Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад дэлхийн зах зээлд гарч чадсан технологийн компани болох “erxes Inc” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Наранг урьж, ярилцлаа.

Б.Наран нь тус компанийг 2018 онд хамтран үүсгэн байгуулж, 2024 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.  Харин Erxes- Бизнесийн үйлдлийг системийн хувьд 2018 онд АНУ-ын Цахиурын хөндийд Эрксис Инк нэрээр өрх тусгаарласан юм. Өнөөдрийн байдлаар тус компанийн нэгж хувьцааны үнэ 1.9 ам.долларт, компанийн үнэлгээ 22 сая ам.долларт хүрч, 160 гаруй хөрөнгө оруулагч нараас 2.89 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ.

 

“Технологи бол зардал биш харин шийдэл, хэмнэлт юм”

XXI зуунд дэлхийн эдийн засгийн бүтэц хамгийн их өөрчлөгдсөн салбар бол технологи билээ. Учир нь тус салбар зөвхөн инженерчлэлийн ойлголт бус, харин улс орны өрсөлдөх чадвар, аж үйлдвэрлэлийн бүтээмж, нийгмийн хөгжил, цаашлаад үндэсний аюулгүй байдлын үндсэн тулгуур болоод буй юм.
Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй корпорациуд болох NVIDIA, Apple, Microsoft, Google, Amazon бүгд технологийн салбарт хамаардаг нь үүний тод илрэл. Технологи нь хамгийн бага нөөцөөр хамгийн их үнэ цэнэ бий болгодог ба салбар бүхэнтэй уялдан инновац, бүтээмжийг авчирдаг нь гайхалтай. 
Гэхдээ нөгөөтээгүүр дэлхий даяар эдийн засгийн уналт тохиож буйг анхаарах хэрэгтэй. Том компаниуд эрсдэлийн төлөвлөгөөгөө шинэчилж, хүн хүчээ багасган, зардлаа хумьж эхэлсэн. Манай дотоодын байгууллагууд ч мөн адил хэрэгцээгүй зардлаа танаж, зарим нь цомхотгол хийхээс ч аргагүйд хүрч байна. Үүний нөлөөгөөр ямар ч эдийн засгийн тулгуур багана болдог ЖДБ-ууд зах зээл дээр улам цөөрч, бүтцийн дарамт улам нэмэгдсээр байна.
Сүүлийн 15 жилийн хугацаанд манай компани бизнесийн салбарт 10,000 гаруй байгууллагатай хамтран ажилласан туршлагатай. Тэдний хамгийн нийтлэг бэрхшээл нь борлуулалт сул, санхүүжилт хомс, хүний нөөц дутмаг, үйл ажиллагааны зарим процесс доголдолтой байх явдал юм. Гэхдээ бидний туршлагаас харахад эдгээрийг технологиор шийдвэрлэх боломж бүрэн байгаа юм.
Олон байгууллага илүү орлого олохыг зорьдог ч бодит байдалд гол зорилго нь зардлаа давсан ашигтай ажиллах гээд байдаг. Гэхдээ Монголын жижиг зах зээлд ажиллаж буйгаа мартаж болохгүй. Жишээ нь, манай нэг харилцагч олон жил оффисын ханган нийлүүлэлт хийдэг байсан. Харилцагчид утасны апп-аар захиалга өгөх, тооцоогоо хийх системд шилжсэнээр 20 хүний хийх ажлыг зөвхөн хоёр хүн гүйцэтгэх боломжтой болсон. Үүний үр дүнд зардал багасч, чанар, маркетинг, борлуулалтад илүү төвлөрөх боломжтой болсон.
Технологийн тусламжтайгаар 2–5 хүний бүрэлдэхүүнтэй ч 20–40 хүний бүтээмжтэй тэнцэхүйц ажиллах боломжтой болж байна. Дижитал шилжилт амжилттай хэрэгжсэн байгууллагуудын нэгж орлогод ноогдох ашиг 15–50 хувиар өсч, үйл ажиллагааны зардал нь 45 хувиар буурсан тохиолдол ч бий.

Блиц:

Боловсрол:
2006 онд: Charles Stuart University of Australia, Melbourne – Corporate Finance

2004 онд: London School of Commerce, London - E-Commerce & Marketing

Ажилласан байдал:

2014/4-өнөөдөр: Гүйцэтгэх захирал -  erxes Inc, San Francisco & Mongolia
2013/1-2014/4: Үйл ажиллагаа эрхэлсэн захирал - erxes Inc, San Francisco & Mongolia
2010/5-2011/11: Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн - Хас Банк, Улаанбаатар
2009/2-2010/4:  Татвар хариуцсан ахлах аналист - LECG, London
2008/9- 2009/2: Санхүүгийн зохицуулагч - Control Risk Group, London
2007/2-2008/9: Нягтлан бодогч -  Theme Traders Co Ltd , London

