг олон төрлийн донтолтоос сэргийлэх ганц боломж нь спорт  гэдгийг дэлхий дахин судалгаа шинжилгээгээр нотолчихсон. Манай холбооноос спорт заалтай болон заалгүй сургуулийн хүүхдүүдийн суралцах арга барил, донтолтын судалгаа хийхэд үр дүн нь тэнгэр газар шиг гарсан. Хүүхэд бүр медаль авч, тамирчин болох албагүй. Харин хорт зуршил, донтолтоос ангид эрүүл хүн болж төлөвшихөд чухал юм. Гэтэл спортын салбарыг бодлогын түвшинд уялдаа холбоотойгоор дэмжих зүйл алга. Төр тогтворгүй, салбар удирдаж байгаа хүмүүс хоорондоо уялдаа холбоогүй зэрэг олон асуудал байгаа бөгөөд спортыг дэмжинэ гэхээр олон тэрбумын хөрөнгө оруулалт ярьдаг. Угтаа боломж нь байгаа боловч төрийн өмнөөс спортод дуртай хувь хүн, хувийн хэвшлүүд бодит хөрөнгө оруулалт оруулалт хийж байна.  Би өөрөө сагсан бөмбөгийн дээд лигт 16 жил тоглоод энэ жил зодог тайлж байгаа. Мөн туялзуур сэлмийн шигшээ багийн тамирчин. Иймд спортын салбарын төлөвлөгөө гаргахдаа спортын салбарын болж, болохгүй байгаа зүйлийг хамгийн ойроос мэдэрдэг, гарц шийдлийг нь мэддэг залуустайгаа хамтарч ажиллавал илүү үр дүн гарна гэж боддог. 

 

“Netflix”-ийн үндсэн продакшн баг 14 хүний бүрэлдэхүүнтэй Монголд ирнэ

-“Physical Asia”-д оролцсон манай зургаан тамирчин инстаграмм дээр 100-350 мянган дагагчтай болсон бөгөөд ихэнх дагагч нь гадаад хүмүүс байна. Энэ зургаагаар дамжуулж дэлхий нийт Монгол Улсыг харж таньж байгаа тул дараагийн олимп болтол аялал жуулчлалынхаа нүүр царай болгоод явбал үнэхээр үр дүнд хүрнэ. Ирэх зуны аялал жуулчлалын тоог төсөөлөхгүй байна. Тэр болтол бид саваа бэлдэж, ядаж бие засах байгууламжийнхаа асуудлыг шийдэж чадаж, сэтгэл хангалуун буцаахад анхаарах хэрэгтэй. 


Шоуны бусад орны оролцогчид өөрсдийн дур сонирхол дээр тулгуурлан манай байгууллагын урилгаар Монголд эхнээсээ ирж байгаа. Ингэхдээ зөвхөн Монголын сурталчилсан контент хийгээд буцдаг. Тиймээс бид халуун дулаанаар угтаж, тав тухтай байдлыг нь хангаж, Монголын аль өнцгийг харуулах уу гэдэг дээр ажиллаж байна. Өмнө нь ихэнхдээ Монголын хөдөө байгаль, Нарантуул захыг харуулдаг байсан бол урбан, модерн талаа бас харуулмаар байна. Монголд ийм барилга байгууламж, нисдэг тэрэгний аялал, залуучууд нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар харуулна. Энэ зун бид тус шоуны найман орны бүх оролцогчдоо Монголд урьж бэсрэг наадам хийх төлөвлөгөөтэй байна. 


Манай зургаан тамирчинд Австрали, Япон, Солонгосоос урилгаа авчихсан байгаа бөгөөд боломжтой үеэрээ хуваарь гаргаад улс орнуудаа тойрно. 
Арванхоёрдугаар сарын эхээр Солонгосын багийн ахлагч, Амоти болон шоуны ерөнхий продюсер Жан Хоги тэргүүтэй хүмүүс “Netflix”-ийн үндсэн продакшн баг 14 хүний бүрэлдэхүүнтэй Монголд ирнэ. Ингэхдээ Монгол ахуй соёл, оролцогчдын өдөр тутамдаа юу хийдэг, ямар хоол иддэг гэхчлэн бодит зүйлсийг харуулах дараагийн “Netflix”-ийн контентыг хийхээр ирж байна. Цаашид хийх гэрээ хэлцлийн нууцлалын түвшинд явж байгаа олон төсөл, баяртай мэдээ бий. Энэ нь улс хоорондын эв нэгдэл, нөхөрлөлийг бүтээж буй олон давуу талтай юм. 
“Spark Agency Mongolia”-ийн зүгээс энэ зургаан тамирчныхаа үнэ цэнийг цаашид хэрхэн нэмэгдүүлж, өөрсдийн гэсэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн энэ сараас тамирчдын маань албан ёсны мерч бүтээгдэхүүнүүд дотоодын болон олон улсын зах зээлд шууд борлуулагдаад эхэлнэ. Тамирчдад гадаад дотоодын групп компаниудаас зар сурталчилгааны санал их ирж байгаа бөгөөд аль брэнд тухайн тамирчны үнэ цэнтэй нийцэж байгаа вэ гэдэг дээр сонголтоо хийх байх. 