 

Монголын технологи АНУ-ын эрүүл мэндийн зах зээлд хөл тавьсан нь

Цахиурын хөндий нь эрүүл мэнд, биотехнологи, хууль эрх зүй, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарт шинэ санаа, инновацыг эрэлхийлдэг дэлхийн тэргүүлэх төв цэг. Учир нь энд хөрөнгө оруулалтын хүчирхэг сүлжээ, өндөр түвшний сургууль, бүрэн бүтэн стартапын экосистем бүрдсэн байдаг. Эрксис Инк компани нь нээлттэй эхийн бизнесийн үйлдлийн систем (open-source experience operating system) бөгөөд байгууллагууд хэрэглэгч, харилцагч, баг хамт олон, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, аялал жуулчлал зэрэг чиглэлд XXI зууны дижитал шилжилтийг хийхэд шаардлагатай бүх төрлийн программ хангамжийг нэг дор ашиглах боломжийг олгодог.
Мөн бид харилцагч байгууллагуудад шаардлагатай программ хангамжийг яг л лего мэт, модул бүрийг бие биетэйгээ уялдуулан ашиглах боломжийг олгодог. Түүнчлэн зөвхөн Эрксис багийн бүтээсэн модулуудаас гадна бусад компаниудыг ашиглан шаардлагатай нэмэлт хөгжүүлэлт хийлгэж ашиглах боломжтой. Манай үйл ажиллагаа дотоодын зах зээлээс гадна гадаад зах зээлд ч өргөжиж, тэр дундаа АНУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч компанитай хамтран ажиллаж байна. АНУ-ын Батлан хамгаалахын салбарт программ хангамж нийлүүлэх нь дэлхийд хамгийн хэцүү борлуулалт гэж тооцогддог бол, түүнээс арай хялбар нь эрүүл мэндийн салбар юм. Энэхүү өндөр шаардлагатай, нарийн зохицуулалттай эрүүл мэндийн салбарт Эрксисийн хамт олон программ хангамжаа амжилттай борлуулж, Монгол улсын түүхэнд анх удаа АНУ-ын эрүүл мэндийн салбарт энтерпрайз программ хангамжийг нийлүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, технологийн салбарынхан дундаа бид АНУ-ын эрүүл мэндийн зах зээлд анх удаа мөс зүсэж, гадны зах зээлд амжилттай хөл тавьсан гэсэн үг юм.

 

Хүн бүр өөр өөрийн хийж чадах зүйлсээ хийх ёстой

Malcolm Gladwell-ийн “The Tipping Point” номд Cumulative advantage буюу хуримтлагдсан давуу тал гэдэг ойлголтыг онцлон тайлбарласан байдаг. Тухайлбал, Канадын хоккейн шигшээ багт орох хүүхдүүдийг яг 14 насанд элсүүлдэг бөгөөд эхний жил элссэн 14 настнуудын ихэнх нь 1, 2, 3 дугаар сард төрсөн хүүхдүүд байсан нь багийн шилдэг тоглогчид болдог байжээ.
Гэтэл гурван жилийн дараа багийн үр дүнг ажиглахад, идэвхтэй хичээллэж байсан хүүхдүүд нь хэдэн сард төрсөнөөс үл хамааран шилдэг тоглогч болж байжээ. Энгийнээр хэлбэл, хамгийн их цагийг тухайн ажил, спорт, урлагт зарцуулсан нь илүү сайн үр дүнд хүрдэг. Үүний адил сонгодог урлаг, K-pop, олимпын спортын амжилт гаргаж байгаа хүмүүс дор хаяж 10,000 цагийг тухайн чиглэлдээ зориулсан байдаг бөгөөд аль болох эрт, аль болох олон цаг хичээллэсэн нь амжилтыг тодорхойлдог. Хүн ямар нэг ажлыг бодолгүй, рефлексээр хийж чадах чадвар нь тухайн салбарт бусдаас онцгой давуу тал болох боломжийг олгодог.
Гэтэл бидэнд энэ давуу тал байгаа билүү. Бидний бизнест мөн адил ийм давуу тал байгаа билүү.
Бид бизнесийн оршин тогтноход оролцож буй бүх талууд рефлексээрээ тэр ажлыг хийж чадах хэмжээнд энгийн ойлгомжтой болгох, хүн бүр өөрийн хамгийн сайн чадах бизнестээ илүү их цаг хугацааг зарцуулах нь амжилттай байх суурь болдог. Өөрөөр хэлбэл, хүн бүр өөр өөрийнхөө хийж чадах зүйлсээ хийж байж улс орон, тухайн салбар хөгжинө. Тиймээс цаашид технологийн салбарынхан маань гадны зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний зорилго тавьж ажиллах нь салбарын хөгжилд чухал нөлөөтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 221 (7718)