 

Tөр болон хувийн хэвшил хамтарч ажиллах гүүр болж болно гэж найдаж байна

-Манай компани үндсэн 16 ажилтантай. Харин энэ төсөлд зөвлөхтэйгөө нийлээд таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Төслийн менежмент, олон улсын төслийн судалгаа шинжилгээний туршлагатай хүмүүс байсан тул сайн гар нийллээ. Бид өмнө нь Филиппин зэрэг улсад нийгмийн маркетингийн төслийг хэрэгжүүлсэн байсан. Харин “Physical Asia” медиа салбарыг төлөөлөх анхны төсөл байсан бөгөөд манайхтай хамтран ажиллах дотоодын болон олон улсын байгууллагын саналууд их ирж байна. Тиймээс хүний нөөцөө нэмэх шаардлага бүрдсэн. 
Энэ шоугаар тамирчид маань дэлхийн ямар ч шилдгүүдтэй хүч бяр, оюун ухаанаараа дутахгүй өрсөлдөх чадвартайгаа ойлгож, төслийн багийнхан мөн адил олон улсын шилдгүүдтэй ажиллах итгэлтэй болж, бусдадаа урам өглөө. Сүүлийн дугаар цацагдсаны дараа шоу будилаантай болсон уу гэх маргаан, үзэгчдийн сэтгэгдэл их байсан. Энэ бол боломжгүй. “Netflix” нь Солонгосын бус олон улсын том платформ учир энэ шоу хөндлөнгийн хяналт сайтай, албан ёсны байсан. Солонгосын тамирчид энэ төрлийн шоуны туршлагатайгаас гадна эх орондоо зохион байгуулагдаж байгаа гэдэг үүднээс давуу байсан болов уу. 
Энэ шоуны дараа фитнесээр хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэхчлэн үр нөлөө их байгаа тул “Physical 100 Mongolia” гээд дараагийн төслөө бичээд саналаа өгөөд явж байна. Удахгүй гоё мэдээтэй уулзах болов уу. 


Медиа салбарт тэргүүлж байгаа улсын зураг авалтын нэг студи гэхэд манай Нарантуул захтай зүйрлэх хэмжээний том байхаас гадна 250-300 камераар нэг зэрэг бичиж, тухайн моментыг алдахгүй бичиж байгаа ур чадвар, найруулгыг өндрөөр үнэлсэн. Мөн нууцлалын болон хариуцлагын гэрээ ямар хатуу чанга байдаг вэ гэхчлэн суралцаж, туршлага хуримтлуулсан зүйл их байлаа. 
Энэ шоу нь дэлхийн 48 оронд үзэлтээрээ тэргүүлж байна. Бид хэдийгээр түрүүлээгүй ч олон улсад танигдах, авч үлдсэн үнэ цэнээрээ тэргүүлж байгаа. Солонгос, Филиппин, Австрали, Европын орнууд гэсэн дараал­лаар хандалт их байгаа бөгөөд мон­гол­чуудаас гадна олон улсын дэмж­лэг их байгаа нь талархууштай юм. 
Түүнчлэн төрийн тэргүүн маань хүлээн авч уулзахаас гадна өмнөх долоо хоногт Соёл, спорт, залуучуудын яамны сайд Ч.Ундрам төслийн багийнхан болон тамирчдыг урьж уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, нэр хүндийг өсгөх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон. Энэ нь цаашид төр болон хувийн хэвшил хамтарч ажиллах гүүр болж болно гэж найдаж байгаа. Зургаан тамирчин маань бас ирэх жилүүдэд улс орноо бүрэн төлөөлөх чадвартай учир зөв санаачилга болсон болов уу. Иймд бидний хариуцлага улам нэмэгдэж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 225 (7722)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.